Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 373

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Дүгнэлт гаргагч: НПГ ЗШШАХТХХП Г.М

Хариуцагч: НТГ АТХУБ Д.Т 

 

Прокурорын дүгнэлт: “НТГ АТХУБ Д.Т-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 017**** дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор Г.М, хариуцагч улсын байцаагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

НПГ ЗШШАХТХХП Г.М шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “НТГ АТХУБ Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шалгалт хийх явцдаа хуульд заасан журмын дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулаагүй, хувиараа авто үйлчилгээ эрхэлдэг иргэн З.Т-г “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын шаардлага хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д заасныг үндэслэл болгон тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдох гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг”, мөн “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын 4.1.2-т “авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг” хэлнэ гэж заасан. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д “Авто үйлчилгээний байгууллага нь хууль заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар авто үйлчилгээний байгууллагыг дээрх хуульд зааснаар ойлгоно. Энэ зүйлийн хүн гэдэгт хуулийн этгээд, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн хүн тус бүрд шийтгэл оногдуулах, нэг зөрчилд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдолд хүнд шийтгэл оногдуулж болох тухай зохицуулалт юм. 

Холбогдогч З.Т-н үйлдсэн дээрх зөрчил нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Үндэсний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж заасны дагуу Стандарчилал, Хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын шаардлага хангаагүй зөрчил байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д зааснаар шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон НТГ АТХУБ Д.Тийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 017**** дугаар шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичив. 

Зөрчилд холбогдогч З.Т нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэх талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч НТГ АТХУБ Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Автотээврийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 192.4-т “Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно” гэж заасан нь авто үйлчилгээг хүн эрхлэхийг зөвшөөрсөн, мөн авто үйлчилгээний байгууллагад тавигдах эрх, үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээлгэсэн гэж үзэхэд хүргэж байна. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаарддлага хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлстийн хяналтын прокурор Ж.Ганцэцэг Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуулийн этгээдэд хариуцлага тооцож байхаар өгсөн чиглэлийн дагуу албан тушаалтныг хүн гэдгээр хариуцлага тооцохыг зогсоосон. 

Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйл, “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын шаардлага хангаагүй зөрчил гаргасан хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан атал адилхан зөрчил гаргасан хүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хамааруулан шийтгэл оногдуулах нь нэг зөрчилд хуулийн 2 өөр заалт хэрэглэсэн асуудал үүсгэхээр байна. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. 

Холбогдогч З.Т-н үйлдсэн дээрх зөрчил нь Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, 192.3, “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчөөгүй тул Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд иргэн З.Т-г 50,000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан 017**** дугаар шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан материалыг хянаж, хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 017**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

НТГ АТХУБ Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/228 дугаартай хяналт, шалгалтын удирдамжийн дагуу иргэн З.Т-н эрхэлдэг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-13 тоотод байрлах автомашин засварын үйл ажиллагаанд шалгалт хийж, Автотээврийн тухай хууль, “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартад заасныг зөрчсөн гэх үндэслэлээр З.Т-г 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 017**** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д зааснаар тавин нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгөөр торгож, холбогдогч уг шийтгэлийг хүлээн зөвшөөрч, оногдуулсан торгуулийг бүрэн төлсөн байна.   

Прокурор дүгнэлтийн үндэслэлдээ “...Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг” хэлнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 13-д заасан зөрчилд авто үйлчилгээний байгууллагыг ойлгоно. ...Холбогдогч З.Төмөрийн үйлдсэн дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах атал авто үйлчилгээ эрхэлж буй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. 

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9-д “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 13-д “Авто үйлчилгээний байгууллага нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.  

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг”, “Авто үйлчилгээ-Ангилал, Ерөнхий шаардлага” MNS5025:2010 стандартын 4.1.2-т “авто үйлчилгээний байгууллага гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг” хэлнэ гэж тус тус зааж, Автотээврийн тухай хуулийн 192 дугаар зүйлд авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. 

Хэдийгээр дээрх хуулийн 192 дугаар зүйлийн 192.4-т “Авто үйлчилгээнд тавигдах шаардлыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно” гэж зааснаар авто үйлчилгээ эрхлэгч иргэн нь авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлагыг хангасан байхыг хуулиар шаардсан байх боловч энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэнд шийтгэл оногдуулахдаа авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагад хамаарах зөрчлийг төсөөтэй хэрэглэж шийтгэл оногдуулах нь хуульд нийцэхгүй юм. 

Учир нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зааснаар хүн, хуулийн этгээд нь эрх зүйн харилцааны бие даасан оролцогч байхад хариуцагч улсын байцаагч авто үйлчилгээ эрхлэгч иргэний гаргасан зөрчилд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хамаарах шийтгэлийг оногдуулсан нь буруу байна. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн албан тушаалтны гаргасан зөрчилд нь хуулийн этгээдэд хариуцлага тооцож байхаар өгсөн чиглэлийн дагуу албан тушаалтныг хүн гэдгээр хариуцлага тооцохыг зогсоосон…” гэж тайлбарлах боловч зөрчилд холбогдогч иргэн З.Т нь хуулийн этгээдийг төлөөлөн авто үйлчилгээ эрхлээгүй, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдээгүй учраас түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13-д зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм.

Харин прокуророос зөрчилд холбогдогч иргэний үйлдсэн гэх авто үйлчилгээний байгууллагад тавигдах шаардлагыг хангаагүй гэх зөрчил нь  үндэслэлтэй эсэх талаар маргаагүй бөгөөд холбогдогч З.Т нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, Автотээврийн тухай хууль болон авто үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тогтоосон MNS5025:2010 стандартыг зөрчсөн иргэний зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн...” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулах үндэслэлтэй.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу НТГ АТХУБ Д.Т-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 017**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Харин зөрчилд холбогдогч З.Т дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг бүрэн төлсөн байх тул улсын төсвийн орлогоос шийтгэлийн хуудсаар оногдуулсан 50,000 төгрөгийг гаргуулан холбогдогчид буцаан олгож, хариуцагчаас холбогдогчийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсгээр шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлстийн хяналтын прокурор Г.М-ын шаардлыг бүхэлд нь хангаж, НТГ АТХУБ Д.Т-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 017**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн    41.1.14-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлстийн хяналтын прокурор Г.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ