Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1201

 

Ананд Энд Батзаяа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ананд Энд Батзаяа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Татварын Ерөнхий газарт тус тус холбогдох

 

Нэмэгдсэн өртөгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Амарбат

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Номин-Эрдэнэ, Ж.Хэрлэнтуяа

Хариуцагч Татварын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ананд Энд Батзаяа ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх  хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар 2004 оны 7 сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж 2005 оноос тус компанийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс НӨАТ төлөгчөөр бүртгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан НӨАТ ногдох үйлчилгээний төрөлд хууль зүй, өмгөөллийн үйл ажиллагаа хамаарахгүй тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Ананд энд Батзаяа ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай 2013 оны 02 сарын 07-ны өдрийн 58 тоот шийдвэр гарсан. Шийдвэр гарах хүртэл хугацаанд манай компани Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст нийтдээ 144 875 661 төгрөгийн НӨАТ төлсөн ба НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өртэй болсон байсан.

Татварын ерөнхий газар 2017 оны 02 сарын 01-ний өдөр 10/339 тоот хариуг хүргүүлж 144 875 661 төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна гэсэн хариу өгсөн. НӨАТ ногдох үйлчилгээ үзүүлдэггүй Ананд энд Батзаяа ХХК-ийн  Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулж,  НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1-т тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцохоор зохицуулсан байдаг. Татвар төлөгч татварын тайлангаар татвар ногдох орлогоо тодорхойлон төлөхөө илэрхийлж түүний үндсэн дээр татварын өр үүссэн байх ба татварын алба, татварын улсын байцаагчийн  буруугаар үндэслэлгүй, илүү мөнгөн хөрөнгө хураах гэж буй мэтээр ойлгох нь зохисгүй юм. Татварын өр төлбөр нь иргэн, хуулийн этгээдийн өөр хоорондын өр төлбөрөөс ялгаатай бөгөөд зайлшгүй төлөгдөх шинжтэй байдаг тул НӨАТ-ын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, Б.Даваагэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ананд энд Батзаяа ХХК нь  өөрсдөө хүсэлтээ гарган хуульд заасны дагуу 2006 оноос нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  бүртгэлээс хассан. Харин суутган авч улсын төсөвт шилжүүлсэн татвар болох 144 875 661 төгрөгийг буцаан авах, татварын өрийг хүчингүй болгох талаар шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 55 дугаар зүйлийн 55.1., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулах тухай Ананд энд Батзаяа ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 294 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт шийдвэр гаргахдаа 2015 оны 7 дугаарр сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01-р сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.10-р зүйлийг удирдлага болгожээ. Уг заалтын дагуу "...нэмэгдсэн өртгийн албан
татварын бүртгэлээс хасагдсан этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч
байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй..." гэсэн заалт байгаа хэдий ч манай
байгууллагын хувьд 2013 оны 02 сарын 07-ны өдрийн Нийслэлийн захиргааны
хэргийн шүүхийн 58 тоот шийдвэрийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар
төлөгчийн бүртгэлээс хасагдсан. Тиймээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтыг баримтлан шийдвэр гаргах ёстой бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан НӨАТ-н тухай хуулинд уг заалт байхгүй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 59-р зүйлийн 2-р хэсэгт "Татвар төлөгчийн үндэслэлгүй илүү хураасан хөрөнгийг татварын алба шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор буцаан олгоно" гэж заасан бөгөөд энэхүү заалтыг баримтлан шийдвэр гаргах бүрэн боломжтой юм. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхийн мэтгэлцээний  явцад хариуцагч  "Бид илүү төлсөн татварыг буцаан олгох боломжгүй тул хэрвээ танай байгууллага одоо үйл ажиллагаа явуулаад төлөх татвараа төлбөртөө суутгуулаад явж болно" гэж хариулсан.  Татварын байгууллага ямартай ч манай байгууллагын төлсөн татварыг буцаах ёстой гэж үзэж байгаа,  аргачлалын хувьд хуульд заасан боломж нь одоо бий болох татвартаа суутгуулж тооцуулах явдал хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийг зарчмын хувьд зөвшөөрч, зөвхөн талууд 144 сая төгрөгийг илүү төлсөн татварыг хэрхэн буцаан олгох дээр маргасан.  Гэтэл шүүхээс уг үйл баримтыг үнэлж үзсэнгүй. Зөвшөөрч буй хэсгийг үл харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Татварын ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1 дэх заалтыг буюу татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хугацааг таван жил гэж үзсэн бөгөөд уг маргаан нь дээрх заалтад хамаарахгүй.  Мөн  уг маргааны хугацааг хэрхэн тоолж 5 жил дууссан талаар хөндөлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн.  Бидний хувьд 2013 онд Захиргааны хэргийн шүүхээс "НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасуулах шийдвэр" гарсан ба үүнээс хойш татварын байгууллагатай асуудлаа шийдвэрлэх гэж ажилласан боловч хамгийн сүүлд 2017 оны 02-р сард Татварын ерөнхий газраас хариу авч улмаар иргэний хэргийн шүүхэд хандсан билээ. Хугацааг зөрчсөн гэж үзэхгүй байгаа,  хугацаа тоолох асуудлыг 2 талын хэн нь ч хөндөөгүй төдийгүй, хариуцагч байгууллагаас хугацааны хувьд маргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн хэдий ч маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ананд энд Батзаяа ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Татварын Ерөнхий газарт тус тус холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “...суутгасан татварыг буцаан олгох, өрийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулийн дагуу олгогдоогүй, өөрийнх нь хүсэлтээр нэмэгдсэн өртөгийн татвар төлөгчөөр бүртгэсэн” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн захиргааны байгууллагын шийдвэрээр нэмэгдсэн өртөгийн татвар төлөгчөөр бүртгэгдэж, үүнээс хойш уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч татвар төлж ирсэн бөгөөд гагцхүү 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр уг бүртгэлийг хүчингүй болгуулж нэмэгдсэн өртгийн татвар төлөгчийн бүртгэлээс хасагджээ. /хх-ийн 9-16/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаын үндэслэл нь татвар төлөхтэй холбоотой өөрөөр хэлбэл  төлөх ёсгүй татварыг төлсөн тул буцаан гаргуулна гэсэн агуулгатай байна. Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 13 дугаар зүйлийн 2-т зааснаар татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заажээ. Нэхэмжлэгч нь тухайн үеийн хууль тогтоомжоор татвар төлөгч байсан бөгөөд татварын албаны шалгалтын акттай танилцах, татвар ногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар гаргах, татварын албаны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх гэх мэт Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, тухайн үеийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар бүртгэлээс хасуулах талаар шаардлага гаргахгүй явсаар 2013 онд шүүхэд хандсан үйл баримт тогтоогдсон. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

 

Нэгэнт  зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2005 онд бүртгэгдсэн, улмаар төсөвт төлөгдсөн мөнгөн хөрөнгийг 12 жилийн дараа буцаан гаргуулах шаардлага нь татвар төлөх асуудалтай холбоотой, татвар үндэслэлгүй төлсөн гэх маргаан байх бөгөөд хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа хэрэглэгдэнэ гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Харин татварын албанаас 2005 оноос эхлэн 2013 он хүртэл хуримтлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл гэх 82 474 039 төгрөгийг төлүүлэхээр 13 жилийн туршид шаардаж байсан баримтгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Маргаан үүсэх болсон шалтгаан нь 2005 онд хийгдсэн бүртгэлтэй холбоотой, уг бүртгэлээс үүдсэн татвар байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/00727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн /1992 он/ 13 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ананд энд Батзаяа ХХК-ийн нэмэгдсэн өртөгийн албан татварын 82 474 039 төгрөгийн өрийг хүчингүй болгож, нэмэгдсэн өртөгийн албан татварт төлсөн 144 875 661 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 570 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ананд Энд Батзаяа ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 294 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                      Ш.ОЮУНХАНД