| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00306/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 405
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг, Дэнж баруун дэнж 3 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОП66030600, Чангас овогт Гэвэлдэйн Сарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэдэнбалжир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай, ам бүл 7. Би 1978 оны хавар 4 дүгээр анги төгсөөд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа цуглуулахад тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж байна. Аймгийн архиваас цалингийн тодорхойлолтоо шүүлгэж авсан. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэдэнбалжир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Сарантуяа нь 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд үхэр, хонь маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа цуглуулахад түүний тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандсан. Иймд Г.Сарантуяагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сарантуяа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Гэвэлдэйн Сарантуяагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шагнасан баярын бичиг,
3. Гэрч Р.Оюунчимэгийн шүүхэд өгсөн: “Би 1974 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлийн Холбоо бригадад малчнаар 1993 оныг дуустал ажиллаж байсан. Г.Сарантуяа нь 1981 оноос “Цог” нэгдлийн Холбоо бригададын малчнаар 1989 оныг дуустал ажиллаад Ховд сумын хүнтэй гэр бүл болсноор ажлаасаа гарсан юм. Манайх Г.Сарантуяагийнхтай айл хоршоо олон жил амьдарсан учраас би түүнийг болон гэр бүлийнхнийг сайн таньж мэднэ. Миний санахаар Г.Сарантуяа бага ангиасаа эхлэн мал малласан учраас сургуулиас завсардаж байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад үргэлжлүүлэн тус нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. Г.Сарантуяа нь 1981 оноос эхлэн аав, ээжийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад мал маллаж 1989 оныг дуустал ажилласан юм. Би нэгдэлд ажиллах байхдаа тэдний өвч тэжээл дөхүүлж, хашаа хороог нь засаж өгч байлаа. Түүний нөхөр нь Ховд сумын харьяат хүн бөгөөд мөн “Цог” нэгдэлд мал маллаж байсан, одоо Эрдэнэт хотод амьдарч байгаа хүмүүс юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Р.Оюунчимэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р.Пүрвээгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Сарантуяа нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний Увс аймгийн Архивын тасгаас 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Г.Сарантуяагийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шагнасан баярын бичиг, гэрч Р.Оюунчимэг, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Сарантуяагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чангас овогт Гэвэлдэйн Сарантуяагийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Сарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР