| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0053/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 2116000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овгийн Б-н Г.
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн **** тоот хашаандаа “адуугаа тэжээж чадахгүй бол хөдөө явуул” гэж хэлснээр шалтаглан Л.Б-н цээжний зүүн хэсэгт өшиглөж биед зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Г-н 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн **** тоот хашаандаа “адуугаа тэжээж чадахгүй бол хөдөө явуул” гэж хэлснээр шалтаглан Л.Б-н цээжний зүүн хэсэгт өшиглөж биед зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Га гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би Б.Г гэдэг хүн байна. 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад адуугаа тэжээх гээд доошоо явж байсан. Араас хүүхэд дагаж магадгүй гээд ардаа хараад явсан. Араас нэг хүн дуудсан. Хэн юм бол гээд яваад очсон чинь манай хадам аав байсан. Би яваад очсон чинь хоёр морио тэжээвэл тэжээгээд чадахгүй бол тавьж хөө зайл гээд намайг хэл амаар доромжилсон. Намайг гарах гэсэн чинь орон дээр бариад авсан. Орон дээр дараад авахаар нь биеэ хамгаалах гээд би цохисон намайг зөрүүлээд алгадсан. Тэгээд цагдаа дуудаад өгсөн. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна ... Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөрүүлж өгнө үү? ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ гараад адуугаа тэжээхээр хүргэнийндээ буюу Г-нд Баянхайрханы *** тоотод очсон. Тэгээд би адуугаа харчихаад Г-нд ороод байж байтал Г араас орж ирсэн. Тэгэхээр нь би Г-д хандаж хоёр адуугаа тэжээж чадахгүй бол сул тавиад явуулчихаа гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд намайг барьж миний толгой руу гараараа 1 удаа цохиод унагаасан. Тэгээд миний дээр гараад гараараа цохиод байхад нь манай охин М хажуу айлын Л хоёр Г-г салгаад авсан. Тэгэхээр нь би гэрээс гартал миний араас гарч, намайг барьж газарт унагаагаад миний толгой руу гараараа олон удаа цохисон. Дээрээс хавирга руу 2-3 удаа дэвссэн. Дээрээс гараараа цохиод байхаар нь миний хүү одоо болио аав нь үхэх гээд байна гэсэн чинь чамайг би ална гээд зодоод байсан. М, Л хоёр салгах гэсэн боловч хүчрэхгүй байсан. Тэгээд байж байтал манай эхнэр хашаанд орж ирсэн. Г-г салгаад байж байтал араас нь манай охин М орж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан байх...Миний толгой руу гараараа 3-4 удаа цээж рү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн байх. Нэлээн олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ6-7/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Аав гэрт орж ирээд байж байтал гаднаас Г орж ирээд шууд аавыг малгайтай цамцнаас нь татаж аваад боож унагааж байгаад толгой руу нь 2 удаа, бие рүү нь 2 удаа дэвссэн. Би гэрээс гарч гүйгээд хажуу айлын эмээ, Л хоёрыг дуудаад гэртээ орж ирээд Л бид хоёр Г-г ааваас салгаж жоохон хойшлуултал аав босоод гэрээс гараад явсан. Тэгсэн чинь Г ахиж араас нь гүйж гараад аавыг унагаагаад дээрээс нь дэвсээд, бас гараараа толгой руу нь цохиод байсан. Чамайг ална гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байж байтал гаднаас манай ээж Ө, манай дүү М нар хашаанд орж ирээд Г-г холдуулаад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь Г яадаг юм. Би наадхыг чинь алаад хаячихъя гээд байсан ... Аав гэрт орж ирсэн. Араас нь Г гэрт орж ирэхэд нь манай аав Г-д хандаад адуугаа тэжээж чадахгүй бол хөдөө нутаг руу нь гаргачихгүй юу даа гэсэн чинь Г би чамаас өвс тэжээл гуйхгүй гэж хэлээд аавыг шууд малгайтай цамцнаас нь татаж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан…Манай аавын хавирга хугарсан гэж байсан. Шанаа болон нүд хэсэг нь бүхэлдээ хавдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ10-11/,
Гэрч П.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...манай хашаанд Г манай хоёрынх хамт байдаг ... Тухайн өдөр 17 цагийн үед Б хашаандаа малаа тэжээгээд байж байтал Г ирээд өвсгүй боллоо гэхэд нь за тэгвэл хэдэн адуугаа тавьчихгүй юу даа гэхэд нь Г хадам аав Б-даа тэгвэл би чамаас өвс гуйхгүй гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн гэсэн ... Намайг гэртээ байж байхад Г-н эхнэр М манай гүйж орж ирээд Г аавыг зодоод аллаа гээд ороод ирсэн. Би сандраад гэрээсээ гараад тэднийд ортол Г Б-г боосон байдалтай дээрээс нь дарсан тархи толгой руу нь гараараа олон удаа цохиод байсан. Тэгээд салгах гээд манайд байдаг Л, М нар салгаад Б-с Г-г холдуулж байтал Базаррагчаа гэрээс гарах үед араас нь гараад ахиж Б-г унагаагаад дээрээс нь дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,
Гэрч Э.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед би гэртээ эмээтэйгээ байж байтал гаднаас манай хажуу айлын хүн М орж ирээд манай аавыг Г зодоод байна гэхээр нь эмээ бид хоёр тэдний гэрт ортол Г Б ахыг унагаасан дээрээс нь цохиж байсан ... арай хийж жаахан салгаад хойш нь таттал Б ах босоод гэрээс гараад явтал Г араас нь гараад ахиж Б ахыг газарт унагаагаад дээрээ нь дэвсээд, гараараа толгой руу нь цохиод байсан ... Намайг тэднийд ороход Г Б ахыг унагаасан дээрээс нь гараараа цохиод, бие рүү нь хөлөөрөө дэвсээд байсан. Мөн гадаа бас толгой руу нь цохиод, бие рүү нь дэвсээд байсан. Яг хэдэн удаа цохиж, дэвссэнийг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ16/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай аав газар хэвтсэн байдалтай, амьсгаа авч чадахгүй байсан. Нүүр ам нь нэлэнхүйдээ цус болсон, духан дээрээ хавдсан байдалтай байсан. Би ааваасаа юу болсон талаар асуухад Г аавыг нь зодчихлоо, хурдан цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би аавыг газраас босгоод эмээгийн гэр лүү оруулсан. Тэгээд би Г дээр очоод яагаад аавыг зодож байгаа юм бэ гэж асуутал надад юу ч хэдээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаартай “... 1. Л.Б-н биед хохирол учирсан байна.
2. Л.Б-н биед эмнэлгийн бичиг баримтаар 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Л.Б-н биед учирсан 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ28-29/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч Л.Б-н аймгийн прокурорын газарт гаргасан “250000 төгрөг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх утга бүхий бичгээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Г-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.Б-д хохиролд 250000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Б-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г-д танилцуулсугай.
5. Шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Га нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.Б-д хохиролд 250000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА