Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 395

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, РД:ОЮ63111909, Цэгц чадвар ХХН-ийн хуульч, Таргуд овогт Тогтохын Алтанчимэгийн О.Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Уранчимэг нь 1969 онд төрсөн, 48 настай. 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар ажиллаж байсан. Увс аймгийн Нефть баазын боловсон хүчний газраас 1985 оны 07 дугаар 25-ны өдөр О.Уранчимэгт олгосон ажилд авсан, ажлаас чөлөөлсөн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа хэдий ч ажилд орсон, гарсан тушаалууд, тухайн үеийн цалингийн мэдээлэл аймгийн архиваас олдоогүй тул зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Увс аймгийн Нефть баазын боловсон хүчний газраас 1985 оны 7 дугаар 25-ны өдөр О.Уранчимэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Нармандах, А.Ноолой нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргуулан өгч байна. Эдгээр баримтаас өөр шүүхэд гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй байгаа болно. Иймд тухайн үед О.Уранчимэгийн 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Нефть баазад торх угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь О.Уранчимэгийн Увс аймгийн Нефть баазад 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл торх угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Очирбатын Уранчимэгт 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нефть баазаас нээсэн 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр торх угаагчаар ажилд орсон, 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр торх угаагчийн ажлаас чөлөөлөгдсөн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Итгэмжлэл,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 232 тоот, тодорхойлолт,

4. Гэрч Р.Нармандахын шүүхэд өгсөн: Би 1986 оноос Увс аймгийн Нефть баазад засварчнаар, 1987 оноос Нефть баазын харьяа Хархираагийн Шатахуун түгээх станцын түгээгчээр, Давст сумын Шатахуун түгээх станцын түгээгч эрхлэгчээр 1994 оныг дуустал, 1994 оноос НИК ББХК болоход үргэжлүүлэн 2003 он хүртэл ажилласан юм. Намайг 1986 онд тус ажилд ороход О.Уранчимэг нь Нефть баазад торх угаагчаар ажиллаж байсан бөгөөд ажилд ороод 1 гаруй болж байсан юм. Тэгээд 1993 оны сүүлэр ажлаас чөлөөлөгдөөд удалгүй Улаанбаатар хот руу шилжсэн хүн байгаа юм. Манай байгууллага нь 200 ажилтантай, шатахуун түгээх иргэдэд үйлчлэх үйл ажиллагаа явуулдаг байлаа. О.Уранчимэг нь техникийн албанд харьяалагдаж бидний ашиглах бензины сав цэвэрлэдэг, савладаг ажил хийж байсан гэж хэлж болох юм. Увс аймгийн Нефть баазын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

5. Гэрч А.Ноолойгийн шүүхэд өгсөн: Би 1979 оноос Увс аймгийн Нефть баазын барилгад нормчноор ажилд орж улмаар дулаан цахилгааны техникчээр 1993 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан юм. О.Уранчимэг нь 1985 онд Нефть баазын торх угаагчаар ажилд орсон бөгөөд намайг 1993 онд ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Манай байгууллага нь бензин шатахуун ОХУ-аас хүлээж аваад сумуудад тараах, хадгалах, түгээх ажлыг гүйцэтгэдэг, 40 гаруй ажилтантай, түгээгчээс бусад нь өдрийн 8 цагаар ажилладаг байсан учраас нэг нэгнээ сайн таньж мэднэ. Манай байгууллагад 10 гаруй эмэгтэй хүн ажилладаг байсны нэг нь О.Уранчимэг юм гэх мэдүүлэг,

6. Гэрч Р.Нармандах, А.Ноолой нарын Увс аймгийн Нефть баазад ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

       О.Уранчимэг нь Увс аймгийн Нефть баазад 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл торх угаагчаар ажиллаж байсан болох нь О.Уранчимэгт 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нефть баазаас нээсэн 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдөр торх угаагчаар ажилд орсон, 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр торх угаагчийн ажлаас чөлөөлөгдсөн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Р.Нармандах, А.Ноолой нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн О.Уранчимэгийн Увс аймгийн Нефть баазад 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 жил, 20 хоног торх угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Очирбатын Уранчимэгийн Увс аймгийн Нефть баазад 1985 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 /найм/ жил, 20 /хорь/ хоног торх угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.БОЛОР