| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2021/0221/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/586 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/586
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Р.Очирсүрэн,
гэрч М.Ш,
шинжээч эмч Ц.Б /цахимаар/, М.Э /цахимаар/, Ж.Ганцэнгэл /цахимаар/,
хохирогч Ц.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
шүүгдэгч Ц Т Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Батзориг, Д.Оюунсүрэн, орчуулагч C H /Ц Х/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц Т Т /C T T/-д холбогдох 2008003691593 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б улсын иргэн, ... оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б улсын ... хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, Ө Д ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... дугаар орц ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц Т Т /C T T/, /Монгол улсад оршин суух зөвшөөрлийн дугаар:..., гадаад паспортын дугаар: .../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц Т Т /C T T/ нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “Э” түүхий эдийн зах дээр иргэн Ц.Нтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөж эрүүл мэндэд “баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц Т Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нтэй уулзсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н намайг зодох гэж труба төмөр барьж ирсэн ба Н, Ш хоёр намайг мах хөлдөөдөг газарт оруулаад зодсон. Тэгээд Н, Ш нарыг намайг зодсоны дараа найз охин Аг 10 гаран минут зодсон, тухайн үед А жирэмсэн байсан. Н труба төмрөөр намайг болон Аг цохисон. Аг цохиж байх үед би зугтсан. Тэгээд би оффисоос гараад хөлдөөдөг байшин руу ороход араас орж ирээд Н над руу юм шидэж цохисон. Тухайн үед хөлдөөдөг байранд махны ченжүүд болон ажилчид байсан. Хөлдөөдөг байранд зодуулаад байж чадахгүй байсан, мөн найз охин жирэмсэн байсан тул санаа зовоод буцаад оффис руу орсон. Тэгтэл оффис руу Т, Н нар орж ирээд гадагшаа гаргахгүй намайг зодоод байсан. Оффисоос гаргахгүй байхаар нь би найз руугаа утсаар ярьж найз минь ирж ярилцаж байгаад оффисоос гарсан. Найз ирж тусалсны дараа цагдаа дуудсан. Тухайн үед цагдаад мэдэгдсэн болохоор хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг дотор миний зургийг авч хийсэн болохоор хэрэг дотор баримтууд байгаа. Одоо Н намайг “толгой руу цохисон, өгзөг рүү өшиглөсөн” гэж хэлж байна. Намайг бага байхаас эцэг, эх маань “ээж шигээ настай хүнийг цохиж болохгүй” гэж сургасан. Тиймээс би Нийг цохиогүй. Би хэрэгт зарим гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасан. Миний хүссэн гэрчүүдээс асуулгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Миний талын гэрчүүдийг асуугаагүй байна. Би гадаадын иргэн. Би Монгол Улсад бизнес хийж амьдарч байгаа. Монгол Улсын шүүх үнэн шийдвэр гаргах байх гэж итгэж байна. Би 2011 оноос эхлэн ...д сурч, үргэлжлүүлэн бизнес эрхэлж амьдарч байгаа. Энэ хугацаанд надад хууль зөрчсөн асуудал байхгүй. Би Монгол Улсын хуулийг дээдэлдэг. Би Монгол Улсад эхнэр, хүүхэдтэй болсон. Би цаашдаа Монгол Улсад амьдрах хүсэлттэй байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ц Т Т-тай Монгол, хятадын хооронд манай худалдааны хэлмэрч хийдэг байхад танилцсан. Тэгээд Ц Т Т нь “миний паспортын хугацаа 2 сар хэтэрсэн байна, би Хятад Улсад эхнэр хүүхэдтэй надад мөнгө байдаггүй, би нэг газар худалдаж авсан. Та энэ газрыг авчих” гэж гуйсан. Тэгэхээр би “эгчид нь зөндөө их газар байгаа, даахгүй нохой булуу хураана гэгчээр эгч нь чиний газрыг авахгүй” гэж хэлсэн. Гэтэл “эгч ээ, энэ хавьд мөнгөтэй хүн алга, та энэ газрыг аваад надад тус болчих” гээд гуйгаад байхаар нь ...Ц Т Т-г миний хүүтэй ялгаа юу байх вэ гэж бодоод түүний газрыг худалдаж авахаар болсон. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А, Ц Т Т нар хамт яваад худалдах, худалдан авах гэрээгээр газар эзэмшигчийн нэрийг шилжүүлсэн байдаг. Ц Т Т бид нар гол нь энэ газрын бичиг баримт дээр маргалдаад байгаа. Нэгэнт газрыг нотариатаар баталгаажуулаад нэрээ шилжүүлээд авсан тул би газар дээр үйлдвэр бариулах гэж бүх мөнгөө зарцуулсан. Тэгээд би Ц Т Т-д “чи Тгийн 2.500.000 төгрөгийг өг” гэж хэлтэл А “наад хүнд чинь мөнгө байхгүй би ээмэг, бөгжөө ломбардад тавиад өгчихье, эгч ээ та уучлаарай, 2.500.000 төгрөгийг би өгье” гэж хэлээд олон хүний хажууд уйлж байсан. ...Гэтэл яагаад Ц Т Т “би зодоогүй” гэж хэлж байна вэ. Хэрэг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан тул “би шинэ он гарах гэж байхад яах юм бэ, Б надаас уучлалт гуйх байлгүй” гэж бодсон боловч надаас огт уучлалт гуйгаагүй. А над руу утасдаад уулзъя гэж хэлсэн. Ц Т Т-д зодуулсны дараа миний даралт 200 гарч, зүрхний цохилт 100 гарсан байсан тул “би очиж чадахгүй” гэж хэлсэн. ...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бид ажлын хөлснөөс болж маргалдаад Ц Т Т намайг “пизда” гэж хэлээд манай оффисоос гараад явсан. Тухайн үед А байсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэр дээрээ очтол манай үйлдвэр дээр олон хүн бужигнаж байсан. Тэгээд би “яагаад ийм олон хүн байгаа юм бол оо” гээд яваад очтол Ц Т Т үйлдвэрийн цоожийг эвдээд мах авч байсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, чамд мах авах мөнгө байхгүй, чи миний үйлдвэрээс гар” гэж хэлсэн. Гэтэл Ц Т Т дахиад мал хиллэх гэхээр нь би хил унтраах гээд тонгойсон чинь миний толгой руу цохисон, тэгээд өшиглөсөн. Тэгэхэд Т мөнгөө авах гээд зогсож байсан. ...2021 оны 4 дүгээр сард Ц Т Т үхсэн малын мах авч хууль бус зүйл хийгээд байна гэхээр нь би Ц Т Т-г “Ковид 19” өвчнөөр өвчилсөн гэдгийг мэдэхгүй мэргэжлийн комисс дуудаад хамт очиход намайг Ц Т Т “хулгайч ороод ирсэн” гэж хэлсэн. Ц Т Т ёс суртахуунтай байж, Монгол Улсын хуульд захирагдах ёстой. Ц Т Т яагаад намайг дандаа “пизда” гэж хэлдэг юм бэ. Ц Т Т “би ээж шигээ хүнийг зодоогүй” гэж мэдүүлсэн. Гэтэл одоо ч гэсэн намайг “хулгайч, пизда” гэж хэлдэг” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “... Ц Т Т-ийн эхнэр А бид хоёр оффист сууж байж байтал А “би жирэмсэн, эмчийн хяналтад, доошоо юм гараад ураг зулбах гээд, энэ хятадаас хоосон үлдэх гээд байна, та надад туслаач” гэсэн. Би “та нарын хувийн асуудлыг мэдэхгүй, та нар өөрсдөө учраа ол, чи энэ асуудлаа эцэг, эхдээ хэл” гэж хэлсэн. Тэгээд А бид хоёрыг ярилцаад байж байтал Ц Т Т орж ирсэн. Удалгүй араас нь Т орж ирээд “Ц Т Т ээжийг чинь цохиод унагачихлаа” гэж хэлсэн. Гэтэл ээж “Ц Т Т намайг цохисон” гээд нүдэндээ нулимс цийлгэнүүлчихсэн орж ирсэн. Би Ц Т Т-г “чи яагаад ээжийг цохидог юм бэ” гээд ор руу түлхсэн чинь хойшоо орон доор суугаад налсан. Тэгээд би Ц Т Т-г бариад автал А “боль л доо” гээд болиулсан. Ийм л асуудал болсон” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийн биед үзлэг хийсэн. “Н” эмнэлгийн толгой болон аарцаг ясны томографын шинжилгээ, мөн гэрэл зургийг дүрс оношилгооны эмч Огаар уншуулсан. Эдгээр нотлох баримтыг үндэслэн Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэлт гаргасан. Хэрэг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан байсан. Хэрэг болсноос хойш 14 хоногийн дотор Шүүх эмнэлэгт ирж үзүүлсэн байдаг. Тэгэхдээ дүгнэлтдээ хохирогчийн баруун чамархай, тархины эдийн няцрал цусан хуралт гэмтэл үүссэн гэсэн хэсгийг орхигдуулан бичсэн гэдгээ Нийн дахин шинжээчийн дүгнэлтийг гаргах үед мэдсэн. Тухайн үед Нийн “Н” эмнэлгийн толгой болон аарцаг ясны томографын зургийг дүрс оношилгооны эмч Огаар уншуулахад “ясны түрж ургасан Остеома буюу ясны хоргүй хавдартай байна, имрайн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна” гэж хэлж байсан. Тиймээс гэмтлийн бус гаралтай ясны хавдар байж магадгүй гэж сэжиглэсэн тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан. ...Гэхдээ Остеома буюу ясны хоргүй хавдар нь удаан архаг явцтай байдаг тул тухайн гэмтэлтэй хамаагүй. Н толгойгоо бариачаар бариулсан тохиолдолд тархины цусан хураа үүсэх эсэх нь яаж барихаас шалтгаална. Ер нь боломж багатай” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шинжээч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Н хэрэг болсноос хойш 14 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. “Н” эмнэлгийн толгой компьютер томографын зургийг үзэхэд 1,2:0,5 см хэмжээтэй жижиг голомтлог цус хуралттай байсан. Үүний дараа нэмэлтээр 2020 оны 12 дугаар сард дахин имрайн шинжилгээ хийлгэсэн байдаг. Нийн толгой хэсэгт цус хуралт байна гэдгийг дүрс оношилгооны эмч нараар уншуулсны үндсэн дээр бид Нийн биед хөнгөн зэргийн гэмтлийн зэрэг тогтоогдсон гэж үзсэн. Тархины баруун чамархайн хэсэгт байгаа тархины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. Б эмчийн “тархины баруун чамархайн хэсэгт байгаа тархины цус хуралт нь гэмтлийн зэрэг биш юм” гэсэн дүгнэлтийг бид шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзсэн. Бидний хувьд Нийн биед үзлэг хийгээгүй, болсон хэргийн талаар нарийн сайн ойлголт байхгүй. Бид “Н” эмнэлгийн толгой болон аарцаг ясны компьютер томографын зургийг үзээд хохирогчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Нийн биед учирсан гэмтэл нь цусан хураа биш, цус хуралт. Цус хуралт яг хэд хоногт эдгэрэх нь тодорхойгүй. Цус хуралтын эдгэрэлт нь эмчилгээ хийгдсэн эсэхээс хамаарна. Цус хуралт үүссэнээс хойш хэд хоногт шимэгдэж алга болохыг мэдэх боломжгүй. Н зодуулснаас хойш 14 хоногийн дараа цус хуралт гэмтэл эдгэрээгүй байх боломжтой гэж үзсэн. Цус хуралт гэдэг нь тархины эдтэй нэгдсэн байхыг хэлнэ. Цусан хураа гэдэг нь шингэн цус байхыг хэлнэ. Компьютер дээр цус хуралт гэж бичсэн байсныг бид дүгнэлтдээ бичихдээ цусан хураа гэж алдаа гаргаж андуураад бичсэн байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь цус хуралт гэмтэл юм. Цусан хураа болон цусан хуралт нь хэмжээ жижиг тул аль аль нь шимэгдэх боломжтой. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд илүү хурдан шимэгдэнэ. Энэ цус хуралт, цусан хураа гэсэн 2 гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар аль аль нь хөнгөн гэмтэлд хамаарна, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Ц.Нээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б-ын иргэн Т нэртэй Монгол нэр нь Б надтай уулзаад санаа зөрөлдөн гарч явсан. Маргааш нь мах авч байхад нь очоод чи юу хийж байгаа юм гээд мах хиллэдэг хилийг нь хойшлуулах гэтэл намайг цохиж унагаж, гар мушгин пизда минь гэж хэлсэн” /1хх-ийн 5х/,
Хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд:
-2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сард Хятад улсын иргэн Т нэртэй Монгол нэр нь Б гэдэг залуутай хамтран махны үйлдвэр ажиллуулахаар болж бид хоёр ярилцаж тохиролцоод Бгийн үйлдвэр газар дээр махны үйлдвэр ажиллуулахаар болох үед Б надад хөрөнгө байхгүй үйлдвэр компанийн баримт бичиг байна, түүнийгээ танд барьцаанд тавиад үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдэг саналыг тавьсан, би хүлээн зөвшөөрч өөрийн хүүтэйгээ зөвлөж байгаад Бгийн компани, үйлдвэрийн байр газрыг өөрийн хүү Шын нэр дээр шилжүүлэн өөрөөсөө 50,000,000 төгрөгийг гаргаж махны үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн чинь 50,000,000 төгрөг дуусаж дахин 100,000,000 төгрөг оруулах хэрэгтэй байна гэхээр нь би дахин гаргаж өгөөд тоног төхөөрөмж авахаар болсон чинь Бгийн эхнэр А гэх эмэгтэй тайлан гаргана гээд манай хүүгээс компанийн бичиг баримтыг надад хэлэлгүй авчхаад буцааж өгөхгүй байхаар нь ...би газрын албанд зам гаргуулах ажилтай байна гэж хэлж байгаад бичиг баримтаа авсан чинь надаас газрын гэрчилгээгээ нэхсэн. Тэгэхээр нь би өгөхгүй гээд бид хоорондоо маргаан болох үед Б гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод би газар унасан чинь миний өгзөг хэсэгт нэг удаа нэмж өшиглөөд авахаар нь би уур хүрээд төмөр бариад араас нь хөөсөн чинь Б зугтааж эхнэрийнхээ араар ороод байхаар нь би цохиогүй орхисон, түүнийг би зодоогүй.” /1хх-ийн 26х/
-2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Б улсын иргэн Ц Т Т нь 2019 оны 12 дугаар сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүү бид хоёрын хөрөнгөөр худалдан авч барьж байгуулсан махны үйлдвэрийн хөргөлтийн зооринд надтай маргалдаж, улмаар гараа атгаж байгаад миний толгой руу гараараа нэг удаа цохиж газарт унагаад өгзөг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний толгой манарч түр ухаан балартаад газарт хэсэг өндийж суусан ба намайг барилгын ажил хөлсөөр хийсэн Т гараас татаж түшиж босгосон. Босоход толгой маш их өвдөж, бас аарцаг ясны орчим янгинаж өвдөөд явж чадахгүй байсан тул ёолж орилоод Ц Т Т-гийн араас хөргөлтийн зоориноос гарч ажилчдын өрөөнд ороход, тэнд миний хүү Ш, А хоёр буйдан дээр зэрэгцээд суучихсан, Ц Т Т наана нь тэр хоёр руу хараад зогсож байсан. Би хүүдээ хандаж “наадах чинь намайг цохичихлоо” гээд Ц Т Т-г /Монгол нэрийг нь Б гэдэг гэх/ барьж авах гэхэд тэр надаас зугтаагаад баригдаагүй. Надтай хамт Т тэр өрөө рүү орсон ба Ц Т Т руу хандаж “Чи настай эмэгтэй хүнийг толгой руу нь цохиж унагадаг нь яаж байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Энэ үед хүү маань уурлаж босож ирээд Ц Т Т-г хувцасных нь захнаас барьж авч ноцолдоход тэнд байсан А, Т бид нар боль боль гээд хориглоход түүнийг буйдан руу түлхэж унагасан. Тэр буйдан дээр суух байдлаар унасан. Энэ үед А одоо больцгоо гэж байсан. Хүү маань ч эхийгээ зодуулсан, бас өчнөөн их өмч хөрөнгөө зарцуулж байж босгосон махны үйлдвэрийн барилгаа Ц Т Т-д хулхидуулчихсан байсан болохоор “Чи ер нь хятад хүн байж Монголчуудыг хэтэрхий дорд үзэж байна уу?, Багахан шиг давраарай” гэх мэт үг хэлж байсан. Ингээд бид удалгүй гэр гэр рүүгээ тарж салж явцгаасан.
Би тухайн үед үр хүүхэд шигээ хүнтэй хэл үг хийгээд яах вэ гэж бодоод хуулийн байгууллагад хандаагүй. Харин 2020 оны 01 дүгээр сарын 8, 9-ний үед өргөдөл бичиж цагдаад өгсөн. Цагдаа шинжээч томилох тогтоол үйлдэж намайг шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь шүүх эмнэлэг орж тэнд байсан эмчид үзүүлэхэд доод давхарт ороод компьютер томографын шинжилгээ өгчих гэсэн. Шинжээчийн заасан газарт очиж мөнгө төлж компьютер томографын аппаратад ороход үзсэн эмч нь компьютер дээрээ хараад надад хандаж “таны тархи хавантай, доргилттой, дотор тархиндаа бага хэмжээний цус хуралттай байна. Та хамаагүй хөдөлгөөн хийж нэмж доргиож болохгүй, шимэгдэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй, гэмтлийн эмчид үзүүлж сайн эмчилгээ хийлгэж, дахиад ч нарийн шинжилгээ хийлгээрэй” гэж зөвлөсөн. Тэгээд манай гэрийнхэн намайг хэд хоног хөдөлгөөнгүй хэвтүүлсэн ба би химийн гаралтай эм тариа хэрэглэх дургүй, таарч тохирохгүй харшил өгөөд байдаг учраас Дэнжийн мянгад байдаг судас барьж тан өгдөг настай өвгөнд очиж судсаа бариулж үзүүлээд цус шимэгдэх тан авч уусан. Толгойн өвдөлт хэсэг хугацаанд намдсан боловч дахиж өвдөөд байхаар нь “С” нэртэй хувийн тархи толгой, мэдрэлийн эмнэлэгт үзүүлж, хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Одоо ч миний толгой жаахан ядарсан үед анх цохиулахад өвдөж байсан шигээ дүйрч манарч өвддөг болсон. Ц Т Т-д цохиулахаас өмнө миний толгой ингэж өвддөггүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69х/,
Гэрч Б.Тгийн: “...Би хувиараа барилгад бригад ажиллуулдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н гэх хүний хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг махны үйлдвэрт засал хийхээр болж аман гэрээ байгуулан ажилдаа орсон. Заслын ажил сарын дараа дуусаж үлдэгдэл 2.500.000 төгрөгийн авлага үлдчихээд мөнгөө авъя гэхээр нэг бол Бгаас ав гэнэ, Бгаас асуухаар Нийн хүү Шаас ав гээд байдаг. Би сар гаран мөнгө авах гэж явсан. Тэгээд явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ш над руу залгаад Б ирчихсэн байна гэхээр нь би яваад очтол Н эгч үйлдвэрийнхээ хашаанд зогсож байснаа юу хийж яваа юм гэхээр нь мөнгөө авах гээд ирлээ гэж хэлээд хамт махны үйлдвэрт нь ортол Б хүмүүсээс мах авах гээд зогсож байсан чинь Н Бд хандан “чи ямар мөнгөөрөө мах худалдаж аваад байгаа юм, хүмүүсийн мөнгийг өгөөч” гэж хэлээд мах хиллэж байсан хилийг нь унтраагаад автал Б Цэцэгээ эгчийг нэг удаа шанаа орчимд гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10х/,
Гэрч М.Шын: “...Би ээжтэйгээ хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Э гэдэг газар малын гаралтай түүхий эдийн наймаа хийх бизнес эрхлээд олон жил болж байгаа. Харин Ц Т Т бол манай Ээд махны үйлдвэр болон түүхий эдийн наймаа хийдэг хятадуудын орчуулагчаар ажиллаад 3, 4 жил болж байгаа хятад залуу юм. ... би ажилчдын өрөөнд Атай уулзаад Ц Т Т бүх зүйл минийх гэж анхнаасаа надад хэлж наймаа хийчхээд бас чи ч нотариат дээр орохдоо үнэнийг хэлээгүй байж яагаад ээж бид хоёрыг ингэж хуурч мэхэлж хохироож байгаа юм бэ гээд ярилцаж байтал гаднаас Ц Т Т орж ирсэн. Түүнээс хойш удаа ч үгүй 5-6 минутын дараа ээж ёолж орилсон байдалтай, Т эгч ээжийг түшчихсэн орж ирсэн ба “яав, юу болов” гэхэд тэр хоёр хоёулаа Ц Т Т-г ээжийг цохиж унагаж өшиглөчхөөд зугтаасан талаар ярьж байсан. Т эгч Ц Т Т-г “чи яагаад ээж шигээ хүнийг цохиж, өшиглөж байгаа юм бэ” гэж байсан. Ээж толгойгоо бариад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 73х/,
Гэрч Д.Мын: “...тэр хятад залуу манай эхнэр Нийг толгой руу нь цохиж унагаад өшиглөсөн юм билээ. Орой нь эхнэр гэртээ ирээд эхлээд газарт уначихсан чинь толгой дүйрч өвдөөд байна гэхээр нь шанааных нь судсыг барьж үзэхэд нэг талынх нь судас бүдэг цохилттой, нөгөө тал нь хүчтэй цохилж хэвийн байдлаасаа өөрчлөлт орсон байсан. ...тэр хятад залууд толгой руугаа хүчтэй цохиулсан талаараа надад “өвдөлт намдахгүй байна” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1323 дугаартай: “...Ц.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 17-18х/ (шинжээч Ц.Б)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1335 дугаартай:
“1. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Н” эмнэлгийн толгойн болон аарцагны компьютер томографын шинжилгээ, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн соронзон үелзүүрт томографын оношилгоо зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой.
2. Хохирогч Ц.Нийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Н” эмнэлгийн толгойн компьютер томографын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн MRI-н зургуудыг дахин уншуулахад баруун чамархайн тархины эдэд нягтрал ихэссэн голомтлог цусан хураатай, тархилаг эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон байна.
3. Хохирогч Н.Нийн биед үүссэн баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу тархилаг эд бага зэргийн хавантай гэсэн нь тархины эдийн голомтлог цусан хураатай хамт үүсэх тул тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй.
6 Хохирогч Н.Нийн биед учирсан тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой.
7. Хохирогч Н.Нийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдоогүй байна.
8. Цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129-133х/, (шинжээч Г.Энхбаатар)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ:
“1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.01.16-ны өдрийн 1323 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.
2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.12.04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 1335 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Ц.Нийн биед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4 2020.01.09-ний өдрийн Н эмнэлгийн толгойн КТГ-н зургаар баруун чамархайн тархины эдэд голомтлог цусан хураатай, тархины эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан нь тогтоогдсон, 2020.12.01-ний өдрийн толгойн MRI зурагт шинээр үүссэн цус харвалт тодорхойлогдоогүй, артерийн судаснуудад бөглөрөл, хэсэг газрын хананы цүлхийлт зэрэг архаг өөрчлөлт тогтоогдоогүй байна. Иймд энэ баруун чамархайн тархины эдэд үүссэн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. 2020.01.09-ний өдрийн Н эмнэлгийн толгойн КТГ-н зургаар Ц.Нийн биед тогтоогдсон баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой.
6. Ц.Нийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /1хх-ийн 217-223х/, (шинжээч М.Э, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэмболор)
Ц.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 08х/,
Хохирогч Ц.Нийн өвчний түүх, эмчилгээний баримт, Н эмнэлэг компьютер томографын оношилгоо, Соронзон үелзүүрт томографын оношилгоо /1хх-ийн 11х, 16х, 50х, 56х, 57х, 110х, 112х, 127-128х/,
Шүүгдэгч Б-ын иргэн Ц Т Т-н гэрчээр өгсөн мэдүүлэг: “...Н үгийн зөрүүгүй намайг труба төмөр бариад цохих гэхээр нь би зугтаасан чинь манай эхнэрийн нурууг цохиод авсан. Эхнэр Шагай намайг аваад гарах үед би мах хиллэдэг хил дээр очтол Н миний хилийг аваад шидэх гэхээр нь би болиулж хилээ аваад газар тавиад тэндээс холдсон, намайг зодох гэхээр нь би холдсон. Ийм л асуудал болсон. Би Нт гар хүрч цохиж зодоогүй, харин Н нь миний хүзүүг маажиж, Ш миний нүүрэнд гараараа цохисон. Надад гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Тухайн үед Н, манай хамаатны дүү Хуй Фун, ченж Э, хэд хэдэн ажилчин байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 28х, 81-83х/,
Шүүгдэгч Ц Т Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу гадаад паспортын хуулбар /1хх-ийн 91-92х/, Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-ийн 90х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 235х/,
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 344 дугаартай прокурорын тогтоол “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” /1хх-ийн 39-41х/,
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1007 дугаартай прокурорын тогтоол “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” /1хх-ийн 144-145х/,
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол “прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” /1хх-ийн 47-48х/,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гомдол /1хх-ийн 43х/, хүсэлт /1хх-ийн 140-141х/, прокурорын 110, 127 дугаартай хүсэлт хангах тухай тогтоол /1хх-ийн 51х, 142х/,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан Ц.Нийн хүсэлт /1хх-ийн 49х, 125х/, гомдол /1хх-ийн 52-54х/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дугаартай гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 62х/,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2008003691593 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1хх-ийн 150-151х/,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/428 дугаартай албан бичиг, өмгөөлөгч О.Баярбаясгалангийн хүсэлт /2хх-ийн 6х, 7-8х/
2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-ийн 21-24х/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б-ын иргэн Ц Т Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц Т Т-гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ц.Батзориг, Д.Оюунсүрэн нараас “...тус хэрэг нь хэт нэг талыг барьж шалгасан, хэрэг гардаг өдөр тухайн газар маш олон хүн байсан, тухайлбал, махны ченж Энхбаатар, 3 хятад хүн, өөр бусад ажилчид байсан, тэдгээрээс гэрчээр мэдүүлэг аваагүй, мөн хэргийн газарт үйл баримтыг хаана болсныг тогтоох зорилгоор үзлэг хийж бэхжүүлээгүй, хэзээ уг асуудал болоод байгаа нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд хэрэг гарсан гэх цаг хугацааг буруу бичсэн, хүмүүсийн мэдүүлэгт засвар оруулсан, оролцогчдын дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэрэг хаах тухай прокурорын тогтоолтой танилцуулаагүй зэрэг дутуу ажиллагаа болон процессын зөрчлүүд байгаа тул хэргийг прокурорт буцааж дээрх ажиллагааг хийлгэж, зөрчлийг арилгуулж өгнө үү” гэсэн байр суурийг илэрхийлж оролцов.
Шүүгдэгч Ц Т Т /C T T/ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “Э” түүхий эдийн зах дээр баригдсан махны үйлдвэрийн хөлдөөх зооринд хохирогч Ц.Нтэй маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унахад нь хөлөөрөө өгзөг рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Иргэн Ц.Нээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б-ын иргэн Т нэртэй Монгол нэр нь Б надтай уулзаад санаа зөрөлдөн гарч явсан. Маргааш нь мах авч байхад нь очоод чи юу хийж байгаа юм гээд мах хиллэдэг хилийг нь хойшлуулах гэтэл намайг цохиж унагаж гар мушгин пизда минь гэж хэлсэн” /1хх-ийн 5х/,
Хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд:
-2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Ц Т Т нь надаас газрын гэрчилгээгээ нэхсэн, тэгэхээр нь би өгөхгүй гээд бид хоорондоо маргаан болох үед Ц Т Т буюу Б гараа атгаж байгаад миний толгой руу нэг удаа цохиод би газар унасан чинь миний өгзөг хэсэгт нэг удаа нэмж өшиглөөд авсан” гэж, /1хх-ийн 26х/
-2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Б улсын иргэн Ц Т Т нь 2019 оны 12 дугаар сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүү бид хоёрын хөрөнгөөр худалдан авч барьж байгуулсан махны үйлдвэрийн хөргөлтийн зооринд надтай маргалдаж, улмаар гараа атгаж байгаад миний толгой руу гараараа нэг удаа цохиж газарт унагаад өгзөг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний толгой манарч түр ухаан балартаад газарт хэсэг өндийж суусан ба намайг барилгын ажил хөлсөөр хийсэн Т гараас татаж түшиж босгосон. Босоход толгой маш их өвдөж, бас аарцаг ясны орчим янгинаж өвдөөд явж чадахгүй байсан тул ёолж орилоод Ц Т Т-гийн араас хөргөлтийн зоориноос гарч ажилчдын өрөөнд ороход, тэнд миний хүү Ш, А хоёр буйдан дээр зэрэгцээд суучихсан, Ц Т Т наана нь тэр хоёр руу хараад зогсож байсан. Би хүүдээ хандаж “наадах чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. Би тухайн үед үр хүүхэд шигээ хүнтэй хэл үг хийгээд яах вэ гэж бодоод хуулийн байгууллагад хандаагүй. Харин ... 2020 оны 01 дүгээр сарын 8, 9-ний үед өргөдөл бичиж цагдаад өгсөн. Цагдаа шинжээч томилох тогтоол үйлдэж намайг шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь шүүх эмнэлэг орж тэнд байсан эмчид үзүүлж, ...компьютер томографын шинжилгээ өгөхөд “таны тархи хавантай, доргилттой, дотор тархиндаа бага хэмжээний цус хуралттай байна. Та хамаагүй хөдөлгөөн хийж нэмж доргиож болохгүй, шимэгдэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй, гэмтлийн эмчид үзүүлж сайн эмчилгээ хийлгэж, дахиад ч нарийн шинжилгээ хийлгээрэй” гэж зөвлөсөн. Одоо ч миний толгой жаахан ядарсан үед анх цохиулахад өвдөж байсан шигээ дүйрч манарч өвддөг болсон. Ц Т Т-д цохиулахаас өмнө миний толгой ингэж өвддөггүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69х/,
Хохирогч Ц.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр маргалдсан, намайг Ц Т Т нь пизда гэж хараачхаад яваад өгсөн. Харин маргааш нь буюу 26-ны өдөр намайг очиход хөлдөөгчийн цоож эвдээд орчихсон, мах хиллээд зогсож байхаар нь би явж очоод чи ямар мөнгөөрөө мах авдаг юм гэтэл миний толгой руу цохиж, өшиглөсөн. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Тгийн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н гэх хүний хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг махны үйлдвэрт засал хийхээр болж аман гэрээ байгуулан ажилдаа орсон. Заслын ажил сарын дараа дуусаж үлдэгдэл 2.500.000 төгрөгийн авлага үлдчихээд мөнгөө авъя гэхээр нэг бол Бгаас ав гэнэ, Бгаас асуухаар Нийн хүү Шаас ав гээд байдаг. Би сар гаран мөнгө авах гэж явсан. Тэгээд явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ш над руу залгаад Б ирчихсэн байна гэхээр нь би яваад очтол Н эгч үйлдвэрийнхээ хашаанд зогсож байснаа юу хийж яваа юм гэхээр нь мөнгөө авах гээд ирлээ гэж хэлээд хамт махны үйлдвэрт нь ортол Б хүмүүсээс мах авах гээд зогсож байсан чинь Н Бд хандан чи ямар мөнгөөрөө мах худалдаж аваад байгаа юм, хүмүүсийн мөнгийг өгөөч гэж хэлээд мах хиллэж байсан хилийг нь унтраагаад автал Б Цэцэгээ эгчийг нэг удаа шанаа орчимд гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10х/,
Гэрч М.Шын: “...би ажилчдын өрөөнд Атай уулзаад ярилцаж байтал гаднаас Ц Т Т орж ирсэн. Түүнээс хойш удаа ч үгүй 5-6 минутын дараа ээж ёолж орилсон байдалтай, Т эгч ээжийг түшчихсэн орж ирсэн ба “яав, юу болов” гэхэд тэр хоёр хоёулаа Ц Т Т-г ээжийг цохиж унагаж өшиглөчхөөд зугтаасан талаар ярьж байсан. Т эгч Ц Т Т-г “чи яагаад ээж шигээ хүнийг цохиж, өшиглөж байгаа юм бэ” гэж байсан. Ээж толгойгоо бариад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 73х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.Мын: “...тэр хятад залуу манай эхнэр Нийг толгой руу нь цохиж унагаад өшиглөсөн юм билээ. Орой нь эхнэр гэртээ ирээд эхлээд газарт уначихсан чинь толгой дүйрч өвдөөд байна гэхээр нь шанааных нь судсыг барьж үзэхэд нэг талынх нь судас бүдэг цохилттой, нөгөө тал нь хүчтэй цохилж хэвийн байдлаасаа өөрчлөлт орсон байсан. ...тэр хятад залууд толгой руугаа хүчтэй цохиулсан талаараа надад “өвдөлт намдахгүй байна” гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1335 дугаартай:
“2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Н” эмнэлгийн толгойн болон аарцагны компьютер томографын шинжилгээ, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн соронзон үелзүүрт томографын оношилгоо зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой. Хохирогч Ц.Нийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Н” эмнэлгийн толгойн компьютер томографын зураг болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн толгойн MRI-н зургуудыг дахин уншуулахад баруун чамархайн тархины эдэд нягтрал ихэссэн голомтлог цусан хураатай, тархилаг эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон байна. Хохирогч Н.Нийн биед үүссэн баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу тархилаг эд бага зэргийн хавантай гэсэн нь тархины эдийн голомтлог цусан хураатай хамт үүсэх тул тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй. Хохирогч Н.Нийн биед учирсан тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Хохирогч Н.Нийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдоогүй байна. Цаашид биеийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129-133х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 43 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ:
“Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.01.16-ны өдрийн 1323 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020.12.04-ний өдрийн Шүүх эмнэлгийн 1335 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. Ц.Нийн биед учирсан баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020.01.09-ний өдрийн Н эмнэлгийн толгойн КТГ-н зургаар баруун чамархайн тархины эдэд голомтлог цусан хураатай, тархины эд бага зэргийн хавантай, зүүн хажуу ховдлын урд эвэр бага зэрэг нарийссан нь тогтоогдсон, 2020.12.01-ний өдрийн толгойн MRI зурагт шинээр үүссэн цус харвалт тодорхойлогдоогүй, артерийн судаснуудад бөглөрөл, хэсэг газрын хананы цүлхийлт зэрэг архаг өөрчлөлт тогтоогдоогүй байсан байна. Иймд энэ баруун чамархайн тархины эдэд үүссэн голомтлог цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020.01.09-ний өдрийн Н эмнэлгийн толгойн КТГ-н зургаар Ц.Нийн биед тогтоогдсон баруун чамархай хэсгийн тархины эдийн голомтлог цусан хураа гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Ц.Нийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” /1хх-ийн 217-223х/,
Шинжээч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н хэрэг болсноос хойш 14 хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. “Н” эмнэлгийн толгой компьютер томографын зургийг үзэхэд 1,2:0,5 см хэмжээтэй жижиг голомтлог цусан хуралттай байсан. Үүний дараа нэмэлтээр 2020 оны 12 дугаар сард дахин имрайн шинжилгээ хийлгэсэн байдаг. Нийн толгой хэсэгт цус хуралт байна гэдгийг дүрс оношилгооны эмч нараар уншуулсны үндсэн дээр бид Нийн биед хөнгөн зэргийн гэмтлийн зэрэг тогтоогдсон гэж үзсэн. Тархины баруун чамархайн хэсэгт байгаа тархины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан. Б эмчийн “тархины баруун чамархайн хэсэгт байгаа тархины цус хуралт нь гэмтлийн зэрэг биш юм” гэсэн дүгнэлтийг бид шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзсэн. Бид “Н” эмнэлгийн толгой болон аарцаг ясны компьютер томографын зургийг үзээд хохирогчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэж үзсэн. Нийн биед учирсан гэмтэл нь цусан хураалт биш, цус хуралт. Цус хуралт яг хэд хоногт эдгэрэх нь тодорхойгүй. Цус хуралтын эдгэрэлт эмчилгээ хийгдсэн эсэхээс хамаарна. Цус хуралт үүссэнээс хойш хэд хоногт шимэгдэж алга болохыг мэдэх боломжгүй. Цус хуралт гэдэг нь тархины эдтэй нэгдсэн байхыг хэлнэ. Цусан хураа гэдэг нь шингэн цус байхыг хэлнэ. Компьютер дээр цус хуралт гэж бичсэн байсныг бид дүгнэлтдээ бичихдээ цусан хураа гэж алдаа гаргаж андуураад бичсэн байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь цус хуралт гэмтэл юм. Цусан хураа болон цусан хуралт нь хэмжээ жижиг тул аль аль нь шимэгдэх боломжтой. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд илүү хурдан шимэгдэнэ. 14 хоногт цусан хураа болон цусан хуралт нь бүрэн шимэгдэх боломжтой эсэхийг мэдэх боломжгүй. Гэхдээ энэ цус хуралт, цусан хураа гэсэн 2 гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар аль алин нь хөнгөн гэмтэлд хамаарна, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Ц.Нийн өвчний түүх, эмчилгээний баримт /1хх-ийн 11х, 16х, 56х, 57х, 110х, 112х, 127-128х/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Нийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд “...Б-ын иргэн Ц Т Т буюу Монгол нэр нь Б гэгчид цохиулсан, өшиглүүлсэн” тухайгаа мэдүүлсэн, дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, улмаар хохирогчийн мэдүүлэг нь тухайн үед хажууд нь байсан гэрч Б.Тгийн мэдүүлэг, дамжмал байдлаар гэрчилсэн гэрч М.Ш, Д.М нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон шинжтэй, дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх өөр хөндлөнгийн нотлох баримтгүй байна.
Мөн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Н” эмнэлгийн толгойн компьютер томографын шинжилгээгээр “... хохирогч Ц.Нийн баруун талын чамархай хэсгийн тархины эдэд 1,2х0,5см хэмжээтэй +54HU, +64HU цус хуралт тодорхойлогдоно” гэж тусгагдсан атал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1323 дугаартай дүгнэлтэд “...Ц.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн, уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан “...шинжээчийн 1323 дугаартай дүгнэлтэд Н эмнэлгийн томографын шинжилгээгээр илэрсэн дээрх оношийг бичилгүй орхигдуулсан” тухайгаа хэлж өөрийн гаргасан дүгнэлтийн учир дутагдалтайг үгүйсгээгүй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 43 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд дээрх 1323 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй гэж, харин шинжээчийн 1335 дугаартай дүгнэлт нь үндэслэл бүхий гарсан байна” хэмээн дүгнэсэн байх тул Ц.Б шинжээчийн гаргасан 1323 дугаартай “...Ц.Нийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлтийг шүүхээс үнэлэх боломжгүй байна.
Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1335, 43 дугаартай шинжилгээгээр хохирогчид учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, улмаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн 43 дугаартай дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч М.Э нь “...хохирогчид учирсан гэмтэл нь цусан хураа бус цус хуралт гэмтэл байна. Цус хуралт гэдэг нь тархины эдтэй нэгдсэн байхыг хэлнэ. Цусан хураа гэдэг нь шингэн цус байхыг хэлнэ. Компьютер дээр цус хуралт гэж бичсэн байсныг бид дүгнэлтдээ бичихдээ цусан хураа гэж алдаа гаргаж андуураад бичсэн байна. Гэхдээ энэ 2 гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар аль аль нь хөнгөн гэмтэлд хамаарна, гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэж мэдүүлсэн тул шинжээчийн нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж дүгнэн, дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 1335, 43 дугаартай дүгнэлт, шинжээч М.Эын мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх зэрэг нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ц Т Т болон хохирогч Ц.Н нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаанаас улбаатайгаар шүүгдэгч нь хохирогчийн бие махбодод халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогч Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б-ын иргэн Ц Т Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хэдийгээр шүүгдэгч Ц Т Т нь “намайг Ц.Н нь труба төмрөөр цохиж зодсон, араас юм авч шидсэн” гэж мэдүүлсэн боловч түүний эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэх талаар нотолсон баримтгүй, тэрбээр мөрдөн байцаалтын шатанд “өөрийн бие махбодод учирсан гэмтэл байхгүй” хэмээн шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан нь мөрдөгчийн тогтоолд тэмдэглэгдсэн /1хх-ийн 29х/ байх тул Ц Т Т нь бусдад зодуулсан гэх асуудал нь баримтаар нотлогдоогүй байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зарим нотлох баримт, гэм буруугийн асуудлаар санал, дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох”-ыг тогтоож чадаагүй, хэргийн газарт үйл баримтыг хаана болсныг тогтоох зорилгоор үзлэг хийж бэхжүүлээгүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа нь тодорхойгүй гэх асуудлын тухайд:
Тус хэрэгт авагдсан хохирогч Ц.Н, гэрч Б.Т, шүүгдэгч Ц Т Т нарын мэдүүлгээс үзвэл, тухайн хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Эийн түүхий эд авах газарт баригдсан махны үйлдвэрт буюу мах хөлдөөх хэсэгт үйлдэгдсэн талаар дурдсан, мөн хохирогч Ц.Н, шүүгдэгч Ц Т Т нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр маргалдаад салсан. Маргааш нь буюу 26-ны өдөр уг асуудал /зодоон/ болсон” гэж мэдүүлцгээсэн, тэдгээрийн мэдүүлгийн агуулгаас үзвэл, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааны хувьд зөрүүгүй байх тул гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Э” түүхий эдийн зах дээр баригдсан махны үйлдвэрийн хөлдөөх зооринд” үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэл болсон.
2. Тухайн хэргийг хэт нэг талыг барьж шалгасан. Гэр бүлийн 3 гишүүний мэдүүлгээр шүүгдэгчийг яллаж байна. Хэрэг гардаг өдөр тухайн газар маш олон хүн байсан, тухайлбал, махны ченж Энхбаатар, 3 хятад хүн, өөр бусад ажилчид байсан, тэдгээрээс гэрчээр мэдүүлэг аваагүй гэх асуудлын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “...гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор тодорхойлжээ.
2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Ц Т Т болон хохирогч Ц.Н нарын хооронд маргаан болж, улмаар шүүгдэгч нь хохирогчийг цохих үед хажууд нь /тухайн үйлдвэрийн газрын хашааг барьсан/ байсан Б.Т нь тухайн үйл явцыг гэрчилж гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд гэрч Б.Т нь шүүгдэгч болон хохирогчийн хэн алинтай нь хамааралгүй, хөндлөнгийн хүн байна. Харин гэрч М.Ш, Д.М нар нь хохирогч Ц.Нтэй хамааралтай буюу нэг гэр бүлийн гишүүд болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон ба гэрч Б.Шын хувьд өөрийн эх Ц.Н, гэрч Б.Т нар нь оффист орж ирэхдээ “Цүй Та Тао-д Ц.Н нь цохиулчихлаа” гэж орж ирснийг, гэрч Ц.Мягмар нь “...манай эхнэр тэр хятад залууд толгой руугаа хүчтэй цохиулсан талаараа надад “өвдөлт намдахгүй байна” гээд хэлж байсан” хэмээн дамжмал байдлаар гэрчилсэн байна.
Дээрх байдлаас үзвэл, Ц.Н нь Ц Т Т-д зодуулсан гэх асуудлыг зөвхөн хохирогч Ц.Нийн гэр бүлийн гишүүдийнх нь мэдүүлгээр нотолж буй бус шууд гэрчилсэн хөндлөнгийн гэрч болох Б.Тгийн мэдүүлгээр нотлогдсон тул нэмж гэрч нарыг асуулгахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь нийт 3.420.000 төгрөгийг шүүгдэгч Ц Т Т-с нэхэмжилсэн байх боловч тус хэрэгт эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 270.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. /1хх-ийн 11х, 16х/
Шүүгдэгч Ц Т Т нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар тогтоогдсон 270.000 төгрөгийг хохирогч Ц.Нийн данс руу шилжүүлсэн тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болно.
Харин хохирогч Ц.Н нь эмчилгээ хийлгэсэн гэх бусад баримтгүй зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Т Т-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...шүүхээс нэгэнт гэм буруутайд тооцсон тул дараах санал дүгнэлтийг гаргаж байна. Тус гэмт хэргийн үйлдэгдсэн гэх цаг хугацаа эргэлзээтэй боловч хэрэв гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэж үзвэл тэрнээс хойш даруй 1 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа тоолоход 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан. Уг хуулийн заалттай холбогдуулан гомдол гаргасны дагуу Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтээр уг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийг хэрэглэн шүүгдэгч Ц Т Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц Т Т нь иргэн Ц.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2008003691593 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-ын иргэн Ц Т Т-г яллагдагчаар татсан байна. /1хх-ийн 150-151х/
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчим үйлчлэхгүй гэж заасан байна.
Монгол Улсын Их хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянуулж шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу маргаан үүсгэж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянан шийдвэрлэсэн дээрх асуудлууд нь хоорондоо уялдаа холбоотой, хамааралтай асуудлууд байх бөгөөд шүүгдэгч Ц Т Т-д холбогдох хэргийг дээрх үндэслэлээр түдгэлзүүлэх боломжгүй байна.
Иймд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц Т Т нь гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хуулийн 1.1 дэх заалтад “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол ...яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчлагдсан байна.
Тухайн хэргийн хувьд, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдэж улмаар 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц Т Т-г яллагдагчаар татсан буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрөөгүй байхад яллагдагчаар татагдсан байх тул Ц Т Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц Т Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц Т Т-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг орлоготой байдал зэргийг тус тус харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц Т Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “... шүүгдэгч Ц Т Т нь Б-ын иргэн бөгөөд түүнд прокурорын яллах дүгнэлтийг гардуулж өгөхдөө хятад хэл дээр орчуулж гардуулж өгсөн, уг орчуулгыг хийхэд 110.000 төгрөг болсон нь 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар хуудсанд авсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдоно. Уг орчуулгын хөлс, зардлыг мөрдөгч О.М нь өөрөөсөө гаргаж төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул шүүгдэгч Ц Т Т-гаас 110.000 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Мд олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ын иргэн Ц Т Т /C T T/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц Т Т /C T T/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Т Т /C T T/-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц Т Т /C T T/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц Т Т /C T T/-аас 270.000 (хоёр зуун далан мянга) төгрөгийг хохирогч Ц.Нт төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Н нь нэхэмжилсэн эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц Т Т /C T T/-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 110.000 (нэг зуун арван мянга) төгрөгийг шүүгдэгч Ц Т Т /C T T/-аас гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Мд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц Т Т /C T T/-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ