| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0071Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
2021 05 07 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0071/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.Мын олон тооны мал буюу 13 настай хар зүсмийн, 12 настай хүрэн зүсмийн 2 адууг хулгайлж нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.Мын 12 настай хар зүсмийн морийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрөн сум хариуцсан мөрдөгч Д.Батсүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “... Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Лонхот” гэх газар *******н өвөлжөөнд байв. Уг газар нь ертөнцийн зүгээр урагш харж барьсан монгол гэр байх бөгөөд гэрээс чанх хойшоо 30 орчим метрийн зайд 2 тусдаа газар мал ажилласан бололтой газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон малын сэвс хаясан байдалтай байсан бөгөөд үзлэгт оролцогч ******* нь миний хулгайн адуу ажилласан газар энэ гэж хэлснийг тэмдэглэлд тусган цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгийг 1 гэж дугаарлан малын сэвс хаясан хэсгийг 2 гэж дугаарлан криминалистикийн шинжээч Г.Мөнхсайхан нь гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гэрийн урд талд байрлах 05-89 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн фильтер маркийн тээврийн хэрэгслийн хойд багаажинд 2 адууны шир байсан бөгөөд уг ширийг ******* хулгайлсан адууны шир гэж хэлснийг тэмдэглэлд тусган машинаас буулгаж хүрэн зүсмийн адууны ширийг 3 гэж дугаарлан хар адууны ширийг 4 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Арьсыг дэлгэж тамганы хэсгийг харахад ямар тамга болох нь мэдэгдэхгүй болсон байсныг тэмдэглэлд тусгав... ” гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-6 тал/
2. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрөн сум хариуцсан мөрдөгч Д.Батсүрэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “... Үзлэгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг Баянмөнхийн 8б гудамжны 20а тоотод С.Ганцэцэгийн складад хийв. Склад нь 5*6 метр квадрат хэмжээтэй 2.1 метр өндөртэй тэгш өнцөгт хэлбэртэй өрөө байх бөгөөд уг өрөөнд ороход цементэн шалтай байх бөгөөд ханаа дагуулаад модон тавиур дээгүүр нь цаасан хайрцаг дэвссэн байдалтай байв. Өрөөний зүүн урд буланд малын арьс давхарлаж овоолсон байх бөгөөд түүний дэргэд цагаан өнгийн шуудайтай адууны толгой байсныг С.Ганцэцэг энэ шуудайтай толгойг Н надад адуу зарахдаа уг адууны толгой гэж хэлж авчирч өгсөн гэж ярьсныг тэмдэглэл тусгай үзлэгийг цааш үргэлжлүүлж шуудайнаас толгойг гаргахад хар зүсмийн адууны толгой, хүрэн зүсмийн адууны толгой байсныг iphone-6 маркийн гар утсаар гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Адууны толгойг хохирогчид таниулах зорилгоор түр хураан авав... “ гэсэн орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 10 тал/
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/
4. Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний бие Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутагт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдарч байна. Манайх малын А дансандаа 200 гаруй тооны адуутай юм. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан юм. Тэгээд манай үхэр уруудаад Хэрлэн голд очсон байна гэж дуулаад үхрийнхээ араас хэд хоног явж байгаад ирсэн бөгөөд адуугаа ойр хавийн айлуудаас утсаар сураглаад бүртгэхэд ер нь бүгдээрээ байна гэж ярьж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө “Дундын Ус” гэх газар байсан хоёр азарга адуугаа татахад хүрэн азаргатай адуунаас хүрэн морь, шарга азаргатай адуунаас хар морь алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна... Манай алдсан адуу хөлтэй сартай зүрх тамгатай хар зүсмийн сайвар бүдүүн морь 13 настай. Би уг адуугаа 3.500.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн ижил тамгатай хүрэн зүсмийн бүдүүн морь 12 настай. Ойролцоогоор 200 орчим кг татах жинтэй. Би уг адууг 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хүн харахад андашгүй их том биетэй миний гоёлын жороо морь байсан юм... Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр адуу алдсанаа мэдээд аймгийн төвийн малын эмч нартай уулзахад манай багийн Н 2 туранхай адууны бичиг авсан байсан бөгөөд уг зураг нь ажиллах гэж байгаа биш хээр явж байгаа адууны зураг авсан юм болов уу гэмээр зураг байсан. Тэгээд бичиг дээр Батзориг ченжид өгнө гэсэн байсан бөгөөд тэр ченжтэй уулзахад мал өгөөгүй байсан. Тэгээд хөөгөөд явтал ченж Ганаа дээр их тарган жинтэй 2 адууны мах зарсан сураг дуулдсан. Тэрийг Н өгсөн байсан тул сэжиглэж байна... Манай тэр алдсан адуунууд Өндөрхаан уулын баруун хойгуур, баруун доогуур Дунд-Ус, Урт зэрэг газруудаар бэлчдэг. Ер нь тэр хавиар бэлчдэг гэдгийг манай 3 дугаар багийн айлууд бүгдээрээ мэднэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 05-ны орчимд адуу бүртгэхэд манай адуу бүрэн байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө адуугаа бүртгэхэд шарга азаргатай адуунаас хар зүсмийн бүдүүн морь алга болсон байсан... Манай алдсан адуу хөлтэй сартай зүрх тамгатай хар зүсмийн бүдүүн морь байсан. Хүн харахад андашгүй их том биетэй миний гоёлын жороо морь байсан юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 тал/
5. Гэрч С.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ******* гэх хүнийг танина. Би өөрөө Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн бөгөөд бид нэг багийн иргэд юм. Сайн ярих юм бол манай бэр дүүгийн талын хамаатан юм байна лээ... ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд ирсэн бөгөөд малын 559107 гэсэн дугаар бүхий гарал үүслийн бичигтэй хоёр тооны адууны мах зарсан. Толгой нь энд байгаа гээд цагаан шуудайтай толгой өгсөн. Би тэрийг нь нээж хараагүй склад руу оруулсан. Уг хоёр адуу нь нэг нь 201 кг, нөгөө нь 207 кг татсан бөгөөд би 1 кг махыг 6000 төгрөгөөр тооцоод 2.448.000 төгрөгийг 5949092283 дугаарын дансанд шилжүүлсэн.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
6. Гэрч Н.Эрдэнэ-Оюуны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд хөдөөгүүр дуудлагад явсан юм. Намайг байхгүйд манай охин Жавхлантөгс бичиг олгосон. Би ямар хүнд ямар бичиг олгосон гэдгийг нарийн мэдэхгүй байна... Манай охин Жавхланттөгс нь малын гарал үүслийн бичиг олгох эрх байхгүй... Манай охин Жавхланттөгс нь малын эмчээр сурдаг бөгөөд одоо төгсөх курсын оюутан. Мөн малын гарал үүслийн бичиг цахимаар олгодог үеэс эхлэн надад тусалж хамт олгосон бөгөөд мэдлэг чадварын хувьд надаас илүү байдаг учраас дуудлагад явахдаа малчдад хүндрэл учруулаад яахав гэж бодоод байхгүй үед бичиг олгуулчихдаг юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
7. Гэрч Т.Жавхланттөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн малчин ******* гэх хүн 2 адууны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэж ирээд утсан дээрээ 2 адууны зураг харуулсан бөгөөд би файлаар авах гэтэл болохгүй байсан тул өөрийнхөө утсаар утсан дээрээс нь зургийг нь дарж аваад гарал үүслийн бичиг олгосон... Би уг хоёр тооны адууны бичиг олгохдоо адууг зурагтай нь тулгаж хараагүй... Миний хувьд гарал үүслийн бичиг олгох эрх байхгүй. Ээжийг байх хугацаанд би хажууд нь туслаад хэрхэн яаж бичиг олгодог талаар сайн мэддэг болсон. Тэгээд байхгүй үед нь ээж олгож байгаарай гэж зөвшөөрсний дагуу би бичиг олгосон юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/
8. Гэрч Э.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Н гэх хүнийг танина. 2019 оны 11 сараас эхэлж энэ хүн манайд мах худалдан борлуулдаг болсон. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр надад 1 тооны адуу худалдан борлуулсан. Энэ адууг надад зарахдаа 01 дүгээр сарын 10-ны өглөө над руу залгаад надаас адууны мах авч байгаа юу, манай нэг адууны мах хөл нь хугараад зарах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би гарал үүслийн бичиг нь байгаа юу гэхэд амралтын өдөр болоод байна, нэг дэх өдөр малын эмчээсээ аваад өгье гэсэн. Ингээд утсаар залгаж ярьсны дараа өдрийн 12 цагийн үед манайд адууны махаа ачаад ирсэн. Тэр адууны махыг килограммлаж үзэхэд 252 кг болж байсан. Нэлээн том адуу байсан. Арьстайгаа өгсөн. Нэг кг нь 6500 төгрөгөөр бодож нийт 1.638.000 төгрөг болсон. Үүн дээр адууны арьсны мөнгө болох 15000 төгрөгийг нэмж нийт 1.653.000 төгрөг болсон байна. Мөнгийг нь би өөрийнхөө 5956013904 гэсэн данснаас 5949092283 гэсэн Н гэх хүний данс руу мөнгийг шилжүүлсэн байна... Гарал үүслийн бичиг өгнө гэж хэлээд явсан. Эргэж надад бичиг өгөөгүй... Н өөрөө надад ярихдаа амралтын өдөр таарчихлаа, 1 дэх өдөр гарал үүслийн бичиг аваад өгье гэж хэлэхээр нь би авсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/
9. Гэрч П.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхөр байгаа юм. Бид гэр бүлийн батлахтай. Хамт амьдраад 10 жил болж байна. Бид дундаасаа 2 хүүхэдтэй... Би нөхөр *******тэй гэр бүл болоод 10 жил болж байна. Бид Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт хөдөө хэсэгт амьдардаг. Би *******тэй гэр бүл болохдоо нэг хүүтэй суусан юм. Бид дундаасаа хүү, охинтой болсон. Миний нөхөр нь гэр бүл болон хүүхдүүддээ анхаарал халамж сайн, зан байдлын хувьд даруу төлөв, дуу цөөтэй, мөрөөрөө, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, надтай гэр бүл болохоос өмнө цэрэгт яваад ирсэн, малд их хайртай хүн байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/
10. Гэрч *******аранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай дүү нь 1 дүгээр ангид хальт сураад хөдөө эмээ дээрээ гарч мал малладаг байж байгаад мөн эчнээгээр хэдэн сар сургуульд сурч байгаад бичиг үсэг сурсан. Ер нь багад нь эмээ өнгөрснөөс хойш аав ээжийн асрамжид хүмүүжсэн. Манай дүү нь архи, тамхи хэрэглэдэггүй, нутаг усныхандаа ам сайтай, төлөв даруу зантай, ямар нэгэн муу зуршил байхгүй, ойр тойрных нь хүмүүс хүнд тусархуу л гэж хэлдэг. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 тал/
11. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №ШД-21 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хулгайд алдсан гэх 2 тооны бод малын зах зээлийн үнэлгээг 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №ШД-22 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд хулгайд алдсан гэх 1 тооны бод малын зах зээлийн үнэлгээг 3.000.000 /гурван сая/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ШД-30 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд соёолон насны хонгор зүсмийн адууны зах зээлийн үнэлгээг 900.000 /есөн зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... “ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ШД-37 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 05-89 ХЭҮ улсын дугаартай “TOYOTA fielder” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 13,104,700.0 /арван гурван сая нэг зуун дөрвөн мянга долоон зуу/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 100-102 тал/,
12. Шүүгдэгч *******н 5949092283 дугаарын дансанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 51 минутад “мах” гэсэн агуулгатай 2.448.000 төгрөгийн орлого орсон талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44 тал/
13. Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна... Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа явж байгаад Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Улаан-Өндөр” гэх газар Мын 30 гаран тооны шарга азаргатай адуутай таарсан юм. Би харж байгаад хар зүсмийн 1 тооны морийг уураглаж бариад өөрт байсан цулбуураараа оосорлож хөтлөөд гэртээ харьсан. Хар морь нь оосорлоход номхон морь байсан. Орой харуй бүрий болж байхад гэртээ хариад авч ирсэн морио уяж хоноод өглөө босоод гэрийнхээ гадаа ганцаараа ажилласан. Би гэдсийг нь гаргаж баасыг нь шувтраад махыг нь 7 хөл болгоод өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд ирж таньдаг ченж болох Батзоригт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 1.600.000 төгрөг авсан. Хэнтий аймагт ирэх замдаа “Марз” гэх толгодын зүүн доор толгой, шийр, гэдсийг хаясан. Арьсыг нь тухайн үедээ махтай нь цуг хамт зарсан... Надад ямар нэгэн зорилго байгаагүй... Би гарал үүслийн бичиг аваагүй... Бидний дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа, өс хонзон санасан зүйл байхгүй... Би 2020 оны мал тооллогоор 400 гаран тооны малтай... Удахгүй хохирлыг барагдуулна... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/
...Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би адуугаа хараад өөрийнхөө хонгор зүсмийн морьтой явж байхад Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд-Ус” гэх газар 30 гаран тооны шарга азаргатай адуу таарсан юм. Би харж байгаад хар болон хүрэн зүсмийн 2 морийг уургалж бариад өөрт байсан хазаараар хазаарлаж хөтлөөд гэртээ харьсан. Уг 2 морь нь хазаарлаж оосорлоход номхон морьд байсан. Орой харуй бүрий болж байхад гэртээ хариад авч ирсэн морьдынхоо тамгыг харахад Мын адуу болохыг мэдсэн. Өвөл болохоор малын тамга сайн мэдэгддэггүй юм. Би авч ирсэн морьдоо уяж хоноод өглөө босоод 07 цагийн орчимд гэрийнхээ гадаа ажилласан. Том хүүхэд маань байнга асаргаанд байдаг болохоор эхнэр гарч ирээгүй юм. Би гэдсийг нь гаргаж баасыг нь шувтраад махыг нь 7 хөл болгоод өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай fielder” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд ирж таньдаг ченж болох Ганганцэцэгт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 2.400.000 төгрөг авсан... Надад ямар нэгэн зорилго байгаагүй... Би толгой, гэдсийг нь махтайгаа цуг ченжид өгсөн. Шийрийг нь гэрийнхээ урд нүхэнд хаясан. Арьс нь одоо гэрийн гадаа байгаа... Би өөрийнхөө адууны зургийг дараад гарал үүслийн бичиг авчихсан юм...Удахгүй хохирлыг барагдуулна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/
“... Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа явж байгаад Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Улаан-Өндөр” гэх газар Мын 30 гаран тооны шарга азаргатай адуутай таарсан юм. Би харж байгаад хар зүсмийн 1 тооны морийг уураглаж бариад өөрт байсан цулбуураараа оосорлож хөтлөөд гэртээ харьсан. Хар морь нь оосорлоход номхон морь байсан. Орой харуй бүрий болж байхад гэртээ хариад авч ирсэн морио уяж хоноод өглөө босоод гэрийнхээ гадаа ганцаараа ажилласан. Би гэдсийг нь гаргаж баасыг нь шувтраад махыг нь 7 хөл болгоод өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд ирж таньдаг ченж болох Батзоригт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 1.600.000 төгрөг авсан. Хэнтий аймагт ирэх замдаа “Марз” гэх толгодын зүүн доор толгой, шийр, гэдсийг хаясан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд-Ус” гэх газар Мын адуунаас хар болон хүрэн зүсмийн 2 морийг уураглаж бариад өөрт байсан хазаараар хазаарлаж хөтлөөд гэртээ харьсан. Уг 2 морь нь хазаарлаж оосорлоход номхон морьд байсан. Би авч ирсэн морьдоо уяж хоноод өглөө босоод гэрийнхээ гадаа ажилласан. Би гэдсийг нь гаргаж баасыг нь шувтраад махыг нь 7 хөл болгоод өөрийнхөө эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай fielder” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд ирж таньдаг ченжид өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 2.400.000 төгрөг авсан. Би 3 тооны морийг хулгайлж Мт 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газраас иргэн Г.Мын 12 настай хар зүсмийн морийг хулгайлж 3.000.000 төгрөгийн,
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 настай хар зүсмийн, 12 настай хүрэн зүсмийн 2 тооны адууг хулгайлж нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Мын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө “Дундын Ус” гэх газар байсан хоёр азарга адуугаа татахад хүрэн азаргатай адуунаас хүрэн морь, шарга азаргатай адуунаас хар морь алга болсон байсан...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр адуу алдсанаа мэдээд аймгийн төвийн малын эмч нартай уулзахад манай багийн Н 2 туранхай адууны бичиг авсан байсан бөгөөд уг зураг нь ажиллах гэж байгаа биш хээр явж байгаа адууны зураг авсан юм болов уу гэмээр зураг байсан. Тэгээд бичиг дээр Батзориг ченжид өгнө гэсэн байсан бөгөөд тэр ченжтэй уулзахад мал өгөөгүй байсан. Тэгээд хөөгөөд явтал ченж Ганаа дээр их тарган жинтэй 2 адууны мах зарсан сураг дуулдсан. Тэрийг Н өгсөн байсан тул сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/
Гэрч С.Ганцэцэгийн өгсөн: “...******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд малын 559107 дугаар бүхий гарал үүслийн бичигтэй хоёр тооны адууны мах зарсан. Толгой нь энд байгаа гээд цагаан шуудайтай толгой өгсөн... 2.448.000 төгрөгийг 5949092283 дугаарын дансанд шилжүүлсэн.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн: “...Н... 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр надад 1 тооны... адууг зарахдаа 01 дүгээр сарын 10-ны 12 цагийн үед манайд адууны махаа ачаад ирсэн. Тэр адууны мах... нийт 1.653.000 төгрөг болсон байна. Мөнгийг нь би өөрийнхөө 5956013904 гэсэн данснаас 5949092283 гэсэн Н гэх хүний данс руу шилжүүлсэн... Гарал үүслийн бичиг өгнө гэж хэлээд явсан. Эргэж надад бичиг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №ШД-21 дугаартай: “...хулгайд алдсан гэх 2 тооны бод малын үнэлгээ 3.600.000 төгрөг байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-34 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №ШД-22 дугаартай: “...хулгайд алдсан гэх 1 тооны бод малын үнэлгээ 3.000.000 төгрөг байх боломжтой... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 тал/,
Шүүгдэгчийн *******н өгсөн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Улаан-Өндөр” гэх газар Мын 30 гаран тооны шарга азаргатай адуутай таарсан юм. Би харж байгаад хар зүсмийн 1 тооны морийг уураглаж бариад... гэртээ харьсан... махыг нь Батзоригт өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 1.600.000 төгрөг авсан... Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Мөрөн сумын 3 дугаар баг “Дунд-Ус” гэх газар Мын адуунаас хар болон хүрэн зүсмийн 2 морийг бариад хөтлөөд гэртээ харьсан... махыг нь... таньдаг ченжид өгч өөрийнхөө хаан банкны 5949092283 дугаартай дансаар 2.400.000 төгрөг авсан. Би 3 тооны морийг хулгайлж Мт 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч *******г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь: хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн: “... миний бие 3 морины хохирол болох 6.600.000 төгрөгийг *******гөөс авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй... ” /хх-ийн 177 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, шүүх хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн хариуг өгсөн болон хэрэгт авагдсан 5949092283 дугаарын данснаас 5949060578 дугаарын данс руу 6.600.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 178 тал/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /өмнө нь 2014 онд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан/ зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Г.Мын 3 тооны адууг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн соёолон насны хонгор зүсмийн морийг уналга болгон ашигласан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул уг морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Харин улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр дүгнэлт гаргасан боловч яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчлээгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж төгссөнөөс хойш өөрийн эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай ТОYOTA fielder маркийн тээврийн хэрэгслээр махыг зөөсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө хонгор зүсмийн морьтой явж байхад... 30 гаран тооны шарга азаргатай адуу таарсан. 2 морийг уургалж бариад... хөтлөөд гэртээ харьсан... Би авч ирсэн морьдоо уяж хоноод өглөө босоод 07 цагийн орчимд гэрийнхээ гадаа ажилласан... адуунуудыг хулгайлж гэртээ авч ирэхэд дандаа хонгор зүсмийн морьтой явсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж төгсөхөөс өмнө хулгайн үйлдэлдээ машин механизм ашигласан гэх байдлыг улсын яллагч шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт хавсаргагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул яллагдагчид ашигтай байдлаар буюу өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдагдсан “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж төгссөнөөс хойш өөрийн эзэмшлийн 05-89 ХЭҮ улсын дугаартай ТОYOTA fielder маркийн тээврийн хэрэгслээр махыг зөөсөн...” гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж түүнийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан meg559107 дугаар бүхий цахим гарал, үүслийн бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтлоо. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан meg559107 дугаар бүхий цахим гарал үүслийн бичгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан соёолон насны морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, соёолон насны морийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, 13.104.700 төгрөгийн үнэ бүхий 05-89 ХЭҮ улсын дугаартай “Toyota fielder” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ