| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2021/00014/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2021-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга: Н.Наранцай, Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан, Хохирогч О.Б-л/ Цахим сүлжээгээр/, Шүүгдэгч Г.М-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох 2133000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, хөдөө оршин суух, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 141А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Харчин овогт Ганбатын М-т /РД:МЛ00000000/ гэв. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М-т нь 2021 оны 02 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч О.Б-лтай маргалдаж түүний биед халдан нүүр, хөлөн тус газарт гараараа болон төмрөөр нэгээс дээш удаа цохиж гутлаар өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, хамрын нуруу, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун гуя, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.М-т нь 2021 оны 02 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Б-лтай маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь: Шүүгдэгч Г.М-т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. Шүүх хуралдаанд хохирогч О.Б-лын өгсөн “... 2021 оны 02 дугаар сарын 13-ны шөнө би айл руу явсан. Тэгээд 02 дугаар сарын 14-ний өдрийн үүрээр гэртээ ирсэн. Би Болдоо, Тамираа гэх эхнэр, нөхөр хоёртой хамт явсан. Оргил гэх найз нь согтоод унтчихсан. Болдоо, Тамираа хоёрынх манайхтай ойрхон байдаг саахалт айл. Манай нөхөр жоохон хартай. Тэгээд Болдоо, Тамираа хоёр намайг нөхөр чинь босож ирээд хардаад унана, манайд очоод 2 цаг болчхоод ирье гэсэн. Тэгээд бид нар Болдоогийнд очоод 1 цаг гаруй болоод ирсэн. Тэгсэн гэртээ хоносонгүй, ямар юмаа дагаад явчихдаг юм гээд хардсан. Болдоо, Тамираа хоёр хүртэл манай нөхөрт хэлсэн. Чамайг энэ унтаж байгаа хүнтэй хардах юм болов уу? гэж бодоод манайд очоод 1, 2 цаг болчхоод ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд нэлээн хэрүүл маргаан болсон. Би битгий гар хүрээч, битгий зодооч, болиоч гэж хэлсэн боловч төмөр барьж дайраад агсраад байсан. Өглөө нь намайг босооч, юмаа хийгээч гээд байхаар нь би тэр чигээрээ хэвтээд байсан. Би зодуулчхаад гэртээ 4, 5 хоног болсон. Манай хадмууд хаяанд байдаг байж цагдаа дуудаагүй. Намайг цус нөжтэйгөө холилдоод байж байхад хэн ч орж ирээгүй, тоогоогүй. Тэгэхээр нь арга бараад цагдаад хандсан. Тэгсэн өргөдөл бичиж өгөөд яваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш Дарханд байна. Миний хамар 2 дахь удаагаа гэмтэж байна. 2020 оны өвөл хамраа гэмтээгээд хагалгаанд орчихсон байсан. Гэтэл сая дахиад гэмтээчихсэн. Энэ гэмтэл нь дор хаяж 1 сая гаруй, 2 сая төгрөг болно. Улаанбаатар хот руу яваад нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаа хийнэ.Эндээс бичиг хийгээд явах юм байна. 7 хоног дотор нь ирсэн бол янзлах байсан гэж хэлсэн. Тэгээд би энэ мөнгийг нэхэмжлээд, томограф, зардлын мөнгийг хотод байдаг дүүгээсээ авсан. Өмнө нь ч гэсэн авч байсан. Тэгээд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтын шатанд: Яллагдагч Г.М-тын өгсөн: “...2021 оны 02 сарын 13-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар багт гэртээ эхнэр О.Б-лын хамт байж байсан юм. Тэр өдөр 16 юм уу 17 цагт манай найз Болдоо эхнэр Тамираагийн хамт манайд ирсэн юм. Тэгээд тэр хоёрыг ирээд бид хэд суугаад хоол цай идчихээд удалгүй Бодоогийнх руу би эхнэртэйгээ Болдоо эхнэртэйгээ бид дөрөв хамт явсан юм. Болдоогийнд очоод ганц шил архи нэг том 2,5 литрийн пиво уугаад байж байтал гаднаас Болдоогийн найз Оргио гэх залуу ирээд бид хэд хамт архи ууж байгаад Болдоогийнхоос гараад бүгдээрээ сумын төвд Жижгээ /Эрдэнэбилэг/ гэх найзындаа очоод тэнд Жижгээтэй хамт нэг шил архи ууж архи ууж дуусаад тэгээд тэднийхээс гараад Жижгээг дагуулаад бид хэд бүгдээрээ Пүрэвням гэх хуурай ахындаа очоод тэнд Пүрэвнямтай хамт архи ууж байгаад би тасарчихсан байсан. Тэгээд тэднийхээс гараад 02 сарын 14-ний өглөө үүрээр 5 цагийн орчимд Болдоо эхнэртэйгээ би эхнэртэйгээ Оргиотой хамт тавуулаа Шар хоолой гэх газар манайд ирсэн юм. Тухайн үед би их архи уусан байсан болохоор тасраад унтаад өгсөн. Оргио бас согтоод миний хажууд унтаад өгсөн байсан. Би өглөө 7 цагийн үед босоход гэрт Оргио бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Тэгээд би Оргиогоос нөгөө хэд яасан талаар асуухад Оргио танай эхнэр Болдоо Тамираа хоёртой хамт гараад явсан гэхээр нь би Болдоо руу та нар хааччихав хаашаа явчхав гээд мессеж бичсэн чинь удалгүй Болдоо түүний эхнэр Тамираа манай эхнэр Бямбажаргал тэр гурав хүрээд ирсэн юм. Тэгээд Болдоо ирээд Бямбажаргалыг буулгачхаад зөрүүлээд Оргиог аваад гэр рүүгээ буцаад яваад өгсөн юм. Тэгээд тэр хэдийг явсны дараа би гадаа мал аж ахуйн ажлаа хийж байгаад гэртээ орсон чинь Бямбажаргал орон дээр хэвтчихсэн унтаж байсан тэгэхлээр нь би чи босооч баяр ёслол болж байхад босож гал хөсөө түл гээд хэлсэн чинь Бямбажаргал миний урдаас чадахгүй пизда минь гээд тэрнээс үүдээд л ерөнхийдөө хэрүүл болсон юм. Тэгээд хэрэлдэж байснаа Бямбажаргал босож ирээд над руу дайрахаар нь би барьцалдаж аваад салсан юм. Тэгсэн Бямбажаргал цаанаас галын дэгээ төмөр өөрөө барьж ирээд намайг нэг цохисон юм. Тэгэхээр нь би тэр төмрийг нь булааж аваад зөрүүлээд Бямбажаргалыг өөрийг нь хоёр гурав удаа цохисон юм. Ингэхдээ хөл гуя хэсэг рүү нь цохисон юм. Бямбажаргал дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би очоод Бямбажаргалын хөлийн шилбэ рүү нь гутлаараа хоёр гурван удаа өшиглөсөн юм. Тэгээд Бямбажаргал урдаас босоод ирэхээр нь цааш түлхтэл орны толгойнд хамраа цохичихсон юм. Тэгсэн хамраас нь цус гараад хамар нь хавдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч П.Одмаагийн өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай сумын цагдаа Мягмарсүрэн О.Бямба-Эрдэнэ гэх эмэгтэйг дагуулж ирээд надад үзүүлсэн юм. Тухайн үед манай сумын цагдаа хэлэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн байгаа юм. Үзээд өгөөч гэхээр нь би тухайн эмэгтэйд үзлэг хийхэд үзлэгээр, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамар нь мурийгаад хөхөрчихсөн, хоёр гар нь шуу бугалга хэсгээрээ хөхөрчихсөн, хоёр хөл нь гуя хэсгээрээ хөхөрчихсөн, шилбэний эрээн булчин хэсэг мөн адил хөхөрчихсөн, урд шилбэ хэсгээрээ нарийхан зүйлээр цохиулчихсан юм шиг ором гарчихсан байсан. Би тэгээд тухайн О.Бямба-Эрдэнэ гэх эмэгтэй манай нөхөр 5 хоногийн өмнө намайг зодоод ийм болгочихсон юм. Өмнө нь бас намайг байнга зоддог байсан. Би хамартаа гэмтэлтэй байж байгаад эмчилгээ хийлгээд удаагүй гам барих ёстой байсан чинь нөхөр цохиод гэмтээчихлээ одоо амьсгалахад хүндрэл бэрхшээлтэй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 75 дугаар хуудас/, Гэрч Б.Баттамирын өгсөн “...2021 оны 02 сарын дундуур байсан санагдаж байна. Цагаан сарын шинийн 2-3-ны орчимд байсан санагдаж байна. Тухайн өдөр би нөхөр Б.Сонинболдын хамт Ганбат ахынд очиж золгосон. Тэгээд дараа нь хажуу талд Г.М-тын гэрээр орчхоод явахдаа М-т Бямбажаргал хоёрыг манай гэрт очиж цай уу гээд дагуулаад явсан. Тэгээд гэртээ очиж М-т Бямбажаргал хоёрт цай уулгачхаад байж байтал Оргилбаяр гэх залуу ирсэн. Тэгээд М-т Бямбажаргал, Оргилбаяр гурав архи уучихсан болохоор машин барихгүй гээд манай нөхрөөр машин бариулаад бид тав хамт сумын төв орж Жижгээ гэх айлд очсон. Дараа нь Жижгээг аваад зургуулаа Пүрэвням гэх айлд очсон. Тэгэхэд орой 00 цаг болж байсан. Пүрэвнямынхаас гараад Гомбосүрэн гэх айлд очоод тэдний гэрээс 03 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд өөр айлд очно гээд байхаар нь одоо амарцгаая гээд сумын төв орж Жижгээг гэрт нь буулгачхаад шууд М-т Бямбажаргал хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгсэн М-т гэрт орж цай уулгачхаад яв гэхээр нь машинаас буугаад гэрт нь орсон чинь Оргилбаяр тасраад газар унаад өгсөн. Харин М-т шууд унтаад өгсөн. Тэгээд Бямбажаргал та хоёр Оргилбаярыг авад явахгүй бол М-т намайг хардах байх гэхээр нь би Оргилбаярыг өргөх гэсэн дийлэхгүй байсан. Тэгээд Оргилбаярыг үлдээгээд Бямбажаргалыг авч явчхаад өглөө буцаагаад авч ирье гэж ярилцаад хамт бид гурав манай гэрт рүү явсан. Тэгээд манай гэрт ирж хэсэг байж байгаад үхэр малаа янзалчхаад 07 цаг өнгөрч байхад буцаад М-н гэрт очсон чинь М-т Орил хоёр овоо сэргэчихсэн хэвтэж байсан. Харин нөхөр бид хоёр Бямбажаргалыг гэрт нь буулгачхаад Оргилыг аваад шууд буцсан. Тэрнээс хойш Бямбажаргал М-т хоёртой уулзаагүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/, Хохирогч О.Б-лын Сэлэнгэ аймгийн Сант сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /Хх-ийн 3-4 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. О.Б-лын биед хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, хамрын нуруу, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Хх-ийн 6-7 дугаар хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /Хх-ийн 8-9, 17 дугаар хуудас/, Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /Хх-ийн 10-13 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 32 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.М-тын урьд ял шийтгэгдэж байсан талаарх шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /Хх-ийн 35-63 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.М-тын иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх-ийн 67 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн засаг даргын “Тус сумын иргэн Ганбат овогтой М-т нь ам бүл 2 эхнэрийн хамт Хушаат 2 дугаар багт оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт/Хх-ийн 69 дүгээр хуудас/, Мал тооллогын баримт /Хх-ийн 70-73 дугаар хуудас/, Эд зүйл /эд мөрийн баримт/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 84-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.М-т гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.М-тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/,Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3/51 дуг аартай шийтгэх тогтоол /хх-51-52/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн 141А дугаартай шийтгэх тогтоол /хх51-63/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол /хх-35/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол /хх-131-138/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байна. /хх-47-50/ Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгч өмнө нь олон удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх талаар санаачилгагүй хандсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.М-т нь дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч 2018 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч О.Б-лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Г.М-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох 120 цагийн албадан сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх арга хэмжээ болон согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч О.Б-л нь шүүгдэгчээс 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд бүрдүүлж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хохирогч О.Б-л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хос гутал, галын дэгээ төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж шийдвэрлэлээ.Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчин овогт Г-н М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцох хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох 120 цагийн албадан сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх арга хэмжээ болон согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох эрх хязгаарлах арга хэмжээг тус тус авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хос гутал, дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хохирогч О.Б-л нь эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарт гардуулсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА