| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0087/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-12-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
2021 05 14 2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0087/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох 2139........дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газраас тус газар оршин суух иргэн Ш.Рын өмчлөлийн улаан халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч Ш.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газарт оршин суудаг юм. Би 2019 оны 12 дугаар сард өөрийн үхрээс улаан халзан шүдлэн үхэр алдсан юм. Тэгээд манай хүү Мөнх-Аюуш тэр хавийн айлаар нэлээн хэд хоног хайж яваад олоогүй юм. Манай ойр хавиар нээх айл байхгүй Г гэх залуугийн гэр манай гэрээс зүүн хойш 10 км хэртээ газарт байдаг юм. Бид нар нөгөө үхрээ энэ тэнд үхсэн байж гэж бодоод цагдаагийн байгууллагад тухайн үед нь өргөдөл өгч шалгуулаагүй юм.... Манай алдсан улаан халзан шүдлэн үхэр хоёр чих догол имтэй үхэр байгаа юм... Би алдсан үхрээ тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Хохирогч Ш.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Хэрэв ******* нь надад учирсан хохирлыг минь бүрэн дүүрэн барагдуулбал цаашид үхэртэй холбоотой хэрэгт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
2. Гэрч Э.Мөнх-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт аав, ээжийн нарын хамтаар мал маллаж оршин суудаг юм. Манайх 2019 оны 12 дугаар сарын дундуур байх сайн санахгүй байна. Би үхэртэй яваад үхрээ гэрийн гаднаа хурааж бүрсгэдэг юм. Тэгээд 1 тооны үхэр буюу улаан халзан шүдлэн үхэр алга болсон байсан. Би тэгээд тэр хавийн айлын малаар нэлээн хайсан боловч олдоогүй. Тэгээд би ээж аавд хэлээд цагдаад мэдэгдээгүй юм... Манай алдсан үхэр улаан халзан шүдлэн үхэр байгаа. Им нь буруу чих араасаа догол, зүүн чих урдаасаа догол имтэй үхэр байгаа... Би алдсан үхрээ тухайн үеийн үнээр үнэлнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
3. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2139000990123 дугаартай тогтоолтой танилцсан. Надад тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баян-Уул” гэх нэртэй газар эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 12 дугаар сарын дундуур харанхуй болохоос өмнө өөрийнхөө үхрийг хураах санаатай үхэр дээрээ очиход манай үхэр гэрээс урд зүгт “Буян-Уул” –н энгэрт байж байж байсан болохоор нь өөрийнхөө үхрийг уулнаас буулгахад манай үхрийн ойролцоо 10 гаран тооны үхэр байхаар нь очоод харахад манайхаас урагшаа 10 км орчимд нутагладаг Энх-Амгалангийн үхэр байсан. Тэгэхээр нь би уг 10 гаран тооны үхрээс хүрэн халзан зүстэй шүдлэн, хоёр чих нь догол имтэй, охин үхрийг нь салгаж хөөгөөд өөрийнхөө үхэрт нийлүүлээд гэрийнхээ гадаа тууж ирээд нөгөө хүрэн халзан зүстэй шүдлэн үхрийг цагаан уяагаар бугуйлдаж аваад тэр шөнө нь 01 цагийн үед манай гэрийн урд байрлах мал ажилладаг газраа хөтөлж аваачаад ганцаараа ажиллаж эхэлсэн. Тэгээд би уг үхрийн арьсыг өвчиж байхад манай эхнэр гэрээс гарч ирээд .. юун үхэр ажиллаад байгаа юм бэ?” гэхээр нь би хүнээс өрөндөө авсан юм гэхэд за за гэж хэлээд буцаад гэр рүүгээ орсон. Тэгээд би ажиллаж дуусаад гэрийн хажууд байдаг амбаар руу махыг нь хийгээд тэр өвөл махыг нь идшиндээ хэрэглэсэн юм... Надад ямар нэгэн санаа сэдэл байгаагүй. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна... Би тэр орой үхэрт явахдаа хүрэн халзан зүсмийн 13 настай морьтой явсан. Би тухайн үхрийг уг мориор гэрийн гадаа үхэртэйгээ хамт хөөж ирж, цагаан өнгийн уяагаар бугуйлдаж авч модон иштэй хутгаар ажилласан юм. Одоо хүрэн халзан морь байхгүй байгаа. 2020 оны 11-р сард мөнгөний хэрэг гарахаар нь ажиллаад зарчихсан юм. Харин цагаан уяа наранд муудаад тасраад хаягдчихсан, модон хүрэн иштэй хутга гэрт байгаа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №ШД-83 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 800,000.0 /найман зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №ШД-84 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 900,000.0 /есөн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газраас тус газар оршин суух иргэн Ш.Рын өмчлөлийн улаан халзан зүсмийн шүдлэн насны 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ш.Рын өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газарт оршин суудаг юм. Би 2019 оны 12 дугаар сард өөрийн үхрээс улаан халзан шүдлэн үхэр алдсан юм. Тэгээд манай хүү Мөнх-Аюуш тэр хавийн айлаар нэлээн хэд хоног хайж яваад олоогүй юм. Манай ойр хавиар нээх айл байхгүй Г гэх залуугийн гэр манай гэрээс зүүн хойш 10 км хэртээ газарт байдаг юм. Бид нар нөгөө үхрээ энэ тэнд үхсэн байж гэж бодоод цагдаагийн байгууллагад тухайн үед нь өргөдөл өгч шалгуулаагүй юм.... Манай алдсан улаан халзан шүдлэн үхэр хоёр чих догол имтэй үхэр байгаа юм... Би алдсан үхрээ тухайн үеийн зах зээлийн үнээр үнэлнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч Э.Мөнх-Аюушийн өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт аав, ээжийн нарын хамтаар мал маллаж оршин суудаг юм. Манайх 2019 оны 12 дугаар сарын дундуур байх сайн санахгүй байна. Би үхэртэй яваад үхрээ гэрийн гаднаа хурааж бүрсгэдэг юм. Тэгээд 1 тооны үхэр буюу улаан халзан шүдлэн үхэр алга болсон байсан. Би тэгээд тэр хавийн айлын малаар нэлээн хайсан боловч олдоогүй. Тэгээд би ээж аавд хэлээд цагдаад мэдэгдээгүй юм... Манай алдсан үхэр улаан халзан шүдлэн үхэр байгаа. Им нь буруу чих араасаа догол, зүүн чих урдаасаа догол имтэй үхэр байгаа... Би алдсан үхрээ тухайн үеийн үнээр үнэлнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Шүүгдэгч *******ын өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын дундуур харанхуй болохоос өмнө өөрийнхөө үхрийг хураах санаатай үхэр дээрээ очиход манай үхэр гэрээс урд зүгт “Буян-Уул” –н энгэрт байж байж байсан болохоор нь өөрийнхөө үхрийг уулнаас буулгахад манай үхрийн ойролцоо 10 гаран тооны үхэр байхаар нь очоод харахад манайхаас урагшаа 10 км орчимд нутагладаг Энх-Амгалангийн үхэр байсан. Тэгэхээр нь би уг 10 гаран тооны үхрээс хүрэн халзан зүстэй шүдлэн, хоёр чих нь догол имтэй, охин үхрийг нь салгаж хөөгөөд өөрийнхөө үхэрт нийлүүлээд гэрийнхээ гадаа тууж ирээд нөгөө хүрэн халзан зүстэй шүдлэн үхрийг цагаан уяагаар бугуйлдаж аваад тэр шөнө нь 01 цагийн үед манай гэрийн урд байрлах мал ажилладаг газраа хөтөлж аваачаад ганцаараа ажиллаж эхэлсэн. Тэгээд би уг үхрийн арьсыг өвчиж байхад манай эхнэр гэрээс гарч ирээд .. юун үхэр ажиллаад байгаа юм бэ?” гэхээр нь би хүнээс өрөндөө авсан юм гэхэд за за гэж хэлээд буцаад гэр рүүгээ орсон. Тэгээд би ажиллаж дуусаад гэрийн хажууд байдаг амбаар руу махыг нь хийгээд тэр өвөл махыг нь идшиндээ хэрэглэсэн юм... Надад ямар нэгэн санаа сэдэл байгаагүй. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна... Би тэр орой үхэрт явахдаа хүрэн халзан зүсмийн 13 настай морьтой явсан. Би тухайн үхрийг уг мориор гэрийн гадаа үхэртэйгээ хамт хөөж ирж, цагаан өнгийн уяагаар бугуйлдаж авч модон иштэй хутгаар ажилласан юм. Одоо хүрэн халзан морь байхгүй байгаа. 2020 оны 11-р сард мөнгөний хэрэг гарахаар нь ажиллаад зарчихсан юм. Харин цагаан уяа наранд муудаад тасраад хаягдчихсан, модон хүрэн иштэй хутга гэрт байгаа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №ШД-83 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 1 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 800,000.0 /найман зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-39 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Иймд шүүгдэгч *******ыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Ш.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн: “... ДоржГ нь тухайн үхрийн хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгч хохирлыг барагдуулсан нь үнэн болно. Иймээс Ш.Р миний бие дээр дурдсан үхэрт ямар нэгэн хохирлын маргаангүй болохыг тодорхойлов... “ /хх-ийн 92 тал/ гэсэн тодорхойлолт, хохирол төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 91 тал/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... “ гэж заасан байх тул шүүгдэгчид тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ш.Рын 1 тооны үхрийг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн хүрэн халзан зүсмийн морийг уналга болгон ашиглаж, уг үхрийг ажиллахдаа хүрэн иштэй хутга хэрэглэсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр орой үхэрт явахдаа хүрэн халзан зүсмийн 13 настай морьтой явсан. Би тухайн үхрийг уг мориор гэрийн гадаа үхэртэйгээ хамт хөөж ирж, цагаан өнгийн уяагаар бугуйлдаж авч модон иштэй хутгаар ажилласан юм. Одоо хүрэн халзан морь байхгүй байгаа. 2020 оны 11-р сард мөнгөний хэрэг гарахаар нь ажиллаад зарчихсан юм. Харин цагаан уяа наранд муудаад тасраад хаягдчихсан, модон хүрэн иштэй хутга гэрт байгаа... “ /хх-ийн 65-67 тал/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа, мөн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь нь үрэгдсэн тухай мэдүүлсэн байх тул уг морины үнэ болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, хүрэн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч *******ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, хүрэн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ