Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2023/0174

 

 

 

                        Ч.Нн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд Б.Т,

Нэхэмжлэгч: Ч.Н,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

                     Ховд аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Т,

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ц-А, гуравдагч этгээд Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 125/2022/0004/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Н нь Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “1. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох,

2. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах,

3. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

4. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

5. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Нг албан тушаалаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

6. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Тыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах

7. Ч.Нг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

8. Ч.Нгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны  ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулах,

9. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  “Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж”,

2 дахь заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль /2020 он/-ийн 56 дугаар зүйлийн 56.6, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Нн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалт, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоол, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “Ч.Нг албан тушаалаас огцруулах тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Тыг ажилд томилох тухай” захирамжуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Нг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож”,

3 дахь заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар  сарын 02-ны өдрийг хүртэлх 4 сар 6 хоногийн буюу ажлын 87 хоног /1 өдрийн цалин 57110 төгрөг/-ийн   цалинтай тэнцэх хэмжээний олговор 4.968.570 /дөрвөн сая есөн зуун жаран найман мянга таван зуун дал/  төгрөгийг нэхэмжлэгчид  Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид  /Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд/ даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүх хэргийн бодит байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, актууд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хучинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэсэнтэй нийцсэн.

3.2. Шүүх Үндэслэх хэсэгтээ “Хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй “Сумын засаг даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахаар 21 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэй хуралдаан эхэлж тухайн хуралдаанд Ардын намын бүлгээс Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр өөрчлөлт оруулах саналыг гаргаж санал хураахад 11 гишүүн оруулахаар болонгуут үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага 2 удаа авсан боловч цагтаа ирэлгүй бугд тарж алга болсон. Ингээд дараагийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрүүдийг гаргасан бөгөөд энэхүү хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна “нэг хоногийн өмнө төлөөлөгч нарт энэ талаар мэдэгдээгүй” гэж үзэх боломжгүй.

3.3. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх гишүүдэд мэдэгдсэн гэж үзэх бөгөөд 2 хоногийн дараа Засаг даргыг огцруулах талаар тогтоол гаргасан. Тухайн завсарлага авсан өдрөөс хойш намын бүлгүүд болон гишүүдэд хуралын нарийн бичиг н.Б удаа дараа иргэдийн хурлыг хуралдаанаа явуулах талаар утсаар мэдэгдэж зарим төлөөлөгч нарын гэрт нь очсон талаараа шүүх хуралдаан болон шүүхэд өгсөн 2 удаагийн мэдүүлэгтээ хэлсэн. Нэхэмжлэгч Ч.Н болон Ардчилсан намын бүлэг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болох хуралдааны талаар мэдсэн боловч санаатайгаар хуралдаандаа ирээгүй тул тус өдрийн хуралдаанд хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хууль журмын дагуу хуралдаж шийдвэрээ гаргасан. Дүгнэж хэлэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан 1 хоногийн өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд мэдэгдэх гэснийг зөрчөөгүй байхад шүүх хэт нэг талыг баримталж хуулийн энэхүү заалтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлаагүй.

3.4. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг хүргүүлнэ”, 32.8-д “... Засаг даргыг огцруулах саналыг” гэж тус тус заасны дагуу Хурал нь Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байтал огцруулах санал хүргүүлэхгүйгээр маргаан бүхий 4/05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг сумын Засаг даргаас огцруулж шийдвэрлэсэн нь хууль бус” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаж огцруулах шийдвэр нь хуулийн дээрх заалтад заасан санал гэж үзэх бөгөөд тухай саналыг “Ховд аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр Ч.Нг албан тушаалаас огцруулах тухай” захирамжаар Ч.Нг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон Буянт сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан шийдвэр гаргаснаар мөн өдрийн Б/О2 дугаар “Б.Тыг ажилд томилох тухай” захирамжаар Б.Тыг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Буянт сумын Засаг даргаар томилж ажлаа хүлээлгэн өгч авалцсан. Энэ нөхцөл байдлыг шүүх буруу тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг үгүйсгэж тайлбар гаргасан. Үүнд: “...

            4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт Буянт сумын төвд хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон. Үүнд 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл /Илтгэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Т/, 2. Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт /Илтгэгч сумын Засаг дарга Ч.Н/, 3. Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай илтгэл /Илтгэгч сумын Засаг дарга Ч.Н/, 4. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай илтгэл /Илтгэгч Санхүүгийн албаны дарга Г.У/, 5. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт /Илтгэгч нягтлан бодогч Ч.А/, 6. Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл /Илтгэгч Газрын даамал Л.Б/, 7. Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай /Нарийн бичгийн дарга Д.Б/, 8. Улс аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай асуудлаар хэлэлцэхээр тогтоол гарч баталсан.

Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдаан 21 төлөөлөгч буюу Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “Бүлгийн дүгнэлт гаргах тухай” дүгнэлтээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Тийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг хэлэлцээд “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс хангалттай сайн түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж дүгнэсүгэй”, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай “Бүлгийн дүгнэлт гаргах тухай” дүгнэлтээр “сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын Засаг дарга Ч.Нн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай илтгэлийг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс хангалттай сайн түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлсэн” гэж тус тус дүгнэсэн.

4.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно” гэж заажээ.

4.3. Саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд урилгаар тараагдсан байсан  Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт хуралдаан даргалагч Л.Т даргалж, хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байтал Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардын намын бүлгийн төлөөлөгч Т.Н, Ц.И нар “хурлын даргыг чөлөөлөх сонгох, Засаг даргыг огцруулах сонгох тухай асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж хэлэлцэнэ” гэж санал гаргасан. Ардчилсан намын бүлгийн 11 хүн гарын үсэж зурж сумын Засаг даргыг огцруулах, нэр дэвшүүлэх, Хурлын дарга чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргаж, дүгнэлтээ хуралдаанд уншиж танилцуулаад бүлгийн дарга Т.Нд гардуулан өгсөн. Улмаар хуралдаан завсарлаж 2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт зарлагдсан байсан бөгөөд Ардын намын төлөөлөгчид ирээгүй, бие даан нэр дэвшигч н.Ц-А ирэхгүй болохоор нь орой 18 цаг хүртэл хүлээж байгаад тарсан. Гэтэл ирэхгүй байсан Ардын намын төлөөлөгч нар орой 20 цагаас нууцаар хуралдаж, албан ёсны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Ардчилсан намын гишүүн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хуралдаж дээрх 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01, 4/05, 4/06 дугаартай тогтоолуудыг гаргасан байсан. Эдгээр хурлын тэмдэглэл, прокотол байхгүй.

Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний едрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 1 хавсралтаар, дотоод журмыг 2 хавсралтаар, хуралдаанд үйлчлэх албадыг 3 хавсралтаар тус тус баталсугай” гэж, Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдааны 4/01 тоот тогтоолын 1 хавсралтаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга чөлөөлөх тухай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай, Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай, сумын Засаг даргыг огцруулах тухай” гэж хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулж хурлын даргалагч томилохгүйгээр тогтоол гаргасан. Мөн Засаг даргыг нэр дэвшүүлэх талаар хэлэлцэх асуудалд оруулаагүй атлаа Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол гаргасан. Буянт сумын Монгол Ардын намын хорооноос “2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын эрэмбэнд оруулж хэлэлцүүлэх санал байна” гэх албан тоотыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “хүсэлт хүргүүлэх тухай” албан тоотыг Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн болох нь Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад хадгалагдаж байсан “Ирсэн баримт бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр тогтоогдсон. Дээрх Буянт сумын Монгол Ардын намын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “хүсэлт хүргүүлэх тухай” тоот албан бичгийг Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт танилцуулаад Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаан дээр танилцуулсан болох нь гэрч Ц.И, Т.Э, П.Б, М.М, Р.Д, Д.Б, Б.Ц, Э нарын мэдүүлэг, мөн гэрч Б.Б-ын шүүх хуралдаан дээр “төлөөлөгч нарт албан ёсоор Монгол Ардын намын бүлгийн 04 тоот албан бичгийг танилцуулаагүй, харин бүх төлөөлөгч нар албан бусаар мэдэж байсан” гэх мэдүүлэг, хариуцагч Б.Ц-Аийн шүүх хуралдаанд дээр гаргасан “Монгол Ардын намын булгийн 04 тоот албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр Т.Н танилцуулахад мэдсэн. Хурлаас өмнө энэ талаар мэдээгүй”... гэх тайлбар зэргээр нотлогдон тогтоогддог.

4.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчим баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх” үүргээ хэрэгжүүлээгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” байхаар хуульчилсан.

4.5. Гэтэл Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл, Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт, Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай илтгэл, 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай илтгэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт, иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл,Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай, Улс, аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай асуудлаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байхад Хурлын Төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй “Сумын Засаг даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэж, хурлын үйл ажиллагааны журам, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэх хуулийн заалтыг тус тус зөрчиж, нэхэмжлэгч Ч.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

4.6. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр “Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Нг албан тушаалаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаартай “Б.Тыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

4.7. Иймд 14 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Ты гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч Ч.Н “1. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох,

2. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтыг хүчингүй болгуулах,

3. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/05 дугаартай “Засаг дарга огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

4. Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

5. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр “Ч.Нг албан тушаалаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,

6. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар “Б.Тыг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгуулах

7. Ч.Нг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

8. Ч.Нгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны  ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулах,

9. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх 1-8 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

4. Шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

   4.1. Маргаан бүхий 4/01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтаар “сумын Засаг даргыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэхээр, 4/05 дугаартай тогтоолоор “...Буянт сумын Засаг дарга Ч.Нг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 11 буюу 52,3 хувийн саналаар огцруулахаар”, 4/06 дугаартай тогтоолоор “... 4/05 дугаар тогтоолын дагуу хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 11 буюу 52,3 хувийн саналаар Б.Тыг Буянт сумын Засаг даргаар нэр дэвшүүлж Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр”, Б/01 дүгээр захирамжаар “... 4/05 дугаар тогтоолоор ирүүлсэн саналыг үндэслэн Ч.Нг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар”, Б/02 дугаар захирамжаар “... Б.Тыг сумын Засаг даргаар томилохоор” тус тус шийдвэрлэсэн байна.

4.2. Нэхэмжлэгчээс “... сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хурал болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцсэн” гэж дээрх актуудыг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ тайлбарлаж байгаа, гуравдагч этгээдээс “... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахаар 21 төлөөлөгч буюу 100 хувийн ирцтэй хуралдаан эхэлж тухайн хуралдаанд Ардын намын бүлгээс Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр өөрчлөлт оруулах саналыг гаргаж санал хураахад 11 гишүүн оруулахаар болонгуут үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг завсарлага 2 удаа авсан боловч цагтаа ирэлгүй бүгд тарж алга болсон. Ингээд дараагийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 11 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрүүдийг гаргасан, Ч.Н болон Ардчилсан намын бүлэг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болох хуралдааны талаар мэдсэн боловч санаатайгаар өөрсдөө хуралдаандаа ирээгүй” гэж тайлбарлан давж заалдах гомдол гаргасан.

4.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхийг тус тус хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ 24.3-д заасны дагуу дээр дурдсан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах үүрэгтэй байна. Хэрэв энэхүү шаардлагыг хангаагүй бол асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар тодорхой хуульчилсан.

4.4. Маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар сумын Засаг дарга Ч.Нг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээс 1 хоногийн өмнө энэ талаар мэдэгдээгүй, түүнийг огцруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж танилцуулаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.5. Тодруулбал, Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдааны хэлэлцэх асуудлын товд “... сумын Засаг даргыг огцруулах эсэх” асуудал тусгагдаагүй бөгөөд мөн өдрийн хуралдаан 21 төлөөлөгч буюу төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхэлсэн, хурал эхлэхэд Монгол Ардын намын  бүлгийн дарга Т.Н Ховд аймаг Буянт сумын Монгол ардын намын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр  “... Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх  асуудлын  эрэмбэд оруулахаар”  саналыг гаргасан ч энэ асуудлыг шийдвэрлэлгүйгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл нээлттэй үлдээж хойшлуулсан байна.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “сумын Засаг даргыг огцруулах эсэх” асуудлыг оруулаагүй, энэ талаарх холбогдох баримтыг гаргаж танилцуулаагүй, мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлахдаа уг асуудлыг шууд оруулсан атлаа Ч.Нг огцруулахаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

4.6. Түүнчэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 32 дугаар зүйлд сумын Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлын нарийвчлан зохицуулсан, 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлэхээр хуульчилсан бөгөөд Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон аймгийн Засаг дарга Ч.Нг чухам ямар үндэслэлээр огцруулсан талаар маргаан бүхий актуудад тодорхой тусгаагүй, түүнийг огцруулахтай холбоотойгоор Ч.Нгээс тайлбар, мэдүүлэг авсан нь баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагчаас “... нэхэмжлэгчийг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй газрыг өөрийн хамаарал бүхий этгээдэд олгосон, чиг үүргээ хангалттай биелүүлээгүй” гэх боловч 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл “... Засаг даргыг чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гэж үзэж манай намын бүлэг огцруулах санал гаргасан, ... өөр санал байхгүй” гэснээс өөрөөр Засаг даргыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй болохыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй, Засаг дарга хуульд заасан эрхийн хүрээнд тайлангаа танилцуулаагүй байна.

4.7. Дээр заасны дагуу сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулах, Засаг даргаас өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагаатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр Ч.Нг огцруулсан нь түүний Үндсэн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, үүнийг Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 4/05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

4.8. Гуравдагч этгээдээс “... Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулах зохицуулалтаас илүүтэй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д энэ талаар илүү нарийвчлан заасан, Засаг даргыг томилох, огцруулах, чөлөөлөх санал гаргах нь Хурлын бүрэн эрх, мөн Хурлын Төлөөлөгчдийг хуралд оролцуулах, мэдээлэл хүргэх ажиллагаа нь Ажлын албаны чиг үүрэг” гэж тайлбарлах бөгөөд шүүх энэ эрхийг үгүйсгээгүй. Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливаа асуудлыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлах ёстой атал энэ шаардлагыг хангуулалгүйгээр Засаг даргыг огцруулсан байгаа нь хуульд нийцээгүй гэж үзсэн. Мөн Ажлын алба нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтыг хариуцан ажиллах тул “Ажлын алба Төлөөлөгчдөд мэдэгдэх, тэдгээрийг хуралд оролцуулах үүргээ биелүүлсэн эсэх нь тусдаа асуудал” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

4.9. Нэгэнт нэхэмжлэгчийг огцруулсан 4/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул түүнийг үндэслэн гарсан 4/06 дугаар тогтоол, Б/01, Б/02 дугаар захирамжуудыг ч мөн хүчингүй болгож, Ч.Нг Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулж, мөн хугацааны хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаснаар түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр байна.  

4.10. Шүүх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын Засаг даргыг огцруулах, Төлөөлөгчид энэ саналыг гаргах эрхтэй талаар, мөн хуралдааны ирц бүрдсэн болохыг үгүйсгээгүй, мөн сумын Засаг даргыг огцруулах үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, харин “сумын Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгаагүй, түүнийг огцруулах ажиллагааг зохих журмын дагуу явуулж, хуульд заасны дагуу шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Ты давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

               ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

               ШҮҮГЧ                                                                        о.ОЮУНГЭРЭЛ

               ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН