Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

 

 

 

 

2020 оны 12 дугаар сарын 24 өдөр                          Дугаар 2021/ШЦТ/03                                              Ханбогд сум

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: О.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ө овгийн Оийн Бд холбогдох 2029002310137 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэсвгэр нүүрс тээврийн 15 дахь км-т А.Пүрэвтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “зам дээр машинаараа шахсан” гэх шалтгаанаас маргалдан улмаар лоомоор цохиж А.Пүрэвийн биед зүүн шилбэний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр үзэгдэх орчин хязгаарлагдсан салхи шороон шуургатай өдөр байсан. 43 дахь километрт бүх машинууд нэг хурдаар нэг эгнээнд цуваагаар явж байхад  хохирогч А.Пүрэв нь 43 дахь километрт толгой нь өндөлзөж гарч ирээд машинуудыг гүйцэж түрүүлээд явснаас болж хувийн таарамжгүй харилцаа үүссэн” гэв.

Хохирогч А.Пүрэвийн өгсөн: “...Тэгээд би цааш нь явж байгаад нөгөө гурван машиныг урдаа гаргаад явуулъя гэж бодоод “Хонгор бээс” ХХК-ний зогсоолруу орж зогссон тэгсэн нөгөө машинууд араас дагаад орох шиг болсон тэгсэн нөгөө 18-08 гэсэн чиргүүлтэй машин араас хааж тавиад жолооч нь лоом бариад бууж ирж харагдсан миний машины толинд. Тэгсэн нэг машин нь миний урдуур зогсож байсан ахиад нэг машин нь зам дээр зогсож байгаа харагдсан тэгсэн араар зогссон машины жолооч ирж байхаар нь би хаалгаа онгойлгоод хажуу тийшээ хартал шууд миний хөлрүү лоомоороо цохисон тэгээд ахиад цохих гэхээр нь би хөлөө гозолзуулж байгаад буугаад намайг цохисон нөхрийг “яаж байна чи” гэсэн чинь лоомоороо хоёр удаа цохисон боловч би бултаад цохиулаагүй тэгсэн миний машины урдуур зогссон нөхөр нь ирж яваа харагдсан тэгэхээр нь би хойшоо зугтааж эхэлсэн тэгсэн нөгөө зам дээр зогссон жолооч бас гүйгээд ирж байсан тэгэхээр нь би эргэж хараал гүйсэн тэгсэн миний араас лоом, лапатка шидэж байсан. Тэгсэн лоом нь миний баруун хөлийн ар хэсэгт өмсөж явсан базалан гуталыг цохисон. Лапатка нь намайг оноогүй. Тэгээд би зугтаж байхад тэр хоёроос өөр гуравдах жолооч нь миний араас чулуу шидээд байсан. Би чулуунаас нь бултсан. Намайг хөөж байхдаа араас “бариад ав алаад өгий” гэж байсан. Тэгээд би цааш зугтсаар байгаад “Хонгор бээс” ХХК-ний хажууд байдаг клонкруу очсон. Тэр хүмүүс намайг гүйцээгүй. Тэгээд би холоос харж байтал нөгөө гурав миний машинруу буцаж очоод хажуугаар нь зөрж байхдаа цаана зам дээр машинаа тавьсан жолооч гараараа миний машиныг цохисон тэгсэн миний хөлийг лоомоор цохисон нөхөр жолооч талын хаалганы доод хэсэгт цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө гурав миний машины хажуунаас холдохгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би миний машины ойролцоо машинаа засаж байсан Тулгаа гэх залууг холоос дуудаад хүрээд ирэхээр нь “миний машиныг унтраагаад машинаас утас аваад ирээч” гэж гуйсан. Тулгаа машин унтраагаад миний утсыг аваад ирсэн утас аваад ирэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарын бичиг хураагаад бүгдийн согтуурлыг шалгаад “Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст очиж шалгуул” гэсэн. Тэгээд би Цогтцэцийгээс хүн дуудаж сумын төвд ирж сумын эмнэлэг орж хөлөө үзүүлээд зүүн хөлийн шилбэндээ нэг оёдол тавиулсан. Тэгээд цагдаагийн хэлтэст ирж өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Гэрч Д.Мягмардоржийн өгсөн:“...тэгсэн Б араас нь ороод хааж зогссон тэгэхээр нь би нөгөө машины урдуур нь очиж хааж зогссон тэгээд би хувцасаа өмсөөд машинаа унтраагаад карданаа татчихаад буугаад ирсэн чинь нөгөө машины жолоочийг Б хөөгөөд араас нь гүйж байсан тэр үед Бадар-Ууган гартаа лапатка барьчихсан нөгөө жолооч нь автерка барьчихсан зугтаж байсан. Тэгээд би тэр жолоочийг яг согтуу байна гэж бодоод барьж цагдаад өгье гэж бодоод нөгөө залуугийн араас дуудаад алхсан тэгсэн нөгөө жолооч залуу тойроод зугтаагаад байсан тэгж байснаа Б бид хоёрлуу чулуу авч шидсэн. Тэгээд амьсгаагаа дараад зогсож байтал Зоригоо араас ирээд тэгээд нөгөө залуутай очиж уулзах гэсэн чинь “ах нь чамайг шахсан уучлаарай” гэсэн гэж хэлсэн Зоригоо тэгээд байж байтал цагдаа ирээд согтуурал шалгаад эрүүл байсан бид дөрөв тэгээд Цэцийн цагдаа руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Ж.Зоригтбаатарын өгсөн:“...тэгээд бид нар ойрхон явсан учраас нэг нэгнээ мөргөх эрсдэл гарсан тэгтээ мөргөлдөөгүй тэгээд явж байгаад нөгөө улаан толгойтой машин “Хонгор бээс”-ийн зогсоол руу эргээд орсон араас нь Б, Мийгаа хоёр орж зогссон тэгээд би араас нь 4 орчим минутын дараа шууд замаас жаахан буугаад л зогсоолын үзүүр дээр орж зогссон тэгээд яваад очсон чинь нөгөө улаан толгойтой машины ах машинаасаа арай цаана зогсож байсан Мийгаа, Б хоёр машин дотроо байсан тэгээд би тэр ах дээр очоод уулзсан тэгсэн тэр ах “ах нь чамайг бол шахсан уучлаарай ахын дүү” гэсэн тэгээд би буцаад машинруугаа очсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

О.Бын гэрчээр өгсөн:“...Тэгэхээр нь унасан лапаткаа авч бариад улаан толгойтой хово машинлуу очсон. Би очоод улаан толгойтой хово машины хаалгыг татаж онгойлгосон. Онгойлготол жолооч баруун гартаа овтирк барьсан зүүн хөлөөрөө намайг яг өшиглөх гэж байсан. Тэгэхээр нь би өшиглөх нь гэж бодоод лапаткаараа зүүн хөлийг нь цохиод буулгасан. Тэгтэл хово машины жолооч бууж ирсэн. Хово машины жолооч бууж ирэнгүүтээ зугтаад гүйчихсэн. Зугтаад гүйхээр нь би араас нь хэсэг хөөсөн. Хово машины жолооч зугтах үед манай танил жолооч Мийгаа бас ирчихсэн хово машиныг хашаад зогссон байсан. Тэгээд би гүйцэхгүй болохоор нь лапаткаа аваад араас нь шидсэн. Ховоны жолоочийг Мийгаа бас хөөгөөд гүйцээгүй. Мийгаа бид хоёр хөөгөөд гүйцэхгүй байх үед Хово машины жолооч бид хоёрын өөдөөс чулуу шидээд байсан. Би тухайн үед бодохдоо хово машины жолооч яг согтуу болохоор зогсохгүй зугтаад байна гэж бодсон тэгээд би Мийгаад “за за больё цагдаад нь хэлээд шалгуулъя” гэж яриад “Хонгор бээс” ХХК-ны талбай дээр зогсож байсан улаан толгойтой шаланзны урд очоод зогсож байтал Зоригоо гэж танил жолооч маань араас ирсэн. Араас ирээд Хово машины жолоочтой Зоригоо уулзаад зогсож байсан. Зоригоо уулзаад буцаад ирсэн. Ирэхээр нь “юу гэж байна” гэж асуусан чинь “Би чамайг гүйцэж түрүүлэхдээ шахсан нь үнэн чамаас бол уучлал гуйна. Наад хоёр хүн чинь намайг цохисон цагдаад өгнө”.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай:“...А.Пүрэвийн биед зүүн шилбэний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

Яллагдагч О.Бны хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Шүүгдэгч О.Бны хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч О.Бны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/,

Шүүгдэгч О.Бны иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд,  /хх-ийн 51-63-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Хохирогч А.Пүрэвийн биед гэмтэл учруулсан шүүгдэгч О.Бны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч А.Пүрэвд хохирол төлбөрт баримтаар ирүүлсэн 792 000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч О.Бныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч О.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч О.Бд ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд  шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 792 000 төгрөг төлсөн болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овгийн Оийн Бныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 900 /есөн зуу/-н нэгж буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөрт 792 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА