| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/175 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Хохирогч Э.*************
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************гийн *************д холбогдох эрүүгийн 2138000000168 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ************* овогт *************гийн ************* РД:(*************)-д холбогдох,
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.************* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*************ыг машинд хүчээр суулган, машин дотор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*************ыг машинд хүчээр суулган, машин дотор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000168 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би манай ажлын газрын захирал Батбилэгийн эзэмшлийн хөх өнгийн портер машинаар Билэг их дэлгүүрийн хажуугаар явж байсан Билэг их дэлгүүрт манай эхнэр худалдагч хийдэг юм. Тэгтэл Билэг их дэлгүүрийн урд талд манай эхнэртээ явалдаад байгаа Жаргалбат гэдэг залуугийн машин зогсож байсан тэгээд би Жаргалбатын машины хажууд зогстол Жаргалбат машинаа асаагаад яваад өгсөн. Би дэлгүүрийн гадаа хүлээж байсан чинь манай эхнэр дэлгүүрээс гарч ирэхээр нь би машинд суучих гэж хэлсэн тэгэхэд манай эхнэр суухгүй байхаар нь би хүчээр машиндаа суулгаад 5 дугаар хорооны гудамд очоод *************аас гар утсаа өг гэж хэлсэн тэгтэл ************* чи миний утсаар яах гээд байгаа юм гэхээр нь би гар утсыг булааж аваад өөрийн уураа барьж чадалгүй машин дотор сууж байсан *************ын зүүн тал руу нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэгээд *************ыг буулгачхаад явсан. Би явахдаа гар утсыг аваад явсан юм. Тэгээд би ажил дээрээ очоод байж байтал *************ын эмээ ************* миний гар утас руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь ажилтай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь эмээ нь юун ажил, ажил хийж байгаа хүн хүн зоддог юм уу гэж хэлээд утсаа салгасан тэгээд 5 минутын дараа манай хадам эгч ************* мөн над руу залгаад хурдан хүрээд ир гээд нэг үг хэлсэн. Би тэр үгийг нь сайн сонсож чадаагүй ажлаа тараад яваад очъё гээд утсаа салгасан. Тэгээд удаагүй байж байтал цагдаагийн газраас ************* байцаагч залгаад хүрээд ир гэхээр нь би цагдаагийн газарт очиж ************* байцаагчид мэдүүлэг өгөөд гар утсыг мөн буцаан өгсөн. ... Би биеийнх нь зүүн талын шанаа, зүүн гар, цээжний зүүн хэсэг рүү цохисон. Би *************ыг 3-4 удаа гараараа цохиж нэг удаа хөлөөрөө зүүн хөл рүү нь өшиглөсөн. Одоо бид хоёр эвлэрсэн. Эхнэрээсээ уучлалт гуйсан.
Дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.*************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орой 19 цагийн үед ажлаасаа гараад ажлын газрын үүдэнд байж байтал манай нөхөр ************* хөх өнгийн портертой зогсож байсан. Тэгээд намайг машинд суу гэхээр нь би суухгүй яах гэж байгаа юм гэсэн чинь өөрөө машинаасаа бууж ирээд намайг машиндаа суулгаад 5 дугаар хорооны гудамд зогсоод гар утсаа өг гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь ************* миний гарыг мушгиад миний гар утсыг авсан. Тэгснээ намайг машин дотроо нүүр, нүдгүй цохиод байсан. Тэгээд намайг машинаас буу гэж хэлээд буулгачхаад яваад өгсөн. Би тэр даруйдаа цагдаагийн газарт ирж гомдол гаргасан юм. ... ************* намайг хүнтэй хардаад зодсон би уг нь *************д хардуулах шалтгаан гаргаагүй. ************* угаасаа маш их хартай хүн. Намайг зодож байхдаа би чамайг талд аваачаад алчхаж чадна шүү чи ганцаараа учраас чамайг өмгөөлж хамгаалах хүн байхгүй шүү гэж хэлсэн. ... Миний зүүн талын гар, зүүн шанаа тэр хэсэг рүү цохисон, мөн миний үснээс зулгааж хоолой боосон, миний гэдэс, элэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. ... ************* намайг урд өмнө зөндөө зодож гэмтээдэг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг зодоод би цагдаад гомдол гаргаад шүүх 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан байсан. ... одоо бид эвлэрсэн нэг гэрт хамт амьдарч байгаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. ” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай хүү ************* 10 жилийн өмнө *************тай танилцаад нэг гэрт амьдарч байгаа энэ хоёр, нэг гэрт ороод 5 жил болж байна. Энэ хоёрын дундаас хоёр хүү гарсан. Энэ хоёр урд өмнө зүгээр харьцаатай байж байгаад сүүлийн 2 жилээс хоорондоо маргалдаж, муудалцаж, хэрэлдэж, зодолдох болсон. ************* манай хүүг өөрөө ч гэсэн зоддог. Харин тэрийг нь манай хүү тэвчихгүй зөрүүлээд цохичихдог юм. Тэгээд энэ хавар *************ыг эмээ ************* гуайн хашаанд буулгаж тусад нь байлгаж байгаа харин ************* очихгүй манайд байгаа. Энэ хоёр аль алинд нь л байгаа байх гэж боддог ганцхан *************ын буруу байгаа гэж би бодохгүй байна. Би хүүгээ өмөөрч байгаа юм биш шүү. ... Миний ойлгож байгаагаар хардалтаас үүдэлтэй хэрүүл маргаан гардаг байх. ...” гэх мэдүүлэг (хх-34х),
Гэрч Л.*************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр намайг ажил дээрээ байж байтал өдрийн 15 цагийн үед манай ажлын хоёр давхарт гэнэт хүн орилж чарласан дуу гарсан тэгэхээр би гүйгээд хоёр давхарт гараад хартал *************ын нөхөр нь ажил дээр согтуу ирсэн тэр хоёр хэрэлдэж байсан. Намайг хоёр давхарт гарахад *************ын нүүр, ам нь улайсан, үс нь сэгсийсэн байсан би тэгээд тэр хоёрт хандаж энэ олон нийтийн үйлчилгээний газар хэрэлдэж болохгүй гэртээ харь гэж хэлээд нөхрийнхөө эмэгтэй дүү утсаар яриад явуулсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг (хх-36х),
Гэрч Д.*************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 014 дүгээр сарын 28-нд би *************тай утсаар ярих гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. тэгж байтал 19 цаг өнгөрч байхад ************* над руу залгаад ************* намайг зодчихлоо гээд уйлаад ярьсан. Би урдаас нь тосоод гартал манай гудамжны ойролцоо буюу 6 дугаар хорооны 6 дугаар гудамжны тэнд ************* хөл нь доголчихсон, уйлсан, зүйн хацар нь хавдчихсан урдаас ирж байсан. тэгээд би ************* руу залгахад чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гэсэн чинь одоо танайд очлоо гэж хэлсэн. ************* намайг энэ хүүхнээ хүчрэхгүй юм байж шээс минь, ал минь гэж хэлсэн. Тэгээд манайд ирнэ гээд ирээгүй. ... миний мэдэхийн ийм явдал 3 удаа болж байна. ...” гэх мэдүүлэг (хх-13-14, 38х),
Гэрч Ц.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орой 20 цагийн орчимд манай дүү гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ хүнд зодуулсан бололтой уйлсаар гэртээ орж ирсэн. Тэгээд юу болов гэж асуухад *************д зодуулчихлаа гэж хэлсэн. Би тэгээд ************* руу утсаар залгаад хүрээд ир чи яагаад хүүхэд зодсон юм бэ чи эцэг эхгүй гээд дээрэлхээд байгаа юм уу чи хоёр удаагаа болж байна гэж хэлсэн. Тэгсэн ************* ажилтай байна гээд утсаа салгасан. ...” гэх мэдүүлэг (хх-40х),
Гэрч Б.*************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр би цагдаагийн газарт зөрчил шалгагчаар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн гомдол гаргагч иргэн орой 20 цагийн үед цагдаагийн газарт өөрийн биеэр ирж гомдол гаргасны дагуу би тухай гомдол гаргагч иргэн болох Э.*************аас зөрчил шалган шийдвэрлэх тухайн хуулийн 4.8 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлд заасны дагуу хохирогчоор мэдүүлэг авсан. Гомдол гаргагч иргэн Э.************* анх гомдол гаргахдаа салсан нөхөртөө зодууллаа гэж гомдол гаргасан. ...” гэх мэдүүлэг (хх-31-32х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 196 дугаартай дугаартай:
1. Э.*************ын биед хоолой, зүүн бугалга, гуянд цус хуралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Э.*************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт (хх-44х),
Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “... гэх дүгнэлт (хх-48х),
2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №2145617200298 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-53-54х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн хуулбар (хх-73х), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-75х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-76х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77х), баривчлагдсан хүний хувийн хэрэг (хх-78-81х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-82-84х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000168 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.*************ыг машинд хүчээр суулган, машин дотор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Э.*************ын (хх-26-27х), гэрч Ц.*************ын (хх-34х), гэрч Ц.*************ын (хх-40х), гэрч Д.*************гийн (хх-13-14х) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-15-17х),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 196 дугаартай дугаартай дүгнэлт (хх-44х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************* нь хохирогч Э.*************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэсэн байх тул шүүгдэгч *************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Э.************* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *************аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************* нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77х) -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ мөн хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогтой *************гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************гийн *************ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ************* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Хохирогч Э.************* нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *************аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 6. Эрүүгийн 2138000000168 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН