| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/90 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч Х.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигон ургийн овогт Х.Дд холбогдох 2136000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, 12 дугаар гудамж, 1202 “а” байрны 12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, .................... регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт Х.Д,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа “Hozriin Endoo” гэх хэрэглэгчийн нэртэй facebook хаягаас интернет сүлжээ ашиглан facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан 2810000 төгрөгийн ашиг олж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед 1 сарын эхээр хөзрийн тоглоом хаа сайгүй явагддаг байсан. Би зүрх судасны эмнэлэгт байнга хяналтанд эмчилгээтэй байдаг тул цар тахлын нөхцөл байдлын үед орлого байхгүй эм тариа авах мөнгөгүй гэртээ байсан тул хэрэглээнийхээ зүйл болон эм тарианыхаа мөнгийг олохын тулд тоглуулсан нь үнэн гэв.
2136000000054 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1. Яллагдагч Х.Дгийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/,
2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49-р хуудас/,
3. Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 51-р хуудас/,
4. Яллагдагч Х.Д түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 117-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр, ТОСК-ын “А” байрны 01-12 тоотод байрлах гэртээ, гар утсаараа “Hozriin Endoo” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, цаасан шоо ашиглан “Покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж,тоглолтод оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 5000 төгрөгийг өөрийнхөө болон эхнэрийнхээ эзэмшлийн банкны дансанд шилжүүлэн авч тоглолтод оролцуулсан байна. Улмаар 6 хүн 1 тоглолтод оролцож хожсон хүн бусад 5 хүний мөнгийг, зохион байгуулагч нь 1 хүнийг мөнгийг авах журмаар тоглуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хугацаанд тоглогчдоос 1320000 төгрөгийг эхнэр Х.Цэцгээгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5862047260 тоот дансаар, 4625000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 5057759895 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 5945000 төгрөгийн орлого олсон, үүнээс хожсон тоглогчдод 3135000 төгрөгийг мөрий хэлбэрээр буцаан шилжүүлж 2810000 төгрөгийн ашиг олсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Х.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт ашиг олох зорилгоор “Hozriin Endoo” гэсэн фейсбүүк хаяг /facebook account/ ашиглан фейсбүүк /facebook/ олон нийтийн сүлжээнд хөзөр, цаасан шоо ашиглан үр дүнг урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер”, нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 2810000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Гэрч Х.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Х.Д “хөзрийн ёндоо” гэх нэртэй фейсбүүк ашиглаж лайв хийж 7 модны покер гэдэг тоглоом тоглуулж, миний 5862047260 дугаартай данс руу 10000 төгрөг, 5000 төгрөгийн орлого оруулж хожсон хүнд нь өгдөг. 5000 төгрөгөөр тоглуулсан үед ...төгрөгийг өөрөө аваад үлдсэн мөнгийг нь хожсон хүнд өгдөг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны үеэс эхлээд 2021 оны 02 дугаар сар хүртэл тоглуулж байсан. Өдөрт ганц хоёр удаа л тоглуулж байсан. Зарим үедээ өнжөөд тоглуулдаг байсан. Өдөрт 5000-аас 10000 төгрөг олж байсан. Яг хэдэн төгрөг олсныг нь мэдэхгүй. ...Цаасан дээр тоонууд зураад, хөзөр ашиглаад өөрийнхөө Samsung note-4 маркийн гар утсаар лайв хийгээд өөр нэг гар утсанд миний сим карт хийгээд данс руу мөнгө орсон эсэхийг шалгаад тоглоом тоглуулдаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн “Samsung Galaxy Note-4” маркийн гар утсанд үзлэг хийсэн талаархи “...Иргэн Х.Дгийн гар утас нь 8х16 см хэмжээтэй бор өнгийн хавтастай гэртэй, хавтсыг салгахад нүүрэн хэсэгт нилээн наалттай хар өнгөтэй утасны ар талын доод дунд хэсэгт Samsung гэсэн бичвэртэй Samsung Galaxy Note-4 загварын утас байх ба ямар нэгэн түгжээгүй байв ...фейсбүүк хаяг руу ороход “Horoljav Dawaasambuu” гэсэн нэртэй фейсбүүк хаяг байх ба чат хэсэг рүү нь ороход Horoljav Dawaasambuu, Д.Сүхтулга, Hozriin Endoo, Tenger Huu гэсэн чатууд байв. Эзэн Х.Дгаас Hozriin Endoo гэх хаяг руу оруулах гэхэд би нэвтрэх нэр болон нууц үгийг нь мартчихсан. Цагаан сараас хойш олж чадахгүй байна гэснээр үзлэгийг дуусгав” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Яллагдагч Х.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ТОСК-ын А байрны 1-12 тоотод байхдаа 2021 оны 01 дүгээр сараас эхлээд 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Hozriin Endoo” гэх фейсбүүк хаягаас цахим орчинд покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан. ...Би покер тоглоомыг цахим орчинд зохион байгуулахдаа эхнэр Х.Цэцгээгийн ХААН банкны 5862047260 дугаартай дансаар мөнгийг хүлээн авч, хожсон хүнд тэр данснаас шилжүүлдэг байсан. Уг тоглоомыг 1 удаа тоглоход 6 хүн тоглодог ба 1 хүнээс 5000 төгрөг авч тоглуулаад хожсон хүнд нь 25000 төгрөгийг өгч, өөрөө 5000 төгрөгийг авдаг байсан. Уг цахим тоглоомыг тоглуулахад хөзөр, шоо, бал, бичгийн цаас, гар утас зэргийг ашигладаг байсан. ...Уг ашиглаж байсан хөзөр, шоо, бал, бичгийн цаас зэргийг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр гэрийнхээ гадаа хогийн саванд хаясан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/,
Иргэн Х.Цэцгээгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5862047260 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн талаархи Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...ХААН банкны Хорлоо овогтой Цэцгээгийн 5862047260 дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх дансанд хийсэн үзлэгээр ...199 данснаас мөнгө орж ирсэн байх ба нийт 1320000 төгрөгийн орлого орсон ба үүнээс 1180000 төгрөгийг өөрт орлого болгож, 140000 төгрөгийг тоглосон хүмүүст буцааж олгосон болно.” гэх тэмдэглэл, дансанд үзлэг хийсэн түүвэр /хавтаст хэргийн 53-57-р хуудас/,
Иргэн Х.Цэцгээгийн ХААН банкин дахь 5862047260 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7-19-р хуудас/,
Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5057759895 дугаартай депозит дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 63-105-р хуудас/,
Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5057759895 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн талаархи Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...ХААН банкны 5057759895 тоот дансанд үзлэг хийхэд 2021 оны 03-р сарын 08-ны өдөр хүртэл 4625000 төгрөгийн орлого орсон байна. Үүнээс буцаалт болгож 2995000 төгрөгийг шилжүүлсэн байна. Яллагдагч Х.Д 1630000 төгрөгийг ашиг болгон авсан байна.” гэх тэмдэглэл, дансанд үзлэг хийсэн түүвэр /хавтаст хэргийн 106-108-р хуудас/,
2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “...Яллагдагч Х.Дгийн мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт мөрийтэй тоглоом зохин байгуулж нийт 2810000 төгрөгийн ашиг олсон дансны хуулга болон дансны хуулганд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 114-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Яллагдагч Х.Д түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Х.Д миний бие Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.
Иймээс шүүгдэгчийн гар утсаараа “Hozriin Endoo” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 5000 төгрөг авч хөзөр, цаасан шоо ашиглан “Покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 1320000 төгрөгийг эхнэр Х.Цэцгээгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5862047260 тоот дансаар, 4625000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн 5057759895 тоот дансаар тус тус дамжуулан авч нийт 5945000 төгрөгийн орлого олж, үүнээс хожсон тоглогчдод 3135000 төгрөгийг мөрий хэлбэрээр буцаан шилжүүлж 2810000 төгрөгийн ашиг олсон үйлдлийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохион байгуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлджээ.
Иймд шүүгдэгчийн өөрийнхөө эзэмшлийн гар утсаараа “Hozriin Endoo ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан “Покер” гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж, 2810000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Дг үргэлжилсэн үйлдлээр, мэдээллийн технологи буюу гар утсаараа олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь мэдээллийн технологи буюу гар утсаараа олон нийтийн цахим сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ашиг олох зорилготой байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Х.Дд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөр үгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Х.Д нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 49-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Х.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.Д 1972 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд Хоролжав гэдэг айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн.1988 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн 8 дугаар анги төгссөн. ...2009 онд зүрхний бах гэдэг оноштойгоор БОЭТ-ийн хяналтад байдаг, ...хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группт байдаг.” гэх мэдүүлэг, гэрч Д.Тогтохдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тансаг нэртэй бууз, баншны үйлдвэр ажиллуулдаг байж байгаад ковид цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь зогссон байгаа. Зан байдлын хувьд яриасаг, нээлттэй, хөгжилтэй талын хүн.” гэх мэдүүлэг, Иргэний үнэмлэхний лавлаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 59, 38-39, 41-47, 51-52-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 2810000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохиролгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, оногдуулах ялын талаар прокурортой тохиролцсон, хөрөнгө, орлогыг хураахад маргахгүй ба хугацаа тогтоож өгнө үү” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Х.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөдөлмөрийн чадвар алдсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.
Шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 2810000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Мөн эрүүгийн хуульд хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний хугацааны талаар зохицуулаагүй байх тул “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 6 сарын дотор төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Х.Дг үргэлжилсэн үйлдлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Дд тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2810000 /хоёр сая найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. 2136000000054 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан торгох ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК