Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч П.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2019003090095 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 05 сарын 21-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг 8 дугаар баг Дэвшил 1 гудамжны 55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт П-ын Б /РД:ЕЕ69052101/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: П.Б нь Дархан-Уул аймгийн Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1985 оны 221, 1992 оны Б/56, 1994 оны Б/29 дугаар тушаал зэрэг хуурамч баримт бичгийг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 12 сараас 2020 оны 06 сар хүртэлх хугацаанд хууль бусаар 8.421.000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Надад тэтгэвэрт гарахад 2 жилийн хугацаа дутсан. Тэгээд Наранчимэгтэй ярилцаж тохирсон байсан. Би хуурамч баримт гэдгийг мэдсээр байж Нийгмийн даатгалын хэлтэст өгч тэтгэвэр тогтоолгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирол 8.421.000 төгрөгийг төлсөн. Гэмшиж байгаа. Миний буруу. Торгуулиа 2 жилийн хугацаанд биелүүлмээр байна. Харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 11 сард Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж 2015-2018 оны хоорондох нийгмийн даатгалтай холбоотой баримтын шалгалт хийгдсэн. Тухайн шалгалтын хүрээнд манай хэлтсээс тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авч байсан П.Б-тай холбоотой зөрчил гарч ирсэн энэ зөрчилтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад анх гомдол гаргаж байсан. П.Б нь 2017 онд манай хэлтэст тэтгэвэр тогтоолгохдоо 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хооронд Дархан-Уул аймгийн нэхий эдлэлийн үйлдвэрийн газарт хортой нөхцөлд самнагч гэх албан тушаалтай ажиллаж байсан архивын лавлагааг авчирч тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгосон байсан. П.Б нь 2018 оны 01 сараас эхлэн сар бүр 251.000 төгрөгөөс 350.000 хүртэлх төгрөгийн тэтгэвэр авч байсан. Дээрх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн төрийн архивын тасагт П.Б-тай хамааралтай баримтуудыг архивын тасагт хадгалагдаж байгаа үндсэн баримттай тулган шалгахад “нэхий эдлэлийн үйлдвэр”-ийн 1985 оны 221 тоот тушаалд нэрийг нь нэмж бичсэн, 1992 оны Б/56 тоот тушаал дээр овог нэр, албан тушаал засвартай, 1994 оны Б/29 тоот тушаалд албан тушаал засвартай гэх нөхцөл байдал тогтоогдсон. П.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 88425688 дугаарын утсаар надтай холбогдож “Миний өр төлбөр хэдэн төгрөг болсон бэ, би тухайн төлбөрийг өнөөдрийн дотор төлж барагдуулна” гэж надаас Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангийн харилцах данс болох 5360068949 дугаар данс авч тэр өдөртөө 8.421.000 төгрөгийг шилжүүлж хохирол мөнгө бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 122-123 ху/,

-Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Н эгчээс мөнгө зээлсэн зүйл байгаа боловч Б гэдэг хүний ажлыг нь бүтээж өгсөн зүйл байхгүй. Би энэ хүнийг ямар утгатай, ямар зорилгоор ийм зүйл ярьж яваад байгааг би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 116 ху/,

-Яллагдагч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хууль бус бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 139-140 ху/,

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Дархан нэхий эдлэлийн үйлдвэрийн 1985 оны даргын тушаалын 3-р ботийн 3 дахь хуудасны 41 гэж дугаарласан 4 дүгээр эгнээний “дагалдангийн хугацаа дууссан тул” гэсэн өгүүлбэрийн дууссан гэдэг үнийг “Д” үсэг засварлагдсан, 42 гэж дугаарласан мөрний 4 дүгээр эгнээний “дагалдангийн хугацаа дууссан тул” гэсэн өгүүлбэрийн дууссан гэсэн үгний “с” үсэг засварлагдсан, 43 гэж дугаарласан мөрний А дугаар эгнээний “Б.Э” гэсэн нэрний “Й” үсэг засварлагдсан байна. Мөн 45-49 гэж дугаарласан 5 мөр бичвэр нь өөр өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн байна.

2. Дархан нэхий хувьцаат компанийн 1992 оны даргын тушаалын 108-106 гэж дугаарласан хуудасны нэрсийн жагсаалтын 106 дугаарын хуудасны 2 дугаар нүүрэн дэх бичвэрийн 76 гэж дугаарласан “П.Б” гэсэн нэрний “П” үсэг “Г” гэсэн зүсэг дээр өөр өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан давхарласан, “29, самнагч”, 80 гэж дугаарласан хэсгийн “Тайрагч” гэсэн үг нь өөр өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан үйлдсэн байна.

3. Нэхий эдлэлийн үйлдвэрийн 1994 оны даргын тушаалын 55 дугаар хуудасны 3, 4, 5 дугаарын нэрний хойд хэсэгт бичигдсэн “180” гэсэн цифр нь “160” гэсэн цифр дээр давхарлаж хэвлэгдсэн, 5 дугаарын “П.Бурмаа” гэсэн нэрний “П” үсэг нь “Г” үсэг дээр давхарлаж бичигдсэн, 5, 9 дугаарын мөрний “самнагч”, “хэмжигч” гэсэн үг нь өөр өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан үйлдсэн байна.

4. Дархан нэхий хувьцаат компанийн 1995 оны захирлын “Б” дугаар тушаалын 54 дүгээр хуудасны 5, 6, 7 гэж дугаарласан 3 мөр бичвэр нь өөр өнгийн будагчтай бичигч хэрэгсэл ашиглан үйлдсэн байна гэсэн дүгнэлт /хх 73-74 ху/,

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 6/1184 тоот албан тоот /хх 3 ху/,

-П.Б өндөр насны тэтгэвэр олгосон жагсаалт /хх 7 ху/,

-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгохоор Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл /хх 9 ху/,

-Тэтгэвэр тогтоолтын хуудас /хх 10 ху/,

-Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын тушаал /хх 12-15 ху/,

-Хууль, хяналтын байгууллагад архивын баримт түр олгосон акт /хх 69 ху/,

-П.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 132-135, 138-140 ху/,

-Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 36 дугаар албан тоот /хх 124 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 145 ху/,

-П.Б-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 146-150/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Б нь Дархан-Уул аймгийн Нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1985 оны 221, 1992 оны Б/56, 1994 оны Б/29 дугаар тушаал зэрэг хуурамч баримт бичгийг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 12 сараас 2020 оны 06 сар хүртэлх хугацаанд хууль бусаар 8.421.000 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би хууль бус бичиг баримт бүрдүүлж нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амгалангийн “...Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 11 сард Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж 2015-2018 оны хоорондох нийгмийн даатгалтай холбоотой баримтын шалгалт хийгдсэн. Тухайн шалгалтын хүрээнд манай хэлтсээс тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авч байсан П.Б-тай холбоотой зөрчил гарч ирсэн энэ зөрчилтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад анх гомдол гаргаж байсан. П.Б нь 2017 онд манай хэлтэст тэтгэвэр тогтоолгохдоо 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний хооронд Дархан-Уул аймгийн нэхий эдлэлийн үйлдвэрийн газарт хортой нөхцөлд самнагч гэх албан тушаалтай ажиллаж байсан архивын лавлагааг авчирч тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгосон байсан. П.Б нь 2018 оны 01 сараас эхлэн сар бүр 251.0000 төгрөгөөс 350.000 хүртэлх төгрөгийн тэтгэвэр авч байсан. Дээрх асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн төрийн архивын тасагт П.Б-тай хамааралтай баримтуудыг архивын тасагт хадгалагдаж байгаа үндсэн баримттай тулган шалгахад “нэхий эдлэлийн үйлдвэр”-ийн 1985 оны 221 тоот тушаалд нэрийг нь нэмж бичсэн, 1992 оны Б/56 тоот тушаал дээр овог нэр, албан тушаал засвартай, 1994 оны Б/29 тоот тушаалд албан тушаал засвартай гэх нөхцөл байдал тогтоогдсон. П.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 88425688 дугаарын утсаар надтай холбогдож “Миний өр төлбөр хэдэн төгрөг болсон бэ, би тухайн төлбөрийг өнөөдрийн дотор төлж барагдуулна” гэж надаас Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангийн харилцах данс болох 5360068949 дугаар данс авч тэр өдөртөө 8.421.000 төгрөгийг шилжүүлж хохирол мөнгө бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх 122-123 ху/, гэрч Д.А-ын мэдүүлэг, шинжээчийн 04 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, П.Б-д өндөр насны тэтгэвэр олгосон жагсаалт, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, тэтгэвэр тогтоолтын хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Б-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч П.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд П.Б нь 8.421.000 төгрөгийг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 124, 125 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт П-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Бурмаа нь торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд сард 229.167 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.БАЙГАЛМАА