Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 378

 

Н.Сакений нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлалтай, Н.Сакений нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Сакенээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхметэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 1 дэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь хэсгийг хүчингүй болгож, энэ хэсэгт Н.Сакенийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохыг нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх цалин хөлс, хоол унааны зардал 7.583.031 төгрөг /долоон сая таван зуун наян гурван мянга гучин нэг/-өөс 7.228.239 төгрөг /долоон сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин есөн/-ийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл 795106 төгрөг /долоон зуун ерэн таван мянга нэг зуун зургаа/ нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөж шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 508 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “нэхэмжлэгч Н.Сакений нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад “Н.Сакенийг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохоор нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16- ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,850.240 төгрөг /зургаан сая найман зуун тавин мянга хоёр зуун дөч/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Н.Сакений давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд дурдвал, Н.Сакен нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ албан ёсоор дэвшүүлж сонгуульд өрсөлдөж эхэлсэн, өөрөөр хэлбэл 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс даяар Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлэх хуульд заасан өдөр байсан бөгөөд энэ өдрөөс эхэлж сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэн ч гэсэн үндсэн ажлаас чөлөөлөгдөж сонгууль дуустал цалингүй байх хуулийн хатуу заалттай билээ.

Н.Сакений сонгуульд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлж өөрөө Сонгуулийн хороонд өргөдөл бичиж өгсөн нь “ажилд орохгүй, би сонгуульд нэрээ дэвшүүлсэн байгаа” гэж түүний бичиж өгсөн баримт, мөн Сонгуулийн хорооноос энэ талаар гарсан эрхийн акт, бичиг зэрэг нь хавтаст хэрэгт тов тодорхой байсаар байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Н.Сакен нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин сонгуульд өрсөлдөж байгаа нь баримтаар тогтоогдоогүй, хэргийн оролцогч нар анхан шатны шүүх дээр энэ талаар маргаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж буруу шийдвэр гаргасан байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар хариуцагч тал тодорхой тайлбараа ярьсан бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон СД бичлэгт тодорхой бичигдсэн байх тул та бүхнээс тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгийг татан авч, хянаж үзэхийг хүсэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлалаар Н.Сакенд 6,850.240 төгрөг олгох гэснийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хоорондох 2 сар, 10 хоногт ногдох цалин болох 1,506.278 төгрөгийг хасаж Н.Сакенд 5,343.962 төгрөг олгох гэсэн өөрчлөлт оруулж зөвтгөхийг хүсэж байна гэжээ.

Хянавал:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Сакений ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөв тооцсон байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар шийдвэрийг биелүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 41 дүгээр тушаалыг гаргахдаа нэг дэх заалтаар Н.Сакенийг тус хэлтсийн магадлагч эмчийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилж, хоёр дахь заалтаар төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-5, III шатлалаар цалинг нь тогтоожээ.

Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 43  дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэн гаргаж Н.Сакенийг магадлагч эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилсон ба 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг үндэслэн уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг үндэслэн Ж.Сайыныг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн магадлагч эмчийн албан тушаалд түр томилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 41 дүгээр тушаалын дагуу Н.Сакенийг магадлагч эмчээр нь ажиллуулаагүй ба Н.Сакен нэг цонхын үйлчилгээний байцаагчаар ажиллаагүй, тэрээр урьд нь магадлагч эмчээр ажиллаж байх үедээ улсын байцаагчийн эрхтэй байсан, албан тушаалын ангиллын дэс түшмэл, дөтгөөр зэрэгтэй байсан зэрэг нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт мөн хугацааны хоол, унааны зардлын 378000 төгрөгийг багтааж хариуцагчаас гаргуулсан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцээгүй тул уг шаардлагыг хангасан хэсэгт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан нь зөв болсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас “...Н.Сакен орон нутгийн Хурлын ээлжит 2016 оны сонгуульд нэр дэвшсэн”, хуулийн дагуу 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх учир “4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлсийг авахгүй” зэрэг асуудлаар маргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдээгүй тул уг асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...2 сар 10 хоногийн цалин 1,506,278 төгрөгийг хасах өөрчлөлт оруулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ