| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00115/и |
| Дугаар | 1108 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 1108
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2017/01108 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хаад боржигон овогт Дадийхүүгийн Түмэнжаргал /рд:ЧГ68042000, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармаг 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Автобус тав” ХХК /рд:2674599, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Тав ХК-ийн байр, 1 давхарт байрлах/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, биеэр эдлэх ээлжийн амралтыг тогтоож, нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ёндонжамц, хариуцагчийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, гэрч Д.Баттулга нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Хаад боржигон овогтой Дадийхүү Түмэнжаргал нь Автобус Тав ХХК-д Нягтлан бодогч албан тушаалд 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр очиход ажлаас чөлөөлж байгаа талаар хэлсэн ингээд ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй талаар мэдэгдээгүй. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автобус Тав ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулсан. Тушаал дээр ямар хууль зүйн үндэслэлээр ажлаас чөлөөлж буй талаар мэдэгдээгүй, Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Нэгэнт ажил олгогч хөдөлмөрийн хуулийг үндэслээгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжилж байна.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх
Биеэр эдлээгүй ээлжийн амралтыг тогтоож, ээлжийн амралтын мөнгийг олгуулах” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч В.Ёндонжамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Д.Түмэнжаргал нь “Автобус Тав” ХХК-д 2012 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээбайгуулан нягтлан бодогчоор ажилд орсон өдрөөс эхлэн түүнд итгэж, компанийн санхүүтэй холбоотой бүхий л асуудлаа шийдвэрлүүлж байсан.
Гэтэл Д.Түмэнжаргал нь бидний итгэлийг эвдэж, компанийн ажилчдын цалин хөлс болон нэмэгдэлзардал зэргийг шийдвэрлэж тооцоо нийлдэггүй, шаардлага тавихаар шалтгаангүйгээр хойшлуулах, ах мэднэ зэргээр өөрийн хийж гүйцэтгэж байгаа ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж байсан 2016 оны 11 сар, 12 саруудад тус компанийн нэр бүхий ажилчдаас Д.Түмэнжаргалд холбогдуулан гаргасан хүсэлт, өргөдөл гаргаснаар энэ асуудал эхэлсэн болно. Үүнтэй холбогдуулан компанийн санхүүгийн зарим бичиг баримтанд хувь нийлүүлэгчид хяналт тавьж, шалгаж үзэхэд олон зөрчилтэй асуудлууд үүссэн байсан. Энэ асуудал яригдаж эхлэх үед Д.Түмэнжаргал өөрийнхөө компьютерийн процессорыг бидэнд хэлэлгүй авч яваад 3 хоногийн дараа авчирч тавьсан байсан бөгөөд ямар учраас авч явсан, компанийн санхүүтэй холбоотой баримт материалуудыг устгасан, засаж янзалсан алин болохыг хэлэхэд хүндрэлтэй болсон... Д.Түмэнжаргалын ажилдаа хариуцлагагүй, байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан асуудлын талаархөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн тушаалдаа дардах боломж байсан. Гэвч Түмэнжаргалыг энэ үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ямар нэгэн байгууллагад санхүүгийн ажил эрхлэхэд сөргөөр нөлөөлөх, цаашлаад түүний нэр хүндийг нь бодож дээрх үндэслэлээр тушаалаа гаргасан...Иймд Д.Түмэнжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрэх хүсэлтдээ:
“Нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд нь хариуцагч “Автобус тав” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тохирч эвлэрэв.
1. 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын цалинд нийт 2,500,000 төгрөгийг “Автобус тав” ХХК-аас 30 хоногийн дотор гаргуулах,
2. Хариуцагч “Автобус тав” ХХК-ны тогтоосон хугацаанд ажлаа хүлээлгэн өгөх
3. Биеэр эдлээгүй ээлжийн амралт болоод амралтын мөнгөнөөс татгалзах
4. нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь хариуцагч “Автобус тав” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, биеэр эдлэх ээлжийн амралтыг тогтоож, нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг хэлэлцэхээ илэрхийлж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, биеэр эдлэх ээлжийн амралтыг тогтоож, нөхөн олговор гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэг сарын цалинд 500,000 төгрөг буюу 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлсөнд нийт 2,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд ажлаа хүлээлцэхээр харилцан тохиролцож, эвлэрэх тухай хүсэлтээ шүүхэд гаргав.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “Автобус тав” ХХК нь нэхэмжлэгч Д.Түмэнжаргалд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажилгүй байсан 5 сарын хугацааны нийт цалин хөлсөнд 2,500,000 төгрөгийг 30 хоногийн дотор олгох, тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийлгэхээр хүлээн зөвшөөрч; нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, биеэр эдлэх ээлжийн амралтыг тогтоож, нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Автобус тав” ХХК-ийн тогтоосон хугацаанд ажлаа хүлээлцэхээр тус тус харилцан тохиролцсонзохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг хариуцагч “Автобус тав” ХХК-аас гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН