Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-т холбогдох эрүүгийн 2121000000189 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “...........” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, .........овогт Б /РД: ................./.

Шүүгдэгч Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* 17 дугаар байрны гадаа хамтран амьдрагч Н-ийн нүүрэн тус газарт нь алгадаж, хоолойг нь боох зэргээр зодсон,

мөн 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн гэр болох тус аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоот хашаанд хамтран амьдрагч Н-ийн нүүрэн тус газарт алгадаж зодсон,

мөн 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн гэр болох тус аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* ******* тоот хашаанд баригдаж буй байшинд хамтран амьдрагч Н-ийн нүүрэн тус газарт алгадах, цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож хуйханд духны баруун болон зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт, хүзүүний урд гадаргын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлийг үнэнээр хэлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрээд эргээд хамтран амьдарч байгаа. Миний буруу” гэв. 

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 11-ний орой өөрийн гэр болох ******* 14-06 тоотод байхад хамтран амьдрагч Б 00 цагийн үед над руу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ залгаад “гэрт хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ такси бариад Б-ын гэр рүү очсон. Гэрт ороход хадам аав *******, хадам ээж ******* байсан бөгөөд Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би Б-ыг гэрээс гаргаад хашаан дотор “худлаа ярьж архи уулаа” гэж хэлэхэд Б уурлаад намайг заамдаж аваад миний нүүр рүү нэг удаа маш хүчтэй алгадаад авсан. Тэгэхээр нь би Б-аас зугтаагаад гэрийн хаалгыг онгойлгосон чинь Б миний араас ирж гараараа хаалгыг дарчихсан. Тэгтэл хадам ээж ******* гарч ирээд Б-ыг болиулаад бид хоёрыг хоорондоо ярилц гээд хашаан дотор баригдаж байгаа байшин руу оруулаад өөрөө гэртээ орсон. Б ээжийгээ гэртээ орсны дараа “миний архи уух чамд хамаагүй” гээд уурлаад миний хоолойг багалзуурдаж боогоод нүүр рүү 10 гаруй удаа алгадаж, гараа зангидаж байгаад нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд Б тэр байшиндаа унтаад өгсөн бөгөөд би цонхны хажууд сууж өглөө болгоод 09 цагийн үед ажилдаа очсон. ...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ивээл хороолын 17 дугаар байранд байх ******* гэрийн гадаа ... Б миний хоолойг багалзуурдаад нүүр рүү 3-4 удаа алгадаж зодсон. Тухайн үед Буянсүх Быг болиулж байсан...” гэжээ. /хх-ийн 10-12, 13-17/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажил дээр ирэхэд Н-ийн нүүр ам хөхрөөд хавдчихсан, хоолойг нь боосон боолтны оромтой байсан. Тэгээд би Н-ийг дагуулж яваад эмнэлэгт үзүүлээд шууд цагдаад очиж бүртгүүлсэн. Манай худалдагч Н надад хэлэхдээ “хамтран амьдрагч Б нь өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цохиж зодсон” гэж байсан. Тухайн үед Б нь гэрийнхээ гадаа зодож байхад ээж нь гарч ирж салгахад хашаан дотор баригдаж байгаа байшин дотор ороод дахин маргалдаад Б зодсон гэж байсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа тараад нөхөр дээрээ очиход нөхөр нь найзындаа архи уугаад байсан ба бас зодсон гэж Н надад хэлсэн. Тухайн үед бас хоолойг нь багалзуурдсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 25/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 248 тоот дүгнэлтэд:

1. Н-ийн биед хуйханд духны баруун болон зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт, хүзүүний урд гадаргын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Н гэрт орж ирээд ажлаа тарсан гэдгээ хэлсэнгүй, архи уулаа гэж уурласан. Тэгээд бид хоёр гэрээс гарч хашаан дотор шинэ баригдаж байгаа байшинд ороод маргалдаж намайг гарах гэхэд гаргахгүй байхаар нь би Н-ийн нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад, хоолойг нь багалзуурдаж байгаад түлхсэн. Тэгтэл ээж гарч ирээд бид хоёрыг болиулсан. Тэгээд би унтаад өгсөн ба өглөө босоод харахад Н-ийн нүд нь хөхөрчихсөн байсан. ...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ивээл хороололд байх найз ******* гэрт архи ууж байхад Н ирээд архи уулаа гээд уурласан. Тэрнээс болж бид хоёр Ивээл хорооллын гудамжинд хэрэлдэж маргалдаад би Н-ийн хоолойноос боогоод хашаа руу түлхчихсэн юм...” гэжээ. /хх-ийн 34-35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

Б-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 39/

Н-ийн Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 70/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ..... овогт Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 17 дугаар байрны гадаа 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд хамтран амьдрагч Н-ийн нүүрэн тус газарт нь алгадаж, хоолойг нь боох зэргээр зодсон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод байрлах хашаанд болон баригдаж буй байшинд хамтран амьдрагч Н-ийн нүүрэн тус газарт нь алгадаж цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед хуйханд духны баруун болон зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хоёр талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт, хүзүүний урд гадаргын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Н, гэрч ******* нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 248 тоот дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Б-ын үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед хуйханд духны баруун болон зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хоёр талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, эрүүний ооч хэсгийн цус хуралт, хүзүүний урд гадаргын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 248 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА