Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 367

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 10 дугаар баг, 8-06 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, РД:ОО71112112, Хошууд овогт Дэндэвийн Сидийн Д.Дүгэржавын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Д.Сид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Дүгэржав нь 1959 онд төрсөн, 58 настай. Тэрээр 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1991 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Мөн архиваас тухайн үеийн цалин нь олдоогүй юм. Иймд Д.Дүгэржавын 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Сид нь Д.Дүгэржавын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Д.Дүгэржавт Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйгаас 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилд орсон, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тракторчны ажлаас чөлөөлөгдсөн бичилт хийгджээ,

2. Увс аймаг Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот “Ажилчид ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... тракторчин Д.Дүгэржав нарын хүсэлтийг харгалзан 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Тэсийн ТАА-н 1983 оны тушаалыг шүүн үзэхэд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот тушаал нь эх баримтдаа хавсаргагдаагүй байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн 1983-1991 оны цалинг шүүн үзэхэд Дорж овогтой Дүгэржавын цалин гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

5. Итгэмжлэл,

6. Гэрч Ж.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би Тэс сумын Тэжээлийн аж ахуйн хадлангийн 1 дүгээр бригадад 1977 оны 7 сараас 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос 1994 оны зун 8 сар хүртэл “Таван Тэс” ХК-д тасралтгүй тракторчноор ажиллаж байсан. Д.Дүгэржав нь 1983 онд Тэс сумын Тэжээлийн аж ахуйн хадлангийн 3 дугаар бригадад тракторчноор ажилд орж 1991 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн юм. Тухайн үед манай байгууллага хувьчлагдахаас өмнө гарсан олон хүмүүсийн нэг нь Д.Дүгэржав юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Т.Цэрэнгийн шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978-1992 оны хооронд тасралтгүй тракторчноор, 1993-1994 оны хооронд “Таван Тэс” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан. Д.Дүгэржав нь 1983 онд цэргээс халагдаад Тэс сумын Тэжээлийн аж ахуйд манай 1 дүгээр бригадын тракторноор ирж байлаа. Тэгээд бид 1991 оны эхэн үе хүртэл ажиллаад Д.Дүгэржав ажлаас гарсан санагдаж байна. Бид Тэс сумын уугуул иргэд бөгөөд би 4 дүгээр бригад, Д.Дүгэржав 3 дугаар бригадын харьяат учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ. Манай байгууллага нь 120 гаруй тракторчин, 5 бригад, 2 салаатай, хадуурчин, пресслэгч, тармуурчин, тээвэрлэгч, гэсэн агергетуудаас бүрдэн үйл ажиллагаа явуулж байлаа” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Гэндэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Т.Цэрэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Д.Дүгэржав нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан болох нь Д.Дүгэржавт Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйгаас 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилд орсон, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тракторчны ажлаас чөлөөлөгдсөн бичилт, Увс аймаг Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот “Ажилчид ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Ж.Гэндэн, Т.Цэрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

      Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн Д.Дүгэржавын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил, 8 сар, 5 хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Доржийн Дүгэржавын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 /долоо/ жил, 8 /найм/ сар, 5 /тав/ хоног тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР