Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2017/00394

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-56, ТG төв 304 тоот, Монгол зам групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессийн гэрээний үүргийн 1.057.965.000 төгрөг, алданги 44.963.512 төгрөг, нийт 1.102.928.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол зам групп ХХК-ийн захирал Ү.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол зам групп ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 6 сарын 3-ны өдөр 001/2014 дүгээр Баянхонгор аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессын гэрээг байгуулсан. Тус гэрээг Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу орон нутгийн засаг захиргаанаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, авто замын материал цемент нийлүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал үнэ төлбөргүй нийлүүлэх зэрэг хязгаарлагдмал нөхцөлтэйгээр байгуулж, ажилласан бөгөөд дээрх ажлыг 1 жилийн хугацаанд хийж дуусгахаар анх үнийн санал хүргүүлж байсан боловч хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс шалтгаалан 2016 оны 07 сарын 20-ны өдөр тус ажлыг гүйцэтгэж дууссан.

Баянхонгор аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт хүргүүлсний үндсэн дээр Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2016 оны 8 сарын 11-ний өдөр авто зам хүлээн авах комиссыг томилсон бөгөөд тус комисс нь 2017 оны 01 сарын 23-ны өдөр авто замын ажлыг хүлээн авсан

Манай компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, авто зам барих ажлыг гүйцэтгэн упсын комисст хүлээлгэн өгсөн, тал үүргээ биелүүлж үлдэгдэл санхүүжилт болох 1057965000 /нэг тэрбум тавин долоон сая есөн зуун жаран таван мянган/ төгрөгийг төлөхгүй, төлөх талаар санаачилга гаргаж ажиллахгүй биднийг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Бид удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч үлдэгдэл санхүүжилтийг хэзээ олгох талаар тодорхой хариу өгөөгүй байна.

Уг концессын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т хэрэв Захиалагч гэрээний 1.9, 1.10-т заасан болон бусад төлбөл зохих төлбөрүүдийг төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон. Гэвч бид дээрх төлбөрүүдийн алдангийг тооцохгүйгээр уг ажлыг Улсын комисс хүлээн авсан өдрөөс хойш 85 хоногийн хугацааны алдангийг тооцсон болно. Баянхонгор аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессийн гэрээний үүргийн 1057965000 төгрөг, алданги 44963512 төгрөг, нийт 1102928512 /нэг тэрбум нэг зуун хоёр сая есөн зуун хорин найман мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Батмөнх шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Миний бие Ү.Батмөнх нь Монгол зам групп ХХК-ний Ерөнхий захирал бөгөөд 2017 оны 04 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргаас 1.102.928.512 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн нийт мөнгөний алданги болох 44.963.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, 1.057.965.000 төгрөгийг авахаар эвлэрлээ... гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

“Монгол зам групп" ХХКомпани нь аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 001/2014 дугаар “Аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих-шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессын гэрээ”-г байгуулсан байна. Тус гэрээний 1.7-д концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажилд 3.706.814.000 /гурван тэрбум долоон зуун зургаан сая найман зуун арван дөрвөн мянган/ төгрөгийн төлбөр төлнө гэж заасан байна. Компани нь гэрээнд заасан ажпаа 2016 оны 07 дугаар сард гүйцэтгэж дуусган 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авто замын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ төлбөрөөс 2.648.849.000 төгрөгийг төлж үлдэгдэл 1.057.965.000 төгрөгийг төлөхөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулжээ. Шүүхэд нэхэмжпэл гаргахдаа үлдэгдэл 1.057.965.000 төгрөгний алданги 44.963.512 төгрөг нийт 1.102.928.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ Үлдэгдэл төлбөр төлөөгүй өнөөг хүрсэн шалтгаан нь анх гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхойгүйгээс ажпын хөлсийг бүрэн төлөх боломжгүйд хүрсэн. Тиймээс ч төлөлтүүдийн санхүүжилтийг Уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компани, аж ахуй нэгжийн хандиваар, ОНХСангаас хийсэн байна. Тодорхой төлөвлөгдсөн хөрөнгө мөнгөний эх үүсвэр байхгүй тул гэрээний үүргийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулахад хүндрэлтэй байна. Бидний зүгээс алданги 44.963.512 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 1.057.965.000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гаргахад татгалзах зүйлгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол зам ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессийн гэрээний үүргийн 1057965000 төгрөг, алданги 44963512 төгрөг, нийт 1102928512 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.

“Монгол зам групп" ХХКомпани нь Баянхонгор аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 001/2014 дугаар “Аймгийн төвд 10 км бетонон хучилттай авто зам барих-шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессын гэрээ”-г байгуулж урьдчилгаа санхүүжилт 2.648.849.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авсан байна.

Улмаар санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан эвлэрч нэхэмжлэгч Монгол зам групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1.102.928.512 төгрөгийн 44.963.512 төгрөгөөс татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Д.Уранчимэг нь 1.057.965.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2836296 төгрөгийг төрийн сангаас хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас 2723887 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монгол зам групп ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол зам групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 44.963.512 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлага 1.057.965.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 2836296 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас 2723887 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монгол зам групп ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ