| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/01065/И |
| Дугаар | 1115 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1115
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2017/01115 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүн бүрэн сум, 1 дүгээр баг, Жаргалант, 3 хэсэг гудамж 021 тоотод оршин суух, Билгүүн овогт Цэвэгмэдийн Энхмаа /РД: МЖ69121008/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 7в байр, 7 тоотод оршин суух, Бэсүд овогт Батбаатарын Билгүүн /РД: ЙЮ92111311/-т холбогдох
2,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Энхмаа нь Солонгос улс руу хүү Билгүүдэйгээ суралцуулахаар явуулах гээд дансанд нь 14 сая төгрөг байршуулсан байсан үүнийг Билгүүн мэдэж мөнгөний хэрэг болоод байна хоёр гурав хоногийн хугацаатай өгчих гэж гуйсаар байгаад 2014 оны 12 дугаар сард 2,700,000 төгрөгийг авсан байсан үүнийг нь би мэдээгүй сургуулийн урилга виз ирээд сургуульд явуулах болсон мөнгө нь байхгүйг мэдээд Билгүүнтэй утсаар ярьсан би Билгүүдэйгээс мөнгө авсан нь үнэн өнөө маргаашгүй өгнө манай эгч Японоос ирнэ тэгээд өгнө гээд өгөхгүй болохоор нь хүүхдээ сургуульд нь явуулахын тулд дансанд Билгүүний авсан 2,700,000 төгрөгийг хүнээс зээлж гүйцээж хийгээд явуулсан үүнээс хойш аав Батбаатар, ээж Эрдэнэчимэгтэй удаа дараа олон удаа утсаар ярьсан боловч одоо хүртэл өгдөггүй мөнгө аваад 2 жил гаран болж байна. Энэ хугацаанд миний бие муудаж эмнэлэгээр яваад энэ хүмүүсийн ардаас хөөцөлдөж чадахгүй явсаар өдий хүрлээ би энэ хүнээс хүү тооцохгүй өгсөн 2,700,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь хариуцагч Б.Билгүүнд холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт шүүхэд ирүүлсэн байна.
Уг хүсэлтэд: Ц.Энхмаа миний бие Б.Билгүүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Энхмаа нь 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.Энхмаа нь 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот данснаас 29,075 төгрөгийг тус тус гаргуулж Ц.Энхмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ