Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/619

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/,

шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ы Лыг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2103000970120 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын 04-ний өдөр ... хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт О-ы Л /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Жанцангийн уулзвар замд Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Нг мөргөн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9х, 13-14х/, “...” спорт цогцолборын гаднах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын мэдүүлэг /хх-ийн 27-28х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-53х/, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 999032 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-69х/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 72х/, шүүгдэгч О.Лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 86х/, жолоодох эрхийн лавлагааны хуулбар /хх-ийн 87х/, оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 88х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 89х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /хх-ийн 92х/, “...” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 93х/, шүүгдэгч О.Лын мэдүүлэг /хх-ийн 82-83х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Л нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Жанцангийн уулзвар замд Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Нг мөргөн амь насыг нь хохироосон үйл баримт нь:

2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9х, 13-14х/,

“...” спорт цогцолборын гаднах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...зорчих хэсгийн урд талд зогсож байсан явган зорчигч ертөнцийн зүгээр баруун тийш зам дагуу алхаж байгаад зорчих хэсэг рүү орж 2 тээврийн хэрэгсэл өнгөрөөгөөд баруунаас зүүн тийш чиглэлийн 1, 2 дугаар эгнээг урдаас хойш чиглэлтэй алхаж замын голд 00:44 секундэд ирж зогсоод 1, 2 дугаар эгнээнд явж байсан 2 тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд зүүнээс баруун чиглэлийн зорчих хэсэг рүү ороод 2 дугаар эгнээг өнгөрч 1 дүгээр эгнээ рүү орох үед зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан улаан хүрэн өнгийн суудлын автомашины урд талд гэрлийн тусгалд орж мөргүүлж байна. Тухайн автомашин зогсож 01:11 секундэд уг автомашины баруун урд талын хаалга буюу жолооч талын хаалгаар хүн бууж байгаа дүрс бичигдсэн.” /хх-ийн 24х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын: “...2021 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн орчимд утсаар манай төрсөн дүү Н.М ярьж ээж машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхэд би гэртээ байсан болохоор гарч яваад төрсөн эгч О.Т, төрсөн дүү С.М нарыг замаараа аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед манай эгч О.Т, дүү С.М хоёр гэмтлийн эмнэлгийн хүлээн авах руу орж ээжтэй уулзсан. ...С.М гарч ирээд ээжийг сахихаар боллоо эмч хэлэхдээ ясны хугарал байхгүй байна, тархиндаа гэмтэл авсан, бага зэрэг цус харвалттай гэж хэлээд хэвтүүлнэ гэж хэлсэн. ...дүү С.Мийг сахиураар үлдээгээд бид явсан. Тэгтэл 04 цаг өнгөрч байхад дүү С.М утсаар залгаад ээж хачин болчихлоо гэж хэлээд уйлаад хурдан ир гэж хэлсэн. Тэгээд 20 орчим минутын дараа эгч О.Тийн хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиход ээж өнгөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 719 дугаартай:

“1. О.Н-н цогцост баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины гүүр, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, умдагны баруун дээд, доод салааны далд зөрөөтэй хугарал, давсагны урд ханын урагдал, давсаг, хэвлийн гялтангийн урд болон ар ханын тархмал цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хацар, баруун ташаа, зүүн доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун мөр, хоёр шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагз, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины гүүр, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, умдагны баруун дээд, доод салааны далд зөрөөтэй хугарал, давсагны урд ханын урагдал, давсаг, хэвлийн гялтангийн урд болон ар ханын тархмал цус хуралт, дух, зулайн хуйх, зүүн хацар, баруун ташаа, баруун өвдөгт цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, баруун шанаа, зүүн доод зовхи, хамрын нурууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун мөр, хоёр шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 2-с дээш хоногийн өмнө үүссэн байна.

3. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, элэгний архаг үрэвсэл өвчтэй байсан ба дээрх өвчнүүд нь үхэлд хүргээгүй байна.

4. Талийгаач нь умдагны баруун дээд, доод салааны далд зөрөөтэй хугарал гэмтлийн хүндрэл болох уушигны судасны өөхөн бөглөөдсийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.

5. Цус нь АВО системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна.

6. Талийгаачийн цусанд спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх шинжилгээ /хх-ийн 47-53х/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 999032 дугаартай шинжээчийн:

“1. Toyota Prius-30 маркийн ... улсын дугаартай автомашин нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангаж байна.

2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд буфер, баруун гэрлийн доод хэсэгт 2см хэмжээтэй цуурсан байгаа боловч, өнгө үзэмж хэвийн стандартын шаардлага хангаж байна.

3. Уг тээврийн хэрэгслийн урд буфер 2см цуурсан байгаа гэмтэл нь тухайн ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. Тухайн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно.

4. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, цахилгаан АBS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна.

5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /хх-ийн 65-69х/,

Мөрдөгчийн 97 дугаартай магадлагаа: “...Toyota Prius-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О овогтой Л нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч О овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” /хх-ийн 72х/,

Шүүгдэгч О.Лын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82-83х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч О.Л нь 2013 онд жолооч болсон, жолоочийн эрх, үүргийг мэдвэл зохих этгээд байх атал тэрбээр хэрэг учрал болох өдөр үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хурдаа тохируулж яваагүй, саад учирсан тохиолдолд хурдаа хасах арга хэмжээ аваагүй, нөгөө талаас явган зорчигч нь явган хүний гарц ойролцоо байсаар байтал гарцгүй газраар гарч явсан байдал нь нөлөөлж, тухайн гэмт хэрэг гарахад хүргэсэн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Лын дээрх болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Маас амь хохирогч О.Нгийн оршуулгын зардалтай холбоотойгоор баримтаар 4.705.559 төгрөгийн баримтыг гаргаж өгч шүүгдэгчээс нэхэмжилснээс  шүүгдэгч нь 5.500.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын “...нийт 5.500.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэрэгт холбогдогчийн ар гэрээс төлж барагдуулсан. Санал гомдолгүй...” гэх хүсэлтээр /хх-ийн 33х/ тогтоогдсон тул шүүгдэгч О.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь О.Лд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулсан, яллагдагч /шүүгдэгч/ О.Л нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч О.Лд ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Лын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Л нь тэнссэн 2 жил 3 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч О.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ы Лыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь тэнссэн 2 жил 3 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг О.Лд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч О.Лын В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ