Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 108

 

Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт холбогдох эрүүгийн 201619000772 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Балганы Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ийжгээ овогт Оюунбатын Тэгшмандах нь Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, О.Тэгшмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлд 1 жил 6 сар, шүүгдэгч О.Тэгшмандахад 1 жил 3 сар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж, шүүгдэгч Б.Алтангэрэлд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст, шүүгдэгч О.Тэгшмандахад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт тус тус үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 20 ширхэг хэрэглээний нойтон нарс модыг улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг устгахыг даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 26-16 УНО улсын дугаартай “Хүюндай Маяти” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож Ч.Ариунбаатарт буцаан олгох, мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Алтангэрэлийн эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгож, энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №0110043 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт буцаан олгож, Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэснээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч О.Тэгшмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод тээвэрлэснээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай” гэж,

7 дах заалтыг “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 1.054.782 төгрөгийн үнэлгээ бүхий 4.1364 м куб, 20 ширхэг нойтон эгэл нарс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг худалдан борлуулж үнийг, шүүгдэгч Б.Алтангэрэл, шүүгдэгч О.Тэгшмандах нараас тээврийн хэрэгслийн үнэ тус бүр 2.000.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн,

8 дахь заалтыг хүчингүй болгож,

9 дэх заалтын “... хүчингүй болгож Ч.Ариунбаатарт буцаан олгох” гэснийг хүчингүй болгож “тээврийн хэрэгслийг Д.Чулуунбатад буцаан олгох” гэж,

10 дах заалтын “... иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт” гэснийг “хууль ёсны эзэмшигч Д.Чулуунбатад” гэж ,

тогтоох нь хэсгийн “9, 10, 11, 12, 13” гэсэн заалтын дугаарыг “8, 9, 10, 11, 12” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын яллагчийн “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “… хуулийн агуулга ёсоор бол гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь 20 ширхэг нойтон нарс мод болохоос биш, тээврийн хэрэгсэл биш байгаа нь ойлгомжтой, нотлох баримаар тогтоогдсон байна. Хуулийн агуулгыг зөв ойлговол гэмт хэрэг үйлдэж олсон 20 ширхэг нойтон нарс модыг буюу түүний үнийг гаргуулахаар ойлгогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураана” гэснээс авч үзэхэд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хуулийн зохицуулалт огт байхгүй. Уг хэргийн иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарын аав Д.Чулуунбатын эзэмшлийн УНО 26-16 дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Тэгшмандах, Б.Алтангэрэл нар нь “хураасан төмсөө ачиж зөөгөөд ирье” гэж хэлээд авч явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Энэ тохиолдолд уг тээврийн хэрэгслийг хурааж огт болохгүй гэдгийг хууль тогтоогч ойлгомжтой зааж өгсөн байна. Давж заалдах шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлэхдээ хэдийгээр тээврийн хэрэгслийг хураагаагүй боловч үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар магадлалдаа тусгасан байгаа нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг агуулгаар нь буруу ойлгон хэрэглэсэн байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч О.Тэгшмандах, Б.Алтангэрэл нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэмэгдэл ял хэрэглэх ямар ч зохицуулалт байхгүй. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс нь бүгдийг буюу заримыг нь шүүх хураана гэснийг давж заалдах шатны шүүх мөн буруу ойлгож хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмж гэдэг бол аливаа хэргийг хянан шийдвэрлэхэд оролцохдоо үндэслэл болгон баримтлах бус зөвхөн энэ асуудлыг ингэж шийдвэрлэвэл зохимжтой гэсэн санаа. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс нэмэгдэл ял хэрэглэх талаар шүүмж явуулахдаа “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байхад татгалзах зүйлгүй, өмгөөлөгчийн саналтай санал нэг байна” гэж хэлсэн нь байтал давж заалдах шатны шүүх огт анхаараагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт шүүх хуралдааныг нээлттэй, эсхүл хаалттай явуулсан талаар дурдаагүй. Магадлалын удиртгал хэсгийн сүүл, тодорхойлох хэсгийн дээд талд зөвхөн улсын яллагчийн шүүх хуралдаанд хэлсэн үгийг бичсэн ба шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хэлсэн хууль зүйн үндэслэл бүхий саналыг огт тусгаагүй байна. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг эрс дордуулан хуулийн агуулгыг давж заалдах шатны шүүх хэтэрхий буруу ойлгон нэг хэрэгт 3-4 удаа шийтгэж байгааг Улсын Дээд шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нарын хувьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр барагдуулсан, хувийн байдал зэргээс нь авч үзэхэд цаашид бүрэн засран зөв замаар явж чадах залуус. Анхан шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг ухаалгаар харан хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудын хүрээнд хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн гаргасан хэлбэрийн буюу техникийн алдаа нь тогтоолд өөрчлөх оруулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг агуулгын хувьд буруу ойлгож хэрэглэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нар Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэгт үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдож, тогтоогдсон бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар М.Алтангэрэл, О.Тэгшмандах нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч М.Алтангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, “Бугын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг нарс мод унагаан, 2.298 м3 мод бэлтгэж, улмаар өөрийн хамаатан О.Тэгшмандахтай хамтран “Хьюндай маяти” 26-16 УНО дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1.054.782 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу 1.9 метрийн урттай тайрч бэлтгэсэн 20 ширхэг 2.298 м3 эгэл нарс модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөг устгахаар шийдвэрлэж хэрэглэх ёстой хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэдэгт зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тээвэрлэсэн “Хьюндай маяти” 26-16 УНО дугаартай тээврийн хэрэгслийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасан дагуу гурав дахин нэмэгдүүлж гэмт этгээдээр нөхөн төлүүлдэг журамтай.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө хураах ялыг” мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, эсхүл түүний үнийг болон гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө ялаас гадуур заавал хураана” гэсэн зохицуулалттай холбож ойлгож болохгүй бөгөөд эд хөрөнгө хураах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хэрэглэдэг бол гэмт хэргийн замаар олсон ашиг орлого, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хялбаршуулах зорилгоор ашигласан тээврийн хэрэгслийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь мөн эсэх, гэмт үйлдэлд ашиглахыг мэдсэн эсэхийг харгалзахгүйгээр заавал хурааж төрийн өмчлөлд шилжүүлдэг учиртай.

Харин Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу хэрэглэж анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгохоор, давж заалдах шатны шүүх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хэрэглэсэн заалтыг “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд зааснаар Улсын дээд шүүх бол Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг шүүхийн дээд байгууллага болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатарын гаргасан “... шүүгч нар хэн нэгний тэр тусмаа Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжийг үндэслэн хэргийг шийдвэрлэх ямар ч хуулийн зохицуулалт байхгүй”, “... Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан ... агуулга ёсоор бол гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь 20 ширхэг нойтой нарс мод болохоос тээврийн хэрэгсэл биш нь ямар ч хүн харахад ойлгомжтой, ... тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хуулийн  зохицуулалт байхгүй”, “... магадлалд Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг агуулгаар нь буруу ойлгон хэрэглэсэн”, “... шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж олсон 20 ширхэг нойтон нарс мод, хөрөөгөө хураалгасан, дээрээс нь ойн тухай хуульд зааснаар байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин нугалж төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн агуулгыг хэтэрхий буруу ойлгон нэг хэрэг дээр 3-4 удаа давхардуулан шийтгэж байгааг анхаарах”, “... анхан шатны шүүхийн гаргасан хэлбэрийн буюу техникийн алдаа нь тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын 9 дэх заалт, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1.б дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Чулуунбаатарын эзэмшлийн “Хьюндай маяти” 26-16 УНО дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгийг шүүгдэгч Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нараас хувь тэнцүү гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Ариунбаатарт олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтангэрэл, О.Тэгшмандах нарын өмгөөлөгч П.Ганбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

                     ШҮҮГЧ                                                                              Б.ЦОГТ