| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0107/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/126 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/126
2021 05 25 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт А.Д-д холбогдох эрүүгийн 2034000000624 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт А.Д, 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдөр суманд төрсөн, 24 настай, яс үндэс халх, тусгай дунд дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Д-н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахиж нэмж ярих шаардлагагүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх 10-11/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/,
Хохирогч Б.Х /хх 14-15, 38-40/, Х.У нарын өгсөн мэдүүлэг /хх 23-25/, гэрч Ш.Ойнбаяр /хх 16-18/, Г.Ууганбаяр /хх 19-21/ нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Д-н гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 27-28, 106-107/, гэрч Ц.Дашпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх 29/,
Эд мөрийн баримтаар шатсан ТОЗ 8 маркийн бууны гол төмөр, замаг зэргийг хураан авсан тэмдэглэл /хх 30/, А.Д-н эзэмшлийн 1609 УАК тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 33/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №79 дугаартай дүгнэлт /хх 45-46/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт /хх 51-53/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн №566 дугаартай дүгнэлт /хх 60-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №5284 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 63-64/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №3909 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 71-74/,
ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн 1609 УАК улсын дугаартай SUBARU FORESTER SH5 маркийн тээврийн хэрэгсэлд тогтоосон 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №09/418 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 80-81/,
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа /хх 146/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хадат толгой” гэх газарт 2020.9.20-ны өдөр 16-09 УАК улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Х, Г.Х.У нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Д-н өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ би Х.У ахын хамт ажлаасаа буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас явж байх зуур Х.У ах намайг хамт анд явъя маргааш нөгөөдөр л явах байх чам руу залгана шүү гэж хэлж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 21-ны шөнийн 4 цагт Ууганбаяр ах над руу залгаад за явъя одоо бос ахыгаа Хайлаастаас ирж аваарай гэж хэлсэн. Би шөнө Хайлааст гэх газар очоод Х.У ахыг гэрээс нь авчхаад байж байтал Х.У ах Б.Х гэх найзыгаа аваад явна надад нийт 9 ширхэг сум байгаа гэж хэлж байсан. Х.У ах бид хоёр Б.Х гэх ахыг Цамбад байх гэрээс нь очиж аваад Улаанбаатар хотоос өглөөний 07 цаг болж байхад гараад Эмээлтийн дэлгүүрээс Ууганбаяр, Б.Х ах хоёр 0,75 литр Хараа архи болон ундаа авсан. Тэгээд би ямар нэртэй хэдэн км байх газар очих юм бэ гэхэд ер нь бол 100 км газар яваад очно ямар нэртэй газар болохыг нь мэдэхгүй гэсэн. Тухайн үед төв замаас салаад урагш явж байх даа эхлээд Х.У ах өөрийн буугаараа машин дотроос нэг тарвага буудаад машиндаа хийгээд нэлээн удаан тэр хавиар явж байгаад дахиад нэг тарвага Х.У ах машин дотроос буудаад алсан. Тарвагаа машин дотроо хийгээд сум нь дуусаад хоол идэх гэж Атар ороод Ууганбаяр ах нэг хүнтэй ярьж байгаад гэрт нь очоод нэг тарвагаа 4 сумаар сольсон яг хаана байдаг талаар нь би сайн мэдэхгүй байна. Цааш дахиад тарвага агнахаар төв замаасаа урагш салаад нэрийг нь мэдэхгүй нэг газар очоод Х.У ах машин дотроос буюу урд талын зүүн суудал дээрээс нэг удаа буудаад нэг тарвага алсан. Ингээд нийт 3 тарвага Х.У ах агнасан нэг тарвагыг нь танихгүй айлд очиж 4 ширхэг сумаар солиод авсан. Х.У ах өөрийн буугаараа миний машины урд талын зүүн суудал дээрээс нийт 11 сум тарвага буудах гэж гаргаснаас 3 тарвага агнаж 1 тарвагыг нь танихгүй айлд очиж өгсөн ба хариуд нь 4 сум авсан. Тухайн үед Ууганбаяр буудаад Б.Х ах машин бариад би хойноос буудсан тарвагыг нь авч машинд хийж байсан мөн сүүлийн тарвагыг Б.Х ах авч машинд хийж байсан. Тухайн үед би нэг удаа тарвага агнах гэж буудсан боловч алдаж буудаад онож чадаагүй. Дараа нь Б.Х ах за би буудна гээд бид хоёр суудлаа солиод байж байтал цагаан өнгийн машин хүрч ирсэн ба Х.У, Б.Х ах хоёр наад машин чинь байгаль хамгаалагчийн машин мөн байна зугтаарай гэж хэлээд машинаа бариад урагшаа зугтаагаад нэг даваа даваад явж байтал замаасаа гараад яв гэхээр нь би замгүй 100 км цагийн хурдтай явж байтал гэнэт жалга таараад тормос гишгэн зогсож амжилгүй харайж нөгөө талын эргийг нь мөргөөд унасан. Би машинаас буугаад ухаан ороод байж байтал Х.У наад машин чинь дэлбэрлээ шүү гэхээр нь би Б.Х, Х.У хоёрыг чирээд машинаас холдуулаад байж байтал энгийн хувцастай хүмүүс болон цагдаа нар ирсэн. Тухайн осол болох үед би машинаа жолоодож явсан миний хажуу талд Ууганбаяр ах ард талд Б.Х ах сууж явсан. Би суудлын бүсээ дээгүүрээ давуулаад зүүсэн байсан. Харин Х.У, Б.Х нар суудлын бүс зүүгээгүй байсан. Субару Порестер маркийн 1609 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байдаг. Би өмнө нь анд явж байгаагүй. Харин Б.Х, Х.У хоёрыг сайн мэдэхгүй байна. Уг машин осол болох үед ард хөөж байсныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Хохирогч Б.Хгийн өгсөн: “2020 оны 9-р сарын 21-ны өдөр намайг гэртээ байхад өглөөний 07 цагт хамт ажилладаг А.Д, Х.У хоёр ирээд бид гурав Төв аймгийн Лүн сум орох гэж яваад замдаа хорхой хүрээд Төв аймгийн Аргалант сумын нутагт байх Хустайн нуруун наад хэсэгт очсон. Яг ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна. Эхний тарвагыг Х.У А.Д-н эзэмшлийн машины урд талын суудал дээрээс 1 удаа буудаж 1 тооны тарвага алсан. А.Д машинтайгаа очиж авсан. Дараагийн тарвага буудах үед тухайн газрын ойролцоо хэсгээс Х.У дахиад урд талын суудал хэсгээс 2 сумаар буудаад нэг тарвага алсан ба дахин машинтайгаа очоод А.Д бууж аваад машиндаа хийсэн. Тухайн үед Хустайн нуруун наад хэсгээс би А.Д-н машины хойд хэсгээс Х.Уын эзэмшлийн буугаар нэг удаа тарвага руу буудахад оноогүй. Бид гурав тухайн газраасаа Атар орж сум хайж байгаад нэлээн цаад хэсгээс нэг танихгүй айлаас 1 тарвага өгөөд 4 ширхэг сум аваад явсан ба тухайн айлыг танихгүй хаана байгаа талаар нь сайн зааж өгч чадахгүй. Цаашаа нөгөө газраа очоод байж байтал цагаан өнгийн Land Cruiser маркийн машин ирэхээр нь бид гурав сандраад шууд баруун хойд зүг рүү зугтаасан ба нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Яг ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна уг газрын зах хэсгээс нийт 2 тооны тарвага Х.У буудсан ба нэг тарвагаар нь хөдөөний айлаас очиж 4 сумаар сольж авсан.” гэх мэдүүлэг /хх 14-15, 38-40/,
Хохирогч Х.Уын өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 9-р сарын 20-ны өдөр Б.Х, А.Д нарын хамт Төв аймаг руу явсан. Ямар нэртэй газрыг нь мэдэхгүй бид гурав тарвага агнахаар явсан. Тухайн Субару Форестер маркийн машин А.Дийн эзэмшлийн машин байсан. Хустайн цогцолбор арай хүрээгүй наад хавиас нь нийт 2 ширхэг тарвага миний эзэмшлийн ТОЗ 8 нэртэй буугаар би буудаад аваад явж байтал цагаан өнгийн машин таарахаар нь зугтаж байгаад жалга уруу нисээд орчихсон. Жолоо барьж явсан А.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б.Х бид хоёр Хараа нэртэй архи задлаад нэг нэг удаа уусан. А.Д жолоо барьж явсан. Би жолоочийн хажуу хэсэгт, Б.Х хойно сууж явсан. А.Д суудлын бүс зүүсэн байсан би зүүгээгүй. Б.Хг анзаараагүй. Бид гурав тарвага агнах зорилгоор явсан.” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч Ш.Ойнбаярын өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын Тост уулын зүүн талын орой дээр эргүүл хийгээд сууж байхад хойд хэсгээр нэг хар машин замаас гараад буцаж ороод яваад байхаар нь би Ууганбаяр буюу манай хамгаалалтын албаны даргад гар утсаар хойш төв зам дагуу хар өнгийн машин замаас гарч, ороод яваад байна. Шалгах хэрэгтэй байна гэхэд за гэж хэлээд Land маркийн тээврийн хэрэгслээрээ хөдлөөд явсан. Намай харж байхад Ууганбаяр уг хар машины өөдөөс уулзах гэж очиход уг хар машин нь буцаж иргээд зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь Ууганбаяр Land 76 маркийн автомашинаараа араас нь явсан. Би тэгэхээр нь араас нь мотоциклоороо дагаад явж байтал нэг жалган дотроос хүн гарч ирээд миний урдаас гүйхээр нь би урдаас нь очоод уулзахад авраарай машин дотор хоёр хүн байна гэхээр нь би гүйж очоод машин дотор хоёр хүн байхаар нь татаж гаргасан. Тухайн үед уг машины копуд хэсгээрээ шатаж эхэлж байсан. Би хүмүүсийг нь гаргачхаад уул руу холбоо барих гээд гартал Ууганбаяр дарга гар утсаар яриад байж байсан. Цагдаа, эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Тухайн үед Пүрэвдаш Хустайн байгалийн цогцолбор газрын дарга, Төв аймгийн нөхөрлөлийн улсын байцаагч Ширмэн, байгаль орчны байцаагч Батмөнх нар араас ирсэн. Удалгүй эмнэлгийн машин, цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 16-18/,
Гэрч Г.Ууганбаярын өгсөн: “Өнөөдөр буюу 2020 оны 9-р сарын 21-ны өдөр манай байгаль хамгаалагч Ойнбаяр ах над руу утсаар нэг хар машин тарвага буудаад байх шиг байна гэж хэлээд. Би тэгэхээр нь хамгаалалтын албаны Land Cruiser 76 маркийн 4208 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ байгаа газрыг нь заалгаад яваад очиход улсын дугаар байхгүй хар өнгийн машин миний урдаас буцаж эргээд явсан. Тэгэхээр нь би цонхоо доош буулгаад гараараа зогсоорой гээд дохио өгөхөд шууд зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь би араас нь дагаад явахад манай баазын зүг рүү явсан яг баазын жалга гараад замаараа цааш баруун хойш чиглэлтэй явж байгаад хойно байгаа том жалга руу очоод буцаж бүтэн эргээд хойд зүг рүү зугтаасан. Би араас нь явахад дахиад нэг даваа өгсөөд явж байгаад уг машины тоос харагдаж байхаар нь нэлээн дагаад явж байтал тоос нь харагдахаа больчихсон. Би төв зам руу орсон юм байх гэж бодоод явж байтал доор жалган дотор машин харагдаж байсан бөгөөд яваад очтол жолоочийн талын хаалга онгойсон гарандаа шивээстэй нэг залуу над руу гүйж ирэхээр нь гайгүй юу гэхэд машин дотор хоёр хүн байгаа гэхээр нь чи наад хоёр хүнээ машин дотроосоо гарга гэж хэлээд би эмнэлэг цагдаа, дуудахаар буцаад явсан. Би зүүн талд нь байгаа уулан дээр гарч эмнэлэг, цагдаа дуудаад байж байтал Ойнбаяр ах миний араас ирээд нөгөө машин шатаад утаа гарч байна би хүмүүсийг нь гаргачихлаа гэсэн. Би уг хар машиныг хөөгөөгүй араас нь 400 орчим метр зайтай явж байсан. Би багцааг нь аваад хаашаа явах бол гээд явж байсан. Ер нь бидний үүрэг бол иймэрхүү хүмүүс таараад зугтах юм бол зургийг нь аваад хаашаа явахыг нь хараад цагдаад мэдэгд гэж заасан байдаг. Араас нь хөөж болохгүй гэж сургалт ордог. Би тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан ба ганцаараа явж байсан. би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би хөөж туусан зүйл байхгүй яг хаашаа явах багцааг нь харж байсан.” гэх мэдүүлэг /хх 19-21/,
Гэрч Ц.Дашпүрэвийн өгсөн: “Би Ууганбаярыг танина манайд хамгаалалтын менежерээр ажилладаг. Хустайн байгалийн цогцолбор газарт 2017 онд хамгаалалтын менежерээр томилогдон ажиллаж байгаа. Миний мэдэхээр ажиллаад 10 жил болсон. Би тухайн өдөр байсан мөн ажлын албан өрөөндөө байх үед хамгаалалтын менежер Ууганбаяр тухайн хэрэг гарсан өдөр надад хэлэхдээ тарвага агнасан машин зугтаад явсан би ирчихсэн байна та Аргалантын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээрэй гэж хэлсэн. Би мэдээлэл аваад жолооч Цэдэнхүүг дуудаад Аргалант сумын хэсгийн төлөөлөгчид хэлээд хэргийн газар очсон. Ууганбаярын хувьд осолд орсон хүмүүсийн араас нь хөөсөн зүйл байхгүй. Бид нарт хяналт шалгалтаар хүмүүс ирж хулгайн анчдыг хөөж болохгүй гэж анхааруулж зугтсан чиглэлийн дагуу сумын хэсгийн төлөөлөгчид нь мэдэгдээрэй гэж сургалт ордог байсан. Намайг хэргийн газар очих үед онхолдсон машин нь шатаж байсан.” гэх мэдүүлэг /хх 29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн №5284 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “А.Д 24 эр” гэж хаягласан 2034000000624 дугаартай цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна” гэх /хх 63-65/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №79 дугаартай дүгнэлт: "1.Х.Уын биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, цээжний баруун 3, 4, 5, 6, 7, 8 зүүн 4, 5, 6, 7, 8-р хавиргануудын далд хугарал, уушигны эдийн няцрал, аарцаг ясны суудал, яс дайрсан бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх /хх 45-46/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт: ”1.Б.Хгийн биед баруун шаант ясны ил хугарал, мултрал, баруун атгаал ясны бяцарсан хугарал, баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, эрүүний зөрөөгүй далд хугарал, баруун ухархайн хана, баруун зүүн гайморын хөндийн цөмөрсөн хугарал, тархи доргилт, уруул, хуйх, баруун шилбэ, баруун шагайн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх /хх 51-53/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №566 дугаартай дүгнэлт: ”1.А.Д-н биед цээж, баруун зүүн хөлийн тавхайд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 60-61/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №3909 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна. 2.Шинжилгээнд ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6 мм-ийн калибртай галт зэвсэг ирүүлсэн байна. Уг галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжгүй. 3.Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн дээрх үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээ, дугаарыг өөрчлөөгүй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн бууны сангийн ангийн зүйлийн 3 орон замагны дугаартай тохирч байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэх боломжгүй тул эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийн газраас ирүүлсэн сумны хошуу, хонгионы мөрүүдтэй харьцуулж шинжлэн үзэх боломжгүй.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх 71-74/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх 10-11/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, зам тээврийн осол болсон шалтгааныг тогтоосон мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа /хх 146/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Д-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х, Х.У нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах санал,
шүүгдэгч А.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Д нь дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд шүүгдэгчид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Эрүүгийн 2034000000624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов бууны гол төмөр, замаг зэргийг /шатсан/ шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Хүрэлсүхийн Бямбажаргалд буцаан олгохоор шийдвэрлэж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт А.Д-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Д-н тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185.2, 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн 2034000000624 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ТОЗ-8-01 загварын бага калибрын винтов бууны гол төмөр, замаг зэргийг /шатсан/ шийтгэх тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Хүрэлсүхийн Бямбажаргал /РД: /-д олгосугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ