| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Сартуул ургийн овогт Г.Сд холбогдох 2136000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2021 оны 05 сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..................... регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул ургийн овогт Г.С,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.С нь “Мустанг” загварын мотоцикл ашиглан 2020 оны 12 дугаар сарын дундуур Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Илжгэн” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох нойтон Алтайн сонгино 7 кг түүж, экологи эдийн засагт 886900 төгрөгийн хохирол учруулж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр болсон үйл явдлын талаар ярьсан учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв. Буруу зүйл хийсэн байна гэв.
2136000000043 дугаартай эрүүгийн хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6-р хуудас/,
2. Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,
4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11-р хуудас/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
6. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-р хуудас/,
7. Яллагдагч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,
8.Яллагдагчийн Г.Сгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 151-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч 2020 оны 12 дугаар сарын дундуур Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Илжгэн булаг” гэх газраас 7 кг сонгино түүсэн, сонгино түүхдээ “Мустанг” загварын мотоцикл унаж очсон, улмаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хүнд өгөх гэж сонгиныг авч явж байгаад байгаль орчны хяналтын байцаагчид баригдсанаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн түүсэн сонгино нь ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино” болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Г.С нь 2020 оны 12 дугаар сарын дундуур “Мустанг” загварын мотоцикл ашиглан, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн “Илжгэн булаг” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино” 7 килограммыг түүж, ургамлын аймагт хохирол учруулан, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Илжгэн булаг” гэх газар байв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 3-6-р хуудас/,
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эд зүйл хураан авсан талаарх “...Иргэн Г.Сгаас Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт хууль бусаар бэлтгэсэн “Алтайн сонгино” гэх ховор ургамлыг хэрэглэх зориулалтаар түүсэн 7 кг жинтэй, 3-4 см-ийн голчтой улаан хүрэн өнгийн нимгэн хальсан бүрхүүлтэй өндгөн хэлбэрийн ... байсныг хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт байрлах “Илжгэн булаг” нэртэй газар Алтайн сонгино ургадаг. ...Тухайн газар ургадаг “Алтайн сонгино” нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, 2004 оны 165 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
Гэрч Н.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Илжгэн булаг” гэх газар улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй. ...2020 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас “Алтайн сонгино” гэх ховор ургамал түүх зөвшөөрөл олгогдоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,
Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүргэн ах Г.С миний мотоциклыг тухайн үед авч сонгино түүхээр явж байсан. ...Миний мотоцикл “Мустанг” загварын мотоцикл байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,
Шинжээч Д.Бөхболд, А.Нансалмаа, Г.Нямдаваа нарын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 7 кг ууталж бэлтгэсэн сонгино шинжилгээнд тэнцэнэ. 2. Улаан хүрэн өнгийн нимгэн хальсан бүрхүүлтэй, 3-4 см-ийн голчтой өндгөн хэлбэрийн булцуу, хамар цоргисон үнэр, ааг, амт /хальсыг нь усанд буцалгаж үзэхэд хүрэн улаан өнгө өгсөн/ зэрэг шинж тэмдгээр Алтайн зэрлэг сонгино болохыг тодорхойлов. 3. Монгол Алтайн нурууны уулын хээрийн тойрогт тагийн доод бүслүүрийн хайргатай хад асгаар ургадаг сүүлийн жилүүдэд хэтэрхий ихээр түүж хэрэглэх болсноор нөхөн төлжилт алдагдаж тархац нөөц нь эрс багасч, нэн ховордож байгаа олон наст ургамал. 4. Засгийн газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ховор ургамал юм. 6. Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу иргэн өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр аж ахуйн нэгж эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түүж бэлтгэнэ. Ховд аймагт түүх зөвшөөрөл олгогдоогүй болно гэх дүгнэлт.” /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Үнэлгээ тогтоосон талаарх шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Мустанг мотоцикл 2021 оны 03 дуагар сарын байдлаар 272000 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/,
Яллагдагч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур би замын унаанд дайгдаж Хонгио багийн “Илжгэн булаг” гэх газар очиж хэрэгцээний 7 кг сонгино ганцаараа түүсэн. Тэгээд буцаад Ховд аймагт мотоциклтойгоо ирээд сонгиноо хадгалж байгаад хүнд өгөх гэж явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн байгаль орчны байцаагчид баригдсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-р хуудас/,
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/27 дугаартай эд зүйл хураан авах тухай зөвшөөрөл /хавтаст хэргийн 7-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/
Яллагдагч Г.Сгийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 151-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн уулнаас түүсэн гэх сонгино нь ховор ургамлын ангилалд жагсаалтад хамаарах “Алтайн сонгино” болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай “Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/ тогтоолын хавсралтын 168 дугаарт “Алтайн сонгино”-ыг ховор ургамлын жагсаалтад оруулжээ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох бөгөөд иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглахаар Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар зүйд тус тус хуульчилсан байна.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221 дугаартай албан бичгээр тус сумын нутаг дэвсгэрт “Алтайн зэрлэг” сонгиныг ахуйн хэрэгцээнийн зориулалтаар 2016 оноос хойш түүх зөвшөөрөл олгогдоогүй гэжээ. /хавтаст хэргийн 33-р хуудас/,
Шүүгдэгч Г.Сгийн Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 12 сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэр “Илжгэн булаг” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай, “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон “Алтайн сонгино”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр 7 килограммыг түүж, байгаль экологид 886900 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс ховор ургамалд хамаарах “Алтайн сонгино”-ыг түүсэн шүүгдэгчийн үйлдлийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Сгийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, ургамлын аймагт хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Г.Сг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, “Алтайн сонгино”-ыг ахуйн зориулалтаар хүнсэнд хэрэглэх зорилгоор түүсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай, “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар 1 кг “Алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээг 50000 төгрөгөөр тогтоосон байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай“ Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын хавсралтаар Алтайн сонгины экологи-эдийн засгийн үнэлгээг хуурай жинг 287800 төгрөг, нойтон жинг 126700 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ. /хавтаст хэргийн 78-93-р хуудас/
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаартай “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан Алтайн сонгины нойтон жингийн үнэлгээ 126700 төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 7 кг сонгины экологи-эдийн засгийн үнэлгээг 886900 төгрөгөөр тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа буюу 2020 оны 12 дугаар сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаартай, “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул уг тушаалын хавсралтаар баталсан Алтайн сонгины үнэлгээ 50000 төгрөгөөр тооцож /7 кг х 50000=350000/ 7 кг сонгины экологи-эдийн засгийн үнэлгээ 350000 төгрөгөөр гэмт хэргийн улмаас ургамлын аймагт учирсан бодит хохирлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3/ “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасныг баримтлан ургамлын аймагт учирсан 350000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож /7 кг х 50000 төгрөг = 350000 төгрөг х 5 дахин = 1750000 төгрөг/ 1750000 төгрөгийн ургамлын аймагт учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Сгаас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөр 1750000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 886900 төгрөгийг нөхөн төлсөн гэх боловч уг мөнгийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангийн дансанд тушаасан болох нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч өөр байгууллагад хохирлыг нөхөн төлөх байтал Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангийн дансанд 886900 төгрөгийг тушаасан, мөн “Гончиг Сүхдаваа торгууль төлөв” гэж шилжүүлсэн байх тул торгууль төлсөн, эсхүл хохирол нөхөн төлсөн эсэх нь тодорхойгүй гэж үзэн уг мөнгийг ургамлын аймагт учруулсан хохиролд оруулан тооцоогүй болно.
Шүүгдэгч дээрх төлбөрийг андуурч шилжүүлсэн гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулан авч хохирол төлөх байгууллагад шилжүүлэх боломжтойг дурдаж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 56-р хуудас/ тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Сгийн хувийн байдлын талаар гэрч Д.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.С нь 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Завхайн аймагт Гончиг гэдэг хүний бага хүүхэд болж төрсөн. ...2014 онд Ховд Их Сургуулийг геологич мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн, цэргийн алба хаагаагүй. Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-12 тоотод оршин суудаг.” гэх мэдүүлэг, гэрч Б.Цогтчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бага насаа Дөрвөлжин суманд өнгөрүүлж, эцэг эхийн гар дээр гэрээр хүмүүжиж, тус суманд 8 жилээ төгсөж, Завхан аймагт 10 дугаар анги төгссөн.” гэх мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23, 65-67 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлыг нөхөн төлсөн тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 7 кг Алтайн сонгиныг устгах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно.
Иймд шүүгдэгч Г.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлыг нөхөн төлөөгүй байх тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл буюу мотоцикл ашигласан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батсүхийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 32-р хуудас/ тус тус нотлогдож байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж прокурор тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлджээ.
Иймээс шүүх эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 272000 төгрөгийг шүүгдэгчээс ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх Байгаль орчин, уур амьсгалын сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Засгийн газрын тодорхой чиг, үүрэг зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай данс буюу сангийн орлого, зарлага нь улсын төсвийн бүрэлдэхүүнд хамаарах тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 кг Алтайн сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул ургийн овогт Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Сд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Сгаас хохирол нөхөн төлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 272000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Сд тайлбарласугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Сгаас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1750000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 кг “Алтайн сонгино”-ыг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Сд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК