Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦ80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,

улсын яллагч З.Алтансолонго,  

шүүгдэгч Д.Г, Ц.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт  овогт Ц.Б, З овогт овогт Д.Г,  нарт холбогдох 2136000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, .................... регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх, Н овогт  овогт Ц.Б, 

2. Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........................ регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх З овогт овогт Д.Г, ,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Г, Ц.Б нар нь бүлэглэн Хар-Ус нуурын орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахиуртайн хоолой” гэх нэртэй газарт байрлах нуураас зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тор ашиглаж Алтайн сугас нэртэй 486 ширхэг загас барьж, амьтны аймагт 6804000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Цагдаагийн газар дээр бүх зүйлээ хэлсэн одоо нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

          2136000000006 дугаартай эрүүгийн хэргээс:

          1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

          2. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эд зүйл буюу хууль бусаар барьсан загасыг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-65-р хуудас/,

          3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14-р хуудас/,

          4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 62-65-р хуудас/,

          5. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

          6. Яллагдагч Ц.Б, Д.Г, яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 6-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Хэргийн үйл баримтын талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь найз шүүгдэгч Д.Гийн хамт Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар буюу Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт “Цахиуртайн хоолой” гэх нэртэй газарт байрлах нуураас 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 2 ширхэг хуучин загасны тор ашиглан 13 уут загас барьж, хулсан дунд нууж хураасан. Улмаар байгаль хамгаалагч болон Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны ажилтан нуурын эрэгт хулсан дунд нуусан загасыг олж ирүүлж цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаснаар эд зүйлд үзлэг хийхэд 486 ширхэг загас байсан, шинжээчийн дүгнэлтээр тухайн загас нь “Алтайн сугас” нэртэй загас байсан нь тогтоогдсон зэрэг  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.Б, Д.Г нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарах Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэр “Цахиуртайн хоолой” гэх нэртэй газарт байрлах нуураас зохих зөвшөөрөлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тор ашиглаж “Алтайн сугас” нэртэй 486 ширхэг загас барьж амьтны аймагт 6804000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Чандмань сумын “Цахиуртайн хоолой” гэх газар байв.”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1973 оны 02 сарын 24-нний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нутгийн удирдлагын менежмент мэргэжилтэй, байгаль хамгаалагч ажилтай, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суудаг, Цэвээний Цэрэндаваа/ “...Би Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан хэсгийг хамгаалсан байгаль хамгаалагчийн ажилтай бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийж яваад “Цахиуртайн хоолой” гэх газарт ортол нуурын хоолойд 2 ширхэг загасны тор тавьчихсан байсан тул тухайн 2 торыг нь хурааж аваад эргэн тойронд хүн болон загас байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн зүйл илрээгүй. 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтнүүд тухайн загасыг олж хэн барьсан талаар нь асууж сураглаад Баасанжав, Гансүх нар барьсан байх тул би цагдаад мэдэгдсэн.  Тухайн 2 хүнд загас барих зөвшөөрөл байгаагүй, хууль бусаар барьсан байсан. ...486 ширхэг Алтайн шар сугас гэх загас барьсан байсан бөгөөд тухайн загасны үнэлгээг 7000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Нөхөн төлүүлэхдээ 2 дахин нугалж төлүүлдэг тул нийт 6804000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Гэмт хэргийн улмаас байгаль экологит учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

Гэрч Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд маргааш өглөө нь хайгаад бас олоогүй. Тэгтэл манай ажлын хүмүүс ирээд хайж явж байгаад Баян худгийн зүүн хойд талд хулсан дотор хураасан байсныг олж тогтоон загас барьсан хүмүүстэй нь уулзаад яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 24-р хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буцаад Чандмань сумын Баянхайрхан багийн Цахиуртайн хоолой гэх газарт хяналт шалгалтаар явган явж байтал хулсан дунд ууттай загас байсан. Тэгээд би жолоочийг дуудан албаныхаа 1161 ХОҮ улсын дугаартай ...тээврийн хэрэгсэлтэй тухайн загас байгаа газарт очиж үзээд хулсан дунд үүссэн жим буюу мөрийг дагаад яваад байтал Баасанжавын гэрийн гадаа очсон. ...Тухайн Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Цахиуртайн хоолой гэх газар нь Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болно. ...Яг хэдэн ширхэг загас барьсныг би сайн мэдэхгүй байна. Тоолж үзээгүй. 13 уут загас байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

Шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай “...2. Алтайн сугас, 3. Хар-Ус, Хар нуур, Ховд гол, 4. Нэн ховор болон ховор амьтдын жагсаалтад ороогүй. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Алтайн сугас нь 7000 төгрөг, 6. Зөвшөөрөл олгогдоогүй, 7. Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарагдана. /Хар-Ус нуур орчмын УТХГН/, 8. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дугаартай “...Загасны хуучин тор, тохируулагдсан нэгж үнэ 6160 төгрөг, нийт үнэлгээний дүн 12320 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-54-р хуудас/,

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай “...хамгийн том загас нь 65 см урттай, 14 см өргөнтэй, хамгийн жижиг загас нь 43 см урттай, 7 см өргөнтэй, ...нийт 486 ширхэг загас байснаар үзлэгийг дуусгаж тухайн загаснуудыг хөлдөөж ногоон өнгийн 13 уутанд хийж уутны гадна талд нь уутанд хийсэн загасын тоог бичиж цагдаагийн газрын складанд оруулж хурааснаар үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл, зураг /хавтаст хэргийн 62-65-р хуудас/,

Яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт байх Цахиуртайн хоолой гэх газар байх нуурт найз Д.Гийн хамт тор тавьж нийт 13 уут загас барьсан бөгөөд барьсан загасаа тор тавьсан газраасаа холгүй үүрч аваачаад хулсанд нуусан. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 05-ны үед байх Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын ажилчид манайд ирээд хулсанд нуусан байсан загасыг хэн барьсан талаар асуугаад байхаар нь би үнэнээ хэлчихсэн юм. ...Хуучин хүн амьтан загас барьж байгаад хаячихсан торыг Гансүх авчихсан байсан гэсэн. Тэр тороор нь тухайн  загаснуудыг барьсан юм. ...Нийт тоог мэдэхгүй байна. Тухайн үед 13 уут байсан. Сүүлд шинжээчийн дүгнэлттэй танилцахад Алтайн шар сугас гэх нэртэй 486 ширхэг загас барьсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-р хуудас/,

Яллагдагч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд найз болох Баасанжавын хамт Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Цахиуртай хоолой гэх газарт байх нуурт нөгөө олж авсан тороо тавиад нийт 13 уут загас барьсан. Тэгээд барьсан загасаа ойролцоо байх хулс руу оруулаад нуучихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-р хуудас/,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хууль бусаар барьсан загасанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 61-р хуудас/,

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн загас барихад ашигласан гэх 2 ширхэг загасны торд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 69-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-р хуудас/

          Яллагдагч Ц.Б, Д.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганзориг нарын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 111-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... загас ... хамаарна гэж заажээ.

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаартай “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, Жаргалат Хайрхан, Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын хамгаалалтад авсан байна.

Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр загас барьсан Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Хар-Ус нуурын “Цахиуртайн хоолой” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын ангилалд хамаардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймээс зөвшөөрөлгүйгээр Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрт хамаарах нуураас загасны тор ашиглаж 486 ширхэг “Алтайн сугас”  нэртэй загас барьсан шүүгдэгч нарын үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч нар нь хамтарч загас барьж, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх ба гэм буруугийн санаатайгаар, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байна.

          Шүүгдэгч Ц.Б, Д.Г нарын улсын тусгай хамгаалалтад хамаарах газраас тор ашиглаж 486 ширхэг “Алтайн сугас”  нэртэй загас барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Г нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загасны тор ашиглаж 486 ширхэг “Алтайн сугас”  нэртэй загас барьж, хууль бусаар ан агнах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, загас барьж зарж борлуулах зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. 

          Прокуророос шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулж, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алтайн сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 7000 төгрөгөөр тогтоосон ба 486 ширхэг “Алтайн сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 3402000 төгрөгийг /486ш х7000=3402000/ амьтны аймагт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцов.

 Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу “Алтайн сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцэх 6804000 төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б, Д.Г нар нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 6804000 төгрөгөөс тус бүр 500000 төгрөг, нийт 1000000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт цугларсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг, хохирогч Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр /хавтаст хэргийн 110, 140-р хуудас/ тогтоогдож байх тул үлдэгдэл 5804000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарын тус бүрээс 2090200 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Ц.Б, Д.Г нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 70-71-р хуудас/ тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ц.Бын хувийн байдлын талаар гэрч Ц.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Ц.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, архи тамхи татдаггүй хүүхэд байгаа юм.  Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт эхнэр, 2 хүүхдийн хамт гэр бүлээрээ өөрийн цөөн тооны мал дээр нэмж айлын мал хөлсөөр маллаж амьдардаг юм.” гэх мэдүүлэг,  гэрч Г.Нансалмаагийн “...Ховд аймгийн Чандмань сумын 12 жилийн дунд сургуулийг төгсөж үргэлжлүүлэн Ховд аймаг дахь Политехникийн коллежид суралцсан.  ...2013-2014 оны хооронд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаа дуусаад халагдаж байсан.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 131 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 32-35, 88-89, 99-р хуудас/ зэрэг нотлох баримт,

          шүүгдэгч Д.Гийн хувийн байдлын талаар гэрч Э.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү болох Гансүх нь төлөв даруу зантай, элдэв зуршил байхгүй. Хар багаасаа хөдөө өссөн, сургууль соёлд сураагүй, бүрэг дуугүй талдаа хүн байгаа юм. ...Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт гэр бүлээрээ айлын мал хөлсөөр маллаж амьдардаг.” гэх мэдүүлэг, гэрч О.Ромбын “...Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт аав, ээж, дүү нарын хамт  айлын мал хөлсөөр маллаж амьдардаг. ...Сургуульд сураагүй, мэргэжил эзэмшсэн зүйл байхгүй. ...2018-2019 оны хооронд Говь-Алтай аймгийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаа дуусаад халагдаж байсан”. гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 36-39-р хуудас/ зэрэг нотлох баримт тус тус хэрэгт цугларсан байна.

          Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч нарыг бүлэглэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жил 5 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан   хэрэгсэл болох загасны торны үнэ 6160 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулах,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 486 ширхэг “Алтайн сугас” загас, загасны тор зэргийг зохих журмын дагуу устгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар тус бүр 500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг дурдаж, 5804000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэх дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, санал тус тус гаргасан болно.

          Шүүгдэгч Ц.Б, Д.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Г нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан шүүгдэгч тус бүрт оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэв.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох загасны 2 ширхэг торны үнэ 12320 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 6160 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулахыг тус тус тайлбарлаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 486 ширхэг “Алтайн сугас” загас, 2 ширхэг торыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй,шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нарт шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Наймыхан овогт Ц.Б, З овогт овогт Д.Г,  нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Наймыхан овогт Ц.Б, З овогт овогт Д.Г,  нарын тус бүрийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Г нарын тус бүрт нь оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнссүгэй.

          4. Шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт тэнссэн  хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт тайлбарласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.Г нарын тус бүрээс  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загасны торны үнэ 6160 /зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баас 2902000 /хоёр сая есөн зуун хоёр мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Гээс 2902000 /хоёр сая есөн зуун хоёр мянга/ төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

          9. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 486 ширхэг “Алтайн сугас” нэртэй загас, 2 ширхэг загасны торыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Б, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ө.БАХЫТБЕК