Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00555

 

П.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2434 дугаар магадлалтай, 

П.Д-гийн нэхэмжлэлтэй

ЗГБНҮГ ТӨААТҮГ-т холбогдох, 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2005 онд Засгийн газрын 12 дугаар байрны захиргаанд аж ахуйн эрхлэгчээр ажилд орсон. Улмаар 2009 онд бүтцийн өөрлөлт хийгдэж Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны няравын албан тушаалд томилогдож, тасралтгүй 12 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр санхүүгийн албаны хоёр хүний хамт эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр ажил албан тушаалыг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоосон. Энэ хэрэгт шалгагдаж байгаад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 тоот мэдэгдлийн дагуу ажил албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэхийг шаардсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Үүний дагуу ЗГБНҮГт албан ёсоор ажилд орох хүсэлтээ гаргасан боловч, ажилд авах эсэх нь мэдэгдэхгүй байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр угтагчийн албан тушаалд ажиллуулах санал ирүүлсэн. Энэ нь өмнөх ажил албан, тушаалыг бууруулсан шийдвэр болсон. Иймд П.Д-г урьд эрхэлж байсан няравын ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...П.Д- тус газарт няраваар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн, байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан гэх үндэслэлээр, түүнд үүсгэсэн хэрэг бүртгэлийн 201701000094 дугаартай хэргийг прокурорын тогтоолоор хаасан. П.Д- нь байгууллагын мөнгийг бусадтай бүлэглэн, өөрийн дүү П.Дэлгэрмөнх болон бусад хүмүүсийн хувийн данс руу шилжүүлж, хувьдаа авч, байгууллагад хохирол учруулсан нь нотлогдсон. П.Д-гийн ажиллаж байсан няравын ажлын байр бол их хариуцлагатай байх албан тушаал юм. П.Д- өөрөө ч энэ байдлаа ойлгож, ямар ч ажилд орсон татгалзах зүйлгүй гэж Захиргааны зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралд өөрийн биеэр оролцож, хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байдаг. Иймд захиргаа түүний хүсэлтийг хүлээн авч, цалин хөлсийг бууруулахгүйгээр угтагчийн ажил, албан тушаалд ажиллуулах тухай саналаа хүргүүлсэн. П.Д-г няравын ажилд буцаан авч, ажиллуулах боломжгүй болохоо мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар П.Д-г Засгийн Газрын Байруудын Нийтлэг Үйлчилгээний Газрын няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Засгийн Газрын Байруудын Нийтлэг Үйлчилгээний Газраас 1.929.580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЗГБНҮГ нь П.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П.Д-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Засгийн Газрын Байруудын Нийтлэг үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 45.823 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2434 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай П.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.823 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. П.Д- болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан байх бөгөөд нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан учир уг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад хариуцагч байгууллагын нэр, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тул бүх ажилчидтайгаа туршилтын гэрээ байгуулсан гэх үйл баримт тодорхой харагддаг бөгөөд үүнтэй холбоотой дараах нотлох баримтууд байдаг. Үүнд 2017.02.21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авах тухай хариуцагч байгууллагын захирлын тушаал, 2017.01.20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ байдаг. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь дотроо туршилтын гэрээний агуулгыг багтаасан байдаг боловч тухайн гэрээг уншихад уг гэрээ нь хөдөлмөрийн гэрээ юу эсхүл туршилтын гэрээ юу гэдэг нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээний үндсэн хугацаа болон туршилтын гэрээний хугацаа аль аль нь 2017.01.20-ны  өдрөөс 2017.04.20-ны өдөр хүртэл 3 сараар бөглөгдсөн байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгчийг 2017.05.17-ны өдөр ажлаас нь түдгэлзүүлэхэд туршилтын гэрээний хугацаа дууссан байсан. Харин хариуцагч нэхэмжлэгчийг туршилтын гэрээгээр ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч, гэрээний хугацааг хөдөлмөрийн гэрээний хугацаагаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллага ажилчидтайгаа ийнхүү туршилтын гэрээ байгуулсан асуудал нь хуульд нийцсэн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу туршилтын хугацааг ажилтныг ажилд авахдаа буюу шинээр ажилд орж байгаа ажилтанд зориулан хэрэглэдэг заалт байх тул ийнхүү туршилтын гэрээ бүхий хугацаагаар нэхэмжлэгчийг ажиллуулж байсан нь хууль зөрчсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2009.11.26-ны өдрөөс хойш хариуцагч байгууллагын хуучин нэршил болох Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргаанд няраваар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 онд бүтэц, орон тоо өөрчлөгдсөн боловч П.Д-гийн хувьд мөн л урьд эрхэлж байсан ажлаа хийж байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасны дагуу байнгын ажлын байр байх тул, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой ажлын байр юм. Дээрхи бүгдээс харахад давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг ашиглан хууль зөрчсөн хөдөлмөрийн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэстэй байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэргийн 39 дэх талд авагдсан “ЗГБНҮГ” ТӨААТҮГ-ын 2017.07.03-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзсэн. Гэтэл уг баримтаар нэхэмжлэгчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэх боломжгүй байгаа юм. Учир нь ажил албан тушаал болгон чиг үүрэг, зэрэг дэв, зэрэглэлийн хувьд ялгаатай бөгөөд уг тэмдэглэлээс харахад өөр албан тушаал гэсэн болохоос яг угтагчийн ажил хийх талаар илэрхийлсэн хүлээн зөвшөөрөл гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүх 2018.07.30-ны өдрийн угтагчийн ажил санал болгосон ажил олгогчийн мэдэгдлийг ажлаас халсан эсхүл өөр ажилд шилжүүлсэн тушаал гэж үзэхгүй байх тул энэ нь ямар нэг үр дагавар дагуулахгүй, хөдөлмөрийн тухай хуулиар шүүхэд харьяалуулсан маргаан биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгчийг ажил албан үүргээс нь түдгэлзүүлсэн үндэслэл арилсан, тэрээр албан ёсоор угтагчийн ажил хийх тухай хүсэл зориг илэрхийлсэн баримт байхгүй байхад ажил олгогчийн “мэдэгдэл” гэх нэртэй шийдвэрийн дагуу угтагчийн ажил хийхээс өөр аргагүйд хүрч байгаа үйл баримт тодорхой харагддаг, 2018.07.30-ны өдрийн хариу мэдэгдэл нь тушаалын шинж чанарыг агуулаагүй боловч түүнээс гарах үр дагавар нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалыг бууруулан шилжүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн гаргасан шийдвэрийг дагаж хүлээн зөвшөөрөх эсхүл бүр огт ажилгүй болох гэсэн 2 сонголт л байсан гэсэн үг юм. Энэ бүхнээс харахад магадлалын хянавал хэсэгт дурдагдсан “...2018.07.30-ны өдрийн мэдэгдлийг ажлаас үндэслэлгүй халсан, өөр ажилд үндэслэлгүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэл няцаагдаж байна” гэх дүгнэлтийг үгүйсгэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч ЗГБНҮГ ТӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч П.Д- нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ЗГБНҮГ ТӨААТҮГ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, Ю.Чулуун-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байх ба хэргийн 25, 72 дугаар талд авагдсан итгэмжлэлд төлөөлөгч нарт нэхэмжлэлийн талаар эвлэрэх эрхийг олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02062 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2434 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Д- нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ЗГБНҮГ ТӨААТҮГ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ