Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0157

 

 

Б.П-ийннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгч: Б.П

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 тоот захирамжаар “Русмяспром” ХХК-наас “Дархан мах экспо” ХХК-д олгосон 88000 м.кв газар олгогдох байснаас кадастрын зургаар 98469 м.кв болгож нэмсэн газраас 8568 м.кв газрыг хүчингүй болгуулах, иргэн Б.П-ийннэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт даалгах

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А/цахимаар/, Г.Н/цахимаар/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Г нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 114/2022/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Дархан мах экспо ХХК-д 88000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98469 м.кв болгож нэмсэн хэсгээс Б.П-ийн эзэмшиж байсан 8568 м.кв газрыг хүчингүй болгох, Б.П-ийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Б.П нь 1999 оны 09 сарын 28 өдрийн 08090053 тоот газар эзэмших гэрчилгээтэй 1999-2001 онуудад хэрэглэж байсан/ байх хэдий ч газар эзэмших гэрээ байгуулаагүй тухай гэрчилгээн дээр ямар газрыг эзэмшүүлсэн нь тодорхойгүй кадастрын болон газрын мэдээллийн санд холбогдох 2002 оноос өнөөдрийг хүртэл 5 удаа гэрчилгээ солигдсон өөрчлөгдсөн ба тухай бүр нь иргэн гэрчилгээгээ шинэчлээгүй маргаан бүхий газрыг эзэмшихээр аймгийн газрын албанд бичгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн эсхүл тодорхой байдлаар хариу авсан талаар баримт авагдаагүй, энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй холбогдох албан тушаалтнуудад хүсэлт баримтаа гаргаж өгч шийдвэрлүүлээгүй, захирамж байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгосон. ...1999 онд иргэн Ч.Пүрэвдоржоос Дархан-Уул аймаг Дархан-сум 3-р баг мах комбинат ХХК-ны залгаа байршилтай нийт 220 м.кв хэмжээтэй төмөр замтай, дулааны шугамтай, үл хөдлөх эд хөрөнгийг түүний доор байрлалтай 8568 м.кв газрын хамт 3.000.000 /гурван сая төгрөг/-өөр худалдан авч нотариатаар, гэрээ байгуулж өөрийн өмчлөл эзэмшилдээ авсан. Ингээд үл хөдлөх хөрөнгийн доорхи газраа 1999 оны 09 сарын -ны өдрийн 08090053 тоот газар эзэмших гэрчилгээг 20 жилийн хугацаатай эзэмшиж зохих татвараа төлж эзэмшиж байсан.

2.1.2.Газар үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж Чех улсаас тоног төхөөрөмж авчирч өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд авто машины осолд орж эрүүл мэндийн байдлаас болж үйл ажиллагааг явуулж чадахгүй болсон. Миний бие 2006 он хүртэл газрын татвар тооцоогоо төлж байсан. ...би удаа дараа очиж гэрээгээ байгуулъя татвар тооцоогоо төлье газраа ашигламаар байна гэж хэлэхэд элдэв шалтаг шалтгаан хэлж байнга намайг буцаадаг байсан. ...миний бие олон удаа газрын албаны даамлуудтай уулзаж байсан амаар болон бичгээр хамгийн сүүлд гэхэд 2012 оны 4 сарын 13 өдөр хүсэлтээ өгч байсан. Удаа дараа арга саам хийж намайг буцаадаг байсан. Харваас хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор үл тоон доог тохуу хийсэн янзтай надтай харьцдаг байсан. ...Миний бие газартаа холбогдох хүсэлтүүдээ эрх ашиг маань хохирсон гэдгээ мэдсэнээс хойш хуульд заасан хүсэлтээ гаргасан.

2.1.3.Захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаснаас хойш өөрийн эзэмшиж байсан газраа хууль бусаар бусдад шилжсэнийг мэдсэнээс хойш Газрын харилцаа, хот байгуулалтын газарт 2022 оны 12 сарын 14 өдөр хүсэлтээ гаргасан. ...Тус албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 873 тоот албан тоотоор таны газартай холбогдох маргаан шүүх дээр байгаа тул шийдвэр дуустал шийдэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлд зааснаар нотлох баримтын тал бүрээс нь үнэн зөв үнэлж шийдвэрээ гаргасангүй гэж үзлээ. ...Иймд Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 114/ШШ2023/0001 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 311 дүгээр захирамжаар “Дархан мах экспо” ХХК-д 88,000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газрыг олгох явцдаа кадастрын зургаар 98,469 м.кв болгож нэмсэн хэсгээс Б.П-ийн эзэмшиж байсан 8568 м.кв газрыг хүчингүй болгох, Б.П-ийн нэр дээр газар эзэмших гэрээ, гэрчилгээг олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”,

...32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”,

...106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”,

...107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгчээс “...1999 онд миний бие иргэн Ч.П-оос ...М залгаа байршилтай 220 м.кв хэмжээтэй төмөр замтай дулааны шугамтай үл хөдлөх эд хөрөнгийг түүний дор байршилтай 8568 м.кв газрын хамт 3 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан, ...тухайн модон байшингийн ашиглалтын хугацаа дуусч ...байшингаа буулгасан. Байшингийн доорх газрыг 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08090053 тоот газар эзэмших гэрчилгээгээр 20 жилийн хугацаатай эзэмших эрх авч, зохих татвараа төлж, эзэмшиж байсан., газар, үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж , Чех улсаас тоног төхөөрөмж авчирч өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсан., ...осолд орж олон жил хэвтэрт орж үйл ажиллагаа явуулж чадаагүй, ...2006 онд газрын даамал н.Мөнхбаяртай уулзахад “танай газрын хувийн хэрэг олдохгүй байна, устсан, шатсан... газартай холбоотой ямар нэгэн хувийн хэрэг гаргаж өгөөгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

4.“Дархан мах экспо” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тогтоолоор[1] “Тус компанийн 1993 онд 40 мянган төгрөгөөр худалдсан модон барилгыг ТӨХ-ны 1997 оны 38 тоот тогтоолоор буцааж авсныг худалдан авагчийн гаргасан гомдол болон бусад баримтуудыг үндэслэн хэлэлцээд ...40 мянган төгрөгийн өртөг бүхий модон барилгыг төлбөр хийсэн баримтыг үндэслэн иргэн Ч.Пүрэвдоржид буцаан олгож...” гэж шийдвэрлэсэн.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргаас нэхэмжлэгч Б.П-ийн нэр дээр 8568 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх 08090053 дугаар гэрчилгээг[2] 1999 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон нь хэрэгт тус тус авагдсан байна.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Д” ХХК “Үйлдвэрлэл эрхлэх байр, контор, хашааны хамт” зориулалттай газар нь анхнаасаа 88,000 м.кв байсан атлаа ямар шийдвэрээр, ямар үндэслэлээр 2013 онд 98,469 м.кв болж өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлтэй холбоотой болон маргаан бүхий газрын эзэмшилтэй холбоотой хэрэгт ач холбогдолтой холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгөөгүй атлаа “газар эзэмших гэрээ байгуулаагүй этгээдэд газар эзэмших эрхтэй холбоотой эрх, үүрэг үүсэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.Иймээс анхан шатны шүүхээс  нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын ямар шийдвэрээр олгосон, маргаан бүхий 8568 м.кв газар нь ямар зориулалттай байсан, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр, гэрчилгээг хариуцагчаас хүчингүй болгосон эсэх, мөн гуравдагч этгээд “Д” ХХК эзэмшиж байсан газар нь 88,000 м.кв байсан атлаа ямар эрх бүхий этгээдийн шийдвэрээр, ямар үндэслэлээр 98,469 м.кв болж нэмэгдсэн, гуравдагчийн этгээдийн одоо эзэмшиж байгаа 98,469 м.кв болон өмнө нь эзэмшиж байсан 88,000 м.кв  газартай маргаан бүхий 8568 м.кв газар нь давхцалтай эсэх нөхцөл байдлыг тогтоож, маргааны үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд холбогдуулан нэг бүрчлэн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

8.Мөн Орон сууц худалдах, худалдан авах 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд заасан байршил бүхий газар нь одоогийн маргаж буй 8568 м.кв газарт хамаарч буй эсэх, маргаан бүхий газрыг хуулийн дагуу нэхэмжлэгч нь сунгалт хийхгүйгээр гэрчилгээнд зааснаар 20 жил эзэмших эрхтэй эсэх, 2006 он хүртэлх хугацаанд маргаан бүхий газарт өлөнгийн цехийн үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой баримт байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой юм.

Үүнээс гадна Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/899 дугаар албан бичигт “...манай байгууллагын архив нь дотоод зохион байгуулалтаас шалтгаалан 2000-2019 оны хооронд 3-4 удаа нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн тул дээрх онуудын баримт өөр хадгаламжийн хавтаст орсон байх магадлалтай” гэж, хавтаст хэргийн 180 дахь талд авагдсан “...2000 оноос эхлэн элэгний архаг үрэвслийн улмаас дотрын эмчийн хяналтад хянагдаж эхэлсэн...” гэх хяналтын эмч Г.Нэргүйн гаргасан тодорхойлолт, мөн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/906 тоот албан бичигт “...холбогдох материал олдоогүй” гэх зөрүүтэй албан бичгийг нэг мөр тодруулалгүйгээр ...эмчилгээ хийлгэсэн байнгын эмнэлгийн хяналтад байдаг тухай үйл баримтууд бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж шууд анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

9.Дээр дурдсан үйл баримтыг шүүхээс тодруулсны дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгчээс хэтрүүлсэн эсэх нөхцөл байдлыг тогтоож, дүгнэлт өгөх, нэхэмжлэгч нь газрын гэрчилгээ авснаас хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 20 гаруй жилийн хугацаанд маргаан бүхий газрын эзэмшилтэй холбоотой газрын кадастрын зураг гаргуулах, газрын мэдээллийн санд бүртгүүлэх зэрэг ажиллагааг хийлгээгүй эсэх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг мөн дахин тодруулах нь зүйтэй.

10.Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн

шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 9 дэх тал

[2] Хэргийн 10 дахь тал