Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00022

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

   2018        06             18                                           2018/ДШМ/22

 

 

Ц.Н, Н.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.О,

Шүүгдэгч: Ц.Н, Н.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Б.Батдорж, Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: Х.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Н, Н.Ө нарт холбогдох 1838000410056 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч овогт Ц-ын Н, ,,,, оны ....... дугаар сарын …-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............/.

Монгол Улсын иргэн, Б овогт Н.ийн Ө, …..... оны ... дугаар сарын …-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: .............../.

Шүүгдэгч Ц.Н, Н.Ө нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Бэрхмэш” гэх газраас иргэн Д.Б-ын мах хадгалах зориулалттай пүнзнээс үхрийн махыг мотоцикль ашиглан хулгайлж 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Ч овогт Ц.Н,  Б овогт Н.Ө нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Н.Ө нарт 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н, Н.Ө нарт  оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Ө-ийн эзэмшлийн Вени маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н, Н.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: … Анхан шатны шүүхээс шүүгдэгч Өлзийпүрэв, Нямдаваа нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тус зүйлийн 2.4-т зааснаар машин механизм ашиглаж үйлдсэн гэж тус тус хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг шүүх хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэг ухагдахуун нь 2 өөр зүйлийг илэрхийлж байхад байранд нэвтэрсэн эсвэл агуулахад нэвтэрсэн гэдгийн аль нь болохыг ялган тодорхойлж өгөөгүй. Шүүхийн шийтгэх тогтоолоос харахад шүүгдэгч нар нь байранд болон агуулах саванд нэвтэрч удаа дараа гэмт хэрэг үйлдсэн мэт ойлгогдож байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор тайлбарласан мэт бичжээ. Гэтэл 2002 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй хүчингүй болсон эрүүгийн хуулийг тайлбарласан дээд шүүхийн тайлбарыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тайлбар мэтээр иш татан тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн тодорхойлох хэсэгт ... хохирогч Буянбатын мэдүүлэг зэргээс хавар зарж борлуулах зорилгоор тусгайлан байр барьж, битүүмжилж, дээд хэсгийг модоор дарж, үхрийн баасаар шавсан байсан зэргээс агуулах сав гэж ойлгогдохоор байна гэж бичсэн байгаа нь утга, агуулгын хувьд зөрчилдөөнтэй, ойлгомжгүй байгаа юм.

Эрүүгийн хуульд машин механизм ашиглаж үйлдсэн бол гэж хуульчилсан байхад мотоцикль ашиглаж үйлдсэн гэж үгчлэн бичиж, түүнийгээ тээврийн хэрэгсэл гэсэн ухагдахуунд хамаарна хэмээн тайлбарлан шийдвэрлэж байгаа нь хууль ёсны байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 1.2 дугаар зүйлийн 4 болон 5-т Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад гэсэн байхад шүүх уг хуульд бичигдээгүй нэр томъёог буюу “тээврийн хэрэгсэл” гэдэг нэр томъёог тайлбарлан Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нэг үндэслэл болсон. Одоо мөрдөгдөж буй хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд машин механизм гэсэн нэр томъёо байгаа болохоос тээврийн хэрэгсэл гэсэн үг бичигдээгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Иймд ... хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэж зөвтгөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т  зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

ШүүгдэгчЦ.Н,Н.Ө нар нь мотоцикль ашиглан 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Бэрхмэш” гэх газраас  иргэн Д.Бын пүнзнээс үхрийн мах хулгайлж, 1,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагджээ.

Анхан шатны шүүхийн  хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Ө, Н нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: хохирогч Д.Б мах хадгалсан газраа “... дээрээсээ модыг нь авч онгойдог пүнз”  гэж тодорхойлсон /хх-ийн 24 дүгээр тал/ ба пүнз нь “агуулах сав”-д хамаарах тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  “...агуулахад нэвтэрч” үйлдсэн  гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй.

Мотоцикль нь хөдөлгүүрийн хүчээр хөдөлдөг, хоёр дугуйтай, нэг мөртэй тээврийн хэрэгсэл бөгөөд машин механизмд хамаардаг. Тиймээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ “...машин механизм ашиглаж үйлдсэн” гэж дүгнэн,  хэргийг  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                                               Т.ГАНБАТ

                                                                                                 Б.СОСОРБАРАМ

 

,