| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
2021 05 18 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Совогт Г.Э-д холбогдох эрүүгийн 2034000000661 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Совогт Г.Э, Жаргалант суманд төрсөн, 42 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл ганцаараа 8-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Эгийн өгсөн: Надад ярих зүйл алга гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.М /хх 2-3, 5-6, 16-18/, шүүгдэгч Г.Э-гийн яллагдагчаар өгсөн /хх 12-13 / мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12647 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 7-8/, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 4/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 19/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 22-26/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 10 дугаар сарын 31-ны шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр баг Шандын 6-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.М-тэй маргалдан зодолдож эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны далд хугарал, зулайн хуйханд үс халцралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Э-гийн өгсөн "2020 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Батсуурь бид хоёр Төв аймаг Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт Батсуурийн гэрт байсан. Бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байна. Манайд миний төрсөн дүү Энхтуяа нөхөр Мөнхбаатар хүүхэдтэйгээ ирсэн. Бид хэд хоёр хоёр пиво уусан. Тэгээд Мөнхбаатар Батсуурь хоёр муудалцаад Мөнхбаатар гэрээс гарч явсан. Тэгэхээр нь би архи уучихсан байж яваад яах нь вэ гээд Мөнхбаатарыг дуудаад гэрт оруулж ирсэн. Тэгээд Батсуурь бид хоёр гэр бүлийн маргаанаас болж маргалдсан. Манай нөхрийн төрсөн эгч Д.М манай гэрийн хажууд тусдаа гэрт байдаг бөгөөд гаднаас Д.М орж ирээд та нарын ууж иддэг орон гэр биш зайлцгаа гээд орилоод байхаар нь би энэ гэр чинь хүн орж ирж болохоо байгаа юу гээд Д.М-тэй муудалцаад зууралдаад авсан. Батсуурь намайг салгаад авсан. Өөр зүйл болоогүй би гэрээс гараад яваад өгсөн. Би Д.М-ийг цохиж барьсан зүйл байхгүй, үснээс зулгаагаад татсан. тэгээд Батсуурь салгасан. Өөр гараараа цохисон зүйл байхгүй. Миний толгой л өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Д.М нь миний хамтран амьдрагч Батсуурийн төрсөн эгч миний хадам эгч байгаа юм. Д.М надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэж байсан." гэх мэдүүлэг /хх 5-6, 12,13/,
Хохирогч Д.М-ийн өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт ганц биеэр амьдардаг. Манай хажууд миний төрсөн дүү Батсуурь амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой Батсуурийн гэрт хүн байхгүй байж байгаад 21 цагийн үед хүмүүс ирсэн байсан. Ингээд намайг Батсуурийн гэрт ороход Мөнхбаатар "Г.Э чи Батсууриас сал, хувцас хунараа ачаад яв" гэх мэтээр яриад байхаар нь би Батсуурийн гэрээс гарч явсан. Тэгтэл Г.Э, Мөнхбаатар хоёр нь миний дүү Батсуурь луу дайрсан байдалтай байж байхаар нь би та нарын ирж архи уудаг газар биш та нар зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд Г.Э над руу дайраад миний хоёр мөрөн дээрээс татаад миний үснээс зулгаагаад хуйхаар нь салгаж хаясан, мөн зүүн гарын эрхий хуруу хугарсан. Г.Э миний үснээс зулгааж гэрийн хаяа руу түлхэж унагаасан. Мөн Мөнхбаатар гэх залуу нь намайг үснээс зулгааж татаж унагаасан. Энэ үед Мөнхбаатарын бага хүү байсан. Ааваа болиоч ээ гэх мэтээр орилж байсан. Сүүлд нь би ер нь юу болсон талаар сайн мэдэхгүй. Айсандаа ухаан алдахаас наагуур юм байсан. Г.Э гэх хүн нь миний төрсөн дүү Батсуурьтай хамтран амьдраад 1 жил болж байна. Мөнхбаатар нь Г.Э-гийн хүргэн дүү болох хүн байгаа юм. Би Г.Э, Мөнхбаатар хоёртой өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Г.Э, Мөнхбаатар, Батсуурь нар архи уусан байсан. Батсуурь ч архи уусан байсан.” гэх мэдүүлэг /хх 2-3,16-18/,
“2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн хооронд би Батсуурийнх руу орсон чинь Г.Э, Мөнхбаатар, Батсуурь нар согтуу сууж байсан. Тэгээд би буцаад гэртээ ороод тэд нарыг чагнаад сууж байтал тэд нар орилолдоод шуугилдаад байхаар нь Батсуурийнх руу орох гээд хаалгыг нь онгойлгосон чинь Г.Э “Чи юу юм, чамд ямар хамаатай юм.” гээд намайг үсдээд доош нь дарсан. Тэгээд тэрнээс хойш яг юу болсныг нь сайн мэдэхгүй байгаа. Тэгээд Батсуурь Г.Э-г надаас салгасан. Тэгээд би шууд гэр рүүгээ орсон. Миний биед үс зулгарсан, зүүн гарын эрхий хуруу 1-р үеэрээ хугарсан байсан. Тэгээд би маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймаг Жаргалант сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл бичиж өгөөд Улаанбаатар хот руу ГССҮТ-д үзүүлэхээр явсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 16-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12647 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Д.М-ийн биед зүүн сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны далд хугарал, зулай хуйханд үс халцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэжээ /хх 7-8/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.М-ийн гэр орондоо архидлаа гэх шаардлагыг эсэргүүцэж Д.М-тэй маргалдаж барилцаж аван хоёр мөрөн дээрээс нь татаж, үснээс зулгаах, түлхэж унагаах зэргээр ноцолдож үүний улмаас Д.М-ийн эрүүл мэндэд зүүн сарвууны 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны далд хугарал, зулай хуйханд үс халцралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол учирчээ.
Хохирогч Д.М-ийн өгсөн "Г.Э над руу дайраад миний хоёр мөрөн дээрээс татаад миний үснээс зулгаагаад хуйхаар нь салгаж хаясан, мөн зүүн гарын эрхий хуруу хугарсан. Г.Э миний үснээс зулгааж гэрийн хаяа руу түлхэж унагаасан." гэх мэдүүлэг нь 2020.11.01-ний өдрийн 12:08 цагт үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт "Д.М нь 50 настай, 10-р сарын 31-ний шөнө 22:00 цагийн үед ...толгой руу цохиод үсдээд зулгаасан. Гарын эрхий хурууг гэмтээсэн. Хэвлий зөөлөн эмзэглэлтэй, толгой баруун хажуу дээд талдаа хавдсан үс нь зулгарсан. Хавдсан. Зүүн гарын эрхий хуруу хавдартай үзүүр рүүгээ хөхөрч хавдсан хөдөлгөөнгүй хүрэхэд өвчтэй." /хх 4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.11.06-ны өдрийн 12647 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт: "Баруун зулайн хуйханд 5.0х3.0 см хэмжээтэй талбайд үс халцарч унасан, хуйх ягаан, эмзэглэл ихтэй. Зүүн сарвуунд гөлтөгнөн аравтай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй. Эмнэлгийн бичиг баримтад ...Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчийн үзэгт. Онош: Зүүн сарвууны 1-р хурууны далд хугарал. 2020.11.01 гэжээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний ШЭШГ-ийн дүрс оношлогооны эмч ирүүлсэн рентген зурагт хийсэн тайлбарт /2020.11.01-ний зүүн сарвууны 2 байрлалын рентген /СD-1 ш/-р: Эрхий хурууны үзүүрийн шивнүүр яс хугарсан. 2020.11.03." /хх 7-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнээс хохирогч Д.М-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Г.Э-гийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол тухайн цаг хугацаанд шүүгдэгчтэй ноцолдсоноос үүссэн, хохирогчийн эрх чөлөөнд тухайн үед шүүгдэгчээс өөр хүн халдаагүй байх тул шүүгдэгч Г.Э-гийн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол надтай хамааралгүй гэж тайлбар мэдүүлгийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Э-гийн үйлдэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн, хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Д.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасныг,
Шүүгдэгч Г.Э дэмжиж оролцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь талаархи хавтаст хэргийн 19-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 8-6 тоотод амьдардаг талаархи баримтууд авагджээ.
Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000000661 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Г.Э г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000000661 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ