Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 381

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Дүгнэлт гаргагч: ХУД ПГХП Л.Ц

Хариуцагч: ХУД МХХЭАХХ ХУАБ Б.Б 

 

Прокурорын дүгнэлт: “ХУД МХХЭАХХ ХУАБ Б.Б-ийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 017**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Н, хариуцагч улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

ХУД ПГХП  шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “ЭАХХ ХУБ  Б.Б нь “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр хорооллын ** дүгээр байрны * дугаар орцны зоорийн давхарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тахианы шарсан гуя, мөч зэргийг шарж бэлтгэн иргэдэд худалдаалж байна” гэх Нийслэл мэдээ олон нийтийн цахим хуудсанд гарсан мэдээллийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шалгажээ. 

Б.У нь тус дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны * дугаар орцны зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглахаар түрээсэлсэн боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хүнсний үйлдвэрлэл эрхэлж байсан нь гэрэл зураг, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд түүний гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зөвшөөрөл аваагүй гэх заалтыг зөрчжээ. 

Гэтэл Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б нь дээрх зөрчилд иргэн Б.У-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар буюу төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд хяналт, шалгалтаас зайлсхийсэн гэх үндэслэлээр нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан байна. 

Иймд Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-ийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.У-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон 017**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

ХУД МХХЭАХХ ХУАБ Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус хяналт шалгалт нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны * дугаар орцны зоорийн давхарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хүнсний үйлдвэрлэл явуулж байна гэж Нийслэлийн мэдээ олон нийтийн цахим хуудсаар 2018 оны 07 дугаар сарын 2*-ны өдөр ** цагт гарсан мэдээлэл болон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хэлтсийн шуурхай хурал дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалт байсан болно. 

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагт U******* телевизийн зураглаач н.Б болон сэтгүүлч н.Б нарын хамт тус байранд хяналт шалгалт хийхээр очиход 2018 оны 07 дугаар сарын 2*-ны өдөр хэрэглэж байсан бүх тоног төхөөрөмжүүдийг гарган их цэвэрлэгээ хийж, агуулахын зориулалттай болгосон байсан бөгөөд иргэн Б.У нь тус байрны 2 дугаар орцны 27 тоотод оршин суудаг бөгөөд гэртээ засвар үйлчилгээ хийж байсан учир тухайн өдөр засварын ажилчдын хоол болох *-4 кг боорцог, 2 тахианы махыг жижиглэж шарсан гэх тайлбарыг өгсөн болно. 

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр холбогдогч Б.У-ээс мэдүүлэг авахад Б.У “М” ХХК-ийн захирал ажилтай болох нь тогтоогдсон учир миний бие Хан-Уул дүүргийн прокуророос Б.У-ийг иргэнээр торгох уу, эсхүл захирлаар торгох уу гэж асуухад иргэнээр торгож болно гэж зөвлөгөө өгсөн.

Зөрчлийн хэргийн нотлох баримтыг цуглуулах зорилгоор “М” СӨХ-ийн нягтлан бодогч Б.Б-аас холбогдогчийн мэдүүлэг, тус СӨХ-тэй байгуулсан гэрээг авч үзэхэд Б.У нь 201* оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ** дүгээр байрны * дугаар орцны *1.9 м.кв талбайтай зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулан сар бүр төлбөрөө бүрэн барагдуулж ирсэн байна. 

Нийслэлийн мэдээ цахим хуудсанд гарснаар Б.У нь 2018 оны 07 дугаар сарын 2*-ны өдөр эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хүнсний үйлдвэрлэл явуулж байгаад 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын байцаагч нарыг очиход ул мөрөө арилган тус ажлын байрыг агуулахын зориулалтаар засаж тохижуулсан байсан нь төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. 

Иймд дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т “Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл учраас 017**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр ХУД ПГХП -ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал, Нийслэлийн мэдээ олон нийтийн цахим сүлжээнд гарсан “...Хан-Уул дүүргийн 1-р хороо, **-р хорооллын ** дүгээр байрны * дугаар орцны подволд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд тахианы гуя, мөч зэргийг бэлтгэн иргэдэд худалдаалж байна” гэх мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ЭАХХ ХУБ  Б.Б 20** оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны * дугаар орцны подволд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. 

Улмаар улсын байцаагч 20** оны 07 дугаар сарын 25-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авч, гомдол гаргагч иргэний авсан гэрэл зураг, бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Б.Уийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулж, бэлтгэсэн гэх зөрчилд холбогдуулан шалгаж, хяналт шалгалтын явцад подволийг агуулахын зориулалтаар засаж тохижуулан зөрчлийн ул мөрийг арилгасан болохыг тогтоож холбогдогч Б.У-ийг 017**** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгожээ. 

Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд хяналт шалгалтаас зайлсхийсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. 

Хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 02-0*-055/16-****** дугаартай материалаас харвал, Б.У нь Хан-Уул дүүргийн 1-р хороо, ** хороолол, ** байрны 27 тоотод оршин суудаг байх бөгөөд 201* оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс “М*******” СӨХ-ийн * дугаар орцны *1.9 м.кв талбайтай подволийг түрээсэлж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол боловсруулсан болох нь тогтоогдсон байх боловч улсын байцаагч нарыг шалгалт хийхээр очиход холбогдогч тухайн подволд цэвэрлэгээ хийж, тоног төхөөрөмжүүдийг хурааж “...гэртээ засвар хийж байгаа учраас тухайн өдөр засварын ажилчдын хоол болох *-4 кг боорцог, 2 тахианы мах шарсан” гэж мэдүүлэг өгчээ. 

Тус шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт, хариуцагч улсын байцаагчийн хариу тайлбар болон тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл, улсын байцаагчийн шалгаж, тогтоосон зөрчлийн талаар прокуророос маргаагүй, холбогдогч Б.У зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байх боловч түүнд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлаагүй гэж үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гаргасан прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна. 

Учир нь Хүнсний тухай хуулийн * дугаар зүйлийн *.1.12-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж зааснаар хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж ойлгоно. 

Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.У нь тухайн подволд байрны засварын ажилчдын хоолыг хийсэн гэж тайлбарлаж, бодит нөхцөл байдалд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол боловсруулсан ул мөрийг арилгасан нь тогтоогдож, зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар Б.Уийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж тогтоогдохгүй байхад түүний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулах нь хуульд нийцэхгүй юм.  

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.* дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж зааснаар холбогдогч Б.У-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлгүй байх тул ХУД ПГХП -ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*.1, 106.*.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.* дугаар зүйлийн 1, Хүнсний тухай хуулийн * дугаар зүйлийн *.1.12, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус үндэслэн ХУД ПГХП -ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн    41.1.14-т зааснаар ХУД ПГХП  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 11*.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ