Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1028

 

           2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/01028

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-25 тоотод оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Алтансүх /РД: ЕС84082012/-ийн нэхэмжлэлтэй                                 

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-54, Пийс тауэр, 15 давхар, 1505 тоотод үйл ажиллагаа явуулах “Эсү трейд” ХХК-д холбогдох   

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0013 дугаартай орон сууц захилгын гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ зөрчсөн этгээдээс өөрийн өөрийн гүйцэтгэсэн үүрэг, өөрт учирсан хохиролд 50,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алтансүх би гадаад улсад сургууль төгсч Монголдоо ирэх өөрийн дүүг орон сууцтай болгох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хзгнуцагч компанитай 0013 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 46 312 800 төгрөгийг тушаасан атал барилгын гүйцэтгэл огт явагдаагүй, хариуцагч тал анхнаасаа эрхийн доголдолтой барилга дээр захиалагч нараас орон сууцны захиалга авч хохироосон юм. Бидний зүгээс Гүйцэтгэгч тал удаа, дараа гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдаж байсан гэрээг зүй ёсоор цуцлах хүсэлтэй байгаагаа 2015 оны 10 дугаар сард хариуцагч талд бичгээр мэдэгдэж уг төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 1-ны дотор ямар нэгэн шимтгэл, торгууль суутгалгүйгээр буцааж авах хүсэлтээ уламжилсан. “Эсү трейд” ХХК нь миний энэхүү хүсэлтийг хүлээн авч, ханган шийдвэрлээд байрны урьдчилгаанд төлсөн 46 312 800 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр амалсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй янз бүрийн шалтаг, шалтгаан тоочин манай гэр бүлд маш их чирэгдэл, хохирол учруулан хохирол, зардлын хэмжээг нэмэгдүүлж илтэд хүндэтгэлгүй хандаж ирсэнд гомдолтой байна.

Иймд байрны урьдчилгаанд төлсөн 46 312 800 төгрөг, өөрт учирсан хохиролд 4 600 000 төгрөг нийт 50 912 800 төгрөгийг шүүхийн журмаар нэхэмжилж байна гэжээ.  

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Алтансүх нь хариуцагч “Эсү трейд” ХХК-д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0013 дугаартай орон сууц захилгын гэрээнээс татгалзаж гэрээний үүргээ зөрчсөн этгээдээс өөрийн өөрийн гүйцэтгэсэн үүрэг, өөрт учирсан хохиролд 50,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Уг эвлэрлийн гэрээнд: Ж.Алтансүхийн нэхэмжлэлтэй “Эсү трейд” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын төлөөлөгчид дараах нөхцөлөөр байгуулав.

1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага 50,912,800 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

  1. Дээрх төлбөрийг 4 хувааж
  • 2017.07.01-ний өдөр 12,728,200 төгрөг
  • 2017.08.01-ний өдөр 12,728,200 төгрөг
  • 2017.09.01-ний өдөр 12,728,200 төгрөг
  • 2017.10.01-ний өдөр 12,728,200 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.

 

Хэргийн зохигч нар шүүх хуралдаанд эвлэрсэн бөгөөд тэдний эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүхэд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр Ж.Алтансүх нь төлөөлүүлэх эрхээ З.Ариунцэцэгт, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр “Эсү трейд” ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Гүнжээд олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар хийгдсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Эсү трейд” ХХК-иас 412,520 төгрөгийг гаргуулж Ж.Алтансүхэд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон         

                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Эсү трейд” ХХК нь 2017.07.01-ний өдөр 12,728,200 төгрөг, 2017.08.01-ний өдөр 12,728,200 төгрөг, 2017.09.01-ний өдөр 12,728,200 төгрөг, 2017.10.01-ний өдөр 12,728,200 төгрөг, нийт 50,912,800 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Эсү трейд” ХХК-иас 412,520 төгрөгийг гаргуулж Ж.Алтансүхэд олгосугай.

 

3. “Эсү трейд” ХХК нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2017/03493 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар “Эсү трейд” ХХК-ийн Голомт банкны 1102038319 тоот төгрөгийн болон 1105047715 тоот валютын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 50,912,800 төгрөгийн зогсоохыг даалгасан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                       

 

    

                        ШҮҮГЧ                                       Б.САЙХАНЦЭЦЭГ