Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 266

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “ОА” ХХК 

Хариуцагч: ХХААХҮЯ

Гуравдагч этгээд: МХС

Нэхэмжлэлийн шаардлага: “ХХААХҮЯны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №17********* дугаар “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ” нь захиргааны илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ОА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “ОА” ХХК нь 2007 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Оросын Холбооны Улсын 10 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, Оросын Холбооны Улсаас стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай, улаан буудайн гурил, улаан буудайн хивэг, хорголжин тэжээл, овьёос, саалийн үнээний тэжээл зэргийг импортлон оруулж ирж байна. 

Бид энэ хугацаанд хуримтлуулсан ажлын туршлага дээрээ тулгуурлан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХААХҮЯ-наас зарласан ӨТСТ**** дугаар “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2/232 дугаар албан бичгээр хүсэлтээ илэрхийлж, үнийн санал болон холбогдох материалыг зохих ёсоор хүргүүлсэн. 

Гэвч 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХХААХҮЯ-аас 02/3518 дугаар албан бичгээр “танай аж ахуйн нэгжийн ирүүлсэн төслийн баримт бичиг шаардлага хангасан ч тэжээл нийлүүлэх үнэ бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад өндөр байсан тул танай төслөөс татгалзсан болохыг мэдэгдэж байна” гэсэн татгалзсан хариу ирсэн. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ХХААХҮЯ-аас манай компанийн захирал Д.Ж*******г дуудаж, “танай компанийн үнийн санал өндөр биш байна, санхүүжилт авах хүсэлт чинь хэвээрээ байвал яаралтай гэрээ байгуулж, ажилдаа орох хэрэгтэй байна” гэсэн санал гаргаж, бид гэрээ байгуулах ажилдаа орсон. 

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай компани ХХААХҮЯ болон МХС-тай 17********* дугаар “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ” яаравчлан байгуулсан. Энэхүү бодлогын гэрээг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр МХС-тай 2017/Ү/23 дугаар “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулах ажлыг яаралтай хийх шаардлагатай байсан учир бид гэрээний нөхцөлийн талаар нарийвчлан судлах, санал өгөх боломж байгаагүй, тэжээл нийлүүлэх бүс нутаг, тэжээлийн хэмжээ, үнэ, зээлийн хэмжээ, эргэн төлөх график зэрэг гол нөхцөлүүдийг тохиролцож гэрээ байгуулсан. 

ХХААХҮЯ-ны бодлогын гэрээнд оролцогч 3 тал дараах гол нөхцөлүүдийг тохиролцсон. Үүнд, ХХААХҮЯ буюу захиалагч тал нь малчид, фермерүүдийн санал, хүсэлтийн дагуу хууль тогтоомж, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай баримт, материал, мэдээллээр хангана, өвс, тэжээл импортлох ажлыг нэгдсэн нэг цонхны бодлогоор зохион байгуулна, өвс, тэжээл импортлох аж ахуйн нэгжүүд, худалдах аймаг, сумд болон цэгүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн журмаар олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна. 

МХС нь зээлийн гэрээ байгуулагдсаны дараа урьдчилгаа төлбөрт шаардагдах нийт санхүүжилтийн 25 хувийг аж ахуйн нэгжийн арилжааны банкны харилцах дансанд шилжүүлнэ, үлдэгдэл санхүүжилтийг тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр тусгайлан нээсэн Төрийн банкны нөхцөлт дансанд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байршуулна, өвс, тэжээл нийлүүлэгч Оросын Холбооны Улсын аж ахуйн нэгжээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн нөхцөлт данснаас нийлүүлэгчийн дансанд өвс, тэжээлийн үнэ шилжүүлэх зөвшөөрлийг тухай бүр банканд хүргүүлнэ.

“ОА” ХХК нь Монгол Улсын хүнсний баталгаат байдлын шаардлагад нийцсэн, үндэсний болон олон улсын стандартын шаардлагыг хангасан тэжээлийг Х аймгийн малчид, фермерүүдэд нийлүүлэх, өвс, тэжээлийг яамнаас тогтоосон үнээс хэтрүүлэлгүй иргэдэд худалдах, өвс, тэжээл импортлох, нийлүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, сурталчлах зардалд зориулан зээлийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болмогц шилжүүлнэ, зээлийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор МХС-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлж барагдуулна.

Бид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Оросын Холбооны Улсаас хивэг, хорголжин тэжээлийг гэрээнд заасан чанар, тоо хэмжээний дагуу шуурхай импортлон оруулж ирж, малчид, фермерүүдэд нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу зээлийг эргэн төлөхөд багагүй хүндрэл бэрхшээл гарч, хугацаандаа төлбөрөө бүрэн төлж чадаагүй удааширч байгаа хэдий ч бид боломжоороо тогтмол төлсөөр байна. 

Манай компанийн хувьд ХХААХҮЯ-тай байгуулсан бодлогын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг үндэслэлээр захиргааны илт хууль бус гэрээ болсон гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэгд, маргаан бүхий гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн тухайд, ХХААХҮЯ-ны “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” тендерийн бичигт уг сонгон шалгаруулалтын зорилгыг “Хүнс, хөдөө аж ахуйн яам нь мал, аж ахуйн өвөлжилт, хаваржилтад шаардагдах тэжээл дутагдалтай байгаа баруун, төвийн, говийн бүсийн аймгуудын малчид, фермерүүдэд Оросын Холбооны Улсаас тэжээл худалдан авч импортлох, дотооддоо үйлдвэрлэн дотоодын зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлж малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ нь мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малчид, фермерүүдийг чанартай, зах зээлийн үнээс хямд тэжээлээр хангах, тэжээлийн нөөц бий болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд дээрх ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх, аж ахуйн нэгжүүд төрийн захиалгат ажлыг өөрийн туршлага, нөөц, бололцоонд тулгуурлан гүйцэтгэж, авсан санхүүжилтийг эргүүлэн төлөх үйл ажиллагаа юм. Эцсийн үр дүнд нь төрийн бодлого хэрэгжиж зорилтод хэрэглэгчдийн гарт чанартай, хямд үнэтэй тэжээл очсон байх, өвөл, хавар малын зүй бус хорогдол үүсээгүй байх, төслийг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний ашигтай ажилласан байх явдал гэж ойлгож байна.

ХХААХҮЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр бараа худалдан авч, малчид, фермерүүдэд хүргэж борлуулах ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн уг үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсний дагуу уг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэх учиртай захиргааны үйл ажиллагаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.5-д “Худалдан авах ажиллагаанд мөрдөх гэрээний стандарт нөхцөлийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор баталсан “МХС-гийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, ХХААХҮЯ-аас зарласан энэхүү тендер нь түүнийг зарлах, зохион байгуулах, шалгаруулах, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээний нөхцөлийг тодорхойлох бүхий л үе шатандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан Сангийн сайдын сонгон шалгаруулалтын жишиг баримт бичигт нийцсэн байж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй үйл ажиллагаа болох байжээ.

Гэтэл “ОА” ХХК-тай байгуулсан бодлогын гэрээ болон уг гэрээг үндэслэн МХС-тай байгуулсан зээлийн гэрээ нь Монгол Улсын Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичигт нийцээгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг зөрчиж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр илт хууль бус гэрээ болсон гэж үзэж байна.

Тодруулбал, ХХААХҮЯ-ны тендерийн баримт бичиг, тендерийн урилгад зааснаар уг тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийтэд зарлаж, тендерийн материал хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл буюу 10 хоногийн хугацаатай байхаар тогтоосон. Үүнээс харвал, ХХААХҮЯ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга илгээсэн өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно” гэж заасны дагуу тендерийн сонгон шалгаруулалтыг харьцуулалтын аргыг хэрэглэж, зохион байгуулсан гэж харагдаж байна. 

Тендерийн сонгон шалгаруулалтыг харьцуулалтын аргаар зохион байгуулах тохиолдолд Сангийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаар “Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт бичиг”-т нийцүүлж, тендерийн баримт бичиг, гэрээний нөхцөлийг боловсруулж мөрдөж ажиллах ёстой юм. 

Сангийн сайдын 125 дугаартай тушаалаар баталсан дээрх жишиг баримт бичигт тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахад зайлшгүй баримтлах ёстой гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн талаар тодорхой заасан байдаг. Гэтэл ХХААХҮЯны бодлогын гэрээ, түүнийг үндэслэсэн зээлийн гэрээ нь Сангийн сайдын баталсан жишиг баримт бичигт нийцээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй хуулийн үндэслэлгүй үйл ажиллагаа болжээ.

Хоёрт, ХХААХҮЯ-ны бодлогын гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байгаа тухайд, 

ХХААХҮЯ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын баталсан жишиг баримт бичигт нийцүүлж тендерийн баримт бичгийг боловсруулах, гэрээний нөхцөлийг тодорхойлох үүргээ зөрчсөний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар хөндөгдсөн гэж бид үзэж байна.

Захиргааны гэрээ нь хэлбэрийн хувьд жишиг баримт бичигт нийцээгүй, захиалагч тал болох ХХААХҮЯ-ны хүлээх үүргийг нарийвчлан тусгаагүйн улмаас захиалагчийн гүйцэтгэх үүрэг хэт ерөнхий билэгдлийн чанартай болсон. Тодруулбал, ХХААХҮЯ нь бодлогын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д заасны дагуу бодлогоор зохион байгуулах гэдэг маш чухал үүргийг хүлээсэн байдаг. 

Гэвч энэхүү нэг цонхны бодлого гэх нэрийн дор яг ямар бодлого хэрэгжүүлэх, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байгаагаас захиалагчийн гүйцэтгэх үүрэг хэт ерөнхий болсон.

Манай компани ХХААХҮЯ-ны энэхүү тендерт оролцох болсон шалтгаан бол уг үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллага бодлого, зохицуулалтаар дэмжинэ, төрөөс санхүүжилтийг нь бүрэн шийдвэрлэнэ, импортолж оруулж ирсэн тэжээлийг худалдан авах хэрэглэгч байгаа, хэрэгцээ шаардлага байгаа гэсэн ХХААХҮЯ-ны мэдээлэлд итгэж байсантай холбоотой. Гэтэл нэг цонхны бодлого гэж юуг ойлгох, яам ямар шийдвэр гаргах, ямар үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн болохыг нарийвчлан тусгаагүй.

ХХААХҮЯ бодлогын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бодитой гүйцэтгэж байж бид гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломж бүрдэх харилцан нягт уялдаатай үйл ажиллагаа байсан боловч энэ нөхцөл байдлыг уялдуулахгүйгээр зөвхөн бидний гүйцэтгэх үүргийг хугацаатай нарийвчлан заасан нь хожим манай компанийг хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах, манай компанийн зүгээс захиалагчийг үүргээ зохих ёсоор, хугацаандаа гүйцэтгэсэн эсэхэд маргах боломжийг хязгаарласан шинжтэй зохицуулалт болжээ.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэх үндэслэлээр ХХААХҮЯ-ны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17********* дугаартай “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ”-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-452 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ХХААХҮЯ-ны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ӨТСТ**** дугаартай “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” төсөл сонгон шалгаруулах зарыг гаргасан.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А-144 дүгээр тушаалын хавсралтаар “Малын өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх арга хэмжээнд 40,000,000,000 төгрөг дотоод эх үүсвэрээс олгох эргэн төлөгдөх зээлийг баталсан байна.

“ОА” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2/232 дугаартай албан бичгээр хүсэлт гарган төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/3518 дугаар албан бичгээр “ОА” ХХК нь “...төслийн баримт бичгийн шаардлага хангасан ч тэжээл нийлүүлэх үнэ бусад аж ахуйн нэгжтэй харьцуулахад өндөр байсан тул малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хэлэлцээд танай ирүүлсэн төслөөс татгалзсан болохыг мэдэгдсэн” хариу өгсөн байна.

ХХААХҮСын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Хуваарь, санхүүжилтийн хэмжээ батлах тухай” А-161 тоот тушаалаар төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдээс барьцаа хөрөнгийн үнэлгээнээс шалтгаалан 10 аж ахуйн нэгжтэй зээлийн хэмжээг бууруулж гэрээ байгуулсан, 1 аж ахуйн нэгжтэй барьцаа хөрөнгө нь шаардлага хангаагүйгээс гэрээ байгуулаагүй тул үлдэгдэл 3,720,000,000 төгрөгийн зээлийг олгох хуваарь, санхүүжилтийн дээд хязгаарыг баталсан. Үүнд, нэхэмжлэгч “ОА” ХХК 400,000,000 төгрөгийн зээлийн хэмжээг тогтоож хэлцэл хийж гэрээ байгуулах ажлыг даалгасан байна.

Ингээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хүнс, хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, “ОА” ХХК-ийн хооронд хэлцэл хийж тэмдэглэл үйлдсэн байдаг. Энэхүү хэлцлийг хийхдээ эхлээд санхүүжилтийн хэмжээг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулан эхэлж, хэлэлцээрт дараах зүйлийг тохиролцсон. Х аймгийн бүх сумдад хивэг 600 тн, хорголжин 380 тн нийлүүлэх, зээлийн хэмжээ 400,000,000 төгрөг, зээл төлж дуусах хугацаа 2018 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нийлүүлэлт эхлэхэд 160 тн бүтээгдэхүүн бэлэн байгаа, малчдад худалдаалах үнэ хивэг 400,000 төгрөг 600тн, хорголжин 420,000 төгрөг 380 тн, төмөр зам, авто машинаар операторын утасны дугаар зэрэг зүйлүүдийг тохиролцон гарын үсэг зурсан байна.

ХХААХҮЯ, “ОА” ХХК-ийн хооронд хэлэлцээр амжилттай болсон учир 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17********* дугаар “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ”-г байгуулсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор баталсан “МХСгийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ын 4.2-т “Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасны дагуу төсөл сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан бөгөөд өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэгчийн сонгон шалгаруулах ажиллагаа нь тендер биш юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Яамнаас төсөл сонгон шалгаруулах ажлыг дээрх хуульд нийцүүлэн зохион байгуулсан. Үүнээс хархад “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулах” төсөл сонгон шалгаруулах ажил нь тендер биш бөгөөд хууль, журамд заасны дагуу төсөл сонгон шалгаруулсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь бараа, үйлчилгээг худалдах ажиллагааг зохицуулсан хууль бөгөөд эргэн төлөгдөх зээлд хамрагдах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажиллагааны процессыг хуульд нийцүүлж ажилласан нь дээрх хуульд заасан тендер шалгаруулалтын аргыг хэрэглээгүй, мөн дээрх хуулийн хамрах хүрээнд эргэн төлөгдөх зээлд хамрагдах аж ахуйн нэгжийг шалгаруулах ажил хамаардаггүй болно. Бодлогын гэрээ бол хоёр талын эрх үүргийг тодорхой заасан, талууд хэлцэл хийж, тохиролцоонд хүрсэн талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээ илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгч “ОА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уг компани нь 2017 онд “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд МХСтай зээлийн гэрээ байгуулан хүүгийн зээлийг авч, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгах ёстой байсан хэдий ч уг компани төлбөрөө төлөөгүй тул манай сангийн зүгээс Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Гэвч тус компани бодлогын гэрээний асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа болно. ХХААХҮЯ-наас зохион байгуулсан “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээ нь тендер биш төсөл сонгон шалгаруулж өвөлжилт хүндэрсэн орон нутгуудад хэрэгцээт барааг нь хүргэхэд хувийн хэвшлийг оролцуулсан байдаг.

Энэхүү арга хэмжээ нь тендер биш төсөл сонгон шалгаруулалт учраас Сангийн сайдын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 145 тоот тушаалын хавсралтад заагдсан журмаар зохицуулагдахгүй харилцаа юм.

Иймээс уг харилцааг зохицуулахын тулд ХХААХҮЯ төсөлд сонгон шалгарсан аж ахуйн нэгж бүртэй өвс тэжээл импортлон нийлүүлэхэд баримтлах бодлогын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг байгуулах боломж бүрдсэн.

Тендер гэдэг нь эцсийн утгаараа төрийн бараа ажил үйлчилгээг гүйцэтгэж, үйлдвэрлэсний төлөө төрөөс мөнгө аваад тэр мөнгөөрөө захисан юмыг нь нийлүүлэх үйл ажиллагаа юм. Төсөл сонгон шалгаруулалт гэдэг нь төрөөс мөнгө зээлээр авч, ашиг олоод буцаан мөнгө төлж байгаа ойлголт юм. Иймээс энэхүү арга хэмжээ нь төсөл учраас тендерийн холбоотой хуулийн заалтуудад хамаарахгүй асуудал юм. 

Уг нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг удаашруулах нэг арга хэлбэр ба Монгол улсын төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна.

“ОА” ХХК нь зээлийн гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж улсад их хэмжээний хохиролыг учруулж байгаа бөгөөд 179,435,800 төгрөгийн үлдэгдэлтэй өнөөдрийг хүрч байна.

Иймээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд МХС-ийн нэхэмжлэлтэй “ОА” ХХК-д холбогдох иргэний хэргийг сэргээн явуулж, улсын төсвийн бүрдүүлэлт, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах боломжоор хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ОА” ХХК нь тус шүүхэд “ХХААХҮЯны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17********* дугаар “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ” нь захиргааны илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг ХХААХҮЯ-нд холбогдуулан гаргаж, тус бодлогын гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” илт хууль бус гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэгд, Нэхэмжлэгч “ОА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “маргаан бүхий бодлогын гэрээ болон уг гэрээг үндэслэн МХСтай байгуулсан зээлийн гэрээ нь Монгол Улсын Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримт бичигт нийцээгүй, Сангийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 125 дугаартай “Барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт бичиг”-т нийцүүлж тендерийн баримт бичиг, гэрээний нөхцөлийг боловсруулж, мөрдөх ёстой байсан. Гэтэл “ОА” ХХК-тай байгуулсан бодлогын гэрээ болон уг гэрээг үндэслэн МХС-тай байгуулсан зээлийн гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 дүгээр зүйлийн 19.1, мөн Сангийн сайдын баталсан барааны үнийн санал авах тендерийн жишиг баримт бичгийг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар захиргааны гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлтэй” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, ХХААХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” А-139 дүгээр тушаалаар 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор Оросын Холбооны Улсаас өвс, хүчит тэжээл импортлох асуудлыг яаралтай судалж, санал боловсруулж, танилцуулахыг дотооддоо үүрэг болгож, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-452 дугаар тушаалаар Оросын Холбооны Улсаас малын тэжээл импортлох ажлыг зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон хяналт тавих ажлын хэсгийг тус тус байгуулсан байна.

Улмаар Малын тэжээл импортлох, түгээх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, “Өвс, тэжээл импортлох болон дотооддоо үйлдвэрлэн малчид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн төслийг хэлэлцэн тус сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийтэд зарласан байх бөгөөд ХХААХҮСын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-144 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрт малын өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд нийт 40,000,000,000 /дөчин тэрбум/ төгрөгийг дотоод эх үүсвэрээс олгох зээлийн зориулалтаар эргэж төлөгдөх зээл хэлбэрээр баталжээ.

Үүнээс тус сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүдэд 3,720,000,000 /гурван тэрбум долоон зуун хорин сая/ төгрөгийн зээл олгохоор хуваарь, санхүүжилтийн хэмжээг баталсны дотор нэхэмжлэгч “ОА” ХХК нь 600 тн хивэг, 380 тн хорголжин импортлон Х аймгийн бүх сумдын малчид, фермерүүдэд нийлүүлэх, хариуцагч нийт 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөгийн зээл олгох талаар талууд харилцан тохиролцож, уг хөрөнгийг МХС-ийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр ХХААХҮС-ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-161 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн болох нь тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч нь  уг үйл ажиллагаа тендер байсан учраас бодлогын гэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах ёстой байсан гэж тайлбарлах боловч маргаан бүхий гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “МХС-ийн тухай” 374 дүгээр тогтоолын 4.2-т “Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулах замаар олгоно” гэж зааснаар Оросын Холбооны Улсаас тэжээл худалдан авч импортлох, дотоодын зах зээлээс доогуур үнээр борлуулах аж ахуйн нэгжүүдэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл олгохдоо төсөл сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэж, энэ үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн явуулсныг шууд тендер гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Харин шүүх маргаан бүхий захиргааны гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заасныг зөрчсөн эсэхийг хянахад,

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Сангийн сайдын 2013 оны 125 дугаар тушаалаар батлагдсан Үнийн санал авах жишиг баримт бичгийг захиалагч байгууллага 50,000,000 /тавин сая/ төгрөгөөс доош төсөвт өртөгтэй бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох үед мөрдөхөөр заасан байх ба уг тушаалаар батлагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн аль хэсэг, ямар зүйл, заалтыг хариуцагч маргаан бүхий гэрээ байгуулахдаа зөрчсөн болох нь тодорхойгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл, байдал тогтоогдохгүй байна. 

Иймд Сангийн сайдын тушаалаар батлагдсан гэрээ байгуулахад баримтлах жишиг баримт бичгийг зөрчсөн гэх үндэслэлээр ХХААХҮЯны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах 17********* дугаар бодлогын гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан “зээлийн гэрээ хэлбэрийн хувьд жишиг баримт бичигт нийцээгүй, гэрээнд захиалагч тал болох ХХААХҮЯ-ны хүлээх үүргийг нарийвчлан тусгаагүйн улмаас захиалагчийн үүрэг хэт ерөнхий болсон. “Нэг цонхны бодлого” гэх нэрийн дор яг ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхойгүй” гэх тайлбарын тухайд, 

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, малын өвс, тэжээл импортлон оруулж ирэхэд хяналт тавих, энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгжүүдэд хэрэв малын өвс, тэжээл импортлоход асуудал үүсвэл эдгээр байгууллагад түрүүлж ханд гэх байдлаар төр нэг цонхны бодлогыг хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч тухайн үед гэрээний зүйл, заалтыг ойлгоогүй, тодорхой бус гэж үзвэл асууж, тодруулах эрх нь нээлттэй байсан” гэх тайлбар үндэслэлтэй байна. 

Учир нь гэрээг талуудын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулдаг бөгөөд хэрэв нэхэмжлэгч гэрээ байгуулахад, түүнд гарын үсэг зурахад гэрээнд ойлгомжгүй нэр томьёо байсан гэж үзвэл асууж тодруулах, гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байхад нэгэнт хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж байгуулсан гэрээг хожим гэрээнд тусгагдсан захиалагчийн үүрэг хэт ерөнхий байсан, нэг цонхны бодлого гэдгийг тухайн үед ойлгоогүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр илт хууль бусад тооцуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “..хариуцагч малын тэжээлийн хэрэгцээ шаардлагаас давсан хэмжээгээр тэжээл оруулж ирүүлэхээр сонгон шалгаруулалт явуулсан” гэж маргах боловч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “ОА” ХХК нь хариуцагчтай 600 тн хивэг, 380 тн хорголжинг Хн аймгийн бүх сумдад нийлүүлэхээр гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд маргаан бүхий гэрээний 4.12-т “Өвс, тэжээл худалдахтай холбоотой тооцоо, судалгаа маркетингийн асуудал, үүсч болох эрсдэлийг аж ахуйн нэгж хариуцах ба борлуулагдаагүй үлдсэн өвс, тэжээлийн асуудлыг яам, МХС хариуцахгүй болно” гэж заасныг дурдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...гэрээ байгуулсан талын эрх, үүрэг, хариуцлага тодорхой бус, гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдаагүй тул гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.11-д зааснаар илт хууль бус” гэж тайлбарлан маргажээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.11-д хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус бол захиргааны гэрээ илт хууль бус байна гэж заасан.  

Гэтэл хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн бус гэдэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.4-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийг илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцлийг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “хариуцагч хамтарч эрх, үүрэг хүлээж, төрийн бодлогын дагуу бодит дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн боловч яг ажил эхлэхэд бидний эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн учраас дүр үзүүлж хэлцэл хийсэн” гэж хариуцагчийг буруутгажээ.  

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн гэрээг байгуулах хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийж, гэрээ байгуулсан зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийгддэг болно. 

Гэтэл Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад шаардагдах тэжээл дутагдалтай байгаа аймгуудын малчид, фермерүүдэд дотоодын зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлж, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад хүүгүй нөхцөлөөр, эргэн төлөгдөх зээл олгосон, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, холбогдох захиргааны байгууллагуудад энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэж байснаас үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллагыг гэрээ байгуулсан мэт харагдах дүр үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хуульд нийцээгүй байна.

Дээрх бүхнээс дүгнэвэл, малчид, фермерүүдэд Оросын Холбооны Улсаас тэжээл худалдан авч импортлох, дотоодын зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлж, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор захиргааны байгууллагаас хуулийн этгээдтэй харилцан тохиролцож байгуулсан “Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ” нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээний шинжийг агуулсан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий захиргааны гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүхийн энэхүү шийдвэр нь МХС, “ОА” ХХК-ийн хооронд байгуулагдсан “ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээ”-тэй холбоотой аливаа нэхэмжлэлд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ОА” ХХК-ийн “ХХААХҮЯ-ны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №17********* дугаар Өвс, тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ