| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/06 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/06
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дугаар 2021/ШЦТ/06 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Б.Энхмэнд,
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхмэндээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Н овгийн Дийн Нд холбогдох эрүүгийн 2029000390152 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шим бөөний худалдааны төвөөс буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч 55.000 төгрөгийн FINLANDIA архи 68.000 төгрөг, KINDZMARAULI вино 2 ширхэг, 58.000 төгрөгийн FINLANDIA архи 1 ширхэг, 2.800 төгрөгийн Касс нэртэй пиво 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлан бусдад 203,800 төгрөгийн хохирол, учруулсан,Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шим бөөний төвийн хойд талын цонхоор орон байранд нэвтэрч 130,000 төгрөгийн grey goose 1 литр багтаамжтай архи, 84,000 төгрөгийн LD ТАМХИ 30 ширхэг, 5000 төгрөгийн 1 кг, гахайн утсан мах 3,5 кг, 20,000 төгрөгийн хиам 2 ширхэг зэрэг эд зүйл бэлэн 200,000 төгрөг хулгайлан бусдад нийт 555,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...тухайн үед манай дэлгүүрт эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Алдагдсан зүйл гэвэл грэйгүс 1л архи, клаб LD тамхи 3 боодол, 1 кг ууттай чихэр, шампунь 1 ширхэг, боорцог 1 уут, гахайн утсан мах 3.5 кг, хиам 2 кг, кассаас бэлнээр 200 000 төгрөг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ц.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...маргааш өглөө 09 цаг 30 минутын үед дэлгүүрээ онгойлгоод орж ирэхэд дэлгүүрийн арын өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгээд очоод үзэхэд гаднаас хүн орсон байдалтай байсан. Дэлгүүрээс грекус 1 литрийн архи нэг шил, LD 3 боодол тамхи, 1 кг ууттай чихэр, шампунь 1 ширхэг, боорцог 1 уут, гахайн утсан мах 3.5кг, хиам 2кг, кассад байсан 5000-ын дэвсгэрт 5 ширхэг, 500, 1000-ын дэвсгэрт 100 ширхэг алдагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Т.Ганбаатарын өгсөн: “...маргааш өглөө 09 цаг 40 минутын үед ирэхэд дэлгүүрийн арын цонхоор хулгай орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Д.Нын өгсөн: “...шим бөөний төвийн хойд талын хашааг давж ороод дэлгүүрийн хойшоо харсан вакум цонхыг түлхэхэд онгойчхоор нь дотогшоо орсон. Дотор ороод кассын түгжээг нь отвёркоор онгойлгож дотор нь байсан 200 000 төгрөгийг авч, цаашаа явж архины лангуун дээрээс grey goose 1 л багтаамжтай архинаас 1 ширхэг, гахайн утсан мах 3 ш, хиам 2 ш, үс угаадаг шампунь 1ш, нарын боов 1 уут, LD тамхи 3 хайрцаг буюу 30 ширхэг, чихэр 1 кг савласан байснаас 1ш зэрэг зүйлийг торонд хийгээд буцаад орж ирсэн цонхоороо гараад хойд хашааг нь давж гараад шууд л гэр лүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 723 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,
Яллагдагч Д.Н-ийн өгсөн: “...шим бөөний төвийн хойд талын хашааг давж ороод дэлгүүрийн хойшоо харсан вакум цонх байхаар нь гараараа хүчтэй түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд би тэр цонхоор ороход агуулах юм шиг байсан. Түүгээр дамжаад дэлгүүр лүү нь ороод 1 шил 1 литрийн grey goose гэдэг нэртэй архи, 3 ширхэг ууттай гахайн мах, 3 блок LD тамхи, үс угаадаг шампунь 1 ширхэг, 1 уут боорцог, 1 уут чихэр, 2 ширхэг хиам зэрэг зүйлийг гялгар торонд хийж аваад орж ирсэн цонхоороо гараад мөн хашааг нь арын хэсгээр нь даваад шууд гэртээ харьсан. Би дэлгүүр лүү 2 удаа орж эд зүйл хулгайлсан нь үнэн. Сүүлд согтуудаа орчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...уг өрөөний баруун хойд талд 40*70 см харьцаатай цонх байх ба цонхны шил хагарч бутарсан газар шилний хэлтэрхий хэлбэр дүрсээ алдсан байдалтай байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-111-р хуудас/,
Хохирогч Ц.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...Складны хойд талын жижиг вакум цонх хагарсан, кассын хауцц талын шүүгээний хаалгыг нугасаар нь татаад салгачихсан, нойлын өрөөний хаалгыг мөн нугасаар нь татаад салгачихсан, нойлын өрөөний хаалганы дээд талын дүүжин таазыг татаад унжуулчихсан, finlandia нэртэй 1 литрийн архи гал тогооны өрөөний цонхон дээр хагалчихсан, kindzmarguli нэртэй дарс бас хагалчихсан, sky нэртэй 1 литрийн архи задлаад дээрээс 200 гр уучихсан бололтой 00-ын цаасны өрөөнд, 0.5 литрийн лаазтай пиво задлаад талыг нь уугаад складны өрөөнд орхичихсон, кассын мөнгөний хайрцагнаас 20 000 төгрөг бэлнээр байхгүй, мөн kindzmarguli нэртэй дарс 1 шил байхгүй байсан, өөр алдагдсан зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р хуудас/,
Гэрч Ц.Цэцэгсүрэнгийн өгсөн: “...Кассан дээрээс нийт 20 000 төгрөг, Kindzmarauli нэртэй вино 1 ширхэг 35 000 төгрөг, складны 2 ширхэг цонх засварлахад 45 000 төгрөг, кассын хажуу талын шүүгээг засварлахад 30 000 төгрөг, нойлын өрөөний хаалга засварлахад 20 000 төгрөг, нойлын өрөөний таазыг засварлахад 70 000 төгрөг, Sky архи 55 000 төгрөг, гал тогоонд хагарсан байсан FINLANDIA архи 60 000 төгрөг, гадаа хагарсан Kindzmarauli вино 35 000 төгрөг, задалсан байсан лаазтай касс пиво 3000 төгрөг нийт 373 000 төгрөгийн хохирол учирсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122-р хуудас/,
Гэрч Д.Нын өгсөн: “...би лангуун дээрээс 2 ширхэг вино, 2 шил архи аваад буцаад агуулахынх нь цонхоор гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/
Грэч Ч.Мөнхийн өгсөн: “...Цэцэгсүрэн эгч бид 2 дэлгүүр лүү орсон тэгтэл складны хойд талын жижиг цонхыг хагалаад хүн орчихсон байсан ороод харахад 00-ын өрөөний хаалга нугасаараа салчихсан, мөн хаалганы харалдаа дээд талын тааз доошоо унжичхсан, кассын хажуу талын шүүгээ хаалга нугасаараа салсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126-р хуудас/,
Гэрч Х.Алтанзулын өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө Н манай хүүхдийн гутлыг нь аваад гэрт ороод ирсэн тэгээд энэ хүүхдийн чинь гутал гэж хэлээд үүдэнд гутлаа тавиад гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-р хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дугаартай үнэлгээгээр:”...нийт 326 800 төгрөгийн эд зүйлс алдагдаж, эвдэрсэн” гэх үнэлгээ /хх-ийн 131-р хуудас/,
Яллагдагч Д.Нын өгсөн: “...архи уух гэж хулгай хийчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140-р хуудас/,
Шүүгдэгч Д.Нын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/,
Шүүгдэгч Д.Нын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74-75-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба хулгайлах гэмт хэргийн арга нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Ныг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгсүрэнд хохирол төлбөр 901 800 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. .
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөрт 901 800 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Дийн Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 /жил/-н хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт 901 800 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА