Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

 

 

2021 оны 01 дүгээр сарын 07 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/04                                               Ханбогд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П овгийн Э-ын Эд холбогдох 2029000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс нүүрс тээврийн замын 2 дахь километрт байрлах гэрт үл ялих шалтгааны улмаас Х.Даваасүхийн нүүрэн тус газарт нь  болон биеийн бусад хэсэгт гар, хөлөөрөө олон удаагийн үйлдлээр цохиж зодон түүний биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацрын язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Алтайсүмбэр, Нямаа, Төөгий бид дөрөв нийлж архи уусан. Нямаа Даваасүхийн ахлах нь болохоор Даваасүхийг архи уугаад айлын гэр мөргөсөн, айлын гэрийн хохирлыг төлөөгүй  гэж ярьсан. Бид нар нилээн согтоод унтсан. Шөнө би бие засах гээд гарахад Даваасүх нойлын үүдэн дээр согтуу, машин дотроо сууж байсан. Намайг бие засаж байхад сигналдаад байсан, бараг 20-30 минут сигналдсан. Би нойлоос гарч ирээд Даваасүхийг  гэртээ оруулаад зодсон. Яагаад чи согтуу машин бариад байгаа юм гэж хэлэхэд, Даваасүх тэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Даваасүх намайг ёс бусаар их хэлсэн, согтуу машинаа барьж явах нь чамд хамаагүй гэж олон удаа орилж хэлсэн. Гэртээ оруулаад 2 удаа алгадахад газар унасан, 4-5 удаа өшиглөсөн тэгээд Алтайсүмбэр намайг болиулсан” гэв.

Хохирогч Х.Даваасүхийн өгсөн: “...Тэгээд би доошоо сууж байтал миний зүүн хацар луу өшиглөх шиг болсон тэгээд би яаж байнаа гэж хэлж чадалгүй унаад тэгсэн намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. Зодож байхдаа чи ямар үнэтэй гагнуурчин бэ хэдэн боодол чамд хэрэгтэй юм гээд байсан. Зүүн хацранд 2 оёдол тавиулсан, хамар гэмтсэн, чих гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/

Гэрч Д.Алтайсүмбэрийн өгсөн:“...Э.Э Даваасүхтэй хараал урсгаад харилцан хэрэлдэж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн тэгээд би босч салгах гэсэн боловч нилээн согтуу босч чадахгүй байсан тэгээд арай хийж босоод Э.Э нь Даваасүхийг 2-3 удаа өшиглөсөн тэгээд Даваасүх баганы цаад талд хамраас нь цус гарсан бололтой хэвтэж байсан тэгээд би Эийг барьж аваад дараад хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №579 дугаартай дүгнэлтээр:“...Х.Даваасүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацарны язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/

Яллагдагч Э.Эийн өгсөн:“...Даваасүхтэй маргалдаж байснаа санаж байна. тэгээд би эхлээд Даваасүхийг 2 удаа алгадсан чинь унаад өгсөн тэгэхээр нь би 3-4 удаа өшиглөж байтал араас Алтайсүмбэр босож ирээд намайг цамцнаас татаад миний цамц урагдаад намайг бариад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82-р хуудас/

Шүүгдэгч Э.Эийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Э.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/,

Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч Х.Даваасүхийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  шүүгдэгч Э.Эийн үйлдэл нь шүүгдэгч Э.Эийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “… Гэртээ оруулаад 2 удаа алгадахад газар унасан, 4-5 удаа өшиглөсөн тэгээд Алтайсүмбэр намайг болиулсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.Даваасүхийн  “...Тэгээд би доошоо сууж байтал миний зүүн хацар луу өшиглөх шиг болсон тэгээд би яаж байнаа гэж хэлж чадалгүй унаад тэгсэн намайг нүүр нүдгүй өшиглөж зодсон. Зодож байхдаа чи ямар үнэтэй гагнуурчин бэ хэдэн боодол чамд хэрэгтэй юм гээд байсан. Зүүн хацранд 2 оёдол тавиулсан, хамар гэмтсэн, чих гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

Гэрч Д.Алтайсүмбэрийн “...Э.Э Даваасүхтэй хараал урсгаад харилцан хэрэлдэж байснаа гэнэт зодолдоод эхэлсэн тэгээд би босч салгах гэсэн боловч нилээн согтуу босч чадахгүй байсан тэгээд арай хийж босоод Э.Э нь Даваасүхийг 2-3 удаа өшиглөсөн тэгээд Даваасүх баганы цаад талд хамраас нь цус гарсан бололтой хэвтэж байсан тэгээд би Эийг барьж аваад дараад хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №579 дугаартай “...Х.Даваасүхийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, баруун талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дух, хамар, баруун нүдний доод зовхи, 2 талын чихний зулгаралт, баруун завжны салстын язрал, зүүн хацарны язарсан шарх, баруун чихний дэлбээ, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн гарын сарвууны урагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар заасантай нийцсэн байна.   

  Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж  Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Х.Даваасүх хохирол төлбөрт нийт 6300000 төгрөг нэхэмжилжээ. Х.Даваасүх нь тухайн гэмт хэргийн улмаас эмнэлэгийн тусламж авах,  шинжилгээ өгөхөд баримтаар  1150000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Э.Э төлж барагдуулсан байна.  Харин хамрын хагалгаа хийлгэхэд 3350000 төгрөг, чихний хагалгаанд орох зардал 1800000 төгрөг нийт 5150000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч Э.Эийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Эд ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.

Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 1 115 000 төгрөг төлсөн болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овгийн Эын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт 1 115 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4.  Хохирогч Х.Даваасүх нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА