Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/179

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Г

Гэрч *******, Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Г-од холбогдох эрүүгийн 2121000800138 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн сумын .............. гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, мөн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ......... овогт Г /РД: ............/.

Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаантөмөр” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б-гийн олон тооны буюу 19 тооны адууг уналга ашиглан хулгайлж, 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие муу болохоор морь унаад хол явж чадахгүй. Би тэр хэдэн адууг өөрөө тууж авчраагүй” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хүнийг нь сайн харж чадаагүй. Надаас 2-3 км зайтай байсан учраас дурангаар морьтой хүн байна гэж харсан. Адуу тууж явсан хүн их хурдан шаламгай байсан учраас залуу хүн байх гэж бодож байна. Намайг уулзахаар машинтай өөдөөс нь очиход машин явах боломжгүй хадтай газраар морио унаад зугтаагаад явчихсан...” гэв.

Гэрч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...би Г-той 20 жил амьдарч, 2 хүүхдийн эцэг эх болсон. 2021 оны 01 дүгээр сард Г-ын уушгинд усжилт үүсч эмнэлэгт хэвтээд 01 дүгээр сарын дундуур эмнэлгээс гарсан. Тэгээд нэг хэсэг хэвтрийн дэглэм барьсан...” гэв.

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр адуугаа хураагаад бэлчээр дээрээ адуугаа азарга, азаргаар нь тоолж бүртгэхэд манай адуу бүрэн байснаас гадна доголон хар азаргатай 19 тооны адуу мөн бүрэн байсан. Би ер нь 700 орчим адуу хураадаг тул өдөр болгон адуугаа хурааж шүүн дээр авчраад шүү долоолгодог. Мөн өдөр бүр бүртгэдэг юм. Ингээд маргааш өглөө нь буюу 01 дүгээр сарын 29-ний өглөөний 09 цагийн орчим адуундаа яваад 700 орчим адуугаа хураагаад шүүн дээр хурааж ирэхэд өдрийн 12 цаг өнгөрч байсан ба адуугаа бүртгэхэд доголон хар азаргатай 19 тооны адуу байхгүй байхаар нь хүйтэн салхинд уруудсан байж магадгүй юм гэж бодоод гэрээрээ орж хоол цай идчихээд гэрээс зүүн урагш зүгт салхины уруу хар азаргатай адууныхаа эрэлд орой 17 цаг хүртэл яваад олоогүй юм. Ингээд тухайн оройдоо гэртээ ирээд амарч байхад 19 цагийн орчим миний утас руу ... дугаарын утаснаас залгаад “Би ******* гэх хүний адуучин ******* гэдэг хүн байна. Танай адуу бүрэн үү? Танай адууны тамгатай адилхан монгол бичгэн “Б” үсгэн тамгатай доголон хар азаргатай адууг баруун хойд зүгт бор морь унасан хүн хөөж явсан талаар манай нутгийн Өлзийтогтох гэх хүний хүү ******* гэдэг залуу харсан байна. Та тухайн хүнээс сайн лавлаж асуугаарай” гээд надад утасных нь дугаарыг өгсөн. Надад өгсөн дугаараар ******* гэх хүнтэй ярихад доголон хар зүсмийн монгол бичгэн “Б” тамгатай азаргатай 10 гаруй тооны адууг бор зүсмийн морьтой хүн туугаад баруун хойд зүг явж байсан. Би машинаар дөхөж очиход морьтой хүн цаашаа зүүн зүгт зугтаагаад машин явах боломжгүй газраар яваад байсан. Хар азаргатай адуу нэлээн хол хөөгдсөн бололтой хөлс нь гарчихсан байсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь *******гийн хөдөө гэрт очиход аймаг руу явчихсан гээд гэртээ байгаагүй. *******тэй утсаар ярихад адуу таарсан газраа зааж өгөөд тухайн газар байдаг айлуудын адуугаар сайн явж үз гэсэн. Тухайн газарт олон тооны адуутай айлууд олон байсан боловч олоогүй. Ингээд баруун хойд зүг рүү туугдаж явсан гэж ******* хэлсэн тул баруун хойд зүгт эрэл хийгээд сумын нутаг “ ” гэх газарт байх Г гэх айлд очиход миний хар азаргатай адуун дотор байсан монгол бичгэн “Түм” тамгатай ухаа үрээ малын хашаан дотор нь уяатай байж байсан ба миний үрээг улаан нэмнээгээр нэмнэчихсэн байсан. Тухайн айл руу орж үзэхэд ногоон дээлтэй намхан 40 гаруй насны хүн байхаар нь миний алдсан адуун дотор байсан үрээ танай хашаан дотор уяатай байгаа талаар хэлэхэд “манай хадам аав мэднэ, би сайн мэдэхгүй байна. Манай хадам аавыг Г гэдэг” гэж хэлсэн. Би тухайн хүнээс бусад адуу хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь уяатай байгаа мориныхоо зургийг авчихаад Цагаан овоо сумын цагдаатай утсаар холбогдож хэлээд гэрийнх нь баруун талын толгой дээр гарч харахад баруун урд доор гэрээс 4 км орчим зайд миний хар азаргатай адуу байсан ба хашаан дотор нь уяатай байсан ухаа зүсмийн үрээг оруулахгүй нийт 7 тооны адуу дутаж байсан. Адуугаа хөөгөөд Г гэх хүний гэрийн гадаа ирэхэд сумын цагдаа нар ирчихсэн байсан. ...Хар азаргатай 19 тооны адуу нь яг миний өөрийн эзэмшлийн адуу байгаа юм...” гэжээ. /хх-ийн 17-19/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Би хөдөө гэрээсээ урагшаа 10 км орчим зайд адуундаа явж байхад ойролцоогоор 15 цагийн орчимд зүүн урд талаасаа нэг мотоциклтой гэмээр хүн адуу туугаад ирж байсан. Тэгэхээр нь би юун адуу юм бол доо, очиж уулзъя гэж бодоод дөхөж очиход адуу туугаад явж байсан хүн нь байхгүй болчихсон байсан. Тухайн адууг харахад хар халтар зүсмийн азаргатай Монгол бичгийн тамгатай 10 гаруй тооны адуу байсан ба их хөлөрч цантсан хөөгдсөн гэмээр харагдаж байсан. Тэгээд гайхаад тууж явсан хүнийг нь хайхад зүүн урагшаа 3-4 км орчим зайд уулын бэлд хүн харагдахаар нь дурандаад харахад мотоцикл биш бараан зүсмийн морьтой хүн мориноосоо буугаад байж байсан. Ямар хувцастай хэн гэдэг нь хол байсан болохоор харагдахгүй байсан. Тэгээд би очиж уулзъя гэж бодоод машинтайгаа урдаас нь хөдөлсөн чинь морио унаад цаашаа зугтаагаад явчихсан ба байсан газарт нь очоод харахад хаана байгаа нь харагдахгүй байсан. Тэгэхээр нь би ер нь сэжигтэй хүн байна гэж бодоод гэртээ буцаад харьсан. Тэгээд би орой 20 цагийн орчимд манайхаас зүүн урагшаа 15 км орчим зайд байдаг ******* ахын адуучин ******* утсаар яриад “Монгол бичгийн тамгатай адуу хүн туугаад явж байна” гэж хэлсэн чинь “би адууных нь эзнийг танина, утсаар хэлье” гэж надад хэлсэн. Сүүлд сураг сонсоод байхад тухайн адуунууд хулгайн адуу байсан бөгөөд хулгай хийсэн хүнийг нь цагдаа нар олсон гэж сонссон...” гэжээ. /хх-ийн 31-32/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед намайг гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байхад манай хадам аав Г миний утас руу ... дугаарын утаснаас залгаад “эхнэр хүүхэдтэйгээ манай гэрт ирээд мал харж бай, бид нар аймаг явах ажил гараад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр ын хамтаар 07 цагийн орчим өөрийн ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой гэрээсээ гараад хадам аав Г-ынх руу явж байхад урдаас эхнэр Х-гаа хамт өөрсдийн улаан өнгийн жижиг тэрэгтэйгээ ирж байсан ба “сум ороод удахгүй ирнэ. Та хоёр гэрт очоод байж бай” гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэрт нь очиход малын саравчинд нь 20 орчим тооны хар азаргатай Монгол бичгээр бичсэн тамгатай адуунууд хашаатай байсан. Би тухайн адуунууд ямар учиртай адуунууд болох талаар нь сайн мэдээгүй. Ингээд ойролцоогоор 12 цагийн орчимд Г нар нь сумаас буцаж ирэхээр нь би Гоос энэ ямар учиртай адуу юм бэ гэхэд би хүнээс авах ёстой авлагаа авч байна, та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд Г намайг адуу гаргалцаад өг гээд хашаатай байсан адуунаас Монгол бичгээр бичсэн ухаа зүсмийн даага, ухаа байдсан гүү, хүрэн даага нийт 3 тооны адууг бид хоёр нядалсан. Тэгээд Г дааганы махыг өөрийнхөө улаан өнгийн жижиг тэргээр аваад явсан ба байдсан гүүний махыг амбаар дотор байдаг поошиг дотор хийсэн. Тэгээд орой 19 цагийн орчимд Г нь гэртээ буцаж ирсэн ба аймгаас хүү болох г дуудсан. Маргааш дахиад адуу ажиллана гэж надад хэлсэн. Тэгээд шөнө 12 цагийн орчимд гэх найзтайгаа хар өнгийн урт машинтай ирсэн ба шууд унтаж амраад маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд бид нар босоод цай унд уучихаад гадаа хашаатай байгаа адуунаас бор гүү, ухаа гүү, ухаа морь, ухаа гүү нийт 4 тооны адууг Г, , бид 4 нядалсан. Тухайн адуунуудыг малын саравчны урд нядалсан. Хадам аав Г тухайн адуунуудын шийр, хээл, сэвс зэргийг хашааны урд талын баасан доор цасаар булж байгаа харагдсан. Тэгээд 11 цагийн орчимд хар өнгийн машинд махаа ачаад , , Г, Х нар аймаг руу явсан. Явахдаа Г хашаанд үлдсэн байсан 10 гаруй тооны адууг баруун урагш нь хөөгөөд хар голтой хул зүсмийн хязаалан үрээг хашаандаа уяад аймгаас иртэл байж байг гээд орхисон. Тэгээд эхнэр бид хоёр малыг нь хараад үлдсэн...” гэжээ. /хх-ийн 22-24/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойш 13-14 цагийн орчим миний хойд эцэг болох Г өөрийн ... дугаараас миний утас руу залгаж надтай яриад би хөдөө гэртээ 4 тооны адуу нядлах гээд байна. Чи миний улаан өнгийн RAUM маркийн машиныг засч янзалж өгөнгөө хамт адуу нядалж өгөх хэрэгтэй байна. Өөр адуу мал нядлахад туслах хүн байна уу гэж хэлсэн. Тухайн үед би хойд эцэг Г урьд өмнө малын хулгайн гэмт хэрэгт 2-3 удаа холбогдож байсан болохоор нь хэний ямар учиртай адуу нядлах гэж байгаа талаар асуухад “би хүнээс авсан авлаганыхаа адууг ажиллаж байгаа юм, малын бичгээ авах гээд явж байна. Элдэв асуудал байхгүй” гэж хэлсэн тул би зөвшөөрөөд өөрийн найз болох Гантулгын утас руу яриад “манай хойд аав суманд байх хөдөө гэртээ 4 адуу нядлах гэж байна ,чи хамт явах уу, зав байна уу” гэж хэлэхэд одоохондоо ажилтай байна. Орой ажлаа дуусгаад хамт явъя гэж хэлсэн юм. Ингээд найз хүлээж байгаад оройн 19-20 цагийн орчим найз ажлаа дуусахаар нь миний VOXY маркийн хар өнгийн 13-88 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз хамт аймгаас гарч хойд эцэг Г-ын нутаглаж байгаа газар болох сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урд зүгт 40 орчим км зайд байрлах “ ” гэх газарт 23 цагийн орчим очиход хойд эцэг Гын гэрт Г өөрөө болон манай ээж Х, миний төрсөн дүү Х., түүний нөхөр *******, *******ийн хүүхдүүд болох бага насны 2 хүүхдүүдтэй байж байсан. Цаг орой болчихсон байсан тул найз хамт хоол унд идчихээд унтаад өгсөн. Ингээд маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өглөөний 07-08 цагийн орчим босоод гэрээс гарахад бор гүү, хонгор зүсмийн 2 тооны гүү, хонгор зүсмийн морь зэрэг нийт 4 тооны адуу малын задгай хашаан дотор уяатай байж байсан. Ингээд хоол унд идчихээд хойд эцэг Г, найз , хүргэн нарн хамт дөрвүүлээ хашаанд уяатай байсан 4 тооны адууг хашаанаас гаргаж, хашаанаас урд зүгт жаахан холдуулаад 4 адуугаа нядалж дуусахад 10 цаг орчим болж байсан ба адууны махаа түр дэлгэж сэврээж орхиод би хойд эцэг Г-ын RAUM маркийн машиных нь жолоочийн ард талынх нь дугуйны шарикийг сольж өгсөн. Ингээд 4 адууныхаа махыг хойд эцэг Г, найз , хүргэн ******* нарын хамт миний VOXY маркийн машинд ачиж би найз хамт өөрийн машинтайгаа, хойд эцэг Г улаан өнгийн RAUM маркийн машинтай араас дагаад тухайн өдрийнхөө 14 цагийн орчим аймгийн төвд ирээд Хан-Уул хороололд байдаг Эр хүний овооны урд байх мал, махны цэгт манай хойд эцэг Г нь өөрөө зарж борлуулсан. Харин 4 адууны  гарал үүслийн бичгийг Г сумаас авсан талаар надад хэлсэн юм. Би махыг нь буулгаж өгөөд найз хамт яваад өгсөн тул 4 адууныхаа махыг хэдэн төгрөгөнд зарж борлуулсан, махны мөнгийг дансаар болон бэлэн мөнгөөр авсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн 16-17 цагийн орчим хойд эцэг Г машин засч өгсний мөнгө гээд миний өөрийн ... дугаарын данс руу 100,000 төгрөг хийсэн юм. би хулгайн адуу гэдгийг мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 54-56/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр намайг Силикатад байрны дотор засвар хийж байтал над руу утсаар хөдөө аавынх руу яваад ирэх гэсэн юм. Аав Г-ын машины дугуйны шарикийг солиод адуу нядална хамт яваад ирэх үү гэхээр нь миний ажил оройхон тарна гэхэд хамаагүй би угаасаа орой явна гэсэн. Тэгээд орой 19 цагийн үед намайг гэрт хоолоо идээд байж байхад утсаар залгаад явъя гэсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад хар өнгийн 13-88 ДОА улсын дугаартай VOXY маркийн машинтай бид 2 аймгаас гараад 23 цагийн үед Цагаан Овоо сумын 5-р баг “Тарант” гэх газар байх хойд эцэг Гынд очиход гэрт нь Г, эхнэр Х, охин , хүргэн нар унтаж байсан. Тэгээд бид 2 хоноод маргааш өглөө нь 08 цагийн үед босоод цай уучихаад адуу малаа нядална гэхээр нь гэрээс гарч ирэхэд малын хашаанаас Г ах, хүү , хүргэн нарын хамт 4 морь хөтлөн гаргаж ирэхээр нь бид 4 хашааны урд бор гүү, хонгор гүү, хул гүү, хонгор морийг нядалсан. Гэдсийг нь эгч, охин ын хамт цэвэрлэсэн. Тэгээд махаа сэврээж байх хооронд бид 2 Гын /улсын дугаарыг нь мэдэхгүй/ Раум маркийн машины арын дугуйны шарикийг солиод машинд 4 адууны махаа ачаад Гын машинд арьс, толгой, гэдсийг нь ачаад 2 машинтай аймаг руу явсан. Г ах эхнэртэйгээ өөрийнхөө машинаар, бид 2 нэг машинд явсан. Тэгээд аймагт өдөр 13 цагийн үед ирээд Хан-Уулд байдаг мал мах авдаг бөөний цэгт адууны махаа өгсөн. Арьс толгойг нь Г ах эхнэртэйгээ аваад явсан. намайг гэрт хүргэж өгсөн. Надад Х эгч 50,000 төгрөг миний ... дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Адуу нядлахад тусалсанд баярлалаа гээд өгсөн. Үүнээс өөр зүйл би мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 42-43/

Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би бол адууг тууж авчраагүй. Аймгийн төвд эмнэлэгт уушгины ус авхуулаад гэртээ очоод удаагүй байсан юм. Манайх сумын 5 дугаар баг, гэх газар айлын мал харж амьдардаг бөгөөд манай гэрээс зүүн хойш 500-600 метр зайд хар азаргатай 19 тооны адуу 3-4 хоног байсан. Манай ойр орчмоор харагдаагүй адууг өөрийн адуутай нийлүүлсэн. Тэгээд би гадаа байсан номхон хонгор зүсмийн соёолон /5 настай/ морио унаад хар азаргатай адуунуудыг гэрийнхээ үүдэнд тууж ирсэн. Тэгээд адууныхаа хашаанд оруулаад орхисон. Адууг тууж ирсэн өдрөө хүрэн даага, хонгор даага нарыг хүргэн ийн хамт ажиллаад сумын төв рүү очиж мал мах авдаг хүнд 1.600.000 орчим төгрөгөөр зарсан. Тэгээд хонгор зүстэй хязаалан гүүг өөрийн идшэндээ хэрэглээд, 1 хонгор морь, 1 хонгор гүү, 1 бор гүү, хул гүү нарыг хүү , хүргэн , нарын хамт ажиллаад аймгийн төвд махыг нь авч очиж зарсан. Намайг адуу ажилласнаас хойш ойролцоогоор 3-4 хоногийн дараа манай гэрт намайг байхгүй байхад адууны эзэн гэх залуу ирээд адуугаа аваад явсан байсан. Адууны эзэн явахдаа 7 адуу дутуу байна шүү гэж хэлээд явсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 107-110/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-15/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Малын жишиг үнэ шинэчлэн тогтоон батлах тухай” 03 тоот тогтоолын хуулбар, хавсралт /хх-ийн 70, 75/

Г-ын депозит дансны хуулга /хх-ийн 71/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 76-77, 120/

Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/03 тоот тогтоол /хх-ийн 115-116/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 117-119/

Хохирлын тооцоо /хх-ийн 57-58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/

Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 157/

Хохирогч Б-гийн хохирлыг бүрэн хүлээж авсан тухай хүсэлт, хохиролд тооцож авсан адууны гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн Г-ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г-од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч .......... овогт Г нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаантөмөр” гэх газраас хохирогч Б-гийн олон тооны буюу 19 тооны адууг уналга ашиглан хулгайлж, бусдад 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б-гийн “...28-ны өдөр адуугаа хураагаад бэлчээр дээрээ адуугаа азарга, азаргаар нь тоолж бүртгэхэд манай адуу бүрэн байсан. Ингээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад адуугаа бүртгэхэд доголон хар азаргатай 19 тооны адуу байхгүй байхаар ... адууныхаа эрэлд оройны 17 цаг хүртэл яваад олоогүй. Оройн 19 цагийн орчимд *******ийн адуучин ******* гэдэг хүн залгаад манай доголон хар азаргатай адууг баруун хойд зүгт бор морь унасан хүн хөөж явсан талаар хэлсэн. Маргааш нь ... *******тэй утсаар яриад адуу туугдаж явсан баруун хойд зүг рүү эрэлд яваад сумын нутаг “ ” гэх газарт байх Г гэдэг айлын хашаанд миний үрээг улаан нэмнээд уяасан байхтай таарсан ба тэдний гэрээс баруун урагш 4 км орчим зайд миний хар азаргатай адуу байсан...” гэх, гэрч *******гийн “...зүүн урд талаасаа нэг хүн адуу туугаад ирж байхаар нь би юун адуу юм бол доо, очиж уулзъя гэж бодоод дөхөж очиход адуу тууж явсан хүн нь байхгүй болчихсон байсан. Тухайн адууг харахад хар халтар зүсмийн азаргатай Монгол бичгийн тамгатай 10 гаруй тооны адуу байсан...” гэх, гэрч *******ийн “...эхнэр бид хоёр гэрт нь очиход малын саравчинд нь 20 орчим тооны хар азаргатай Монгол бичгээр бичсэн тамгатай адуунууд хашаатай байсан...” гэх мэдүүлгүүд, гэрч , , ,   нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, Г-ын депозит дансны хуулга, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г нь “би адууг тууж авчраагүй, өөрийнхөө адуутай нийлсэн малыг янзалсан, манай ойр хавьд байдаггүй адуу учраас алдуул мал байна гэж бодоод нядалж зарсан...” гэж хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Г нь хохирогч Б-гийн 19 тооны адууг өөрийн адуутай нийлүүлж улмаар хашаа хороондоо тууж оруулан барьж, заримыг нь нядлан бусдад өөрийн мэтээр тайлбарлан зарж, заримыг нь хашаандаа нэмнэж уяах зэргээр бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдсэн хийсэн болох нь Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...манай ойр орчмоор харагдаагүй адууг өөрийн адуутай нийлүүлсэн. Би гадаа байсан номхон хонгор зүсмийн соёолон морио унаад хар азаргатай адуунуудыг гэрийнхээ үүдэнд тууж ирээд адууныхаа хашаанд оруулаад орхисон...” гэх мэдүүлэг, гэрч  *******ийн “...эхнэр бид хоёр гэрт нь очиход малын саравчинд нь 20 орчим тооны хар азаргатай адуунууд хашаатай байсан. ...би Г-оос энэ ямар учиртай адуу юм бэ гэхэд би хүнээс авах ёстой авлагаа авч байна, та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн...” гэх, гэрч Х. “... хойд эцэг Г-оос хэний ямар учиртай адуу нядлах гэж байгаа талаар асуухад “би хүнээс авлаганыхаа адууг аваад ажиллаж байгаа юм, малын бичгээ авах гээд явж байна. Элдэв асуудал байхгүй” гэж хэлсэн...” гэх, гэрч “...Г малын хашаанаас дөрвөн морь хөтөлж гаргаж ирэхээр нь бид хамт нядалсан...” гэх, гэрч “...өөрийгөө Г гэх настайдуу хүн ирээд миний адуу мөн гэж хэлээд 2 жижиг адууны мах өгсөн...” гэх мэдүүлгүүд, хохирогч Б-гийн “...миний алдсан адуунд байсан ухаа үрээ малын хашаан дотор нь уяатай байсан ба үрээг улаан нэмнээгээр нэмнэчихсэн байсан. ... гэрээс нь 4 км орчим зайд миний хар азаргатай адуу байсан ба хашаан дотор нь уяатай байсан ухаа зүсмийн үрээг оруулахгүй нийт 7 тооны адуу дутаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г-ыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

Мөн түүнчлэн шүүгдэгч Г нь дээрх адууг алдуул мал гэж үзсэн тохиолдолд холбогдох газарт нь тэмдэглүүлэх байснаас гадна тухайн азаргатай адуу нь Баянтүмэн сумын нутаг “Улаантөмөр” гэх газраас сумын нутаг “ ” гэх газарт бусдын идэвхтэй үйлдлээр очсон болох нь гэрч *******гийн “...зүүн урд талаасаа нэг хүн адуу туугаад ирж байхаар нь би юун адуу юм бол доо, очиж уулзъя гэж бодоод дөхөж очиход адуу туугаад явж байсан хүн нь байхгүй болчихсон байсан. Тухайн адууг харахад хар халтар зүсмийн азаргатай Монгол бичгийн тамгатай 10 гаруй тооны адуу байсан ба их хөлөрч цантсан хөөгдсөн гэмээр харагдаж байсан. Тэгээд гайхаад тууж явсан хүнийг нь хайхад зүүн урагшаа 3-4 км орчим зайд уулын бэлд хүн харагдахаар нь дурандаад харахад мотоцикл биш бараан зүсмийн морьтой хүн мориноосоо буугаад байж байсан. ... би очиж уулзъя гэж бодоод машинтайгаа урдаас нь хөдөлсөн чинь морио унаад цаашаа зугтаагаад явчихсан...” гэх, хохирогч Б-гийн “...манай адуу бэлчээрээс уруудана гэж байдаггүй бөгөөд тухайн өдөр ямар нэг шуурга болоогүй, мал уруудах ямар ч нөхцөл байгаагүй ... миний нутаглаж байгаа Улаантөмөр гэх газраас гэх газар нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 90 орчим километр зайтай байдаг...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Т.Энхболд нарын “Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл буюу алдуул мал завших гэмт хэргээр зүйлчлүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.    

Иймд шүүгдэгч Г нь бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Г-ын нас болоод биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн хонгор зүсмийн соёолон насны нэг тооны морийг хураан авч улсын орлого болгож, тус морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/03 тоот тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 19 тооны адууны буюу 21,500,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч хулгайд алдсан 12 тооны адуугаа буцаан авч, үлдэгдэл 7 тооны адууны төлбөрт шүүгдэгч Г-оос 2 унага, 3 гүү, 3 үрээ, 1 морь буюу нийт 9 тооны адуу хүлээн авсан болох нь хохирогч Бгийн хохирлыг бүрэн хүлээж авсан тухай тайлбар, адууны гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г-од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Год оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан түүний эзэмшлийн 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн онгин тамгатай, хонгор зүсмийн, соёолон насны нэг тооны морийг хураан авч улсын орлого болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/03 тоот тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ПАГМА