Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: С.Ж,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шадав овогт Бгийн Дид холбогдох 2135000000075 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Шадав овгийн Бгийн Д /РД:ЙС84060410/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч С.Жгийн гэрээс нэг литр хэмжээтэй мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч С.Жгийн гэрээс нэг литр хэмжээтэй мөнгөн аягыг авсан болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],

1. Хохирогч С.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өглөө гэрээсээ гараад гадуур дэлгүүр хэсэж яваад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт авдар дээр тавиатай байсан их гарын 1 литрийн багтаамжтай мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд манай хашаан дотор байдаг миний хүү Бийн гутлын үйлдвэр рүү орж манай гэрт хүн ирсэн үү гэж асуухад манай хүү Б танай гэрт Д орсон ганцаараа сууж байсныг би дагуулж гараад ажлынхаа байр руу авч ороод ажлын байранд байж байгаад гараад явсан гэж хэлсэн. Манай гэрт Доос өөр хүн ороогүй миний мөнгөн аягыг Д авсан байсан. Тэгээд удаагүй Дийн ээж нь над руу яриад манай хүү Д таны мөнгөн аягыг авсан байна миний хүүг хэрэгт оруулахгүй салгаж өгөөч ээ ах минь гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би миний мөнгөн аягыг өгчихөө өөр санал хүсэлт байхгүй байна гэж хэлсэн. Мөн миний данс руу мөнгө явуулна гэж гэхээр нь би зөвхөн мөнгөн аягаа авна гэж хэлсэн. ...Д нь манайхаар хааяа нэг орж гараад цай уугаад явж байдаг юм. Би өөрөө 3-4 залуутай хүн Д нь миний хүү нартай ялгаа юу байхав манайхаар орж гараад явж бай гэж би хэлсэн. Л гэх залуу надад Д их мөнгөтэй байна. Надад 20.000 төгрөг өглөө бас дээр нь нэг шил архи авч өгсөн. Д таны мөнгөн аягыг хулгайлчихсан байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг[2],

2. гэрч Я.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж гэх хүний мөнгөн аяга алга болсон талаар мэдсэн. Тэр өдөр Д гэх залуу архи уусан байдалтай манай цэхэд орж ирээд юм ярьж байгаад гарсан, тухайн цагийг нь сайн санахгүй байна.  Ж ахын гэрт Доос өөр хүн ороогүй сүүлд хэдэн хоногийн дараа Б.Д манай гутлын цехэд ирээд би Ж ахын мөнгөн аягыг авчихсан юм. Тухайн аягаа хүнд зарчихсан аяга худалдсан хүнээ танихгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

3. гэрч Л.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д 0,75 литрийн "Соёрхол" гэх архийг бид хоёрт задалж өгснийг Д, А, Т, Д бид 5 хувааж уусан. Архиа ууж дуусгачхаад А бид хоёр гараад явахад Д араас гарч ирээд та хоёр такси барих гэж байгаа юм уу? такси барих гэж байгаа бол би төв руу орох ажилтай байна. Дөхөөд буучих уу гэж хэлэхэд би 12 дугаар цэцэрлэгийн талын замаас таксинд суугаад Аын гэр рүү явсан. Замд Д таксины мөнгө алгаа гэж хэлэхэд би таксины мөнгө гээд 5000 төгрөг өгөөд "Цас тогтох" дэлгүүрийн гадаа буулгаад А бид хоёр Аын гэр рүү явсан. ... Бид 4 Тын гэрийн гадаа очоод бид хоёр явлаа таксины мөнгө байна уу гэж асуухад Д цамцныхаа зүүн энгэрийн халааснаас зузаан мөнгө гаргаж ирээд энийгээр такси бариад харьчих гээд 20.000 төгрөг 0,75 литрийн "ерөөл" гэх архи авч өгөхөөр "би надаас таксины мөнгө асууж байсан хүн яагаад ийм их мөнгөтэй болчихсон юм бол гэж бодоод Ж ахын аягыг аваад зарчихсан юм байхдаа гэж бодоод би Ж ахын хүү Б рүү өөрийн 91590318 гэх дугаараас залгаж "Д "Ж ахын мөнгөн аягыг авсан байж магадгүй надаас өдөр таксины мөнгө асууж байсан хүн мөнгөтэй болчихсон байна та нар өөрсдөө ирж учраа олоо би Дийг гэрт нь байлгаж байя" гэж Бөд хэлэхэд "Б за би одоо яваад очлоо наад хүнээ байлгаж байгаарай гэж хэлээд утсаа тасалсан. Тын гэрт ороод А бид хоёрт авч өгсөн 0,75 литрийн "ерөөл" архи задлаад сууж байтал Ж ах хүү Бийн хамт ирсэн. Ж ах Б хоёр орж ирээд "Ж ах Д руу уурлаж "чи яахлаараа миний мөнгөн аягыг хулгайлж байгаа юм бэ?" гэж хэлээд уурлахад" Д намайг уучлаарай хоёулаа учраа олоодхы гэж хэлээд уучлалт гуйгаад сууж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг[4],

4. гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д ямар нэгэн мөнгөн аяга гэрт авч ирээгүй. Хэд хоногийн дараа би Ж ахын гэрээс нь мөнгөн аяга авчихсан юм. Тухайн аягыг дэлгүүрт тавьчихсан юм шиг байна. Би сайн санахгүй байна гэж надад хэлсэн мөн мөнгөн аяга авахдаа ганцаараа явсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг[5],

5. гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хашаанд байх гутлын цэхэд Ггийн хамтаар гутал оёж байгаад 16 цагийн үед аавын гэр рүү яваад ортол Б.Д гэх залуу сууж байсан. Тэгээд би гэр рүү орж Б.Дтой сайн муу болоод сууж байгаад гэрээс гартал Б.Д намайг дагаад манай гутлын цех рүү орж ирж сууж байгаад гараад явсан. Тухайн үед Б.Д архи уусан байдалтай байсан гэхдээ ямар ч байсан өөрийгөө удирдах чадвартай байсан. Тэгээд би цэхэд гутал оёод сууж байтал аав оройхон цех рүү орж ирээд миний мөнгөн аяга алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд 5, 6 хонгийн дараа Б.Д манай цэхэд ирэхээр нь би чи яагаад манай аавын мөнгөн аягыг аваад явчихсан юм бэ гэж асуухад Б.Д би танай аавын мөнгөн аягыг авчихсан харин хэнд өгснөө санахгүй, танихгүй байна гэж хэлсэн. Тухайн аягыг 280,000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Тэгээд 5, 6 хонгийн дараа Дийн ээж манай аав Ж рүү ярьж манай хүү таны мөнгөн аягыг хулгайлчихсан байна. Манай бэр Т надад хэллээ би таны хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Миний аав Жгийн гэрт байсан мөнгөн аягыг гарцаагүй Б.Д авсан.” гэх мэдүүлэг[6],

5. Шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр С.Жгийн гэрт 15 цагийн үед очсон. Намайг очиход С.Жгийн гэрийн гадна хашаан дотор танихгүй морьтой хүн байсан. Гэр лүү ороход гэрт хүн байгаагүй. Тухайн үед би С.Жгийн гэр лүү ороход архи уучихсан халамцуу байсан. Би гэр лүү ороод 5 минутын дараа миний араас хашаан дотор байсан морьтой хүн орж ирээд гараад явчихсан. Намайг гэр лүү ороход 1 литрийн мөнгөн аяга зуухны ард талд газар дээр байсан. Тухайн үедээ би архи уучихсан халамцуу байсан болохоор аягыг аваад цамцан дотроо хийчихсэн сууж байтал хажуу талын айлын хүүхэд орж ирэхэд би тэр хүүхдээс Ж ах хаана байгаа юм бэ гэж асуухад тэр хүүхэд аав гараад явчихсан гэж хэлэхээр би хүүхэдтэй нь хамт гэрээс цуг гарч тэр хүүхдийн ажлын газар луу орсон. Би Жгийн гэрээс гараад явахдаа такси бариад явсан. 12 дугаар багийн уулзвар дээр буухдаа таксины жолоочид мөнгөн аягаа өгөөд, таксины жолооч надад 280.000 төгрөг өгсөн. Би таксины жолоочид өгснөө санаж байгаа боловч жолооч нь ямар хүн байсан болохыг санахгүй байна.” гэх мэдүүлгүүдээр хохирогч С.Жгийн мөнгөн аягыг  шүүгдэгч Б.Д нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 108 дугаартай “2021 оны 3 дугаар сарын байдлаар Улаангом суманд их гарын мөнгөн аяганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт[7]-ээр  шүүгдэгч Б.Дийн авсан аяга нь бага хэмжээний хохирлоос давсан үнэтэй болох нь тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Дийн хохирогч С.Жгийн мөнгөн аягыг  хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч С.Жгийн мөнгөн аягыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дийн нууц далд аргаар авсан хохирогч С.Жгийн мөнгөн аяга нь 1.200.000 төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас нийт 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 1.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс үлдэх 200.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт[8] авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч М.Тын өгсөн: “...Би Б.Дтой хамтран амьдраад 5 сар болсон. Зан аашны хувьд даруухан төлөв зантай, ажлыг нягт нямбай, цэвэрхэн хийдэг, ажилсаг залуу байгаа юм. Бид хоёр 4 хүүхдийн хамт хамтран амьдардаг. Б.Д нь даруу төлөв, янз бүрийн ааш авир гаргадаггүй, хүн ялгаж харьцаад байдаггүй, хүнтэй муудалцаад байдаггүй, зодоон цохион хийдгүй. Архи, хаяа нэг хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний юм авчхаад байдаг муу дутагдалтай, янз бүрийн муу зуршил байдаггүй, ахмад настнуудыг хүндэлдэг, тусархуу, гарын дүүтэй залуу юм. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай, хоосон хонохгүй, хүнээс юм гуйхгүй амьдардаг..” гэх мэдүүлэг[9], гэрч Ц.Бийн өгсөн: “...Б.Д нь Миний нагац эгч болох М.Т хоёр 4 хүүхэдтэй хамт 12 дугаар багийн задгайд монгол гэрт амьдардаг. Б.Д нь даруу төлөв. янз бүрийн авир гаргадаггүй, хүн ялгаж харьцаад байдаггүй, хүнтэй муудалцаад байдаггүй. Зодоон цохион хийдгүй, , Архи, хаяа нэг хэрэглэдэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний эд зүйлийг авчхаад байдаг муу дутагдалтай. Өөрөөр янз бүрийн муу зуршил байдаггүй, ахмад настнуудыг хүндэлдэг, тусархуу гарын дүүтэй залуу юм. Амьдрал уйн хувьд боломжийн амьдралтай.” гэх мэдүүлэг[10]-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Доос 200.000 төгрөг гаргуулан хохирогч С.Жд олгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Доос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 280.000 төгрөгийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсэг болох 80.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл,  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял хорих ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дийг нийгмээс тусгаарлаж гэмт зан үйлээ засаж, нийгэмшүүлэх зорилгоор түүнд 8 /найм/ сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Б.Дд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар хорих шийтгүүлсэн байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоног хорих ял эдэлсэн байх бөгөөд 7 /долоо/  сар 8 /найм/ хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байгааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг хэмжээг тогтоож, оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шадав овогт Бгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч М.Дид  8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 08 /найм/ хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 08 /найм/ хоног хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7,  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Доос 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч С.Ж /Увс аймаг, Улаангом сум, 10-р багийн 2-018 тоотод оршин суух/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Доос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ

 

 

 

[1] /хх-ийн 3-р тал/

[2] /хх-ийн 8, 9-р тал/

[3] /хх-ийн 11-р тал/

[4] /хх-ийн 13-14-р тал/

[5] /хх-ийн 16-р тал/

[6] /хх-ийн 18, 19-р тал/

[7] /хх-ийн 39-р тал/

[8] /хх-ийн 56-91-р тал/

[9] /хх-ийн 33-р тал/

[10] /хх-ийн 35-р тал/