| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00308/И |
| Дугаар | 394 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 394
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр баг, 2-27 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, ОЮ57061417 регистрийн дугаартай, Боржигон овогт Довдонгийн Энэбишийн С.Алтанхуягийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энэбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энэбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайндаа овогтой Алтанхуяг нь 1966 онд төрсөн, 51 настай. 1981 онд 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн Гурилын үйлдвэрт 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд татагдаж 1987 оны 8 дугаар сарыг дуустал цэргийн алба хааж 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Увс аймгийн Нефть баазын ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн юм. Иймд С.Алтанхуягийн 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зуухны ам нээгч, хаагчаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазын ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энэбиш нь С.Алтанхуягийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар, Увс аймгийн Нефть базад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ачигч, буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Барилга угсралтын даргын 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот Ажилд томилох тухай тушаал,
2. Увс аймгийн Барилга угсралтын даргын 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 56 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал,
3. Увс аймгийн Нефть баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Тус баазад ачигч, буулгагч ажилтай С.Алтанхуягийг 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ,
4. Увс аймгийн Нефть баазын даргын 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 67 тоот Ажилд томилох тухай тушаалд С.Алтанхуягийг 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ачигч, буулгагчаар авч ажиллуулсугай гэжээ,
5. Итгэмжлэл,
6. Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: Би 1979 оноос Увс аймгийн Нефть баазын барилгад нормчноор ажилд орж улмаар дулаан цахилгааны техникчээр 1993 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан юм. С.Алтанхуяг нь 1987 онд Нефть баазын ачигч буулгагчаар ажилд орсон бөгөөд намайг 1993 онд ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Манай байгууллага нь бензин шатахуун ОХУ-аас хүлээж аваад сумуудад тараах, хадгалах, түгээх ажлыг гүйцэтгэдэг, 40 гаруй ажилтантай, түгээгчээс бусад нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ гэх мэдүүлэг,
7. Гэрч Г.Ганхуягийн шүүхэд өгсөн: Би 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд нүүрс оруулагч, галчаар ажилд орж улмаар өрөгч, гаргагчаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажилласан юм. С.Алтанхуяг нь 1981 онд 8 дугаар анги төгсөөд Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ам нээгч хаагчаар ажилд орж 1984 оны 6 ддугаар сар хүртэл ажиллаад цэргийн албанд татагдаж ажлаас чөлөөлөгдсөн юм гэх мэдүүлэг,
8. Гэрч А.Ноолойгийн Увс аймгийн Нефть бааза, Г.Ганхуягийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
С.Алтанхуяг нь Увс аймгийн Нефть базад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ачигч, буулгагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нефть баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Нефть баазын даргын 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 67 тоот Ажилд томилох тухай тушаал, гэрч А.Ноолойгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Харин түүний Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч Д.Энэбиш нь шүүхийн хэлэлцүүлэгт С.Алтанхуяг нь 1981 ноос цэрэгт явтлаа Увс аймгийн Гурилын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба гурилын үйлдвэрт ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Увс аймгийн Барилга угсралтын даргын 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 64 тоот Ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Барилга угсралтын даргын 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 56 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч Г.Ганхуягийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Увс аймгийн Барилга угсралын трестэд ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэмээн үнэлээгүй болно.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн С.Алтанхуягийн Увс аймгийн Нефть базад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 жил, 3 сар, 20 хоног ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бөмбөр овогт Сайндаагийн Алтанхуягийн Увс аймгийн Нефть базад 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 /долоо/ жил, 3 /гурав/ сар, 20 /хорь/ хоног ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР