| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00398/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 397
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, Орон сууцны 1-07 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЛ67020867, Шаазган овогт Гангын Хишигсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 5. Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд 1986 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс Увс аймгийн Сагил суманд анх Нийтийн аж ахуйн үйлчилгээ байгуулагдахад ажиллахаар Увс Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд дагалдах үсчнээр ажиллаж байгаад 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд үсчнээр 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж улмаар байгууллага хувьчлагдаж “Хоршоо” нэртэй болсон билээ. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн талаар бичигдсэн боловч тушаалууд нь олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Гангын Хишигсүрэнд 1990 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нээсэн 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сагил сумын НААҮ-ний төвд үсчнээр томилов, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сагил сумын НААҮ төвийн үсчний ажлаас чөлөөлөв гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай “Дагалдан сургах зардлын тухай” тушаалд “Сагил суманд шинээр байгуулагдсан аж ахуй үйлчилгээний төвд мэргэжлийн ажилчид шаардлагатай байгааг үндэслэн Гангын Хишигсүрэнг үсчний дагалдангаар, …3 дугаар сарын 14-нөөс эхлэн сарын хугацаагаар суралцуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн Сагил сумын НААҮ төвд ажиллаж байхдаа 1990 оны 6 дугаар сарын 01-ний эх үрсийн баярын өдөр хамт олноороо байгууллагынхаа хашаан дотор авахуулсан фото зураг,
4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн Сагил сумын ахуйн үйлчилгээний төвийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ганга овогтой Хишигсүрэнтэй холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,
5. Гэрч Ч.Ундармаагийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын салбар Сагил сумын Ахуй үйлчилгээний төвд гутал засварчнаар ажилд орж 1992 оны 2 дугаар сар хүртэл ажиллаад, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс “Найрамдал” хоршооны гутал засварчин, оёдолчноор 1995 оныг дуустал ажилласан юм. Манай ахуй үйлчилгээний төв нь 1986 оны 2 дугаар сарын 16-ны өдөр анх 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахад Г.Хишигсүрэн бид хамт орж байлаа. Тэгээд хувьчлагдаж хоршоо болох хүртэл буюу 1992 оны 2 дугаар сар хүртэл ажиллаад хоршоонд 1995 оныг дуустал хамт ажилласан юм. Манай ахуй үйлчилгээний төв өргөжин гутал, оёдол, төмөрчин, эсгүүр, үсчин, зурагчин, худалдагч, хими цэвэрлэгээ, тогооч гэсэн тасгуудтай нийт 72 ажилтантай болсон бөгөөд Г.Хишигсүрэн үсчний тасагт харьяалагдаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Н.Хандаагийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос эхлэн Сагил сумын Ахуй үйлчилгээний төвд оёдол, эсгүүрчнээр ажилд орж 1992 оны 2 дугаар сар хүртэл ажиллаад, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс “Найрамдал” хоршооны оёдол, эсгүүрчнээр 1995 оныг дуустал ажилласан юм. 1987 онд намайг Сагил сумын Ахуй үйлчилгээний төвд ажилд ороход Г.Хишигсүрэн тэнд үсчнээр ажиллаж байсан бөгөөд бид 1995 оныг дуустал хамт ажилласан юм. Манай ахуй үйлчилгээний төв нь 10 гаруй тасагтай, нийт 72 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байлаа” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ч.Ундармаа, Н.Хандаа нарын Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Хишигсүрэн нь Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үсчнээр ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлыг бичсэн байдал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай “Дагалдан сургах зардлын тухай” тушаал, ажиллаж байхдаа буюу 1990 онд хамт олноороо авахуулсан фото зураг, гэрч Ч.Ундармаа, Н.Хандаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Хишигсүрэнгийн Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 5 жил, 9 сар, 17 хоног үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Хишигсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаазган овогт Гангын Хишигсүрэнгийн Увс аймгийн Сагил сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 9 /ес/ сар, 17 /арван долоо хоног/ хоног үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Хишигсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР