Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 381

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Тариалан сумын 5 дугаар баг, 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эмэгтэй, РД:ОМ78060921, Шалбаг овогт Ширнэнгийн Нямдаваагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

      Ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ш.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд статистикч эмчээр ажиллаж байгаад Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж улмаар шүүхэд хандсанаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 193 тоот шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон юм. Иймээс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Тариалан сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан Ширнэн овогтой Нямдаваагийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөгийг 6 дугаар сарын урамшуулалын цалингаас өгөхөөр тохиролцож байгаа тул хэргийг шүүх хуралдаан хийхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгч Ш.Нямдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: “Ширнэн овогтой Нямдаваа миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн билээ. Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Нарантуяа нь миний нэхэмжилсэн цалинг 6 дугаар сарын урамшуулалын цалингаас гаргаж өгнө гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ш.Нямдаваа нь хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэгч Ш.Нямдаваагийн ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төв нь Ш.Нямдаваагийн ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.884 төгрөгөөс 16.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 16.942 төгрөг, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 16.942 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Нямдаваад олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Ш.Нямдаваагийн ажилгүй байсан хугацааны цалин 1.222.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Нямдаваагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33.884 төгрөгөөс 16.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 16.942 төгрөг, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 16.942 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Нямдаваад олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОР