Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

 

 

 

 

  2021            05               25                                               2021/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Б.Э-т холбогдох эрүүгийн 2034000000692 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З овогт Б.Э, 1991 оны 6 дугаар сарын 23-ны өдөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 100 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Э-н өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, 1 литрийн Соёмбо архи аваад найз Билгүүнийд Батхишиг, манай эхнэр, Билгүүнээгийн эхнэр Сийлэгээ, манай найзын эхнэр Оогий бид тав уусан. Тэгээд би 17-18 цагийн орчим унтсан. Тэгээд сэрхэд хэн нэгэн нь надад Батхишигийн эхнэр нь ирээд Батхишигийг зодоод ална гээд алгадаад байна гэж хэлсэн. Тэгээд бид хэдийг гэрт байж байхад Батхишиг орж ирээд эхнэрээ явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал 2 цагдаа орж ирээд араас нь Батхишигийн эхнэр орж ирсэн. Тэгээд Батхишигийг аваад явна гэсэн. Тухайн үед би та нар зүгээр байгаа хүнийг авч явж болохгүй одоо унтах гэж байна гэж хэлсэн. Нөгөө хоёр цагдаа Батхишигийг аваад гарсан. Араас нь би гараад та нар болохгүй наад хүн чинь эхнэрээ зодож агсам согтуу тавиагүй гэж хэлэхэд өндөр цагдаа нь чи юу яриад байгаа юм тэгвэл чи цуг яв гэсэн. Хариуд би би яахаараа явдаг юм гэж хэлээд нөгөө цагдаад явахгүй гэсэн. Тухайн цагдаа миний хажуунаас тэвэрсэн байдалтай барьсан тэгээд би зүгээр байж яахаараа явдаг юм гээд сугадуулсан байсан гараа урагш нь татахад нөгөө цагдаа унасан. Тэгтэл нэг цагдаа нь миний араас боохоор би ухаан алдах гээд байхаар нь гарыг нь хазсан. Тэгээд намайг ийшээ гаръя эр хүн шиг уулзъя гээд машинд суулгаад Цагдаагийн хэлтэс дээр авчирсан.

Би буруу зүйл хийсэн. Ойлгож гэмшиж байгаа. Миний эцэг хүнд нурууны суултын улмаас эмчлүүлж байгаа. Надаас өөр харах хүн байхгүй. Эхнэр маань жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү." гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч М.У /хх 4-7/, хохирогч Т.Т /хх 8-13/, гэрч О.Амгаланзаяа /хх 14-16/, гэрч Б.Батхишиг /хх 17-18/, Ч. Амаржаргал /хх 19-21/, О.Билгүүн /хх 24-25/, М.Цэнгэлмаа /хх 26-27/,  Г.Шинэболд /хх 29-31/, А.Ариунболд /хх 32-33/ нарын өгсөн мэдүүлэг,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн №644 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн №645 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45-46/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, шүүгдэгч Б.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/2082 албан тоот /хх 60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 78-85/ зэрэг болно. 

 

            Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 19-20 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Өгөөмөр хорооллын 15-8 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагч М.У, Т.Т нарын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

  

Хохирогч М.Уын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 19:28 цагт Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд 4 замын уулзвар дээр цагдаагийн дэд ахлагч Т.Тийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн хэлтсээс 15-8 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага ирсэн. Дуудлага өгсөн дугаарыг жижүүрээс авч залгахад манай нөхөр архи уугаад агсам согтуу тавиад байна гэсэн бөгөөд очоод тухайн айлд дуудлага өгсөн эмэгтэйн хамт ороход 3 эмэгтэй, 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд, 1 нялх хүүхэд байсан. Тухайн хүмүүсийн дунд Сэрүүн гэх нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво байсан. Би дуудлага өгсөн эмэгтэйгээс танай нөхөр аль нь вэ гэж асуухад тухайн эмэгтэй тэр байна гэж заасан. Нөхөр нь гэрийн зүүн талд багана налсан байдалтай сандал дээр сууж байсан. Тэгээд тухайн хүнийг та наашаа гараад ир тантай уулзах шаардлагатай байна гэхэд зүүн талын орон дээр сууж байсан урьд нь зүс харж байсан залуу та нар яах гээд байгаа юм, та муусайн дандаа ингэж хүн дээрэлхдэг гэж хэлээд орон дээрээс босоод ирсэн. Энэ үед би багана налаад сууж байсан залуугийн баруун гараас нь татаж та наашаа босоод ир гэхэд тухайн залуу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй босоод ирсэн. Энэ үед нөгөө орон дээр сууж байгаад боссон залуу над руу та нар дандаа хүн дээрэлхэж байдаг гэх үгээ дахин дахин хэлж миний цээж хэсэгт зүүн гарын алгаараа түлхэж баруун гараараа миний бос гэсэн залуугийн хувцаснаас зуурч татсан. Би нөгөө залуугийн баруун гараас татаад гэрээс авч гарахад гэрт дэд ахлагч Т.Ттэй маргалдаж үлдсэн. Тэгээд би авч гарч ирсэн залууг машинд суулгах гэхэд нөгөө орон дээрээс босож ирсэн залуу араас гүйж ирээд найзыгаа би явуулахгүй та нар яах гээд байгаа юм зүгээр байгаа хүнийг яахаараа авч явдаг юм гэж хэлээд тухайн залууг машинд суулгахгүй намайг түлхээд надтай зууралдсан. Энэ үед араас дэд ахлагч Т.Т ирээд намайг түлхсэн залууг татахад тухайн залуу дэд ахлагч Т.Тийн өөдөөс эсэргүүцэл үзүүлж зууралдаж ноцолдож байгаад Т.Тийг өргөж газарт савж унагаасан. Би араас нь болиоч гээд татахад тухайн залуу миний баруун гарын дунд хурууг хазаад тавихгүй байсан тэгэхээр нь зүүн гараараа хоёр талын хацрыг нь хавчихад жоохон ангайсан энэ үед нь би хуруугаа татаж авсан. Би дэд ахлагч Т.Тийг үлдээгээд машинд суулгасан байсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн залууг цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэж өгөөд буцаад дуудлага өгсөн газарт очиход дэд ахлагч Т.Т А.Ариунболд Г.Шинэболд нар ирсэн байсан. Тэгээд бид хэд гэрт ороод миний гарыг хазсан, Т.Тийг өргөж газарт савж шидсэн залууг авах гэтэл гэрт байсан эмэгтэйчүүд гаргахгүй гээд нөгөө залуутайгаа зууралдаад бид хэдийг түлхээд байсан. Энэ хугацаанд тухайн залуу нөгөө хэдтэйгээ маргалдаад гэрээс өөрөө гарч ирсэн. Тэгээд дэд ахлагч Т.Т, А.Ариунболд, Г.Шинэболд нар нөгөө залууг авч явахад өөрийгөө цагдаа гээд байсан эмэгтэй чамтай уулзаадахъя гээд надтай зууралдаж үлдээд наад хохирлыг нь барагдуулаад өгье хэдэн төгрөг авах юм гээд намайг явуулахгүй хориод байсан. ...Би эмнэлэг орж цусаа цэвэрлүүлээд боолгуулаад эргээд цагдаагийн хэлтэст орж ирэхэд хамт байсан 2 эмэгтэй, дүү нь гэх нэг залуу байшинг нь засаж байгаа гэх нэг залуу ирсэн байсан. Өөрийгөө цагдаа гээд байсан эмэгтэй зууралдах үедээ хантаазны нэрийг хуулж урсан, тухайн үед байсан 2 залуу ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан үүсгээгүй. Б.Э гэх хүн мөн цагдаагийн хэлтэс дээр ирээд манай бараг бүх алба хаагч руу дайрч давшлаад байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн.” гэх  мэдүүлэг /хх 4-7/,

Хохирогч Т.Тийн өгсөн: "...дуудлага өгсөн эмэгтэй манай нөхөр энэ байна гэж заасан. Тухайн залуу гэрийн зүүн талд гэрийн багана налаад сандал дээр сууж байсан. Т.Ууганбаяр тухайн эрэгтэйг та босоод гараад ир гээд гарнаас нь татахад нөгөө залуу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй босоод ирсэн. Энэ үед орон дээр сууж байсан нэг залуу юу яриад хуцаад байгаа юм. Та нар дандаа хүн дээрэлхдэг би найзыгаа явуулахгүй гээд босож ирээд Ууганбаярын цээжин хэсэгт нь гарынхаа алгаар түлхсэн. Тэгээд Ууганбаяр сандал дээр сууж байсан залууг дагуулаад гэрээс гарсан. Энэ үед нөгөө орон дээр сууж байсан залуу яахаараа авч явдаг юм гээд над руу дайрч духаараа миний дух руу мөргөөд байсан. ...нөгөө залууг машинд суулгах гэхэд орон дээр сууж байсан залуу араас ирээд явуулахгүй гээд зууралдаад байсан. Энэ үед нөгөө залууг би холдуулах гээд араас нь тэврээд байж байхад нөгөө залуу тонгойгоод намайг тонгороод газарт унагаад миний дээр гарсан. Энэ үед Ууганбаяр нөгөө залууг миний дээрээс татаж босгосон. Энэ үед Ууганбаярын гарыг хазсан юм шиг байна лээ. Тэгээд Ууганбаяр нөгөө хүнээ аваад цагдаагийн хэлтэс рүү явсан би үлдээд нөгөө хүмүүстэй нь зууралдаад үлдсэн. Удаагүй дэд ахлагч Ариунболд, Шинэбаяр хоёр ирсэн. Араас нь Ууганбаяр ирсэн нөгөө шаардлага эсэргүүцэж биед халдсан залуу гэр лүү орсон байсан учраас бид дөрөв гэр лүү ороод тухайн залууг гараад ир гэхэд тухайн залуу гарч ирэхгүй нэг эмэгтэй та нар хэрэгтэй хүнээ аваад явсан юм бишүү яах гээд байгаа юм гээд нөгөө залуу над руу хоёулаа эр хүн шиг зодолдох уу гээд байхаар нь би тэгье гээд гарахад араас гараад ирсэн. Тэгээд машинд суулгаад аваад явах гэхэд хар куртиктэй эмэгтэй намайг чи согтуу байгаа юм биш үү гэсэн хариуд нь би та хэлтэс дээр очоод миний согтуурлыг шалгаж болно гэж хэлэхэд нөгөө эмэгтэй тэгье би хувцсаа өмсөөд гараад ирье гээд гэртээ ороод алга болчихсон. Тухайн залуу мөн адил машинд чинь суухгүй гээд эсэргүүцээд байсан мөн эр хүн шиг зодолдвол зодолдоно яавал ч яая гээд байхаар нь та ямар ч байсан машинд суучих тэгж байгаад учрыг нь олъё гээд машинд суулгаад хэлтэс дээр авчирсан. Тэгтэл нөгөө залуу ирэхээсээ өмнө цамцаа тайлаад цээж нүцгэлсэн байсан. Хэлтэс дотор ороод манай алба хаагч нар чимээгүй байх болон сандал дээр суух шаардлага тавихад бүгдэнтэй нь маргалдаж хэрэлдсэн. Араас нь тухайн үед байсан хүмүүс ирсэн. Тэгээд тухайн хүмүүсийн согтуурлыг шалгасан мөн бид нар согтуурал шалгах багаж үлээсэн. Намайг тонгорч унагасан, М.Уыг хазсан гэх залууг танихгүй маш муу ааш авиртай хүн байсан. Төв аймгийн эрүүлжүүлэх намайг мэднэ, би танай дарга нарыг бүгдийг нь танина та нар буруудна гэх зэргээр дайраад байсан. Би зүгээр гарна гэх зэргээр орилоод байсан. Б.Э гэх хүний эхнэр болон хар куртиктэй эмэгтэй хоёр хувцаснаас зуураад зууралдаад байсан. Тухайн үед хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан хүний нэрийг Цагдаагийн хэлтэс дээр ирж мэдсэн. Б.Э гэх хүн байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 8-13/,

Гэрч О. Амгаланзаяагийн өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 21-22-ны шилжих шөнө манай нөхөр Б.Батхишиг найз нөхөртэйгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би ямар нэгэн байдлаар дургүйцээгүй хэрүүл маргаан хийгээгүй бүх найзуудыг нь гэр гэрт нь хүргэж өгсөн. Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байгаад 12 цагийн орчим гэр лүүгээ залгаад хадам аавтай яриад нөхөр Б.Батхишигийг асуухад өглөө Б.Э гэх залуу байшин барьж байгаа туслаад өгөөч гээд аваад явсан байсан. 17 цагийн орчим би нөхрийнхөө найз Билгүүн рүү залгаад нөхөр маань байгаа эсэхийг асуухад манай нөхөр цаана нь согтуу дуугарсан. Тэгээд би 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад Билгүүнийд очиход Билгүүн, Билгүүний эхнэр Сийлгээ гэж дууддаг эмэгтэй, манай нөхөр Батхишиг, Б.Эийн эхнэр гэх эмэгтэй, Оогий гэх эмэгтэй, Билгүүнээгийн 4-5 дугаар ангийн охин, 6-7 сартай хүүхэд нь байсан. Б.Э гэрийн хоймор хэсэгт унтаж байсан. Сэрүүн байсан хүмүүс пиво ууж байсан. Тэгээд би уурлаад чи яасан ичдэггүй юм өчигдөр шөнөжин архи уучхаад гээд нуруу хэсэгт нь цохисон хажууд нь байсан пивоны савыг унагасан. Тэгээд би нөхрөө аваад гарсан гадаа бид хоёр маргалдсан энэ үедээ зууралдаж байгаад унасан. Тэгээд машинд суухад манай нөхөр машин дотор орилоод машины энэ тэнд цохиод байсан. Тэгээд би нөхөртөө би явлаа хамт явъя гэхэд манай нөхөр над руу чи өөрөө зайл гээд машинаас буугаад гэр лүү орчихсон. Тэгээд би энэ үед тухайн хүмүүстэй архи уугаад янз бүрийн асуудалд орж магадгүй тэгж байснаас цагдаад мэдэгдээд эрүүл болгуулаад авъя гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Билгээгийн гадаа байж байхад над руу нэг цагдаа яриад тухайн гудманд ирчихлээ хаана байна гэж асуухад нь би зааж өгөөд Билгээгийн үүдэнд цагдаа ирсэн. Хоёр цагдаатай хамт ороод нөхрөө зааж өгөөд энэ хүнийг аваад явчих бусад нь хамаагүй гэхэд цагдаа манай нөхрийг та бос гэж энгийн хэлэхэд манай нөхөр боссон. Тэгтэл Б.Э орон дээр сууж байгаад яахаараа манай найзыг авч гардаг юм хэн та нарт зөвшөөрсөн юм гэхээр нь би хариуд нь би дуудсан юм би нөхрөө авч явах гэж байна бусад нь надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад машинаа асаагаад цагдаагийн хэлтэс орох санаатай зөөлөн хөдлөөд явж байхад ард бөөн шуугилдаан болоод толиндоо харахад гудманд зөндөө хүмүүс гараад ирчихсэн байсан. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад харахад нэг хүн газар хэвтчихсэн дээр нь нэг хүн суучихсан байдалтай тойроод хүмүүс байсан. Хэн хоорондоо зодолдоод байгааг мэдэхгүй ямар ч байсан Б.Эийн дуу гараад байсан. Ингээд би эргээд очиход нэг цагдаа манай нөхрийг за явъя гээд машиндаа суулгаад аваад явсан. Би араас нь яваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг жижүүрийн өрөөнд байхад Б.Э цээж нүцгэн би яасан юм би буруугүй та нар буруугүй хүн аваад ирлээ гэх маягтай зүйл хэлж орилж чарласан байдалтай орж ирсэн. Энэ үед нэг цагдаагийн гарыг эмнэлэг орж боолго гэж байсан. Тэгээд би дотроо нэг цагдаагийн гарыг хазаж гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хх 14-16/,  

Гэрч Б.Батхишигийн өсгөн: "2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 19-20 цагийн орчим найз Билгүүнээгийнд түүний эхнэр, Б.Э эхнэртэйгээ хотоос ирсэн. Манай найз эмэгтэй бид 6 нэг шил 0.75 гр-ын архи, 2,5 литрийн пиво уугаад сууж байхад манай эхнэр Амгаланзаяа орж ирээд над руу дайрсан. Тэгээд бид хоёр гадаа болон машинд муудалцсан. Би эхнэрээ яв гээд найзындаа орсон ороод сууж  байхад цагдаа орж ирээд намайг та босоод ир гээд аваад явсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн." гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч  Ч. Амаржаргалын өгсөн: "...архи уугаад сууж байтал Батхишигийн  эхнэр орж ирээд Батхишиг рүү дайраад хашхираад толгой дээр нь пиво асгаад тогоо шүүгээнээс хутга халбага хоёр барьсан байсан. Тэгээд маргалдаж байгаад араас нь Сийлэгмаа бид хоёр гараад найз нөхдөөрөө байна гэж аргадахад Батхишигийн эхнэр та хоёр гэртээ ор бид хоёр өөрсдөө учраа олно хэдэн өдөр архи ууж байгааг нь мэдэж байна уу гээд хашхираад байсан. Тэгээд Сийлэгмаа бид хоёр гэртээ ороод байж байхад хүүхдүүд шуугилдаад Б.Э сэрсэн. Тэгээд Батхишигийн эхнэр уурлаад гарлаа гэхэд нь бид гурав араас нь гарч аргадах гэсэн ч уурлаад байхаар нь бид гурав гэрт орж ирсэн. Удаагүй араас нь Батхишиг ороод ирсэн. Тэгэхээр нь зөрж гараад Батхишигийн эхнэртэй уулзахад намайг орхи гэхээр нь би орхиод гэрт орсон. Удалгүй цагдаа орж ирээд араас нь Батхишигийн эхнэр орж ирээд Батхишиг рүү заагаад энэ хүнийг аваад яв гэсэн. Тэгээд Батхишигийг цагдаа аваад гарахаар нь гэрт байсан хүмүүс араас нь гарсан. Тэгээд Батхишигийг цагдаа нар машинд суулгах гэхэд Батхишиг эсэргүүцээд би машинд суухгүй гээд байсан. Энэ үед Б.Э гарч ирээд найзыгаа явуулахгүй гэж маргасан. Тэр үед Б.Эийн араас нь нэг цагдаа хүзүүнээс нь татсан. Тэгэхэд Б.Э тонгойгоод урагш нь татаад унагасан. Тухайн цагдаа нуруугаараа унасан. Тэгээд нэг цагдаа нь Батхишигийг аваад явсан. Тэгтэл дахиад нэмж цагдаа ирээд Б.Эийг араас нь авч явсан." гэх мэдүүлэг /хх 19-21/,

Гэрч О.Билгүүний өгсөн: "...Батхишигийн эхнэр Заяа орж ирээд Батхишиг рүүгээ дайраад толгой дээр пиво асгасан. Тэгэхээр нь би та хоёр гарч учраа ол гэсэн. Тэгээд нөгөө хоёр гарсан. Манай хэд хоёр гурван удаа гарахад Заяа бид хоёрын амьдрал та нар цаашаа бай гээд хөөгөөд байсан гэсэн. Тэгээд байж байтал Батхишиг ороод ирсэн. Удалгүй араас нь хоёр цагдаа орж ирээд араас нь Заяа орж ирсэн. Тэгээд манай нөхөр тэр байна гээд цагдаад Батхишигийг зааж өгсөн. Цагдаа Батхишигийг бос гээд Батхишиг босоход Б.Э сэрчихсэн байсан болохоор өгч явуулахгүй наад хүн чинь зүгээр байгаа хүн гэж хэлсэн. Тэгээд бүгд гараад явсан. Би араас нь гарахад хоёр цагдаатай Б.Э зууралдсан байсан. Би буцаад гэртээ орсон гадаа хүмүүс гараад явна явахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд удалгүй манайд байсан хүмүүс орж ирсэн. Тэгээд араас нь 4 цагдаа орж ирээд Б.Эийг аваад явсан. Би гэртээ үлдсэн. Б.Э цагдаагийн гар хазаж нэг цагдааг унагаасан гэж дуулсан." гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч М.Цэнгэлмаагийн өгсөн: "...би унтаад байж байхад гэнэт хүмүүс орилолдоод байсан. Босоод харахад Батхишигийн эхнэр Заяа орж ирээд нөхөр лүүгээ дайраад толгой дээр нь пиво асгасан. Тэгэхээр нь би уурлаад гэр орноос гар гэхэд Батхишиг, Заяа хоёр гэрээс гарсан. Удалгүй Батхишиг гэрт орж ирсэн араас нь хоёр цагдаа орж ирээд Батхишигийг аваад гарсан. Энэ үед Б.Э миний найзыг яах гээд байгаа юм тэгвэл цуг явна гээд гарсан. Тэгээд би араас нь гараад нөхрийгөө гэртээ ор гэж оруулаад унтуулчхаад гараад Б.Эийг гэрт орж унт гэж хэлэхэд Б.Э үгэнд ороогүй. Тэгтэл дахиад 2 цагдаа Батхишиг, Б.Э хоёрыг аваад явсан." гэх мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Г.Шинэболдын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Заамар сумын Хайлааст багийн төвд цагдаагийн дэд ахлагч А.Ариунболдын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Ариунболд руу жижүүрээс залгасан. Ариунболд ярьж дуусаад Худгийн гудам оръё гээд би хоёр худгийн гудамж ороход дэд ахлагч Төмөрсүх байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирээд тухайн хүнийг Ууганбаяр хэлтэс рүү аваад явчихлаа одоо ирнэ энэ гэрт нэг нөхөр шаардлага эсэргүүцэн биед халдаж намайг тонгорч унагаагаад Ууганбаярын гарыг хазсан гэхэд Ууганбаяр ирээд тухайн гэрт ороход цээж нүцгэн нэг залуу гэрт хараалын үг хэллэг хэлээд байж байсан. Тэгээд Ууганбаяр та наашаа гараад ир цагдаагийн хэлтэс орж мэдүүлэг өг гэхэд нөгөө цээж нүцгэн би яахлаараа явдаг юм гээд хариуд нь Ууганбаяр та гараад ир гараад учраа олъё гээд бид хэд гарсан. Тэгээд нөгөө цээж нүцгэн залууг машинд суулгах гэхэд тухайн залуу найз нарыгаа хэн дуудлага өгсөн юм би яасан юм гээд маргалдаад мөн эхнэр нь гэх эмэгтэй нөхрөө явуулахгүй гээд бид нартай зууралдаад байсан. Би Төв аймгийн мөрдөнд 3 сар байсан танай дарга нарыг танина гэх зэргээр орилоод чарлаад байсан. Бид хэд нөгөө залууг машинд сууж байгаад учраа олъё гээд машинд суулгаад Цагдаагийн хэлтэст авчраад тухайн залууг иргэний танхимд ороод суу гэхэд тухайн залуу би яахаараа та нарын үгэнд ордог юм гээд шаардлага тавсан алба хаагч нарын өөдөөс маргалдаж хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцсэн. Араас нь эхнэр нь мөн найзууд нь эхнэрийнх ах, тухайн цээж нүцгэн залуугийн дүү нь гэх өндөр бүдүүн залуу ирсэн. Тухайн үед би цагдаагийн хэлтсийн байрнаас түр гараад ороод ирэхэд нөгөө цээж нүцгэн залуу дүү гэх өндөр бүдүүн залуу ахмад Чулуунбаатартай харилцан заамдалдсан байдалтай дайрч байсан. Тэгээд алба хаагч нар салгасан. Тухайн өндөр бүдүүн залуу алба хаагч нар луу дайрч довтлоод хэл амаар доромжлоод байсан." гэх мэдүүлэг /хх 29-31/,

Гэрч А.Ариунболдын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс залгаад худгийн гудманд дуудлага ирсэн яаралтай оч гэсэн. Тэгээд дэд ахлагч Шинэболд бид хоёр очход гудманд дэд ахлагч Т.Т зогсож байсан. Тэгээд уулзаад болсон асуудлын талаар асуухад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүнийг М.У аваад явсан, энэ гэрт намайг тонгорч унагаасан, Ууганбаярын хурууг хазсан залуу байгаа гэсэн. Тэгээд удаагүй Ууганбаяр ирсэн. Бид дөрөв нөгөө залууг аваад явъя гээд гэр лүү ороход Ууганбаяр та наашаа босоод ир та цагдаагийн алба хаагчийн биед нь халдлаа гэхэд би явахгүй гээд байсан. Тэгээд нэг хэсэг маргалдаж байгаад гэрээс гарч ирсэн нөгөө залуу нэг нэгээрээ сайхан зодолдъё гээд Ууганбаяр, Төмөрсүх нарыг өдөөд байсан. Тэгээд машинд суулгах гэхээр суухгүй цээж нүцгэн би танил ихтэй гээд томроод байсан. Цагдаагийн хэлтэс дээр авчирхад мөн адил хэлтэст байсан алба хаагч нар шаардлага тавихад өөдөөс нь хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж орилоод байсан. Тэгээд араас гэрт байсан хүмүүс орж ирсэн. Энэ үед би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Батхишиг гэх залууг дагуулж гараад бие засуулаад эргээд орж ирэхэд Б.Эийн дүү гэх өндөр бүдүүн залуу эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн ахмад Чулуунбаатартай зууралдсан байдалтай ноцолдоод дайрч давшлаад байсан. Тэгээд бид хэд салгасан. Б.Эийн дүү гэх залуу цагдаагийн алба хаагч нарыг үг хэлээр доромжилсон." гэх мэдүүлэг /хх 32-33/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн №644 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Т.Тийн биед баруун зүүн тохойны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд. 4....гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэжээ /хх 41-42/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн №645 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Уын биед баруун сарвууны шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэжээ /хх 45-46/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдаж, хэрэгт авагдсан дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э-г согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан баруун сарвууны шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн улсын яллагчийн шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Хохирогч  М.У, Т.Т нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч шүүх  хуралдаанд хохирогч М.Ут 600 000 төгрөг, хохирогч Т.Тэд 300 000 төгрөг өгсөн гэснийг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 800 000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нийт 3 300 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасныг,

             Шүүгдэгч Б.Э дэмжиж оролцов. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэжээ.  

 

            Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Э урьд Төв аймгийн дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 100 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 78-85/-аар тогтоогдож, уг торгуулийн ялыг 2020.12.08-ны өдөр биелүүлж дууссан талаархи Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/2082 албан тоот /хх 60/ авагджээ.

 

Дээрх баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. 

 

            Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт хохирол төлбөр сайн дураараа төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

             Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөр сайн дураараа нөхөн төлсөн /хохирлын баримтгүйгээр/, бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, торгуулийн ялуудыг хооронд нь бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000692 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З овогт Б.Э-г согтуугаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 700 000 төгрөгийн торгох ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 3 150 000 /гурван сая  нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан 3 150 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн 2034000000692 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ