Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 287

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны * дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ч.Х

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд: А.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот 000****** дүгээр гэрчилгээтэй, Ү-22******** дугаарт бүртгэлтэй А.О-т олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн         Ү-22******** дугаарт бүртгэлтэй, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000****** дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У*******, гуравдагч этгээд А.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Х миний бие Ш.Б, Д.О нараас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 317 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр тус байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж бүртгүүлсэн. Уг байр нь тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд битүүмжлэгдэн дуудлага худалдаагаар орж, төлбөр төлөгч Д.О-ийн 8,826,718 төгрөгийг төлбөр авагч Б.П-т олгогдохоор шийдвэрлэсэн байхад миний бие төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэлд тушааж авсан юм. Энэ үеэс тухайн байрыг шударгаар эзэмших, өмчлөх эрх үүссэн. 

Холбогдох бичиг баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 000******, улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдэж тухайн байрыг өмчлөх эрхтэй болсон. Нэг дүүрэг, нэг хорооны нэг байрыг 2 этгээдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь өмч хувьчлалтай холбоотой хуулийг ноцтой зөрчсөн байна. Миний бие дүүрэг болон улсын бүртгэлийн байгууллагад хандахад шүүхэд ханд гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний нэхэмжлэлийн дагуу тухайн байрны хувийн хэрэг, түүнд авагдсан баримтуудыг шүүхийн журмаар шаардан авч шалгаж, улмаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ч.Х-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай Хан-Уул дүүргийн ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг иргэн Д.Чын гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны тогтоол, иргэний үнэмлэхний хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн 1998 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Ч нарын өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

Иргэн А.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай Хан-Уул дүүргийн * дугаар хороо БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцыг иргэн Ц.Н-ын гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Улаанбаатар хотын Ажилчны дүүргийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 046 тоот шийдвэр, иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг, схем зураг, үйлчилгээний хөлс төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн 2007 оны 09 дүгээр сарын  12-ны өдөр иргэн Ц.Н нарын өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа тухайн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэх бөгөөд дээрх 2 байрны хаяг зөрүүтэй улмаас мэдээллийн сангийн хайлтаар илрээгүй байна. 

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах бүртгэлийн нэг онцлог нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг юм. Дээрх 2 бүртгэлд уг нотлох баримт хоёулаа байгаа боловч өмч хувьчлалаар тухайн ** дугаар байрны ** тоот орон сууцыг 2 өөр газраас 2 өөр хүнд давхардуулан олгож, мэдүүлэг гаргагч тус тусын бичиг баримтыг үндэслэн тус бүрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.  

Хувийн хэргээс харахад дээрх улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай эд хөрөнгө нь 2007 онд Ц.Н-ын өмчлөлд, 2009 онд Г.Э-ийн өмчлөлд, 2009 онд С.Э*******ийн өмчлөлд, 2018 онд А.О-ийн өмчлөлд тус тус шилжсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай эд хөрөнгө нь 1998 онд Д.Чын өмчлөлд, 1998 онд Ш.Б-ын өмчлөлд, 2015 онд Ш.Б, Д.О нарын өмчлөлд, 2018 онд Ч.Х-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. 

Дээрх 2 бүртгэл аль аль нь 4-5 өмчлөгч өөрчлөгдсөн, дээрх хугацаанд бүртгэл давхардсан гэж 2 талын өмчлөгчид огт гомдол гаргаж байгаагүй зэргээс харахад уг 2 байр нь 1 эд хөрөнгө гэж үзэх боломжгүй мэт харагдаж байна. 

Иймд уг хэрэг, маргааныг өмч хувьчлалын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагаас тодруулж, хариу тайлбар авах, мөн дээрх хугацаанд өмчлөгчөөр бүртгэгдэж байсан иргэдээс хариу тайлбар, нотолгоо гаргуулсны дараа бүртгэлийг хэрхэх талаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн. Энэхүү орон сууцыг бодитоор өмчилж, амьдарч байгаа билээ. Миний өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэж, 000****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.  

Гэтэл намайг шүүхээс дуудаж, миний нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцуулахад Ч.Х гэх иргэний нэр дээр миний өмчилж байгаа орон сууцанд давхардуулан гэрчилгээг олгогдсон байгааг олж мэдлээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар бүртгэл үнэн зөв байх ёстой. Нэг үл хөдлөх эд хөрөнгийн тухайд хоёр тусдаа гэрчилгээ гарч, хоёр өөр хүнд олгогдсон байгаа нь бүртгэлийн байгууллагын байж боломжгүй алдаа юм. Миний бие энэхүү орон сууцаа зохих ёсоор өмчилж, амьдарч, бусдад түрээслүүлж байсан бөгөөд орон сууцыг бүхэлд нь нурааж, шинэ байр барихтай холбогдуулан огт таниж мэдэхгүй хүмүүс гарч ирээд, хуурамч гэрчилгээ үзүүлж, ийнхүү шүүхээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Миний бие энэхүү орон сууцаа зохих ёсоор өмчилж, амьдарч, бусдад түрээслүүлж байсан бөгөөд орон сууцыг бүхэлд нь нурааж, шинэ байр барихтай холбогдуулан огт таньж мэдэхгүй хүмүүс гарч ирээд, хуурамч гэрчилгээ үзүүлж, ийнхүү шүүхээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: “…Ч.Хийн нэр дээр давхардуулан олгосон Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******** дугаар бүртгэл, бүртгэлийг үндэслэж олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000****** дугаар гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Манай ээж Ч.Х нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан авсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэж, 000****** дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хууль ёсны өмчлөгч болсон. 

Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК-ийн ** дугаар байрны ** тоот үл хөдлөх хөрөнгө нь Ш.Б, Д.О нарын өмчлөлд 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 7973 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. 

Ш.Бын төрсөн дүү болох Ш.Т нь тус байранд амьдарч байх хугацаандаа Ц.Н гэгчид хууль ёсны өмчлөгч Ш.Б, Д.О нарын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх олгогдоогүй байхад бусдын хөрөнгийг дур мэдэн худалдсан нь Иргэний хуулийн 7 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн байна. Энэ талаар ямар нэгэн үйлдсэн баримт, нотолгоо байхгүй. Хуулийн шаардлагаар бол дээрх хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцогдох бүрэн үндэслэлтэй.  

Хан-Уул дүүргийн * дугаар хороонд ** дугаар байр гэж нэг л байр байхад ямар үндэслэлээр нэг өдөр 2 өөр иргэнд зэрэг өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа туйлын хайхрамжгүй болох нь харагдаж байна. Хэрэгт цугларсан баримтыг үнэлэхдээ шүүх дараах зүйлд анхаарлаа хандуулна уу. Үүнд, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрыг байшин үйлдвэрлэх комбинат 43 ажилчиндаа 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 98 дугаар тогтоолоор хувьчилсан байхад Ц.Нын 1991 оны 1* дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 33 дугаар тогтоолоор ** дугаар байрны ** тоотыг хувьчилж авсан байх нь үндэслэлгүй болно.

Засгийн газрын өмч хувьчлалын 33 дугаар тогтоолоор ** дугаар байрыг хувьчлаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. 2007 онд Ш.Т-өөс худалдаж авсан гэх Ц.Н-ын нэр дээр 1991 оны эзэмших эрхийн гэрчилгээ байгаа нь ойлгомжгүй байна. Хууль бусаар бичиг баримт бүрдүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Иймд гуравдагч этгээд А.О-ийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “…Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулахдаа тухайн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэх бөгөөд дээрх 2 байрны хаяг зөрүүтэй улмаас мэдээллийн сангийн хайлтаар илрээгүй байна. 

Төрөөс хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах бүртгэлийн нэг онцлог нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүнийг нотолсон баримт бичиг юм. 

Иймд уг хэрэг, маргааныг өмч хувьчлалын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дээрх хугацаанд өмчлөгчөөр бүртгэгдэж амьдарч байсан иргэдийн хариу тайлбар, үйл баримтын нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Х нь тус шүүхэд “Хан-Уул дүүрэг * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот А.От олгосон улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000****** дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд нь “Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, 000****** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэгт, нэхэмжлэгч Ч.Х-ийн өмчлөх эрх бүхий Хан-Уул дүүргийн * дугаар хороо, 19 хороолол, ** дугаар байрны ** тоот үл хөдлөх хөрөнгийн хувьд, Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх II комбинатыг хувьчлах тухай” 98 дугаар тогтоолын 4 дэх заалтаар “Нийтийн орон сууц, гэрийг 2, 3 дугаар хавсралтын дагуу 225 ширхэг ягаан тасалбараар үнэлж, оршин суугчдад нь худалдаж тооцоог хийх”-ийг дүүргийн өмч хувьчлалын комисс, БҮК-II нарт даалгаж, тус тогтоолын 3 дугаар хавсралтаар Б.Б-д нийтийн орон сууцны ** дугаар байрны ** тоотыг 3 ягаан тасалбараар хувьчилсан байна. 

Улмаар “Улаанбаатар БҮК” ХК-ийн захиргаа, санхүүгийн хэлтсийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, ам бүлийн тодорхойлолт зэрэг материалуудыг үндэслэж Б овогтой Б, Д овогтой Ч нарын 4 иргэний өмчлөлд Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** байрны ** тоот сууцыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 7946 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хэрэгт цугларсан “Улаанбаатар БҮК” ХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/094 , Үндэсний төв архивын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03/131 , Архивын газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/108  дугаар албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. 

Улмаар 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Б, Д.Ч нар нь Ш.Б-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд холбогдох бичиг баримтуудыг үндэслэж, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, 19 хороолол, ** дугаар байрны ** тоотыг 1998 онд Ш.Б, Д.О нарын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 7973 дугаартай гэрчилгээ , 2015 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай гэрчилгээг  тус тус олгосон, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус байрны өмчлөгч Д.О нь Б.П-той Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот, 16 м.кв байрыг барьцаалан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/009** дүгээр захирамжид  дурдсанаар 8,673,000 төгрөгийг Д.О нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож, эвлэрсэн байх боловч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас төлбөр авагч Б.П-ын хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2016/05937 дугаар захирамжаар  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжээ. 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 1* дугаар сарын 05-ны өдрийн 12/09 дүгээр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон боловч нэхэмжлэгч Ч.Х нь Д.О-т төлбөрийн мөнгийг төлж, төлбөр авагч Б.П-ын хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1123 дугаар  албан бичгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээсэн болохыг мэдэгдсэн байна. 

Ийнхүү хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Ш.Б, Д.О болон Ч.Х нарын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр төлсөн баримт зэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Х-д олгожээ.  

Харин гуравдагч этгээд А.О-ийн өмчлөх эрх бүхий Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** байр, ** тоот үл хөдлөх хөрөнгийн хувьд, Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1991 оны 1* дугаар сарын 17-ны өдрийн 33 тоот шийдвэрийг үндэслэн Ц.Н-д олгосон ** дугаар байрны ** тоот орон сууц эзэмшигчийн 046 дугаартай гэрчилгээ , 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэст хандсан Ц.Н-ын өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг зэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцыг Ц.Н, Я.А нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206008845 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. 

Ц.Н, Я.А нар нь С.Э-тэй 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Э*******д шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 00081505 дугаартай гэрчилгээ, 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр С.Э, Г.Э нар нь орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, гэрчилгээг үндэслэн Г.Э-ийн өмчлөлд шилжүүлж, 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 000078891 дугаартай гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А.О, Г.Э нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** байр, ** тоот нэг өрөө орон сууцыг А.Оийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгожээ. 

Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцны анхны өмчлөгч болох Ц.Н 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн  байна. 

Дээрхээс үзвэл, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот нэг өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ч.Хийн өмчлөлд, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот нэг өрөө орон сууц нь гуравдагч этгээд А.О-ийн өмчлөлд тус тус бүртгэгджээ. 

Хэдийгээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууц нь гуравдагч этгээдийн орон сууц биш, Хан-Уул дүүрэгт байрлах өөр орон сууц байх” гэх боловч Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаартай нийтийн нэг орон сууц байдаг болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09/709 дүгээр албан бичиг , Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/6266 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад авагдсан маргаан бүхий орон сууцны зураг , Хан-Уул дүүргийн * дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт  болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 

1996 онд батлагдсан Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны эрхийн бичиг /ордер/-ийг үндэслэн тухайн байрыг эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд хувьчлахаас өмнө нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц нь төрийн өмч байжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоолоор нийтийн орон сууцыг түүний оршин суугчдад хувьчлахаар шийдвэрлэж, нийтийн ** дугаар байранд оршин суугчдын жагсаалтыг  баталсан байх бөгөөд уг жагсаалтын 31-д Б.Б-д ** тоот, 16 м.кв орон сууцыг хувьчилсан тухай тэмдэглэсэн байна. 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг”, 5-д “сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг эзэмших эрхийн бичиг, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 6-д “сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” хэлнэ гэж  тус тус заажээ. 

Үүнээс үзвэл, Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаар тогтоолоор маргаан бүхий нийтийн орон сууцны ** тоотыг Б.Б*******д хувьчилж, уг хувьчилсан шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар (товчоо)-аас Б.Б, Д.Ч нарын өмчлөлд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг анх бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ ** дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ш.Б, Д.О нарын өмчлөлд шилжүүлж, улмаар нэхэмжлэгч Ч.Х нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдэн, хураагдсан байсан маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлбөр төлөгч Д.О-т шилжүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, Ш.Б, Д.О нараас нэхэмжлэгч Ч.Х-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хорооллын ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна. 

Харин хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Хан-Уул дүүргийн * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг Ц.Н, Я.А нарын өмчлөлд анх бүртгэсэн нь үндэслэлгүй болжээ.   

Учир нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д “сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” хэлнэ, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр ... Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан эзэмших эрхийн 046 дугаар гэрчилгээ нь уг орон сууцыг өмчлөх эрхийг олгосон шийдвэр биш бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн Ц.Н, Я.А нарын өмчлөлд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй байна.   

Хэдийгээр эзэмших эрхийн 046 дугаар гэрчилгээнд “...Ц.Н-д Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1991 оны 1* дугаар сарын 17-ны өдрийн 33 тоот шийдвэрээр ** дугаар байрны 1 өрөө байрыг (** тоот) хувьчилсан...”  гэх боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3* дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулахад Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1991 оны 1* дугаар сарын 14-ний өдрийн “Үйлдвэрийн барилга трестийг хувьчлах тухай” 33 дугаар тогтоолын 5 дахь заалтаар үйлдвэрийн барилга трестийн 54 айлын I сууцыг эзэмшиж байгаа суугчдад нь хувьчлахыг даалгасан боловч Ц.Н-д БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцыг хувьчилсан болох нь тогтоогдоогүй.

Мөн маргаан бүхий сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн Я.А нь тус шүүхэд гэрчээр өгсөн “...2005 оны үед 3 сая төгрөгөөр манай аав Ц.Н худалдаж авсан, намайг ирсний дараа өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хэнээс авсан талаар мэдэхгүй байна. ...** тоотыг аавтайгаа хамтран эзэмшиж байсан хэдий ч амьдарч байгаагүй”  гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй бөгөөд Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцыг хувьчилсан баримтыг бус эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагч захиргааны байгууллага нь Ц.Н, Я.А нарын өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэнэ гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК ** дугаар байрны ** тоот орон сууцны анхны өмчлөх эрхийг хууль зөрчиж бүртгэсэн байх тул уг бүртгэлийг үндэслэж өмчлөх эрхийг шилжүүлсэн бусад бүртгэлийг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. 

Хэдийгээр хэрэгт авагдсан хүн ам, өрхийн бүртгэлийн лавлагаагаар  гуравдагч этгээд А.О, түүний нөхөр Г.Э нар нь 2010 онд Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК ** дугаар байрны ** тоотод бүртгэгдсэн байх боловч энэ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг зөвтгөх үндэслэл болохгүй.  

Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “…шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тухайн байрыг түрээсэлж байсан Т.Т, Х.М нар нь уг байрыг н.Түвшин гэх хүн түрээсэлдэг гэж хэлсэн тухай тэмдэглэгдсэн байна. Гэвч бодит байдал дээр А.О, түүний нөхөр Г.Энар нь түрээсэлсэн учраас Б.М шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах нь зүйтэй” гэж тайлбарлах боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа болох маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд хамааралгүй гэж үзэж шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно. 

Харин Хан-Уул дүүргийн * дугаар хорооноос ирүүлсэн лавлагаагаар тус дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт БҮК ** дугаар байрны ** тоот хаяг байдаг болохыг тодорхойлсон бөгөөд маргаан бүхий орон сууц нь Б.Б, Д.Ч нарын өмчлөлд анхнаасаа Хан-Уул дүүргийн 2-р хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч нар нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.14-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, баталгаажсан хаяг бүхий кадастрын зургийг үндэслэл болгон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд хаягийн өөрчлөлт хийх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.5, 3.6, 7 дугаар зүйлийн 7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг * дугаар хороо, БҮК ** дугаар байрны ** тоот А.От олгосон улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000****** дүгээр гэрчилгээг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, 000****** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ОЮУНГЭРЭЛ