Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 368

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 4 дүгээр баг, 12-21 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОС63072003, Булгадар овогт Цогзолын Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1963 онд төрсөн, 54 настай, ам бүл 2. Би 1978 онд 8 дугаар анги төгсөөд 1979 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мөчирлөгчөөр ажилд орж 1991 оныг дуустал  тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд миний 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мөчирлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал мөчирлөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 78 тоот “Шинээр ажилчин авах тухай” тушаалд “…Ц.Уранчимэгийг мөчирлөгчөөр 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Цогзолын Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал мөчирлөгчөөр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Гэрч Д.Насанбатын шүүхэд өгсөн: “Би 1970 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт рамчнаар ажилд орж улмаар жолоочоож ажиллаж байгаад 1985 онд Улаангом руу шилжин мал эмнэлэгт ажилласан юм. Ц.Уранчимэг нь 16 настайдаа буюу 1979 оноос эхлэн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мөчирлөгчөөр ажилд орсон бөгөөд 1985 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн. Түүний нөхөр н.Мөнхөө нь мөн тус модны үйлдвэрт рамчнаар ажиллаж байсныг би санаж байна, бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.Хашхүүгийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд нормчноор ажилд орж 1992 оноос эхлэн “Шинэс” ХХК, “Шинэчлэл” ХХК болоход мөн нормчноор 2002 он хүртэл ажилласан. Ц.Уранчимэг нь 1979 оноос эхлэн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт мөчирлөгчөөр ажилд орж 1991 оныг дуустал бую үйлдвэрт хувьчлагдах хүртэл ажилласан. Түүний нөхөр нь мөн Модны үйлдвэрт ойчин, мөчирлөгчөөр ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Насанбат, Б.Хашхүү нарын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал мөчирлөгчөөр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 78 тоот “Шинээр ажилчин авах тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал мөчирлөгчөөр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Насанбат, Б.Хашхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 6 сар мөчирлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Цогзолын Уранчимэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ сар мөчирлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР