| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00348/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 396
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 2-15 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, РД:ОО58050517, Галзад овогт Жавзангийн Очироогийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Очироо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Очироо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Очироо нь 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 60 настай. Тухайн үед намайг төрөхөд аав ээж маань 1957 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрснөөр зөв бүртгүүлсэн боловч намайг 1976 онд цэрэгт явахад тухайн үеийн цэргийн комисс буюу сумын нарийн бичгийн дарга Шинэн гэх хүн төрсөн он 1957 гэж хар бэхээр бичсэн байсныг хөх бэхээр оныг нь 1958 гэж засварлаад цэрэгт явуулсан юм. Түүнээс хойш миний бүх бичиг баримтууд 1958 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрснөөр буруу бичигдэж өдий хүрсэн. Надад төрсний гэрчилгээ байгаа боловч 1957 оныг 1958 он гээд засварласан байна. Миний бие нь Улсын бүртгэлийн хэлтсээс 1957 оны төрөлтийн бүртгэлийн лавлагаа шүүлгэхэд лавлагаа гарч ирээгүй. Харин Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 1957 онд төрсөн хүүхдийг Тэс сумын захиргааны ажилтан бүртгэсэн бүртгэлд 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрснөөр бүртгэжээ. Намайг бүртгүүлсэн хүн Жавзангийн Очироо гэх нэрийг маань Төмөр-Очир гэж буруу бүртгүүлснийг аав, ээж сүүлд мэдсэн боловч тухайн үед залруулахгүй орхисон байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 1957-1962 онуудад төрсний бүртгэлийн лавлагаа болон Тэс сумын Хүн эмнэлгээс төрөлтийн түүхийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргахад Тэс сумын архив шатсан учраас дээрх лавлагаануудыг гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Иймээс миний бие төрсөн оноо зөвтгүүлэхээр шүүхэд хандаж байна. Иймд намайг 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Очироо 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:
1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргаж ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд Үлэмжийн Жавзан, Хичигийн Гомбо нарын гэр бүлд 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ж.Төмөр-Очир /Очироо/ төрснийг 1957 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлийн 180 дугаарт бүртгэв гэжээ,
2. Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлийн хуулбар,
3. Галзад овогт Жавзангийн Очироогийн иргэний үнэмлэхний хуулбар,
4. Увс аймгаас 1968 онд эхийн алдар 1, 2-р одонгоор шагнагдах эхчүүдийг бүртгэсэн товъёог 1967 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2-р одонгоор Хичиг Гомбо, 42 настай, Тэс сум, баяд, гэрийн ажилтай, гишүүн бус, хүүхдийн эцэг сумын хүн эмнэлэгт галч, төрүүлсэн хүүхдийн тоо-5, 1. Гэлэг 12 настай, 2. Төмөр-Очир 10 настай, 3. Цээлэй 6 настай, 4. Бат-Эрдэнэ 3 настай, 5. Нацагдорж 1 настай гэжээ,
5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд 1957-1962 оны Тэс сумын төрөлтийн бүртгэлд Ж.Очироо гэх төрөлт бүртгэгдээгүй гэжээ,
6. Х.Цэцгээ, Ч.Лхамаа нарын иргэний үнэмлэхний хуулбарууд,
7. Ж.Цээлэй, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Нацаг нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
8. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 1/408 тоот тодорхойлолт,
9. Гэрч Х.Цэцгээгийн шүүхэд өгсөн: Ж.Очироо нь 1967 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн гэж би түүний аав, ээжээс нь сонсож байсан юм. Учир нь би өөрөө 1957 онд төрсөн бөгөөд цагаан сараар нутгийн ард иргэд насаа мэдэлцэж насны зөрүүгээр золгоцгоодог уламжлалтай гэх мэдүүлэг,
10. Гэрч Ч.Лхамаагийн шүүхэд өгсөн: Ж.Очироо нь 1957 онд Увс аймгийн Тэс суманд 3 дугаар бригадад төрсөн юм. Тухайн үед би 7 настай хүүхэд гэртээ аав ээжийн гар дээр мал малладаг байлаа. Манайх Ж.Очироогийнхтой тус сумын 3 дугаар бригадад Бага бөөрөг гэх газарт айл хоршоо амьдарч байсан юм. Би өөрөө сургуульд соёлд суралцаагүй учраас Ж.Очироог бага байхаас тэвэрч, аав ээжид нь харж өгдөг байсан. Түүнийг хар багаас нь Очироо гэж дууддаг байсан, өөр хоч нэр гэж байгаагүй юм. Ж.Очироо нь айлын 2 дахь хүүхэд бөгөөд ах Ж.Гэлгээ нь түүнээс 2 насаар ах, удаах дүү нь 2 насаар дүү санагдаж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ж.Очироо нь Увс аймгийн Тэс суманд Ү.Жавзан, Х.Гомбо нарын гэр бүлд 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгаас 1968 онд эхийн алдар 1, 2-р одонгоор шагнагдах эхчүүдийг бүртгэсэн бүртгэл, гэрч Х.Цэцгээ, Ч.Лхамаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Галзад овогт Жавзангийн Очироог 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрснөөр тогтоожшийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Очироогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Галзад овогт Жавзангийн Очироог 1957 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Очироогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР