Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          06             14                                          2021/ШЦТ/170

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Л.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Л-д холбогдох эрүүгийн 2138001040178 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Л.

Шүүгдэгч Л.Л- нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” захад байрлалтай гар утасны сүлжээ дэлгүүрээс хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн “Самсунг-А9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.Л- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” захад байрлалтай гар утасны сүлжээ дэлгүүрээс хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн “Самсунг-А9” маркийн гар утсыг худалдаж авна гэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Л.Л-ас хохирогч Ж.Б-т 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гар утасны лангуун дээрээ зогсож байтал үл таних 30 орчим насны цэвэрхэн хувцасласан эрэгтэй хүн орж ирээд гар утас худалдаж авах гэж байгаа юм 500.000 төгрөгт багтааж утас авна гэхээр нь би шинээр худалдаалж байсан гар утаснууд дундаасаа Самсунг Нөт-9 про маркийн гар утас, Самсунг А9 маркийн гар утаснууд үзүүлтэл үзэж харж байгаад гар утас худалдаж авалгүй гараад явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа худалдаж байсан гар утаснуудаа үзтэл худалдаалж байсан гар утаснууд дундаас Самсунг А9 маркийн гар утас алга болсон байхаар нь гар утас хулгайд алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ..би хулгайд алдсан гар утсаа одоо 550.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь тэр гар утсыг нэг ч удаа барьж байгаагүй худалдаалах гэж байсан шинээрээ утас байсан юм. ...надад 500.000 төгрөг бэлэн мөнгөөр өгч хохирол барагдуулсан. ..Надад цаашид нэхэмжлэх өөр зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

- Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан-Уул зах дээр эхнэр Ж.Б-ийн хамт гар утасны сүлжээ дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гар утасны лангуун дээрээ зогсож байтал 25-30 орчим насны хар өнгийн хослол, цагаан цамц өмсөж цэвэрхэн хувцасласан залуу орж ирээд 500.000 төгрөгөнд тааруулж гар утас авъя гэхээр нь би гар утасны лангуун доороосоо Самсунг Нөт9 маркийн гар утсыг үзэж байгаад надад буцааж өгөөд Самсунг А9 маркийн гар утсыг үзээд байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа би өөр тийшээ явахаар болоод манай эхнэр гар утасны лангуун дээрээ үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Хохирогч Ж.Б-ийн хулгайд алдсан гэх Самсунг-А9 маркын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зах дээр гар утас зардаг худалдааны дэлгүүрт явж байгаад лангуун дээр 400-500 мянган төгрөг барагцааны үнэтэй гар утсыг үзэж сонирхож байгаад худалдагч нь анзаарахгүй байх шиг байхаар нь тэр чигээр нь аваад гарчихсан юм. Тур утсыг би эхнэртээ худалдаж авсан гэж хэлээд өгчихсөн. ..тэр утасны хохирол 500.000 төгрөгийн үнэлгээ гарсныг би бэлэн мөнгөөр төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Л-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,

- Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Л.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Л- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” захад байрлалтай гар утасны сүлжээ дэлгүүрээс хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн “Самсунг-А9” маркийн гар утсыг худалдаж авна гэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 550.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Л-ас хохирогч Ж.Б-т 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогч Ж.Б-ийн хулгайд алдсан гэх Самсунг-А9 маркын гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, ашиг хонжоо олох зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Л.Л- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” захад байрлалтай гар утасны сүлжээ дэлгүүрээс хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн “Самсунг-А9” маркийн гар утсыг худалдаж авна гэж үзэж байгаад сэм авч 550.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Л.Л-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 500.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Л.Л-ас хохирогч Ж.Б-т 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хохирогч Ж.Б-ийн “...надад 500.000 төгрөг бэлэн мөнгөөр өгч хохирол барагдуулсан. ..Надад цаашид нэхэмжлэх өөр зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Л.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 59/, хяналтын прокуророос шүүгдэгч Л.Л-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Л-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Л-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Л-д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР