Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 773

 

2017 оны 04 сарын 12 өдөр            Дугаар 182/ШШ2016/00773         Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол, 412-83 тоотод оршин суух Манал овогт Чойжилжавын Сүрэнхорлоо /РД: ЧЗ47022810/-ийн нэхэмжлэлтэй                       

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 4-р хороо, Соёл урлагийн их сургуулийн замын урд, Чамзонь төвийн 8/5 байрны баруун талд байрлах Плас бенз авто засварын газрын эзэн Амгалан овогт Эрдэнэчимэгийн Баяраа /РД: ЧМ63012718/-д холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, иргэдийн төлөөлөгч Б.Мядаг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагч Э.Баяраагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн бага тойрууд байрлах PLUS бенз авто сервис засварын төвд 2016.01.05-ны едөр 0091 УНТ улсын дугаартай Benz ML 350 чаркийн авто машиныхаа рулийн аппаратыг солиулахаар машиныг хүлээлгэж өгсөн боловч ямар ч бичиг баримт гаргаж өгөөгүй манайх найдвартай тул та санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Гурав хоногийн дараа очиход засвар хийж дууссан сэлбэг сольж тавьсны төлбөр гэж 3.000.000 төгрөг авсан. Мөн моторын чаг чаг дугарч байгааг би арилгаад өгье манай инженерүүд засах арга олсон гэхээр нь машинаа өгөөд явсан бөгөөд моторын засвар үйлчилгээ гэж мөн 3.000.000 төгрөг авсан. Засварын газрын эзэн Баяраа нь “Авто машины засвар үйлчилгээний хуудас” №64 гэх баримтыг 2016.01.25-ны өдөр үйлдэн моторт 1 жилийн баталгаат хугацаа гаргаж өгсөн. Гэвч мотор нь ашиглах боломжгүй байгаа тул машиныг ашиглаж чадахгүй байна. Машиныг асаахад маш их хэмжээний хар утаа хаядаг бөгөөд мотор цохиход бэлэн байдалтай байсан тул одоог хүртэл грашинд байлгасаар байна.

Уг байгууллагаар гэм хорийн хохирлоо арилгуулахаар шүүхэд хандсан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна, ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргана уу гэсний дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Ажлын үр дүнгийн талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэн доголдлыг арилгахыг удаа дараа шаардсан боловч гильц, поршингоо аваад ирвэл үнэгүй сольж өгье гэсэн хариу өгсөн. Гэвч засвар үйлчилгээний хуудсан дээр ийм зүйл тусгаагүй байх тул ажил гүйцэтгэгчээр доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаж байна.

 Иргэний хуулийн 352-р зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх” гэж заасан байдаг. Иймд хариуцагчийг уг моторыг засч, доголдлыг арилгахыг даалгаж өгөх шаардлагаа  өөрчилж  хариуцагч талын зүгээс доголдлыг арилгахгүй гэж тайлбарладаг тул Иргэний хуулийн 355.1, 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний тбөлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй, Э.Баяраад холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч тал өөрчилсөн нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 355.1, 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Иргэний хуулийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Ийм учраас нэхэмжлэгч тал гэрээг цуцалж, үйлчилгээний хөлсийг нэхэмжлэхийн тулд эхний нөхцөл нь хариуцагч Э.Баяраа үүргээ ноцтой зөрчсөн байх ёстой.

Энэ хэргийг урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Шийдвэр, Магадлалд нэхэмжлэгчийн машины моторт юуны улмаас, ямар хэмжээний эвдрэл, гэмтэл учирсан эсэх нь тодорхой бус, цаашилбал эвдрэл гэмтэл учирсан гэж үзсэн ч түүнийг хариуцагч Э.Баяраа учруулсан гэж үзэх үндэслэлгүй болохыг нэгэнт тогтоосон. Мөн тухайн хэргийг шийдвэрлэх явцад шинжээч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулиас ирүүлсэн дүгнэлтэд "...хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгааныг тогтоох, уг эвдрэлийн үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. ...хөдөлгүүрийг асааж хөдөлгөөнд оролцсон байна" гэсэн байдаг. Мөн энэхүү (одоогийн) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч Э.Баяраа нь автомашиныг засварлах үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өмнө тайлбарласанчлан хариуцагч Э.Баяраа нь нэхэмжлэгчийн хүссэнээр машины моторыг их элэгдсэн, бага элэгдсэн гильц поршинг сөөлжүүлж тавих байдлаар засч өгөөд, цаашид моторын блок, гильц поршин солихгүй бол бүрэн засагдах боломжгүйг хэлсэн байдаг. Улмаар Ч.Сүрэнхорлоо нь шинээр сэлбэг хэрэгсэл сольж тавих боломжгүй, боломжоороо засаад өгөөчээ гэж хүссэн. Энэ нь тухайн үед талууд ажлын гүйцэтгэл, үр дүнг тохиролцсон хэрэг юм. Хэрэв Ч.Сүрэнхорлоо нь солих шаардлагатай сэлбэг хэрэгслийг авчирсан бол тухайн үед нь сольж өгөх бүрэн боломжтой байсан. Авто засварын газрын зүгээс одоо ч Ч.Сүрэнхорлоод хөнгөлөлт үзүүлж, солих сэлбэг хэрэгслээ аваад ирвэл үнэ төлбөргүй сольж өгөхийг мэдэгдсэн байгаа болно.

Гэтэл нэхэмжлэгч тал шүүхэд үйлчилгээний хөлс 3 сая төгрөгт багтаан бүх сэлбэг хэрэгслийг шинээр сольж автомашиныг засварлах ёстой байсан мэтээр нэхэмжлэл гаргаад байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Авто засварын үйлчилгээний хөлс нь засварын ажлыг гүйцэтгэсний хөлс бөгөөд ажлын явцад сэлбэг хэрэгсэл шинээр тавих, солих бол түүний үнийг үйлчлүүлэгч төлдөг. Өөрөөр хэлбэл үйлчилгээний хөлс тохирч байгаа нь автомашины ямар ч хэмжээний эвдрэл, гэмтлийг сэлбэг хэрэгслийг оролцуулан тухайн үнээр засварлана гэсэн үг биш бөгөөд ингэх ч боломжгүй. Сэлбэг хэрэгсэл нь олдоц, ашиглалт, чанар зэргээсээ хамаараад үнийн хувьд янз бүр байдаг.

Иймд Э.Баяраа нь засварын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ ямар нэг байдлаар зөрчсөн явдал гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрсний дагуу боломжит ажил үйлчилгээг үзүүлсэн. Иргэний хуулийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх тул хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу авто засварын үйлчилгээ үзүүлж, эвдрэлийн талаар бүрэн мэдээлэл өгч, засварлах боломжит хувилбаруудыг санал болгож, түүний зөвшөөрсөн арга хэмжээг авч тохиролцсон үйлчилгээг үзүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Ч.Сүрэнхорлоо сольж тавих сэлбэг хэрэгслээ авч ирэн засуулахаар хандаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах хуульд заасан хэлбэрийн шаардлагыг ч мөн хангаагүй байгааг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 355.1, 225.1, 226.1, 204.1 дэх хэсэгт тус тус зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон байх зэрэг шаардлагууд тавигддаг. Нэхэмжлэгчээс хариуцагчид түүнийг үүргийн зөрчил гаргасан гэж үзэж байгаа талаар мэдэгдээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлээгүй байдаг.

Иймд Э.Баяраагаас 3,000,000 төгрөг гаргуулах тухай Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг хариуцагч Э.Баяраагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  Чингэлтэй дүүргийн бага тойрууд байрлах Плас бенз авто сервис засварын төвд  өөрийн эзэмшлийн бенз ML-350 00-91 УНТ авто машины  моторын “чаг чаг гэсэн дууг арилгаж”  засварлуулахаар,  засварын  ажлын хөлсөнд   3.0 сая төгрөгийг   засварын газрын эзэн Э.Баяраад хүлээлгэн өгчээ. Үүнд талууд маргаагүй. Дээрх үйл баримтаар талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

  

  Нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо нь автомашиныг засварлуулж машины хүлээн авсны  дараах  3  хоногоос  моторын дуу  улам ихэсч,  засварласан  гэх  боломжгүй  байдал  илэрсэн  бөгөөд  түүнээс хойш  хөдөлгөөнд  оролцоогүй  авто зогсоолд зогсч, гүйцэтгэсэн  ажлын  үр дүн доголдолтой  байсан гэсэн тайлбар гаргасан.  

 

Түүний дээрх  тайлбарыг нэхэмжлэгчээс ирүүлсэн  Баянмонгол СӨХ-ийн  2016 оны 4 дүгээр сарын 12 ны өдрийн  албан бичгээр:  Ч.Сүрэнхорлоо нь Баянмонгол хорооллын 410-414-р байрны  311 тоот авто зогсоолд  00-91 УНТ улсын дугаартай БЕНЦ маркын суудлын автомашин 2016 оны 04 дүгээр сараас  байнга зогсож байгаа гэсэн  тодорхойлолт  нотлохгүй байна.

 

Учир нь  дээрх албан  бичиг  авто машины    эвдрэлийн  цаг   хугацааг  тогтоосон баримт  биш юм. 

 

Мөн нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн авто машины засварын газарт очиж машин засварлагдаагүй хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа тухай олон удаа хэлж ярьсан боловч засварлаж өгөөгүй гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн бөгөөд нэхэмжлэгч баримтаар нотлоогүй. 

 

Дээрх үйл баримтаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоо гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагч  Э.Баяраад  мэдэгдсэн гэж  үзэхгүй бөгөөд   Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ... талууд гэрээний гүйцэтгэлийг  биет байдлаар  нь... харилцан буцаан өгөх    үүрэг үүсэхгүй байна.

 

Хэдийгээр хариуцагч Э.Баяраа ...нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн хүссэнээр машины моторыг их элэгдсэн, бага элэгдсэн гильц поршинг сөөлжүүлж тавих байдлаар засч өгөөд, цаашид моторын блок, гильц поршин солихгүй бол бүрэн засагдах боломжгүйг хэлсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иймд  нэхэмжлэгчийн   засварын  хөлс 3.0 сая төгрөгийг   буцаан  нэхэмжилсэн   нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

 

Нөгөөтэйгүүр автомашины засвар үйлчилгээний 64 дугаартай хуудаст “1 жилийн хугацаанд моторт баталгаа гаргаж өгөв” гэсэн нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т зааснаар баталгаат хугацаа нь уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох үндэслэл болохоос засвар хийх үүрэг хүлээсэн хэлцэл болж чадахгүй юм.  

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Э.Баяраагаас 3,000,000 төгрөг гаргуулах Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д   зааснаар Э.Баяраагаас 3,000,000 төгрөг гаргуулах Ч.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Сүрэнхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                      Б.САЙХАНЦЭЦЭГ