Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-т холбогдох эрүүгийн 2121000000196 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “..........” ХХК-д оператор ажилтай, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Б /РД: ............./.

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн зүг” хүнсний дэлгүүрт 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн орчимд О-тэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн үед хүнсний дэлгүүртээ ганцаараа ариутгал, халдваргүйтэл, мөн цэвэрлэгээ хийж байтал дэлгүүрийн гадна хаалга хүн тогшихоор нь “хэн бэ дэлгүүр онгойх цаг болоогүй байна” гэж хэлэхэд би Б байна хаалгаа онгойлгочих, тантай нэг яриа байна гэхээр нь хаалгаа нээтэл тэр нэг танихгүй залуутай хамт орж ирээд “нэг шил архи авах гэсэн юм, та архи нууцаар зардаг гээ биз дээ” гэхээр нь би “тийм юм байхгүй ээ зарахгүй ахын дүү” гэтэл “та нууцаар зардаг баримт чинь байгаа шүү“ гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэр үед хамт орж ирсэн хүн нь дэлгүүрээс гараад явчихсан. Тухайн үед Б нь амны хаалтаа авч надтай хэрүүл хийхэд архи маш их үнэртэж, бага зэрэг согтуу байсан. Ингээд би Быг одоо би чамтай маргалдмааргүй байна дэлгүүрээс гар гээд лангуу тойроод очтол Б нь шууд миний нүүр рүү гараараа цохичихсон. Тэгэхээр нь би “чи миний хамар руу цохичихлоо ш дээ” гэхэд би таны амны хаалтыг чинь авах гэж байгаад цохичихлоо гэж хэлчихээд дэлгүүрээс гарахдаа үүдэн дээр над руу чамайг ална би чамайг зодоод шоронд ч явж чадна гэж заналхийлж байснаа пиво өгчих гэхээр нь би за гэтэл Б за одоохон гэж хэлээд явсан. Тэгээд эргэж орж ирээгүй. Удалгүй манай эхнэр ******* ирж дэлгүүрээ ажиллуулсан. Харин би гэртээ харьсаны дараа Б нь манай эхнэрийг байхад дэлгүүр дээр дахин архи авах гэж ирсэн гэсэн. Тэр өдрөөс хойш миний хамар, мөн толгой өвдөөд байхаар нь өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн чих, хамар хоолойд үзүүлтэл хамар хугарсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм...” гэжээ. /хх-ийн 9-10/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед гэртээ хүүхдээ хөхүүлээд байж байхад манай нөхөр О нь дэлгүүрээсээ ирээд сая дэлгүүр дээр Б-тай муудалцаад Б согтуу надад агсам тавьж байгаад цохичихлоо, яагаад цохиж байгаа юм гэтэл маскийг чинь авах гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн гэж надад хэлсэн. Удалгүй би нөхөртэйгөө зөрөөд дэлгүүр рүү явж дэлгүүрээ онгойлгоход Б нь миний араас орж ирээд “ах яасан эгчээ надад пиво өгчих ямар ч асуудал байхгүй ш дээ” гэхээр нь “ах чинь гэртээ байгаа, архи пиво зарахгүй байгаа ш дээ, чи чинь хаанаасаа архи олоод уучихсан юм бэ” гэтэл авч уудаг газар байдаг ш дээ гэж надад хэлсэн. Тэгээд нэг хэсэг надаас нэхэж байгаад гараад явсан. Ер нь архи уухаараа Б нь агсам тавьдаг зантай хүн. Тэр өдрөөс хойш манай нөхөр дэлгүүртээ нэг ч удаа суугаагүй. Орой 18 цагт дэлгүүрээ хаачихаад гэртээ ороход манай нөхөр хамар өвдөөд битүүрээд байна гэж надад хэлсэн. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасн юм...” гэжээ. /хх-ийн 16/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн үед Б руу утсаар залгаад “найз нь танай гэрт очиж усанд оръё, бас би дэлгүүр хаахаас өмнө 2 ширхэг 2,5 литрийн Нийслэл пиво авсан. Тэрийгээ танайд очиж хуваагаад ууя” гэхэд нь зөвшөөрсөн. Ингээд би Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 50-36 тоотод байх найз Б-ын гэрт очиж хоёр пивоо хувааж уугаад амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 06 цагийн үед Б-ын хамт дэлгүүр рүү дахин пиво авахаар очиход О ах дэлгүүртээ цэвэрлэгээ хийгээд байж байсан. Харин би дэлгүүр рүү орохгүй дэлгүүрийн гадна, Б дэлгүүр дотор О ахтай маргалдаж О ахад агсам тавьж байгаад 5-10 орчим минутын дараа Б гарч ирээд бид хоёр гэр рүү нь орсон. ...Ямартай ч Б нь О-д агсам тавьж бахираад байсан...” гэжээ. /хх-ийн 18/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 235 тоот дүгнэлтэд:

1. О-гийн биед хамрын ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи хамрын ясны шинэ хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний орой гэртээ найз *******ын хамтаар Нийслэл гэсэн шошготой 2,5 литрийн савтай пиво хоёрыг хувааж уугаад амарцгаасан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг өнгөрч байхад найз *******ын хамтаар гэрээсээ гарч манай байшингийн зүүн хойно байрлах “Гэгээн зүг” хүнсний дэлгүүр рүү хаалгыг нь тогшиж дэлгүүрт ороход О ах дэлгүүртээ ганцаараа байсан юм. Тэгээд О ахаас пиво авъя гэхэд миний өөдөөс өгөхгүй гэсэн. Ингээд бид хоёр хоорондоо маргаж муудахад хамт дэлгүүрт орж ирсэн найз ******* дэлгүүрээс гараад явчихсан бөгөөд О бид хоёрын хувьд дэлгүүр дотор нь ойролцоогоор 5 орчим минут маргаж муудалцсан юм. Энэ үед О ах намайг дэлгүүрээс гар гээд гаднаас орох үүдний хэсэг хүртэл түлхсэн бөгөөд энэ үед би уурандаа түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод шууд дэлгүүрээс гараад явсан юм...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Б-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

О-гийн Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч .......... овогт Б нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээн зүг” хүнсний дэлгүүрт хохирогч О-тэй маргалдан зодож биед нь хамрын ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...О ах намайг дэлгүүрээс гар гээд гаднаас орох үүдний хэсэг хүртэл түлхсэн бөгөөд энэ үед би уурандаа түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод шууд дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О-гийн “...би Б-ыг одоо би чамтай маргалдмааргүй байна дэлгүүрээс гар гээд лангуу тойроод очтол Б нь шууд миний нүүр рүү гараараа цохичихсон. Тэгэхээр нь би “чи миний хамар руу цохичихлоо ш дээ” гэхэд би таны амны хаалтыг чинь авах гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн...” гэх, гэрч *******гийн “...манай нөхөр О нь дэлгүүрээс ирээд сая дэлгүүр дээр Б-тай муудалцаад Б согтуу надад агсам тавьж байгаад цохичихлоо, яагаад цохиж байгаа юм гэтэл маскийг чинь авах гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн гэж надад хэлсэн. ...Орой 18 цагт дэлгүүрээ хаачихаад гэртээ ороход манай нөхөр хамар өвдөөд битүүрээд байна гэж надад хэлсэн. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасн юм...” гэх, гэрч *******ын “...Б дэлгүүр дотор О ахтай маргалдаж түүнд агсам тавьж байгаад 5-10 орчим минутын дараа Б гарч ирээд бил хоёр гэр рүү нь орсон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 235 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б-ын үйлдлийн улмаас хохирогч О-гийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 235 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА