| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
02 15 2019/ШЦТ/39
2021 06 08 2021/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Ж.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Д-ид холбогдох эрүүгийн 2138000000183 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Д.
Шүүгдэгч Ж.Д- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг /сумын төв/ буюу өөрийн эзэмшлийн хашаанаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Портер-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 нас 8 сартай З.Б-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн нутаг /сумын төв/ буюу өөрийн эзэмшлийн хашаанаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Портер-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, уг дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улмаас 1 нас 8 сартай З.Б-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 8-9 дүгээр хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгээр түр саатуулсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Ш.Д-ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримтаар 591178 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүү маань 2019 оны 09 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Ам бүл 2, ээжийн хамт Рашаант сумын 4 дүгээр багт ээж, өвөө, эмээгийн асрамжид байсан. Хүү маань хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан. Аав санамсар болгоомжгүй байдлаасаа болж зам тээврийн осол гаргасан байна. Санаатай тэгээгүй учраас гомдол санал байхгүй. Хүүгийнхээ буяны ажлыг л сайн хийнэ гэж бодож байна. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 24 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 11 цагийн орчим өөрийн танил ах Ж.Д-ид машинаа үзүүлэхээр гэрт нь очсон. Намайг Ж.Д- ахынх хашааны үүдэнд очиход хажуу айлынх нь хашааны үүдэнд машин ихтэй байхаар нь машины тэвшин дээр ачиж явсан ноолуураа алга болчихож магадгүй гэж бодоод машинтайгаа хашаа руу нь ороод байшингийнх нь урд зогссон. Тэгээд машинаас буугаад гэрт нь ороход Ж.Д- ах, түүний охин А-, талийгаач З.Б- нар байсан Би гэрт нь орж цай уугаад Ж.Д- ахад машинаа сонирхуулахаар гарсан. Ж.Д- ах бид хоёрыг гэрээс гарахад талийгаач гэртээ галынхаа хажууд ааруул идээд хэвтэж байсан. Ж.Д- ах бид хоёр гэрээс гарч миний машины хажууд очиж тойрч хараад доогуур нь орж агаар шүүгчийг нь хайгаад олоогүй. Тэгээд Ж.Д- ах бид хоёр машины жолоочийн эсрэг талын кабины хажууд зогсож байгаад би жолоочийн эсрэг талын хаалгаар кабин руу суусан. Ж.Д- ах машины араар тойрч жолооч талын хаалгаар жолооны хүрдний ард суусан. Машинд орж суугаад бид хоёр 1 минут хэртэй салоны талаар ярьж байгаад Ж.Д- ах жолоодож үзэхээр машиныг асаагаад нэгдүгээр араанд нь хийгээд хөдөлсөн. Машин дөнгөж хөдлөөд нэг юман дээгүүр овгос гээд гарчихаар нь юу болов гэж гайхаад хоёулаа машинаас буутал талийгаач машины хойно, машинаас 1 метр хэртэй зайнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаач дээр очиход талийгаачийн цээжний орчмоос бага зэргийн цус гарч хувцас нь цус болсон, бага зэргийн ухаантай байхаар нь шууд машин руу өргөж оруулаад эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт хүргээд удаагүй байхад нас барсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
- Гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаан үед өгсөн: “..2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 10 минутын үед Ж.Д-, Дорж гэх хоёр хүн эмч байна уу, хүүхдээ дайрчихлаа гэсээр орж ирсэн. ..Тэгээд хүүхдийн гадна талыг үзэхэд царай нь цонхийж цайсан, харахад бага хэмжээтэй амьсгалж хэвлий хөдөлж байсан. Нүүрэн тус газар /зүүн талын шанаа/ хэсэг нь зулгарсан, амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. ..Эмнэлэгт хүргэгдэж ирэх үедээ амьсгаатай байсан. Гэхдээ үг дуугарч юм яриагүй, хариу үйлдэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
- Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11-12 цагийн үед ...Д- ирээд хоёулаа гаръя, эмнэлэг оръё гэсэн. Тэгэхээр нь би дагаж гараад яасан юм бэ гэхэд Б- л гээд нэг юм хэлсэн. ...Тэгээд эмнэлэг дээр очиход эмч нар миний хүүд тариа хийх гэж байгаа бололтой байсан. Өөр юу ч мэдэхгүй байна. /уйлав/” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийг анх миний дүү Ш.Д- нь 11 сая төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь өөрөө өгсөн. Ингээд уг тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж авна гээд надад үзүүлэхээр нь би дүүтэйгээ ярьж тохироод боломжийн машин байна, эгч нь компанидаа авъя, мөнгийг нь боломжтой үедээ өгье зун чи надтай хамт ажилд явах юм чинь гэхэд дүү тэг тэг гэсэн. Тэгээд уг автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлж аваад дүү маань хэд хоног Рашаант сум руу ноолуурт яваад ирье гээд унаад явсан. ...Дүү маань надад хэлэхдээ Ж.Д- гэх хүн машиныг маань барьж үзэж байгаад зээ хүүгээ дайрчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
- Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс ээж аав дүүгийн хамт Рашаант сумын 5 дугаар багаас сумын төв орж ирсэн. Тэгээд ээж Б.А- банк орох гээд яваад өгсөн. Манай гэрт машинтай хүн хүрч ирсэн. Тухайн хүн орж ирээд цай уугаад аав Ж.Д- хоёр хамт гарсан. Тэгээд гадаа аав орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би гүйгээд гарсан чинь аав Ж.Д- дүү З.Б-ыг тэврээд эмнэлэг явъя гэж хэлсэн. Надад өөр юм хэлээгүй. Аав Ж.Д- манайд ирсэн ах хоёр дүүг аваад эмнэлэг явсан. ...манай дүүг дайрах үед аав Ж.Д- барьж байсан гэж хэлсэн. Түүнээс биш би хараагүй. ...би гэртээ хоол хийх гээд байж байсан. З.Б- их хөдөлгөөнтэй хүүхэд болохоор надад анзаарагдахгүй гараад гүйсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
- Иргэний хариуцагч Ш.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би тэр хүмүүсийг танихгүй учраас холбоогүй байгаа. Төрсөн дүү Л-аар дамжуулан тусалж дэмжиж байгаа. Ирж очих унааны зардлыг бүрэн хариуцаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай: “1. Амь хохирогч З.Б- нь гавал тархины хавсарсан битүү гэмтлийн улмаас нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 2. З.Б-ын цогцост гавал тархины хавсарсан битүү гэмтэл болон зүүн шанаа, хацарт цус хуралт, зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ нь нас барахад шууд хүргэсэн ба хүний биеийн хүчнээс хэт давсан жинтэй зүйлээр дарж шахах, дайрах үед үүсгэгджээ. 3. Амь хохирогч З.Б- нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 6 цагийн өмнө нас баржээ. 4. Амь хохирогч З.Б-ын цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-63 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн: “..... улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ж.Д- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...мөн дүрмийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна” гэх магадлагаа /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн Засаг даргын албан тоот /хх-ийн 94 дүгээр хуудас/,
- 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Д.З-гийн З.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
- “..” ХХК-ийн өмчлөлийн Хуандай портер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..яллагдагчаар татсан зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан. Одоо надад ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 93 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 96, 102 дугаар хуудас/,
- 2020 оны мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбар /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар хуудас/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Иймд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд, шүүгдэгч Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг болгоомжгүйгээр зөрчсөн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ж.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ж.Д-ийн хууль бус үйлдлээс болж 1 хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын амь насанд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, 1 хүний амь насыг хохироож төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ж.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 1 хүний амь нас хохирсон хохирол хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа бөгөөд
Шүүгдэгч Ж.Д- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-тай 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “..хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, талууд эвлэрэн хэлэлцсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 104/ байгуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ж.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 117/, прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох зрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан "...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх тухай саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Ж.Д-ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Д-ийн 591178 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Самдаан овогт Ж.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Д-ид тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Ж.Д-ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Д-ийн ... дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.
8. Шүүгдэгч Ж.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР