Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0158

 

 

 

 

С.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан      

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай А/000 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0827/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай А/000 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-н нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай А/000 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Шүүхийн шийдвэрийн 5-д “талуудын шүүхэд гаргасан тайлбараас узэхэд, маргаан бухий газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид хэрхэн үүссэнээс хамаарч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дугээр сарын 05-ны өдрийн А/000 дугаар захирамж үндэслэлтэй эсэх, түуний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг дүгнэхээр байна” гэжээ. ...Маргаан бүхий захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамж нь газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамж байтал үүнийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны еренхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 48 дутаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон нь хууль зүйн ямарч үндэслэлгүй юм.

3.2. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг хэт нэг талыг барьж, ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид хэрхэн үүссэнээс хамаарч шийдвэрлэх мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. С.О-н эзэмшлийн газар нь Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшил газартай давхцалтай байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл Олон Улсын хүүхдийн Найрамдал төв нь анхнаасаа С.Огазар эзэмших эрх олгохыг зөвшөөрсөн бөгөөд үүнийг мэдэж байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд ажиллаж байсан, тухайн үедээ тус газарт газар эзэмших эрх олгохыг зөвшөөрсөн болохоо тодорхой тайлбарласан билээ.

3.3. Ийнхүү хууль тогтоомжийн дагуу, тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр актлагдсан барилгыг авч, үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй болсон байтал хууль зөрчин газар эзэмших авсан мэтээр хожим хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байна. Үүнийг шүүхээс ялгаж зааглаж ойлгохгүйгээр “... газрын давхцалын зургаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 мкв газар нъ гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 1225 га газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийн хурээнд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Дээр дурдсанчлан хариуцагчаас нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгохыг зөвшөөрч, улмаар дараа нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, газар эзэмших эрхийг баталгаажуулсаар ирсэн байтал газар эзэмших эрх анх олгогдсоноос даруй 12 жилийн дараа бидний шийдвэр хууль бус байжээ гэж өөрсдийн зоргоор хүчингүй болгож байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Хэрэв анхан шатны шүүхийн тайлбарлаж дүгнэсэнчлэн нэхэмжлэгчид 2007 онд олгосон захирамжийг хууль бус гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн хуулийн шаардлагыг харгалзан үзэх ёстой байсныг шүүх огт харгалзаж үзсэнгүй.

3.5. Анхан шатны шүүхийн шийдвэр нь утга агуулгын алдаатай тул хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр хариуцагчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн 16-д хариуцагчаас “...хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг бусдад эзэмшүүлсэн нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө” хэмээн үзсэн гэж тайлбарласныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Шүүх нотлох баримт, хуульд үндэслэн шийдвэр гаргах ёстой байтал ямарч нотлох баримтгүйгээр хүүхдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа талаар нэг ширхэг ч баримтгүй байхад амаар хэлсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх өөрөө ямар үндэслэлээр дээрх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаагаа тайлбарлаагүй байна.

3.6. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 400 м.кв хүүхдийн эрхэнд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар огт баримт цуглуулж нотлоогүй байгааг шүүх мөн л харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Бодит байдалд тухайн газар нь Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангаас хойш 3-аас 4 айл байрлах хашаан дотор байдаг бөгөөд хүүхдийн зуслангийн ойр хавьд хамааралгүй газарт байрладаг бөгөөд шүүхээс хийсэн хэд хэдэн удаагийн үзлэгээр энэ нөхцөл байдал тогтоогдсон. Хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа ч захирамж гарсан талаар мэдэгдээгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс “... захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын давхцалтай нөхцөл байдлыг өөрчлөхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.7. Харин энэ талаар мэдэгдсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй бөгөөд бодит байдалд газрын давхцлыг шалган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан болно. Учир нь тус газар, түүний дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан тул үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх хамгаалагдах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирох учиргүй юм. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч С.О нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай А/000 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Анх Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшлийн 1960 онд ашиглалтад орсон 7 ширхэг зуслангийн сууц байсныг Төрийн өмчийн хорооны 2006 оны 569 дүгээр тогтоолоор акталж, данснаас хасаж, акталсан сууцнаас ашиглаж болох барилгын материал, эд зүйлийг худалдан борлуулахыг Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд зөвшөөрснөөр маргаанд хамаарах газарт байсан сууцны барилгын материалыг нэхэмжлэгч С.О авч, 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/153 тоот албан бичгээр дэмжлэг хүсч нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамжаар анх нэхэмжлэгч С.О-д С  дүүргийн 01 дүгээр хороонд байрлах 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

2.3. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар С.О-н тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгаж, мөн өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.4. Улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай А/000 дугаар захирамжаар С  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, тус захирамжийн 1.1 дэх хэсэгт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсэг буюу С.Охолбогдох хэсгийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна. 

2.5. Нэхэмжлэгчээс “...тус газрыг 2007 оноос хойш Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг хүлээн зохих журмын дагуу эзэмшиж ирсэн. Ингээд тухайн газрынхаа төлбөрийг төлөхөөр төлбөрийн даалгавар үүсгэх гэтэл төлбөрийн даалгавар үүсгэж болохгүй байсан тул миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Надад мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, мэдэгдээгүй. ...Эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэсэн байх боловч энэ үндэслэлд миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар дээрх 2 үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор зохицуулсан байна...” гэж маргажээ.

2.6. Анхан шатны шүүх ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулсан газрын давхцалын зургаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 м.кв газар нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 1225 га газартай бүхэлдээ давхцалтай болох тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй... гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Маргаан бүхий актаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн тайлбарлаж дүгнэсэнчлэн нэхэмжлэгчид 2007 онд олгосон захирамжийг хууль бус гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн хуулийн шаардлагыг харгалзан үзэх ёстой байсныг шүүх огт харгалзаж үзсэнгүй. ...Шүүх нотлох баримт, хуульд үндэслэн шийдвэр гаргах ёстой байтал ямарч нотлох баримтгүйгээр хүүхдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа талаар нэг ширхэг ч баримтгүй байхад амаар хэлсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй. Шүүх өөрөө ямар үндэслэлээр дээрх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаагаа тайлбарлаагүй байна. ...Бодит байдалд газрын давхцлыг шалган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан... гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.8. Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Олон Улсын хүүхдийн Найрамдал төв  болон нэхэмжлэгч С.О нарын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг аль аль нь гаргаж байгаагүй байх тул нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх шинээр олгосон гэж үзнэ.

2.9. Нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 м.кв газар нь гуравдагч этгээд Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн эзэмшлийн 1225 га газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

            2.10. Анх нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн  нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамж хүчингүй болж, мөн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар С.О-н тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгаж шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий актаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсэг буюу С.О д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

            2.11. Мөн анхан шатны шүүх “... хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг бусдад эзэмшүүлсэн нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. ... хариуцагчаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй буруутай. ... Гэвч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын давхцалтай нөхцөл байдлыг өөрчлөхгүй тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

2.12. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг цаашид шинээр бусдад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх үүргийг нийслэлийн Засаг дарга болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад өгч, мөн өдрийн 210 дугаартай тогтоолоор 2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан үйл баримт тогтоогдож байхаас гадна сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/2673 дугаар албан бичгийг гаргаж, мөн өдрийн явуулсан бичгийн бүртгэлд авагдсан байх тул захиргааны байгууллагыг шууд буруутгах үндэслэлгүй байна.

2.13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

              ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ