Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1110

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2017/01110

Улаанбаатар хот

 

 

 

                           

                          Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Алтанцөгц трейд” ХХК /Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8-р хороо Хилчний 23 байр хаягтай/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сартуул овогт Жигжидсүрэнгийн Бат-Ундрах /РД: ИЭ75061713, Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо Мон лаа, 2 гудамж 20 тоотод оршин суух/-д холбогдох,

Автомашины түрээсийн гэрээний үүрэгт 7,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба тэмдэглэл хөтлөв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компани нь иргэн Ж.Бат-Ундрахтай 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 80/34 тоот автомашины түрээсийн гэрээ байгуулсан билээ. Тус гэрээний дагуу иргэн У.Бат-Ундрах нь Бүгд найрамдах солонгос ард улсад үйлдвэрлэгдсэн Соната-6 маркийн 80-34 УНС улсын дугаартай автомашиныг ажлын 340 хоногийн хугацаанд нийт 8,500,000 төгрөгийг сар бүр 550,000 төгрөг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан ба тэрээр гэрээний үүргийн дагуу 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацаанд нийтдээ 610,000 төгрөгийг төлсөн билээ. Гэтэл иргэн Ж.Бат-Ундрах нь уг автомашиныг өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа ба 2017 он гарснаас хойш гэрээний үүргээ өдий хугацаа хүртэл биелүүлээгүй ба манай компанийн зүгээс утас болон гэрт нь биечлэн очиж удаа дараа сануулсан боловч тэрээр эхэндээ төлнө хэмээн төлж байсан ба төлбөрөө ч төлөлгүй сүүлдээ утсаа авахгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа нь тус компанид үлэмж хэмжээний хохирол учраад байна. Иймд тус компани гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 7,890,000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба тул зохих журмын дагуу шийдвэрлэж  бидний ажилд гүн туслалцаа үзүүлж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч Ж.Бат-Ундрах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

            “Миний бие хүү Болдын Баярцогтыг өөрийн орлоготой болгох зорилгоор өөртэй нь ярилцан тохиролцож, Баярцогт гэрээнд заасны дагуу сар бүр гэрээ байгуулсан компанид 550,000 төгрөг төлөхөөр ярилцаж, би “Алтан цөгц” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 8034УНС дугаартай Соната-6 маркийн автомашиныг хүлээн авч, таксины үйлчилгээнд явуулсан болно... Ингээд би 2016 оны 12 дугаар сарын 13-нд БНСУ-руу явсан бөгөөд явахын өмнө хүү Б.Баярцогтоос түрээсээ төлж байгаа эсэх талаар асуухад өгч байгаа. Ямар ч асуудалгүй гэж хэлсэн. ... Түрээслүүлэгч компани гэрээний үүрэг зөрчсөн дээрх асуудлыг үндэслэн төлөх төлбөрийн 30-аас доошгүй хувийг хөнгөлүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүч тайлбар гаргав. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлыг бололцооны хэрээрээ төлж барагдуулах болно” гэв.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Нэг талаас нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК, түүнийг төлөөлж захирал Гомбосүрэн овогтой Баттуяа, нөгөө талаас Жигжидсүрэн овогтой Бат-Ундрах нар харилцан тохиролцон дараах гэрээг байгуулав.

Үүнд: Компани нэхэмжилсэн төлбөл зохих үнийн дүнгээс бууруулж нийт 5,500,000 төгрөгийг төлөх боломж олгосон ба Ж.Бат-Ундрах саналыг зөвшөөрсөн.

Хариуцагч Ж.Бат-Ундрах төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны дотор бүрэн буюу хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Гомбосүрэн овогтой Баттуяа хүлээн зөвшөөрсөн. Иймд бидний хүсэлтийг харгалзан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Тус компанийн эзэмшлийн 80-34 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагч ж.Бат-Ундрахад гэрээний үүргээ буюу 5,500,000 төгрөгийн хохирлыг минь барагдуулахад түүний нэр дээр маргаангүй шилжүүлэх болно.

Хоёр тал харилцан тохиролцон гэрээ байгуулсан ба шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэр гаргуулах хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 7,890,000 төгрөгийг гаргуулахаарЖ.Бат-Ундрахад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,390,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 5,500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахад 80-34УНС улсын дугаартай автомашиныг “Алтанцөгц трейд” ХХК нь Ж.Бат-Ундрахын нэр дээр саадгүй шилжүүлэхээрталууд харилцан тохиролцож, эвлэрэх тухай хүсэлтээ шүүхэд гаргав.  

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч нь эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг ирүүлж, талууд шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,390,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нь 5,500,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахад “Алтанцөгц трейд” ХХК нь 80-34УНС улсын дугаартай автомашиныг Ж.Бат-Ундрахын нэр дээр саадгүй шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бат-Ундрахаас 51,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Алтанцөгц трейд” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН