Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0164

 

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0164

     Улаанбаатар хот

 

 

 

 “БХХТ” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-У

 

Нэхэмжлэгч: “БХХТ” НҮТББ

    Хариуцагч: БЗДЗД

    Хариуцагч: БЗДГЗБА

 

    Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нар даалгуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0899 дугаартай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0612/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1. Нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-аас БЗДЗД, тус дүүргийн ГЗБА-д тус тус холбогдуулан “БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нар даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 899 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн БЗДЗД, тус дүүргийн ГЗБА-д холбогдуулан гаргасан“БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-У нар давж заалдах гомдолдоо: “БХХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн БЗДЗД, тус дүүргийн ГЗБА-д тус тус холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0899 дүгээр шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

    3.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0899 дугаар шийдвэр нь дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 6-д “Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн Татгалзал хуульд нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан бөгөөд маргаан бүхий газрыг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдсан байна” гэжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд маргаан бүхий акт болох БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар Эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэйгээр нэхэмжлэгч байгууллагад газар олгохоос татгалзсан эсэхийг хянуулахаар нэхэмжлэл гаргасан.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага болох БЗДГЗБА-аас нэхэмжлэгч байгууллагын хүсэлт гаргасан газарт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгоогүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/1927 дугаартай албан бичиг (хх-ийн 237 дугаар тал). Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн агаар сансрын зургууд (хх-ийн 239-240 дүгээр тал) болон БЗДГЗБА-ны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1677 дугаар албан бичиг (хх-ийн 240 дүгээр тал) зэргээр тодорхой болсон. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 13/683 дугаартай шийдвэртээ 8550 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн гэсэн атлаа илтэд үндэслэлгүйгээр “... Уг маргааны улмаас иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгоогүй, өөр байршилд газар олголт хийсэн” гэж тайлбарласан нь нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-ын 22 жил эзэмшилдээ байлгаж, ашигласан газрыг иргэдэд аль хэдийн олгочихсон мэтээр тайлбарлаж, танай байгууллага бусдын газар эзэмших эрхийг зөрчиж байна хэмээн илтэд худал мэдээлэл өгсөн, гэтэл тухайн үед газар олголт хийгээгүй, бусдад газар эзэмших эрхийг олгоогүй болохыг шүүхэд нотлох баримт цуглах үед л олж мэдсэн.

3.3. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсгийн 8-д “Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж дурдсан хэдий ч уг маргааны улмаас иргэдэд газар эзэмшүүлээгүй болох нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15/1677 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” хэмээн тодорхой тайлбарласан бөгөөд тус дүгнэлтээс үзвэл маргаан бүхий акт болох БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай шийдвэр нь үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан болох нь тогтоогдох байсан. /Жич: уг маргааны улмаас иргэдэд газар эзэмшүүлээгүй биш нэхэмжлэгчийг шүүхэд хандахаас өмнө аль хэдийн газар олгочихсон мэтээр тайлбарласан болохыг шүүх анхаарч өгнө үү/ Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн буюу БЗДГЗБА нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгасан” гэх үндэслэлээр татгалзаагүй буюу иргэдэд газрыг олгосон” гэж татгалзсан байхад “...төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгасан байх тул нэхэмжлэгчид тухайн газарт газар эзэмшүүлэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй илтэд гуйвуулж тайлбарласнаараа анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг илтэд зөрчиж байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана:” гээд 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх нь” хэсгийн 10-т “Нэхэмжлэгчээс “Нийслэлийн от байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цэлмэгээс 2001 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 1/353, 1/354 дүгээр албан бичгүүдээр тус бүр 3 га газрыг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Бухын хонхорт БХХТ-д ашиглуулахаар шийдвэрлэсэн, маргаан бүхий газрыг 2001 оноос хойш эзэмшиж байгаа, газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээн авдаггүй байсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал” гээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,, 27.4 дэх заалтыг дурдаж, газар эзэмшүүлэх шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй гэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

3.4.1. Нэгдүгээрт, “БХХТ” НҮТББ нь доорх 49,528 м.кв газрыг 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эзэмшилдээ байлгаж, ашиглаж ирсэн. ...

Нийслэлийн БЗДГЗБА нь 2021 онд манай 38,000 м.кв талбай бүхий газарт газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т заасан “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг болон нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын даргын 2001 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 1/353 тоот тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн олгосон /энэ талаарх нотлох баримт хавтаст хэргийн 18 дугаар малд байх 13/300 дугаар албан бичгээс тодорхой харагдана/ болно. Гэтэл 49528 м.кв газраас үлдэх одоо маргаж буй 8550 м.кв газрыг Засаг даргын захирамжаар олгосон 38000 м.кв газраас салгаж, өөр хууль зүйн үндэслэлээр тайлбарлах боломжгүй буюу дээрх хэсэгт заасан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын даргын тодорхойлолтууд болон хавтаст хэрэгт буй Улаанбаатар хотын ерөнхий архитектор М.Цэлмэг, Хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Б, дүүрэг хариуцсан архитектор Ц.Б-Э, Дулаан хангамж хариуцсан инженер С.Ц, Усан хангамж хариуцсан инженер Т.Ч-О, Цахилгаан, холбоо хариуцсан инженер Б.Ш, Барилгын хяналтын инженер С.Ч, Газрын харилцааны хэлтсийн дарга Ц.С хот байгуулалт, газрын мэдээллийн төвийн дарга Ц.Э нарын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр “Монгол Солонгосын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Гачуурт тосгоны Могойтын хөндийд “гэгээрлийн өргөө”-г барих зөвшөөрөл авсан. 5 га талбайд” гэх Тухайн үеийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын бүх зөвшөөрлөөр хашаа барьж, гэгээрлийн өргөөг барьж байгуулан, бололцооны хэрээр мод бут тарьж арчлан хамгаалж ирсэн, энэ нөхцөл байдлыг Газар зохион байгуулалтын алба өнгөрсөн 22 жилийн хугацаанд хангалттай мэдэж байсан тэр ч утгаараа манай 3,8 га талбайг баталгаажуулсан болохыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна.

3.4.2. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно”, 27.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно”, Монгол Улсын иргэний ... тарьж ургуулсан ойн төгөл, аж хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” хэмээн тус тус хуульд заасан давуу эрхийн дагуу “БХХТ” НҮТББ нь өөрийн хүч, хөрөнгөөр мод бут тарьж ургуулсан талбай бүхий 8550 м.кв газраа улам илүү моджуулж тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг хүсч 2022 онд Баянзүрх Дүүргийн Байгаль орчны хэлтэс, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд тус тус албан бичгээр хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтүүдийг шийдвэрлэж хариу өгөөгүй, газрын албыг харсан болно. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” хэмээн заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, дээрх үйл баримтуудыг огт анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс манай байгууллагын дээрх нөхцөл байдлууд болох Гачуурт, Могойт дэнжид байрлах 5 га газрыг анх ашиглаж эхэлсэн үйл баримт, 22 жилийн нөхцөл байдал, газар эзэмшсэн хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хуульд заасан давуу эрх, газрыг моджуулах зорилго зэргийг анхаарч үзээсэй хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш2022/0899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
  2.  Нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-аас хариуцагч БЗДЗД болон БЗДГЗБА-д холбогдуулан “БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...хүнд хэцүү нөхцөлд байгаа нийт 14 айл, өрхийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрсөн... шөнийн цагаар том машинтай хүмүүс ирж манай байгууллагын 21 жил эзэмшиж, хашаалж ирсэн хашааг буулгаж, суурь цутгасан... 22 жил үйл ажиллагаа явуулж, маш олон хүний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хайр, хөлс хүч шингэсэн үнэ цэнтэй газар ... арчлан хамгаалсан газраа авах хүсэлт гаргасан ... “ гэж тодорхойлсон байна.
  3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хүсэлт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчихөөр байх тул ... албан бичгээр өгсөн хариу үндэслэл бүхий” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.
  4. Нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-ын эрх зүйн байдлын талаар;

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “БХХТ” НҮТББ нь үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “Улаанбаатарт амьдарч буй амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад тусламж дэмжлэг үзүүлэх, тэдгээрт зориулсан сургалт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах” зорилготой үүсгэн байгуулагдсан ба үүнээс хойш 22 жил тасралтгүй нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т ““нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг ойлгоно” гэж тодорхойлогдсон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болох нь тогтоогдож байна.

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “БХХТ” НҮТББ-ын танилцуулга, Улаанбаатар хотын ерөнхий архитекторын зөвшөөрлийн бичиг, Хот байгуулалт, газрын харилцааны газрын хэлтсүүдийн зөвшөөрөл, Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын даргын албан бичиг, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албан бичиг, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн 5, 8 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын тодорхойлолт, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол-Солонгосын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу Гачуурт тосгоны Могойтын хөндийд гэгээрлийн өргөө барих зөвшөөрөл авч, маргаан бүхий газрыг хашаалж, арчлан хамгаалан, тус дүүргийн Гачуурт тосгоны, могойт дэнжийн болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхүүд тэдний хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, байрлуулах байр бэлдэж, сургалт хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр нийгэмд тусдаа үйл ажиллагаа тасралтгүйгээр явуулж ирсэн байна. /1-р хх-12, 32-118, 207 дахь тал/

6. Дээрх нөхцөл байдлууд болон газар эзэмших хүсэлт зэргийг харгалзан үзэж, нэхэмжлэгч “БХХТ” НҮТББ-ын Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны 3-60 тоот хаягтай Арцат могойн ам Бухын хонхорт нийт 4,9 га газрыг хашаалж эзэмшиж ирсэн газраас 3,8 га газарт “мод үржүүлэг” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр БЗДЗД 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/462 дугаар захирамжаар шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

7. Харин талуудын маргааны зүйл нь маргаан бүхий акт гэж тодорхойлсон нэхэмжлэгчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргасан газар эзэмших хүсэлтэд хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 13/683 дугаартай албан бичгээр газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан хариу өгсөн шийдвэр нь хуульд нийцсэн эсэхэд маргаж байна.

 8. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.3-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана” гэсэн зохицуулалтын дагуу анх нэхэмжлэгчээс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 07 дугаар албан бичгээр “...22 жил арчлан хамгаалж ирсэн, хашаалсан газарт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ямар байгууллага, компани нь тодорхойгүй, бетонон хундам цутгаж, хашааг буулгаж эд хөрөнгөнд халдсан. Иймд ... эзэмшилдээ байлгаж, арчлан хамгаалж, моджуулсан газраа ... эзэмших хүсэлтэй байх тул .... 8550 м.кв газрыг ... эзэмших хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргаж БЗДГЗБА-д ханджээ.

9. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтэд хариуцагч БЗДГЗБА 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/300 дугаар албан бичгээр “...эзэмшил газраа хэтрүүлэн газар ашиглаж байгаа зөрчлөө 14 хоногийн хугацаанд арилгахыг мэдэгдэж байна” гэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа ...дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, 32.5-т “Хүсэлт,түүнд хавсаргасан баримт бичгийг ...дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасантай нийцээгүй байна.

10. Өөрөөр хэлбэл, газар эзэмших тухай хүсэлтэд дээрх хуулийн зохицуулалтын дагуу дүүргийн газрын албанаас хянаж хариу өгөх ёстой атал хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан зохицуулалтыг баримтлан газар чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгчээс дахин газар эзэмших хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 дугаартай албан бичгээр хариуцагчид “...хашаалсан газарт... хүнд хэцүү нөхцөлд байгаа... өмчлөлийн газаргүй ... үерийн аманд газартай иргэдийн газрыг шилжүүлэн нийт 14 айл, өрхөд олгож....гэснийг зөвшөөрсөн...Гэтэл...том машинтай хүмүүс ирж хашааг буулгаж, хундам цутгахаар шөнийн цагаар ирсэн ... хэн нэгэн эрх дархтай хүн эсхүл аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд тухайн газрыг олгуулахыг зөвшөөрөхгүй байна. Иймд манай байгууллагын ... албан бичгээр хүргүүлсэн газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг дахин гаргажээ.

12. Дээрх нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтэд хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 13/683 дугаар албан бичгээр газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

а/ хариуцагчаас татгалзаж буй үндэслэлээ “... Танай байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын урд талд байрлах 8550 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна” гэх боловч хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр маргаан бүхий газар буюу нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн 8550 м.кв газарт дүүргийн Засаг дарга бусдад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

    б/ Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмших хүсэлт гаргагчийн газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээргүй байна.

    в/ Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогдсоноор газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааж тодорхойлсноор эрх эдэлж, үүргийг хүлээнэ. Гэтэл маргаан бүхий газарт дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй, мөн бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гаргаж няцааж чадаагүй тул хариуцагчаас “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь /бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/ заалтыг зөрчиж байгаа тул танай байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж үндэслэлгүйгээр татгалзжээ.

13. Шүүхээс “...нэгэнт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тусгасан байх тул нэхэмжлэгчид тухайн газарт газар эзэмшүүлэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт нь хийсэн буруу байна.

14. Хэрэгт авагдсан БЗДИТХ-ын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг тогтоолд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Могойн дэнж” багтсан хэд хэдэн байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоосон байх боловч энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн газар багтсан эсэх нь тодорхойгүйн дээр, уг тогтоолоор маргаан бүхий газарт орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх, газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх зэргээр байршил зориулалт, хэмжээг тогтоосон байна.

 15. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, газар эзэмших хүсэлт гаргагчийн хүсэлтийг нягтлан хянаж, судлаагүй, үндэслэлгүйгээр хариуцагч татгалзсан хариу өгсөн шийдвэр нь газрын талаар баримтлах Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй байна.

16. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээс дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан “БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж өөрчлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БЗДГЗБА-ны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/683 дугаартай газар эзэмшүүлэх эрх олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “БХХТ” НҮТББ-аас гаргасан газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                               О.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА